| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2019/0729/Э |
| Дугаар | 1140 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1140
2019 11 12 2019/ДШМ/1140
З.Г, Д.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Энхболд,
шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн З.Г, Д.А нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;
З.Г нь “Есүс христийн сүмийн цуглаанд оролцуулах, Автомашины үзэсгэлэн худалдаанд оролцуулах, Газан машины сургалтад суулгах шугамаар, барьцаа авахгүйгээр Бүгд найрамдах Солонгос улс руу виза гаргаж явуулна” гэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн, үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч:
2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Өнөржаргалаас 3.500.000 төгрөгийг,
2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Өнөртунгалагаас 7.000.000 төгрөгийг,
2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Я.Солонгоос 3.500.000 төгрөгийг,
2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 04-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г.Дүгэрсүрэнгээс нийт 10.000.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 3.300.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 200.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Л.Болор-Эрдэнээс нийт 3.500.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Базарсадаас 3.500.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Юндэндоржоос 3.500.000 төгрөгийг,
2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ю.Мөнхцэцэгээс 10.500.000 төгрөгийг,
2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Сүхбаатараас 4.000.000 төгрөгийг,
2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн И.Дамбасүхээс 4.000.000 төгрөгийг,
2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Хумбаагаас 3.700.000 төгрөгийг,
2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ю.Алтанцэцэгээс 4.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн авч, нийт 60.700.000 төгрөгийн,
шүүгдэгч З.Г, Д.А нар нь бүлэглэн “Есүс христийн сүмийн цуглаанд оролцуулах, Автомашины үзэсгэлэн худалдаанд оролцуулах, Газан машины сургалтад суулгах шугамаар, барьцаа авахгүйгээр Бүгд найрамдах Солонгос улс руу виза гаргаж явуулна” гэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэн, итгүүлэн, үнэмшүүлж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчлан хуурч:
2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Пүрэвсүрэнгээс нийт 5.000.000 төгрөгийг,
2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн З.Бадамаас 3.500.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Сумъяагаас 3.500.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 09-ны өдөр 3.500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Доржхоролоос нийт 3.600.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхшүрээс 3.500.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4.100.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Баярцэцэгээс нийт 7.100.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Н.Сэрээнэнхорлоогоос 3.100.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Баярмаагаас 7.500.000 төгрөгийг,
2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т.Үүрийнтуяагаас 9.300.000 төгрөгийг,
2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Н.Ууганбаяраас 4.000.000 төгрөгийг,
2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Эрдэнэхүүгээс 7.200.000 төгрөгийг,
2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Золзаяагаас 4.000.000 төгрөгийг,
2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн урд талын нотариатын газарт иргэн Б.Мэндбаяраас 4.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч, нийт 65.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: З.Г, Д.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Зын Г, Ө овогт Ды А нарыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Гд оногдуулсан 4 жил 8 сар хорих ял, Д.Ад оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ггийн цагдан хоригдсон 1 жил 6 сар 22 хоног, шүүгдэгч Д.Агийн цагдан хоригдсон 1 жил 6 сарыг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Ж.Батзаяагаас 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сүхбаатарт 200.000 төгрөг, Б.Хумбаад 200.000 төгрөг, шүүгдэгч З.Ггаас нийт 88.850.000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Өнөржаргал, Ч.Өнөртунгалаг, Я.Солонго, Л.Болор-Эрдэнэ, Ц.Юндэндорж, Э.Базарсад, Б.Хумбаа, Ю.Алтанцэцэг нарт тус тус 3.500.000 төгрөг, Г.Дүгэрсүрэнд 10.000.000 төгрөг, Ю.Мөнхцэцэгт 10.500.000 төгрөг, И.Дамбасүхэд 4.000.000 төгрөг, Д.Сүхбаатарт 3.800.000 төгрөг, хохирогч Б.Пүрэвсүрэнд 2.500.000 төгрөг, З.Бадам, Б.Мөнхшүр, О.Сумьяа нарт тус бүр 1.750.000 төгрөг, Ц.Доржхоролд 1.700.000 төгрөг, Б.Баярцэцэгт 3.550.000 төгрөг, Н.Сэрээнэнхорлоод 1.550.000 төгрөг, Б.Баярмаад 3.750.000 төгрөг, Т.Үүрийнтуяад 4.650.000 төгрөг, С.Эрдэнэхүүд 3.600.000 төгрөг, Д.Золзаяа, Н.Ууганбаяр, Б.Мэндбаяр нарт тус бүр 2.000.000 төгрөг олгохоор, шүүгдэгч Д.Агаас нийт 32.650.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Пүрэвсүрэнд 2.500.000 төгрөг, З.Бадам, Б.Мөнхшүр, О.Сумъяа нарт тус тус 1.750.000 төгрөг, Ц.Доржхоролд 1.800.000 төгрөг, Б.Баярцэцэгт 3.550.000 төгрөг, Н.Сэрээнэнхорлоод 1.550.000 төгрөг, Б.Баярмаад 3.750.000 төгрөг, Т.Үүрийнтуяад 4.650.000 төгрөг, С.Эрдэнэхүүд 3.600.000 төгрөг, Д.Золзаяа, Н.Ууганбаяр, Мэндбаяр нарт тус бүр 2.000.000 төгрөг тус тус олгож,
энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 201625013347, 1806008270768, 1706013980743, 1905019790726 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 64.1 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Ггийн 5 настай 1 хүүхдийн, шүүгдэгч Д.Агийн 7-14 насны 3 хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шүүгдэгч нарын оршин суугаа газрын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Г, Д.А нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г, Д.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ад холбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч Д.А нь холбогдож байгаа хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл түүнд холбогдох хэргийг үндэслэлтэй, бүрэн гүйцэд шалгаагүй. А нь 2015 оны 9 дүгээр сард “хашаа түрээсэлнэ” гэсэн зарын дагуу очиж Гтай анх танилцсан. Тэрээр Гтай 2 удаа хамт явсан. Д.А нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ял өөрчлөн сонсгосон байцаалтад болон анхан шатны шүүх хуралдааны 398 дугаартай тэмдэглэлд мэдүүлсэн байдаг. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 342 дугаар тогтоолоор /хэргийн 4 дүгээр хавтас 19 дүгээр хуудас/ Д.Аг хохирогч Б.Пүрэвсүрэн, З.Бадам, Б.Мөнхшүр, О.Сумъяа, Ц.Доржхорол, Б.Баярцэцэг, Н.Сэрээнэнхорлоо, Б.Баярмаа, Т,Үүрийнтуяа нарыг хуурч үлэмж хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэж, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн тогтоолоор Д.Аг хамжигчаар оролцсон гэж дүгнээд түүнээс 6.000.000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хэргийн нэр бүхий хохирогч нарын мэдүүлгүүд огт өөрчлөгдөөгүй, шүүгдэгч Д.Агийн үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдалд огтхон ч өөрчлөлт ороогүй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нэр бүхий хохирогч нарт хохирол төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар хохирлын тооцоо илтэд буруу болсон. Мөн Д.Аг бусдаас хэдэн төгрөг залилсныг тогтоогоогүй. Шүүхээс урьд нь Д.Аг “6.0 сая төгрөг залилсан” гэж шүүгдэгч З.Ггийн мэдүүлгээр тогтоож ялласан. Одоо шүүгдэгч З.Ггийн мэдүүлгээр 20 сая төгрөгөөр тогтоож яллахаар байна. Гэтэл прокуророос “32.650.000 төгрөг” гэж тогтоож, түүний дагуу шүүхээс шийдвэрлэсэн нь эргэлзээтэй. Д.А нь хохирогч нарын мөнгө төгрөгийг шууд санаатай, шунахай сэдэлтээр залилан мэхэлж аваагүй, дээр дурдсанаар хохирогч нар Агаас хохирол мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэл гаргаагүй байхад Д.Агаас хохирол, төлбөр гаргуулсан нь илтэд буруу болсон. Бусдад их хэмжээний хохирол учруулсан гэхэд яллаж шийтгэж байгаа нь буруу. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, З.Г нь С.Эрдэнэхүү, Д.Золзаяа, Н.Ууганбаяр, Б.Мэндбаяр нарыг залилан мэхэлж, тэдгээрээс банкны дансаар болон бэлнээр мөнгө төгрөг авсан нь тогтоогджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” шаардлагыг хангасангүй. Гэмт хэрэг үйлдсэн гэх Д.Агийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр тогтоох, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо заавал нөхнө төлнө гэдэг. Иймд дээрх байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж хөнгөн ял оногдуулж, учруулсан гэх хохирлын хэмжээг үндэслэлтэй тогтоож өгнө үү. ..” гэв.
Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 3 хүүхдээ орхиод ийм байдалтай байж байгаадаа маш их харамсаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Учирсан хохирлоо заавал барагдуулах болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Шүүгдэгч З.Ггийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэр бүхий хохирогч нарын хохирлыг шүүгдэгч нар барагдуулна гэж хэлж байгаа боловч хохирол барагдуулж өгсөн зүйл огт байхгүй. Шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд бүрэн тогтоогдож анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй буюу хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан бөгөөд шүүх гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулиар тогтоосон нийтлэг зарчим нэг бүрийн шалгуур үзүүлэлтүүдийг бүх талаас нь харьцуулан дүгнэх замаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх учиртай.
Энэ ч үүднээс гэм буруутай нь тогтоогдсон аливаа этгээдэд үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлс буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн харгалзан үзсэний үндсэн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах ёстой.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч З.Г, Д.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлууд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр “...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар З.Гд 4 жил 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Ад 2 жил 8 сар хорих ял тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй буюу оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нөхцөл, гэм буруу, хохирлын хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохироогүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг...” шүүхиийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан байхад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн оролцоо, ямар хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэгт хамжигчаар оролцсон нөхцөл байдлыг нарийвчлан тогтоогоогүй ба үүнээс шалтгаалж гэм буруутай этгээдүүдээс гэм хорын хохирлыг хэрхэн хариуцуулж гаргуулах болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Шүүгдэгч нарын үргэлжилсэн олон удаагийн үйлдэлтэй, нэг төрлийн гэмт хэргийн сүүлийн гэмт хэрэг үйлдсэн хугацаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойно үйлдэгдсэн байхад Эрүүгийн хууль буцааж хэрэглэх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн,
мөн гэмт хэрэгт хамтран оролцсон З.Г, Д.А нарын үйлдэл оролцоог “...З.Г, Д.А нар нь идэвхтэй байдлаар үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон... З.Г нь гэмт хэргийн гүйцэтгэгч, Д.А нь дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Гэмт хэрэгт хамтран оролцох”, гуравдугаар бүлэгт заасан “гэмт хэргийн гүйцэтгэгч”, “гэмт хэргийн хамжигч”, “бүлэглэн гүйцэтгэх” гэсэн хууль зүйн ойлголтуудыг бүгдийг журамлаж шүүгдэгч З.Г, Д.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой... бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Г, Д.А нарт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Г, Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл З.Г, Д.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц. ОЧ