Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023         01           19                                     2023/ШЦТ/28

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Хохирогч Л.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т,

Шүүгдэгч Ө.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Зт холбогдох эрүүгийн 222500000****дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө.З

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.З нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баялаг төвийн Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокены үүд хэсэгт иргэн Л.Агийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ө.З шүүх хуралдаанд: “...Би сайн мэдэхгүй байна. Намайг зодохоор нь би өөрийгөө хамгаалах гээд цохьсон...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Ө.З мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай найзын гарт байсан усыг аваад явахаар нь миний уур хүрч гарт байсан лаазтай ундааг шидэж маргалдсан. Тухайн залуучууд нь дөрвүүлээ явж байсан бүгд над руу дайрч цохиод байхаар нь би биеэ хамгаалж цааш нь түлхэхдээ давхар цохиж Л.А гэх залуугийн биед гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/,

 

- Хохирогч Л.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найз Мягмардорж, Галсандорж, Батгэрэл нарын хамт Баялаг төвд байрлах караокед дуулж байгаад 00 цагийн үед гарч ирээд тооцоогоо хийгээд Баялаг төвөөс гарах гэж байхад хаалганы орчим үл таних хүн ирээд араас жижиг хуванцар савтай ус шидчихсэн. Тэгэхээр нь би эргэж хараад над руу ус шидсэн хүнтэй хоорондоо барьцалдаж Баялаг төв дотор зодолдсон. Тухайн залуу миний нүүр хэсэг рүү гараараа хүчтэй цохисон. Миний ухаан хэсэг балартаж, нэг мэдэхэд найз Галсандоржийн хамт Баялаг төвийн гадна талд зогсож байсан. Тэгээд сэргээд харахад манай найз Мягмардорж, Батгэрэл хоёр байхгүй байсан. Би Галсандоржоор гэр рүүгээ хүргүүлсэн... Миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж миний хамрыг хугалсан... би хамраа янзлуулах, эмчилгээ хийлгэхээр ажилдаа явж чадахгүй болох байх тэгэхээр ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 13х/,

 

- Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд найз Л.А, Батгэрэл, Мягмардорж нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Баялаг төвийн Б1 давхарт байрлах караокед орж 1 литрийн хэмжээтэй экс гэх нэртэй архи ууж, дуулж сууж байгаад 23 цаг 50 минутын орчим уг караокены өрөөнөөс гарч ирээд тооцоо хийгээд, үүдээр гарах гэж байхад Л.А рүү ар талд сууж байсан хүн лаазтай ундаа шидэж Л.Агийн хүзүүг оносон. Тэгэхээр нь Л.А, Батгэрэл, Мягмардорж нар эргэн очиж лаазтай ундаа шидсэн хүнтэй маргалдаж Л.А уг хүнтэй хоорондоо барьцалдаж аваад Л.Агийн нүүр рүү цохиод байсан. Тэгэхээр нь бид нар Л.Аг салгаж авч явах гэж уг Л.Агийн араас юм шидсэн залуутай ноцолдож байгаад би Л.Аг уг залуугаас салгаж караокеноос авч гараад такси дуудаж Л.Аг гэрт нь хүргэж өгсөн...Тэр залуу Л.Агийн нүүр хэсэгт нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Хэдэн удаа цохисон талаар анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,

 

- Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд найз Л.А, Галсандорж, Мягмардорж нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Баялаг төвийн Б1 давхарт байрлах караокед орж 1 литрийн хэмжээтэй экс гэх нэртэй архи ууж, дуулж сууж байгаад 23 цаг 50 минутын орчим уг караокены өрөөнөөс гарч ирээд тооцоо хийгээд, үүдээр гарах гэж байхад Л.А рүү ар талд сууж байсан хүн лаазтай ундаа шидэж Л.Агийн нуруу болон хүзүүг оносон. Тэгэхээр нь Л.А эргэн очиж лаазтай ундаа шидсэн хүнтэй маргалдаж Л.А уг хүнтэй хоорондоо барьцалдаж авахаар нь бид нар очиж Л.Аг салгах гэж хэсэг зуур ноцолдож байхад цагдаа ирээд Мягмардорж бид хоёрыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,

 

- Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд Баялаг төвийн караокед найз Ө.З, Дорлиг, Давааням нарын хамт орж сууж байгаад 00 цаг 30 минутын орчимд тухайн караокеноос гарах гээд үүдний хэсэгт байрлах цагаан өнгийн буйдан дээр найз Ө.Зын хамт сууж байхад үл таних 4 залуу ирээд миний гартаа барьсан байсан цэвэр усыг булаагаад аваад явчихсан. Тэгэхэд миний хажууд сууж байсан найз Ө.З миний усыг булааж авч явсан гэх залуугийн ард талаас гартаа барьсан байсан лаазтай ундааг шидэж нэг залуугийнх нь нуруу хэсэгт оносон. Тухайн залуучууд буцаж Ө.З бид хоёр дээр ирж маргалдаж, муудалцаж, манай найз Ө.Зыг 2-3-уулаа нийлж газар унаган цохиж зодоод байсан. Манай найз Ө.З биеэ хамгаалах гэж тухайн залуучуудыг өөрөөсөө холдуулах гэж түлхэж харагдсан. Би найз Ө.Заас тухайн залуучуудыг салгах гэхэд салахгүй манай найз Ө.З руу дайраад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... Ө.З нь тухайн залуучуудаас өөрийгөө хамгаалах гэж хойш нь түлхэж байхдаа санамсаргүй нэг залуугийнх нь нүүр хэсэгт цохисон байсан. Түүнээс зориудаар нүүр хэсэгт нь цохиж зодсон асуудал болоогүй. Харин тухайн залуучууд дөрвүүлээ нийлээд манай найзын толгой болон бие хэсэгт нь маш олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 828 дугаартай “... 1. Л.Агийн биед хамрын ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугацаанд үүссэн байж болно.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Хамрын ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-28х/,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 848 дугаартай "... Ө.Зын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22х/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 52-59х/,

 

- Ө.Зт мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тэмдэглэл /хх-ийн 39х/,

 

- Шүүгдэгч Ө.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

 Прокуророос шүүгдэгч Ө.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой хохирогч Л.А, Д.Г, М.Б, М нар нь “Баялаг” төвийн караокед үйлчлүүлээд гарч явах үедээ “Баялаг” төвийн караокены үүдний буйдан дээр сууж байсан Ө.З, А.О нартай таарсан. М нь Ө.Зтай мэндлээд юм ярьж байхад хохирогч Л.А нь А.Оюунболдын усыг булаан авч Баялаг төвөөс гарахаар явж байхад нь шүүгдэгч Ө.З өөрийн ууж байсан ундааны савыг Л.Агийн араас шидэхэд Л.Агийн нуруу хэсэгт оносон. Л.А Д.Галсандорж, М.Батгэрэл нар нь араас юм шидлээ гэж Ө.З, А.Оюунболд нартай маргаан үүсгэхэд А.О нь зугтаж гараад цагдаа дуудсан. Ө.З, Л.А Д.Г, М.Б нар нь хоорондоо маргалдаж улмаар зодолдсон, зодолдох явцад Ө.З Л.Агийн нүүрэн тус газарт нь цохиж хамар ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас “...бичлэгээс харахад Ө.З зодоон болоод салгасны дараа босч ирээд хохирогчийг өшиглөөд цохиж байгаа юм. Зодоон дууссаны дараа буюу Мягмардорж салгасны дараа цохиж байгаа энэ үйлдэл нь хохирогчийн биед хохирол учруулана гэдгийг мэдэж байсан шууд санаатай үйлдэл гэж үзэж байна... гэм буруутайд тооцуулах саналтай...” гэж мэтгэлзсэн.

 

Шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ө.Зыг хохирогч Л.Агийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй, гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж хөнгөн хохирол зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

 

Хавтаст хэрэгт хохирогч Л.А “...Баялаг төвөөс гарах гэж байхад хаалганы орчим үл таних хүн ирээд араас жижиг хуванцар савтай ус шидчихсэн. Тэгэхээр нь би эргэж хараад над руу ус шидсэн хүнтэй хоорондоо барьцалдаж Баялаг төв дотор зодолдсон. Тухайн залуу миний нүүр хэсэг рүү гараараа хүчтэй цохисон. Миний ухаан хэсэг балартаж, нэг мэдэхэд найз Галсандоржийн хамт Баялаг төвийн гадна талд зогсож байсан...” гэж, гэрч Д.Г “...тооцоо хийгээд, үүдээр гарах гэж байхад Л.А рүү ар талд сууж байсан хүн лаазтай ундаа шидэж Л.Агийн хүзүүг оносон. Тэгэхээр нь Л.А, Батгэрэл, Мягмардорж нар эргэн очиж лаазтай ундаа шидсэн хүнтэй маргалдаж Л.А уг хүнтэй хоорондоо барьцалдаж аваад Л.Агийн нүүр рүү цохиод байсан. Тэгэхээр нь бид нар Л.Аг салгаж авч явах гэж уг Л.Агийн араас юм шидсэн залуутай ноцолдож байгаад би Л.Аг уг залуугаас салгаж караокеноос авч гараад такси дуудаж Л.Аг гэрт нь хүргэж өгсөн...” гэж, гэрч М.Батгэрэл “...тооцоо хийгээд, үүдээр гарах гэж байхад Л.А рүү ар талд сууж байсан хүн лаазтай ундаа шидэж Л.Агийн нуруу болон хүзүүг оносон. Тэгэхээр нь Л.А эргэн очиж лаазтай ундаа шидсэн хүнтэй маргалдаж Л.А уг хүнтэй хоорондоо барьцалдаж авахаар нь бид нар очиж Л.А-г салгах гэж хэсэг зуур ноцолдож байхад цагдаа ирээд М бид хоёрыг авч явсан...” гэж шүүгдэгч Ө.З хохирогч Л.А-ийн араас лаазтай ундаа шидсэнээс хохирогч Л.А, Ө.З нар хоорондоо маргалдаж, зодолдсон мэтээр мэдүүлэг өгсөн байх боловч хэрэг учрал болсон газрын хяналтын камерийн дүрс бичлэгт хохирогч Л.А нь гэрч А.Оюунболдын хэрэглэж байсан усыг зөвшөөрөлгүй булааж авснаас Ө.З нь өөрийн ууж байсан ундааны савыг хохирогчийн араас шидэж, шүүгдэгч, хохирогч, гэрч Д.Г, М.Б нар хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч Ө.Зыг хохирогч Л.А, Д.Г, М.Б нар нь зодож байгаа үйл явдал бичигдсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Ө.Зыг хохирогч Л.Агийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байх бөгөөд шүүх камерийн дүрс бичлэгийг нягталж үзэхэд Л.А, Д.Г, М.Б нар нь Ө.Зыг зодож байхад тэднийг Мягмардорж 4 минут 17 секунтэд салгасан, Ө.З сууж байгаад мөлхөөд газраас юм авах гэхэд хохирогч Л.А мөн газраас юм авах гэж байхдаа Ө.Зыг түлхэхэд Ө.З босоод Л.Аг өшиглөж, нүүрэн тус газар руу нь цохиж байгаа энэ үйл явдал 4 минут 29 секунтэд буюу 12 секунтын хугацаанд болсон байна. Үүнээс дүгнэхэд Ө.З нь Л.А, Д.Г, М.Б нарт зодуулсны улмаас өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байснаас хохирол учруулсан байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл Ө.Зыг Л.Агийн биед учирсан гэмтлийг зориудаар хүсэж учруулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байна гэж үзэв.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” байна гэж дүгнэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, .... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Зт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч Л.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

  Бусад асуудлын талаар:

         Шүүгдэгч Ө.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сдиг 1 ширхгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ө.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

         2. Шүүгдэгч Ө.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Хохирогч Л.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Шүүгдэгч Ө.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ