| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/02117/и |
| Дугаар | 02102 |
| Огноо | 2019-07-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 02102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байрны 60 тоотод оршин суух, Алагынхан овогт Дашдондогийн Хасбазар /РД:ЙЕ62091216/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байранд байрлах, Оюунмэнд ХХК /РД:2579847/-д холбогдох
570,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1,775,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа хариуцагчийн төлөөлөгч Л.Батбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Хасбазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Хасбазар нь Оюунмэнд ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Арвидах худалдааны төвд талбай түрээслэх гэрээ байгуулсан. Мөн өдрөө компанийн санхүүд түрээсийн төлбөр, барьцааны мөнгө нийт 570,000 төгрөг хүлээлгэж өгсөн. Талуудын байгуулсан гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбай хүлээлгэн өгч, хүлээж авна гэсэн үүргийг Оюунмэнд ХХК биелүүлээгүй. Оюунмэнд ХХК түрээслэгч нарыг түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох ёстой байсан. Д.Хасбазар түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй тул Оюунмэнд ХХК-иас 570,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Хасбазар нь Хороолол барилгын материалын захад олон жил барилгын материалын бизнес хийж байгаа. Хороолол барилгын материалын байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа учраас биднийг ажлын байраа 2019 оны 4 дүгээр сард багтаан суллаж өг гэсэн тул бид ажлын байргүй болчихлоо, хүнсний захаа татан буулгаад барилгын материалын зах болгооч, бид үйлчлүүлэгчдээ дагуулаад ирнэ хэмээн нийт 19 түрээслэгч санал тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр Арвидах худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр талбай түрээслэн ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Хасбазартай гэрээ байгуулсан. Оюунмэнд ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15 өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан Мэдэгдлийн дагуу 19,400,000 төгрөгийн өртөгтэйгээр павильоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ажлын байрыг 100 хувь бэлэн болгосон байсан. Барилгын материалын захад тусгайлан зориулан вакум хаалтуудыг Ноц цонх ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж, ажил гүйцэтгүүлж төлбөрийг шилжүүлсэн. Гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д.Хасбазар нь үйл ажиллагаа эхлүүлэх байсан болов ч Д.Хасбазар болон 19 түрээслэгчийн хэн нь ч ирээгүй. Оюунмэнд ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж, түрээслэгч Д.Хасбазарыг түрээсэлсэн лангуу, павильондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Д.Хасбазарын одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас манай компанитай хийсэн гэрээгээ цуцлах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. Д.Хасбазар нь дээрхи үндсэн шалтгаанаар биш, Оюунмэнд ХХК-ийг гэрээгээ зөрчсөн павильон байхгүй мэтээр шалтаг шалтгаан гаргаж байгааг гэрээнээс үндэслэлгүй татгалзаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюунмэнд ХХК, Д.Хасбазар нарын хооронд Арвидах худалдааны төвийг түрээслэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Түрээслэгч нарын хүсэлтийн дагуу Оюунмэнд ХХК түрээсийн талбайг засч, тохижуулж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд үйл ажиллагаа явуулахад бэлэн болгохоор тохирсон. Энэ хугацаанд түрээслэгч нарын хэн ч ирж үйл ажиллагаа явуулаагүй. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өнгөрөхөд маргааш нь Оюунмэнд ХХК-иас түрээслэгч нарт талбайд үйл ажиллагаа явуулахыг хүссэн мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарлалаа. Гэтэл нэхэмжлэгч тийм шаардлага гаргаагүй. Оюунмэнд ХХК түрээслэгч нартай гэрээ байгуулахдаа үйл ажиллагаа явуулахгүй бол барьцааны мөнгө, түрээсийн мөнгийг буцааж өгөхгүй гэдгийг хэлсэн. Энэ байдлыг нэхэмжлэгч Д.Хасбазар мэдэж байсан. Хэдийгээр талуудын байгуулсан гэрээнд Арвидах худалдааны төвийн хаягийг заагаагүй боловч түрээслэгч нар хаана гэдгийг мэдэж байсан. Иймд нэхэмжлэгч Д.Хасбазарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Оюунмэнд ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Хасбазар болон 19 түрээслэгчдийн одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын байр-ыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа тул, бид ажлын байргүй болчихлоо танай хүнсний захын талбайг бүхэлд нь түрээсэлнэ хэмээн санал тавьсны үндсэн дээр манай Оюунмэнд ХХК-нь 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан Арвидах худалдааны төвийн хүнсний захын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн,100 хувь талбай дүүргэлттэй барилгын материалын захын чиглэлээр ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр В/2 тоот Арвидах худалдааны төвийн талбай түрээслэх гэрээг Д.Хасбазартай байгуулсан. Д.Хасбазарын түрээсэлсэн талбай 8 м.кв хэмжээтэй юм. Оюунмэнд ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан Мэдэгдлийн дагуу 19,400,000 төгрөгийн өртөгтэйгээр вакум павильоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүх павильоны вакум хаалтыг Ноц цонх ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн. Түрээслэгч Д.Хасбазар нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан болов ч Хороолол барилгын материалын захын байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаагаа явуулалгүй, гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан. Оюунмэнд ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот Мэдэгдэл хүргүүлж түрээслэгч Д.Хасбазарыг түрээсэлсэн лангуу павильондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Д.Хасбазар нь нэхэмжлэлдээ 1 сарын дараа павильон бэлэн болгохоор тохиролцсон гэж ташаа бичсэн байна. Гэрээ ёсоороо 4 дүгээр сарын15-ны өдрөөс ажиллаж эхлэх байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Д.Хасбазартай гэрээ хийхдээ 4 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан. Д.Хасбазарыг барилгын материалын чиглэлээр ажиллуулахын тул Оюунмэнд ХХК нь урд нь ажиллуулж байсан Гоо сайхны бараа чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, Д.Хасбаатартай гэрээ байгуулсан. Оюунмэнд ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш түрээслэгчгүй болж үүнээс үүдэн манай компани нь дараах алдагдлыг хүлээгээд байна. Иймд Д.Хасбазартай байгуулсан гэрээнээс үүдэж Оюунмэнд ХХК-д учирсан түрээсийн орлого 915,000 төгрөг, Д.Хасбазарт оногдох талбайн цахилгаан дулааны зардал 206,400 төгрөг, вакуум хаалт, хаалганы 653,900 төгрөг, нийт 1,775,300 төгрөгийг Д.Хасбазараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Оюунмэнд ХХК гэрээ байгуулсан өдөр талбайд түрээслэгч нарыг оруулаагүй учраас гэрээний үүргээ биелүүлээгүй. Түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох үүргийг хариуцагч тал хүлээсэн байсан. Хариуцагч тал 2019 оны 02, 03, 04 дүгээр сарын дулааны төлбөр гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Д.Хасбазар Оюунмэнд ХХК-ийн Арвидах худалдааны төвд нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй, тог цахилгаан дулаан хэрэглээгүй тул энэ мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Оюунмэнд ХХК вакум хаалга, хаалтыг түрээслэгч нарын мөнгөөр хийж, өөрийн өмч болгосон. Хариуцагч талын өөртөө хөрөнгө оруулсан төлбөрийг бусдаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэгчээс олох байсан орлогоо нэхэмжилсэн. Гэтэл өмнөх түрээслэгчийг хэзээ гаргасан нь тодорхойгүй, бусдад талбайгаа түрээслэх эсэх нь хариуцагч талын эрхийн асуудал. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,775,300 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Хасбазар нь хариуцагч Оюунмэнд ХХК-д холбогдуулан 570,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Оюунмэнд ХХК нь нэхэмжлэгч Д.Хасбазарт холбогдуулан 1,775,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Талууд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Арвидах худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Арвидах худалдааны төвийн в2 тоот талбайг жижиглэн худалдааны чиглэлээр түрээслүүлж, сарын 300,000 төгрөгний түрээсийн төлбөртэйгээр 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаанд түрээслэхээр харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг түрээсийн гэрээний 1 сарын төлбөрт 270,000 төгрөгийг, барьцааны төлбөрт 300,000 төгрөг, нийт 570,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, кассын орлогын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэхүү гэрээний зүйл болох Арвидах худалдааны төвийн барилга нь Л.Батбаатарын өмч байх ба Оюунмэнд ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч нь, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.Батбаатар мөн болох нь хэрэгт авагдсан хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөр Л.Батбаатар өөрийн биеэр оролцсон бөгөөд тэрээр өөрийн хувийн өмчөө компанийн нэр дээр захиран зарцуулж, компанийн нэр дээр бусдад ашиглуулахаар гэрээ байгуулсанаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Иймд Оюунмэнд ХХК-ийн захирал Л.Батбаатарыг өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өөрийнх нь 100 хувийн эзэмшилд байдаг компанийн нэрээр захиран зарцуулсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... тус гэрээний 4.1-д энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар түрээслэгчид шилжүүлэн өгнө гэж заасны дагуу түрээсийн зүйл болох Арвидах худалдааны төвийн в2 дугаартай талбайг хариуцагч нь нэхэмжлэгч талд 1 сарын дараа хүлээлгэн өгнө гэсэн боловч хүлээлгэж өгөөгүй...гэсэн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа... гэрээ байгуулах үед түрээслэсэн гэх талбайг шууд ашиглах боломжгүй байсан. Оюунмэнд ХХК-ийн зүгээс Ноц цонх ХХК-иар талбайг өөрчлүүлж бэлэн болгохоор гэрээ байгуулсан, өнөө маргаашгүй бэлэн болгоно гэсэн... гэх тайлбарыг гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болдог.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх тайлбараас үзэхэд гэрээ байгуулах үед талбай бэлэн болоогүй, өөрөөр хэлбэл гэрээний 4.1-д заасан гэрээнд гарын үсэг зурснаар талбайг хүлээлгэн өгнө гэсэн заалт хэрэгжих боломжгүй байсан гэдгийг талууд мэдэж байсан гэж үзэхээр байна
Хороолол барилгын материалын захад үйлчилгээ эрхэлдэг байсан нэхэмжлэгч Д.Хасбазар болон нэр бүхий 19 иргэн Арвидах худалдааны төвд талбай түрээслэхээр гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Оюунмэнд ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 дугаартай мэдэгдлийг нийт түрээслэгч нарт хүргүүлсэн байх ба уг мэдэгдэлд...уг гэрээний үүргийн дагуу барилгын материалын төв 2019 оны 04 дүгээр сарын 15-д үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болно... гэсэн байх бөгөөд уг мэдэгдэлд в2 дугаартай талбайг түрээслэгчээр Д.Хасбазар гарын үсэг зурсан байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...талбай бэлэн болоогүй байсан, ...Ноц цонх ХХК-иар талбайг өөрчлүүлж бэлэн болгоно гэсэн гэх тайлбар болон хариуцагч Оюунмэнд ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 дугаартай мэдэгдэл, хариуцагч компанийн Ноц цонх ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэргийг үндэслэн талууд түрээсийн гэрээний зүйл болох в2 дугаартай талбайг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэжээ.
Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд 2019 оны 03 дугаар сард мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зүйлд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талыг гэрээний 4.1-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Хасбазарын хариуцагч Оюунмэнд ХХК-д холбогдуулан гаргасан 570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Оюунмэнд ХХК нь нэхэмжлэгч Д.Хасбазараас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд буюу в2 талбайд вакум хаалт хийлгэсний үнэ 653,900 төгрөг, тог, цахилгаан, дулааны зардалд 204,600 төгрөг, түрээсийн орлого 915,000 төгрөг, нийт 1,775,300 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Л.Батбаатарын цахилгаан, дулааны төлбөр төлсөн баримтууд болон Ноц цонх ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн ба уг баримтуудаар хариуцагч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал гарсан болох нь тогтоогдож байх боловч эдгээр баримтаар нэхэмжлэгч Б.Адъяасүрэн гэрээний үүргээ зөрчсөний улмаас хариуцагч талд 523,775 төгрөгний хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.
Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хасбазарынхариуцагч Оюунмэнд ХХК-д холбогдуулан гаргасан 570,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Оюунмэнд ХХК-ийн нэхэмжлэгч Д.Хасбазарт холбогдуулан гаргасан 1,775,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийншаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хасбазараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,750 төгрөгийг, хариуцагч Оюунмэнд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,354 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээрсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА