Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 115/2016/0023/З |
Дугаар | 168 |
Огноо | 2017-05-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 168
Б.Батбаярын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Б.Батбаярын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 115/ШШ2016/0024 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0187 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 115/ШШ2016/0024 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйл ийн 18.1.1.-ийн г, 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7, 32.8, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Засаг даргыг үүрэгт ажлаас огцруулах тухай Б/50, Үүрэг гүйцэтгэгч томилох тухай Б/51 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Батбаярын ажилгүй байсан хугацааны цалин 3516.076 /гурван сая таван зуун арван зургаан мянга далан зургаан/ төгрөг, урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 6515.154 /зургаан сая таван зуун арван таван мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөгийг тус тус Дорноговь аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгох,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Б.Батбаярын татгалзлыг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь татгалзсан нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон түүнийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн хэсэгт гомдол гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0187 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүхэд гомдол гаргах учир нь хэргийг учир дутагдалтай шийдвэрлэсэн. Үүнд: Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаярыг Монгол Улсын хууль тогтоомж, журмыг удаа дараа ноцтой зөрчиж, Сайншанд сумын орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, эрсдэлийн сангуудаас олгосон зээл, түүний төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс 661920,3 мянган төгрөгийн төлбөр зөрчил үүсгэж, орон нутгийн ажил, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулан, дараагийн төслийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдэхгүй байдалд хүргэж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь огцруулсан. Дээрх зөрчил дутагдал нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны хооронд Сайншанд сумын орон нутгийн төсвийн орлого, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Орон нутгийн тусгай хамгаалалттай сан, Эрсдэлийн сангийн 2014-2016 оны эхний хагас жил, Сум хөгжүүлэх сангийн 2011-2014 оны гүйцэтгэл, 2015-2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон.
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч” байхаар заасан. Сумын Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 14.2.3-д “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 14.2.10-д “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, 14.4-д “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө бүрэн хариуцна” гэж заасан. Төсөв санхүүтэй холбоотой харилцаа нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийг удирдлага болгон холбогдох дүрэм, журмаар зохицуулагддаг бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэх асуудлыг нотлох зорилготой шүүхэд хүргүүлсэн 58 хуудас бүхий “шалгалтын тэмдэглэл”-ийн /19-р хуудас/ дийлэнхийг тухайн хэрэгт хамааралгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд буруутгаж буй асуудлыг тайлбарлан мэтгэлцээгүй гэсэн нь учир дутагдалтай байна. Хариуцагч талаас хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн гүйцэд гарган өгсөн байхад ач холбогдолтой, эргэлзээгүй талаас бодитойгоор үнэлж, дүгнэлгүйгээр хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар дээрх зөрчил, дутагдал тогтоогдсон байхад зөвхөн тухайн сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга А.Самдангийн мэдүүлгийг удирдлага болгон төсөв, санхүүтэй холбоотой асуудлыг зохицуулсан дүрэм, журмыг судлалгүйгээр зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нь ерөнхий байдлаар хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Хариуцагч талаас хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу ...хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх эрхийн дагуу нотлох баримтыг гаргаж өгсөн. Нотлох баримтаар үнэлүүлэхээр хүргүүлсэн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны хооронд Сайншанд сумын орон нутгийн төсвийн орлого, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Орон нутгийн тусгай хамгаалалттай сан, Эрсдэлийн сангийн 2014-2016 оны эхний хагас жил, Сум хөгжүүлэх сангийн 2011-2014 оны гүйцэтгэл, 2015-2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тэмдэглэлд зөрчил, дутагдал нэг бүрийг нэрлэн заасан байхад нягтлан үзээгүй. Нэхэмжлэгч Б.Батбаярыг ...Сайншанд сумын орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, эрсдэлийн сангуудаас олгосон зээл, буцаан төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байхад шүүх нь зөвхөн сум хөгжүүлэх сангийн талаарх гэрчийн мэдүүлгийг гол болгосон нь учир дутагдалтай байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлаас... Орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө иргэдийн Нийтийн Хурлаар дэмжигдээгүй, ард иргэдийн санал аваагүй хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь Төсвийн тухай хууль болон бусад дүрэм, журмыг зөрчсөн. Гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байхад гэрээний хугацааг үндэслэлгүйгээр сунгаж, магадалшгүй ажлын зардлаар төсөвт тусгагдаагүй ямар ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй, баталгаажуулсан акт үйлдээгүй байхад санхүүжилтийг олгосон.
Сум хөгжүүлэх сангийн зээл олголтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлаас... 2011-2013 онд сум хөгжүүлэх сангаас зээл авсан зээлдэгчээс 59 зээлдэгчийн 421408409 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээс явцын дунд шүүхийн шийдвэр гарсан боловч төлөөгүй байгаа 24 зээлдэгчийн 168956000 төгрөгийн зээлийн төлбөрийг ШШГАлбанд, 35 зээлдэгчийн 252452409 төгрөгийн төлөөгүй зээлийн үлдэгдэлтэй. 2013-2016 онд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1-18 сарын зээлийг төлөөгүй бүгд 75 зээлдэгчийн 210461883 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийг Б.Батбаяр нь холбогдох хууль, дүрэм журмыг зөрчин, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан гишүүд, хамаарал бүхий этгээд, найз нөхөд, танил талдаа зээлийг олгодог, тэдгээр нь зээлийг зориулалт бусаар ашиглан, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, харьяаллын бус иргэн болон өмнө нь зээл авсан иргэнд дахин зээл олгосон, зээлээ хугацаандаа төлдөггүй зэрэг ноцтой зөрчил дутагдлууд илэрсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын дагуу сумын Засаг дарга нь төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах, сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгах, сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй буюу энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалт тогтоогдсон бол сумын Засаг даргад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд хариуцан барагдуулна гэж заасан байдаг.
Дээрх зөрчлүүд нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол, 2016 оны 153 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаал, 239 дүгээр тушаал, 2014 оны 43 дугаар тушаалыг зөрчсөн, төрд 661920.3 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байхад дээрх хууль, дүрэм журмыг судлалгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Монгол Улсын хуулийг үл хүндэтгэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэд, татвар төлөгчдийн мөнгийг Б.Батбаяр нь албан тушаалын эрх мэдэл, давуу байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмч хөрөнгийг үр ашиггүй удирдаж, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаныг тогтоосон байхад шат шатны шүүхүүд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас бодитойгоор үнэлж чадаагүй зөвхөн нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэн шүүхийн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Батбаяр нь Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50, Б/51 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Батбаярыг Сайншанд сумын Засаг даргаас огцруулсан Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6-д заасантай нийцээгүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар бүх шатны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд сонгуулийн үр дүнд сонгогдож, томилолтын журмаар ажилладаг, тэдгээрийн бүрэн эрх, түүний баталгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдсан байна.
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”-д Засаг даргыг хугацаанаас нь
өмнө огцруулах санал гаргах эрх нь тухайн шатны Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарахыг, 32 дугаар зүйлийн 32.2-д Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулах үндэслэлийг, тухайлбал, Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлэхийг, 32.6-д Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэхийг тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах хуульд заасан үндэслэл тогтоогдсон бол түүнийг огцруулах эсэх асуудлыг тухайн шатны Хурал хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэн, огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлж шийдвэрлэхээр байна.
Гэтэл Сайншанд сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Батбаярыг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргаагүй байхад аймгийн Засаг дарга маргаан бүхий Б/50 дугаар захирамжаар огцруулж хууль зөрчжээ.
Түүнээс гадна хариуцагчаас дээрх захиргааны актын үндэслэлийг “Засаг дарга Б.Батбаяр хууль тогтоомж журмыг удаа дараа ноцтой зөрчиж, Сайншанд сумын орон нутгийн хөгжлийн сан, сумын хөгжлийн сан, эрсдэлийн сангуудаас олгосон зээл, түүний буцаан төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс үүдэн 661920.3 мянган төгрөгийн төлбөр, зөрчил үүсгэж орон нутгийн ажил, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулан, дараагийн төслийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдэхгүй байдалд хүргэж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэж нэхэмжлэгчийг буруутган тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Батбаяр нь Сайншанд сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/09 дүгээр хамтран ажиллах гэрээнд зааснаар сум хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх, зээл, түүний буцаан төлөлтийн талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажилласан байх ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2013, 2015 оны хэрэгжилтийг “хангалттай” гэж дүгнэн, сум хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг 2013 онд 85 хувьтай, 2015 онд 94.3 хувьтай хэрэгжүүлсэн гэж үнэлсэн байжээ.
Эдгээрээс үзвэл, анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч Б.Батбаярыг огцруулсан захиргааны актын үндэслэл болох хууль тогтоомж зөрчсөн, санхүүгийн ноцтой алдаа гаргасан, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлүүд тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/51 дүгээр захирамжаар С.Одбаярыг тус сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д заасныг мөн зөрчжээ. Учир нь, Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээхээр хуульд заасан байтал аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаагүй хүнийг хууль зөрчиж Засаг даргаар томилсон байна.
Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын Б/50, Б/51 дүгээр тушаал нь хууль зөрчсөн гэж дүгнэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцсэн байна.
Мөн, нэхэмжлэгч Б.Батбаярыг дээрх байдлаар хууль зөрчиж албан тушаалаас нь огцруулсан тул шүүх түүний ажилгүй байсан хугацааны цалинг хохирол гэж үзэн, 2 сар 08 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 3.516.076 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байхаар заасан тул шүүх нэхэмжлэгчид 1 удаагийн тэтгэмжийн 6.515.154 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгосон нь зөв байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг баримталсан нь буруу байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 115/ШШ2016/0024 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0187 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7” гэснийг хасч өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА