Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 184/2019/03271/И |
Дугаар | 001/ХТ2021/01104 |
Огноо | 2021-09-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/01104
Т.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/02862 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2169 дүгээр магадлалтай,
Т.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Г.Мэндсайхан, М.Мөнхтөр нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Г.Мэндсайхантай зээлийн гэрээг 2013.11.28-ны өдөр байгуулж, түүний нөхөр М.Мөнхтөрийн Хаан банкны дансанд 9,477,000 төгрөг, бэлнээр 523,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний үүргийг биелүүлээгүй тул 2017 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан. 2018 оны 6 дугаар сард М.Мөнхтөрөөс хүү 2,400,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 12,600,000 төгрөгийг 2018.09.01-ний өдрөөс өмнө төлөхөөр тохиролцсон боловч одоог болтол үүргээ биелүүлээгүй. Талууд 2015.04.13-ны өдөр зээлийн гэрээний асуудлаар ярилцаж М.Мөнхтөр, Г.Мэндсайхан нар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахаар болсон ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.Мэндсайхан байсан учраас зээлийн гэрээг Г.Мэндсайхантай байгуулсан. Б.Отгонзаяа нь өөрийн данснаас Т.Бат-Эрдэнээс гэсэн гүйлгээний утга зааж мөнгийг шилжүүлсэн учраас надаас мөнгө шилжүүлсэн гэж ойлгож болно. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тасалдсан, 2,600,000 төгрөгийн хүүнээс татгалзаж байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 10,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Отгонзаяа өөрийн Хаан банкны данснаас М.Мөнхтөрийн дансанд 2013.11.28-ны өдөр 9,477,000 төгрөгийг шилжүүлсэн. Ямар зорилгоор шилжүүлснийг, яагаад Т.Бат-Эрдэнээс гэснийг мэдэхгүй байна. 523,000 төгрөг бэлнээр хариуцагч нарт өгөөгүй. Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн үед М.Мөнхтөр 2,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Г.Мэндсайхан, М.Мөнхтөр нар гэр бүлийн хүмүүс. Г.Мэндсайхан зээл аваагүй, гэрээ байгуулаагүй болох нь шүүхээр тогтоогдсон, түүнээс гадна 2013 оны зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/02862 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Мөнхтөрөөс 7,077,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,523,000 төгрөгийг болон хариуцагч Г.Мэндсайханд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхтөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 128,182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2169 дүгээр магадлалаар: Сонгинорхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/02862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр Сонгинорхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн 184/ШШ2019/02862 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2169 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны магадлалд ...нэхэмжлэгч уг зээлийг гэрээний 2013.11.28-ны өдрөөс 6 сарын хугацаатай байгуулсан ба хариуцагч 2018 оны 6 сард 2,400,000 төгрөг төлсөн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, мөн хуулийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох учиртай гэжээ. Т.Бат-Эрдэнэ нь 2018.05.22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар гомдол гаргаж тус дүүргийн Прокурорын газрын 2018.06.06-ны өдрийн 944 тогтоолоор Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарч хаасан. Тухайн үед М.Мөнхтөр 2,400,000 төгрөгийг Т.Бат-Эрдэнэд өгсөн бөгөөд мөрдөн байцаагч чи Т.Бат-Эрдэнэд 2,400,000 төгрөгийг өгөх ёстой гэж дарамталсны улмаас М.Мөнхтөр дээрх мөнгийг өгсөн. М.Мөнхтөр дээрх мөнгийг Т.Бат-Эрдэнээс зээлж зээлийн төлбөрт төлсөн эсэх нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох учиртай гэж үзсэн бөгөөд тус зохицуулалт нь талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2169 дүгээр магадлал, Сонгинорхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/02862 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Т.Бат-Эрдэнэ нь Г.Мэндсайхан, М.Мөнхтөр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,000,000 төгрөг болгож багасгасан байна.
Анхан шатны шүүх хариуцагч М.Мөнхтөрөөс 7,077,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэд олгохоор, нэхэмжлэлээс үлдэх 5,523,000 төгрөг болон хариуцагч Г.Мэндсайханд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь ... М.Мөнхтөрийн дансанд 9,477,000 төгрөг шилжүүлсэн, бэлнээр 523,000 төгрөг өгсөн, нийт 10,000,000 төгрөг зээлүүлсэн, хүү гэж 2,400,000 төгрөг төлсөн гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан, хариуцагч нь 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, 2013 оны 11 сарын 28-ны өдөр М.Мөнхтөрийн дансанд 9,477,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн, харин 523,000 төгрөгийг бэлнээр өгөөгүй, тухайн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэ нь 2013.11.28-ны өдөр М.Мөнхтөрийн дансанд Бат-Эрдэнээс гэсэн гүйлгээний утгаар 9,477,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, анхан шатны шүүх Т.Бат-Эрдэнэ болон М.Мөнхтөр нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа 9,797,000 төгрөгийн хэмжээнд үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Т.Бат-Эрдэнэ болон Г.Мэндсайхан нарын хооронд 2015.04.13-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч Г.Мэндсайхан нь 10,000,000 төгрөгийг хүлээж аваагүй, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00393 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна. Иймээс Г.Мэндсайханд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцжээ.
Зээлийн гэрээний үүрэгт 2,400,000 төгрөгийг хариуцагч М.Мөнхтөр нь нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргаагүй тул шүүх 9,477,000 төгрөгөөс хасч тооцсон нь зөв.
Зээлийн гэрээг 2013.11.28-ны өдрөөс 6 сарын хугацаатай байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарласан ба хариуцагч 2018 оны 6 сард 2,400,000 төгрөгийг буцаан төлсөн, Б.Бат-Эрдэнэ шүүхэд 2019.10.14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх тухай хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй, шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь заалтыг хэрэглэх ёстой байжээ. Гэвч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.
Иймээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох... тухай гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/02862 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2169 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 128,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД