Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 0016

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Ж.Б

Хохирогч                                           Л.А

Нарийн бичгийн дарга                 Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Ө.Зт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Ө-н З,

 

Ө.З нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ       аймгийн       сумын       багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” төвийн      давхрын караокены үүд хэсэгт иргэн Л.Агийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Ө.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Ө-н З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

            Шүүгдэгч Ө.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хохирогч Л.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

Шүүгдэгч Ө.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

 

... Шүүгдэгч Ө.Зт холбогдох хэрэгт хохирогч Л.Агийн буруутай үйлдэл байгаа талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаар оролцохдоо шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарласан.

Ө.Зын өшиглөсөн, цохисон үйлдлийн улмаас хохирогч Л.Агийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээч эмчийн 828 дугаартай дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг болон бусад гэрчийн мэдүүлгээр хөтөлбөргүй тогтоогдсон байгаа.

Харин шүүгдэгч Ө.Зыг шүүхээс тухайн үйлдлийг өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байснаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу шүүгдэгч тухайн хэрэг болох хугацаанд хохирогч болон хамт явсан найзууд болох Д.Г, М.Б нарт зодуулснаас ухамсарлаагүй үйлдэл хийсэн гэж үзсэн.

Хяналтын камерын бичлэгт зодоон үүсэж шүүгдэгч Ө.З нь зодуулдаг боловч хохирогчийн довтолгоо нь бүрэн төгссөний дараа буюу 12 секунтын дараа газраас босож, хохирогч Л.Агийн араас өшиглөж, мөн эргэж харахад нь дахин нүүрэн тус газарт нь цохиж дээрх хохирлыг учруулсан санаатай үйл баримт тодорхой харагдаг.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт хуульчилсан байх боловч Ө.Зын дээрх санаатай довтолгоо, үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал дээрх заалтад хамаарахгүй, харин эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх нөхцөл байдалд хамааруулан хуульчилсан .

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлд хамаарч байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Л.А тайлбартаа: ... Би 02 дугаар сарын 5-аас хагалгаанд орсон. Хохирлоо нэхэмжилмээр байна. Цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргаснаар шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны байх шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно ... гэж хуульчилсан байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг шүүх тогтоож ял шийтгэх, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

 

Шүүгдэгч Ө.З нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ           аймгийн           сумын        багийн нутаг дэвсгэрт “Б” төвийн        давхарт үйл ажиллагаа явуулдаг караокены үүд хэсэгт иргэн Л.Агийн эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ө.Зт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч ... Ө.З нь Л.А, Д.Г, М.Б нарт зодуулсны улмаас өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байснаас хохирол учруулсан байна гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл Ө.Зыг Л.Агийн биед учирсан гэмтлийг зориудаар хүсэж учруулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив шинж үгүйсгэгдэж байна ... гэмт хэргийн шинжгүй ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж дүгнэлт хийж шүүгдэгч Ө.Зт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанд оролцсон прокурор эс зөвшөөрч ... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хүчингүй болгож өгнө үү ... гэж эсэргүүцэл бичсэн байна.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судалж шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр , хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй.

 

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгдэгч Ө.Зт холбогдох хэргийн үйл баримтын талаар дүгнэсэн дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй, үндэслэл муутай дүгнэлт болжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.З нь тухайн үед бусдад зодуулсан үйл баримт тогтоогддог боловч тэдгээрийн довтолгоо төгссөн хойно хохирогч Л.Агийн араас өшиглөж, эргэж харахад нь нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэж үзэх боломжгүй юм.

Мөн шүүгдэгч Ө.Зыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлахгүйгээр хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй болсон, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлийг зориудаар хүсэж үйлдээгүй гэж анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ө.Зын хохирогч Л.Агийн араас сав шидэх, түүний араас өшиглөх, нүүр хэсэгт нь цохих зэрэг идэвхтэй үйлдэл гаргасныг шүүх дүгнээгүй байна.

 

Иймд шүүх хуралдаанд оролцсон прокурорын ... Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хүчингүй болгож өгнө үү ... гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт ... 34.19 дүгээр зүйлийн 1.1-д ... гэж ... 1 дэх хэсгийн ... гэснийг орхигдуулж техникийн шинжтэй алдаа гаргаж бичсэнийг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ө.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР