Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Н.Алтантүлхүүр,

            Шүүгдэгч Н.Батжаргал, түүний өмгөөлөгч Ц.Нармандах нарыг оролцуулан,

            Нийслэлийн, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрсүүд овогт Нэмэхбаатарын Батжаргалд холбогдох 201625031294 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 44 дүгээр байрны 78 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хэрсүүд овогт Нэмэхбаатарын Батжаргал (РД:ЕУ92070717),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) шунахай сэдэлтээр, 2016 оны 4 дүгээр сарын 20-ноос 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд давтан үйлдлээр буюу

-2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Дүүрэнцэцэгээс 2.000.000 төгрөг,

-2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Батдэлгэрээс 500.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 05, 12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Отгонбаяраас 800.000 төгрөг,

-2016 оны 5 дугаар сарын 04, 12, 25-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ө.Сосорбарамаас 2.100.000 төгрөгийг тус тус Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч нийт 5.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Яллах дүгнэлтэд дурдсан хугацаанд тэдгээр хүмүүсээс уг 5.400.000 төгрөгийг авсан нь үнэн. Хохирогч нарыг бол танихгүй. Фэйсбүүкээр Солонгос руу виз гаргана гэж зар гаргасан, Хохирлоо барагдуулсан гэв.

            Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:

            1.Ө.Сосорбарамаас:-…миний бие интернэт фэйсбүүкээр Солонгос улсад найдвартай виз гаргах хүн байна уу гэсэн зар доор найдвартай мессэж бич гэсэн коммент бичсэн байсан. Батжаргал Нэмэхбаатар гэсэн хаяг руу мессэж бичиж виз гарах юм уу гэж асуухад 21 хоногийн дотор найдвартай гаргана. Манай ах элчинд ажилладаг ямар ч асуудалгүй 4.000.000 төгрөгөөр гаргана. Эхлээд урьдчилгаа 2.000.000 төгрөгийг авна, үлдэгдэл мөнгийг Солонгос улсад очсоны дараа авна гэж хэлсэн. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөгийг Б.Мөнхсүх гэсэн данс руу шилжүүлсэн. Мөн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш Батжаргал холбоо барихаа больсон. Араас нь хөөцөлдөөд утсаар ярихаар виз чинь гарсан гэж 7 хоног болсон, тэгээд сураггүй алга болсон гэжээ.

            2.Ч.Батдэлгэрээс:-Миний бие өөрийн дүү Болорбаатарыг Солонгос улс руу явуулах санаатай 2016 оны 4 дүгээр сарын 10-ны үед фэйсбүүкээр Солонгос дахь Монголчууд гэсэн группт “найдвартай виз гаргах хүн байвал холбогдоно уу” гэсэн пост үлдээсний дагуу Батжаргал нь өөрийн “BatjatGal Nemehbaatar” гэсэн хаягаас миний “Дээгий Чимэдбазар” гэсэн фэйсбүүк рүү виз найдвартай гаргана гэсэн мессэж бичсэн. Тэгээд найз Дүүрэнцэцэгийн хамт очиж уулзахад нэг хүнийг 2.500.000 төгрөгөөр гаргана, урьдчилгаа 500.000 төгрөг гадаад паспорт, зураг өгчих нийгмийн даатгал зэргийг өөсдөө зохицуулна гэсэн. Тэгэхээр нь яагаад ийм хямдхан гаргаж байгаа юм бэ гэж асуухад манай элчинд ажилладаг ахад яаралтай мөнгөний шаардлага гараад хэдэн хүн гаргах гэж байгаа юм гэж хэлсэн. Маргааш нь буюу 2016 оны 04 дугаар сарын 15-ны орчимд Мөнхбаатар гэх хүний 5035197160 данс руу өөрийн гэрээсээ буюу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооноос 500.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Дүүрэнцэцэг 500.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Тэгээд араас нь хөөцөлдсөн боловч элчинд өгчихсөн, одоо гарна гэж хэлсэн. Би өөрөө Солонгос улс руу явчихаад ирсэн ямар ч холбоогүй болсон гэжээ.

3.З.Дүүрэнцэцэгээс:-Би Солонгос явах гэж хөөцөлдөж байгаагаа фэйсбүүкийн найз Дээгий гэгчид хэлээд виз гаргаж өгөх хүн мэдэх үү гэж асуухад, Солонгос улсын виз гаргаж өгнө гэсэн зар тавьсан хүн байна, би дүүгийнхээ материалыг өгөх гэсэн юм, хоёулаа уулзах уу гэсэн. Бид хоёр БЗД-н Сансарт байрлах байранд очиж  уулзсан. Тэгтэл манай ах элчинд ажилладаг найдвартай гаргаж өгнө, паспорт зураг хоёрыг л өгчих тэгээд бусад бичиг баримтыг би өөрөө бүрдүүлнэ гэж хэлсэн. 2.500.000 төгрөгөөр визийг гаргана, урьдчилгаа 500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвд байрлах экспресс банкнаас шилжүүлсэн. Батжаргал нь утсаар холбогдоод нөгөө мөнгөнөөс 500.000 төгрөг өгчих үлдэгдэл мөнгөнөөс чинь хасна гэж хэлээд 4 удаа нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо утсаа авахгүй олдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна гэжээ.

4.А.Отгонбаяраас:-Би Солонгос улсад өжиллах сонирхолтой бөгөөд фэйсбүүкийн найз болох Дээгийд энэ тухайгаа хэлэхэд нэг группд Солонгос улсын виз гаргаж өгнө гэсэн зар тавигдсан байна. Чи ийшээ яриад үзээч гэж хэлсэн тэгээд утсыг нь асуухад 99779346 гэсэн дугаар өгсөн. Өөртэй нь холбогдоход гаргаж өгнө, асуудалгүй ярьж байгаад уулзаарай гэж хэлсэн. Тэгээд 13 дугаар хороололд уулзсан бөгөөд уулзахад урьдчилгаа 500.000 төгрөг, 2 хувь зураг, паспортаа өгчих бусад бичиг баримтыг өөрөө бүрдүүлнэ гэсэн. 14-21 хоногийн дотор найдвартай гаргаж өгнө, хэрэв гаргаж өгөхгүй бол мөнгийг буцааж олгоно, үлдсэн 2.000.000 төгрөгийг хил гарсны дараа авна гэж ярьж тохиролцсон, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо бөмбөгөр худалдааны төвд явж байхдаа 5035249575 дугаарын данс руу өөрийн мобайл банкаар 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 300.000 төгрөг нэмээд шилжүүлчих гэж мессэж бичсэн тэгээд бүтчих байх гэж найдаад нэмээд шилжүүлчихсэн баримт нь байгаа гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Б.Мөнхсүхээс:-Манай найз Батжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Хаан банкны данс байвал түр өгч бай, би хүнээс мөнгө шилжүүлж авах гэтэл данс байдаггүй гэж хэлсэн. Хаан банкны 5035249575 дугаарын данстай картыг аваад явсан. Тэгээд буцаагаад 2016 оны 5 дугаар сарын билүү 6 сарын эхээр надад буцааж өгсөн. Энэ дунд хэнээс ямар учиртай мөнгө авсан гэдгийг мэдэхгүй байна гэжээ.

2.П.Мөнхбаатараас:-Би ямар учиртай мөнгө шилжүүлсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Манай найз Батжаргал нь хүнээс мөнгө авчихаад өгье гэж хэлээд миний дансны дугаарыг картын хамт авч яваад, нэг хоногийн дараа картыг буцаагаад өгсөн.  Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Н.Батжаргал нь Солонгос улс руу явах Монгол иргэдэд виз олгох эрхгүй атлаа интернэтээр хуурамч зар гаргаж, “Солонгос улс руу найдвартай виз гаргана, эхлээд урьдчилгаа авна” гэж бусдыг хуурч мэхлэн, 2016 оны 4, 5 дугаар саруудад Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр болон Б.Мөнхсүх, П.Мөнхбаатар нарын банкны картыг ашиглан З.Дүүрэнцэцэгээс 2.000.000 төгрөг, Ч.Батдэлгэрээс 500.000 төгрөг, А.Отгонбаяраас 800.000 төгрөг, Ө.Сосорбарамаас 2.100.000 төгрөг буюу бусдаас нийт 5.400.000 төгрөг авсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Сосорбарам, Ч.Батдэлгэр, З.Дүүрэнцэцэг, А.Отгонбаяр нарын мэдүүлэг, гэрч Б.Мөнхсүх, П.Мөнхбаатар нарын мэдүүлэг, Ө.Сосорбарам, Н.Батжаргал нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөнгөн шилжүүлгийн баримтууд, банкны дансны хуулгууд, хохирогч нарт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн болон банкаар шилжүүлсэн баримтууд, хохирогч Ө.Сосорбарамын гомдол саналгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Хэрсүүд овогт Нэмэхбаатарын Батжаргалыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсан гэмт хэргийг давтан үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан ял оногдуулах хууль үндэслэлтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгийг нэгээс дээш тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүний эрх чөлөөг хязгаарлан, нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх нь тогтоогдоогүй тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно. 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хэрсүүд овогт Нэмэхбаатарын Батжаргалыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг давтан үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Н.Батжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Н.Батжаргалын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Батжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ