Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01162

 

Н.Өлзийбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2019/00458 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дүгээр магадлалтай,

Н.Өлзийбилэгийн нэхэмжлэлтэй,

Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, С.Батбаяр нарт холбогдох 

Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Батбаяраас хураан авч, Н.Өлзийбилэгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах, С.Батбаярт холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот орон сууцны С.Батбаярын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл,

Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот орон сууцыг Н.Өлзийбилэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Өлзийбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс, хариуцагч С.Батбаярын өмгөөлөгч Д.Одонтунгалаг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д 2006 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд удаан жил үр бүтээлтэй ажилласан байдал болон бусад нөхцлийг харгалзан үзэж тус компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зориулалтаар ашиглаж байсан Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө байрыг 2013 онд надад хувьчилж өгөхөөр захирлын зөвлөлийн шийдвэр гарч улмаар ТУЗ-ийн 2013.12.05-ны өдрийн 25 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу холбогдох материал бүрдүүлэлт, судалгаа тооцоо хийгдэж байгаад 2016.04.04-ний өдрийн 192 дугаар Засгийн газрын тогтоол гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайн орон сууцыг хувьчлах шийдвэрийн дагуу байгууллагаас өмчлөх эрхийг надад олгоно гээд хүлээж байтал байгууллага тус орон сууцыг анх хувь хүнээс худалдаж авах үед байгууллагыг төлөөлөн түр хугацаагаар өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн С.Батбаяр нь хувь иргэнтэй хийсэн худалдах, худалдан авах гэрээг ашиглан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан. Тэр даруй байгууллагын удирдлагад хандаж орон сууцыг өмчлөх эрх бүхий этгээд болох Н.Өлзийбилэг миний нэр дээр шилжүүлэн өгөх арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч тодорхой арга хэмжээ авч өгөхгүй байсан учир 2019.05.07-нд компаний гүйцэтгэх захирал Н.Тавинбэхэд өргөдөл өгсөн боловч 2019.05.27-нд өмчлөхтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймээс Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Батбаяраас хураан авч Н.Өлзийбилэг миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д даалгах, С.Батбаярт холбогдуулан анх байгууллага төлөөлж хувь хүнтэй хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож С.Батбаярын нэр дээр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, Н.Өлзийбилэг намайг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбарт: Тус Компани нь 2000 онд Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 39 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зориулалтаар иргэн Ц.Лхагвацэдэнгээс худалдаж авсан. Дээрх байрыг худалдаж авахдаа тухайн үед борлуулалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан С.Батбаярын нэр дээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан компанийн санхүүгийн тайлан блансад тусгасан бөгөөд тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй юм. Тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /хүчингүй болсон/ хуульд төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж заасан байсан. 2013 онд хэрэглэгчдэд үйлчлэх байр ашиглалтанд орсноор албаны зориулалтаар ашиглаж байсан дээрх 3 өрөө орон сууцыг компанийн ажилтан Н.Өлзийбилэгт орон сууцыг хувьчлах эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд эзэмшүүлэхээр батламж олгосон. Засгийн газрын 2016.04.04-ний өдрийн орон сууц хувьчлах тухай 192 дугаар тогтоолоор хувьчлах тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот орон сууцыг хувьчлах шийдвэр гарсантай холбогдуулан тухайн орон сууцыг эзэмшиж байсан Н.Өлзийбилэг нь өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар материалаа бүрдүүлэх явцад Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус байр нь Ц.Лхагвацэдэн нарын 3 иргэний өмч болохыг тодорхойлсон. Тухайн үеийн компаний удирдлагууд Ц.Лхагвацэдэнтэй холбогдож орон сууц худалдах, худалдан авах гэрээг дахин шинэчлэн байгуулах талаар хүсэлт гаргасан боловч хамтран өмчлөгч нар гадаад улсад удаан хугацаагаар амьдарч байгаа тул дахин гэрээг шинэчлэн хийхэд хүндрэл учирсан. Иймээс анх гэрээ хийсэн С.Батбаярын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гарган авч, дараа нь С.Батбаяраас Н.Өлзийбилэгт уг орон сууцыг шилжүүлэхээр С.Батбаяр, Н.Өлзийбилэг нартай харилцан тохиролцож гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр С.Батбаярын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл гэрчилгээ гарсны дараа С.Батбаяр нь орон сууцны өмчлөгч гэж үзэж Н.Өлзийбилэгт шилжүүлэхээс татгалзсанаар маргаан үүссэн. 2000 онд уг байрыг авснаасаа хойш компаний үндсэн хөрөнгөд бүртгэн санхүүгийн тайлан блансад тусгаж ирсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 192 дугаар тогтооыг үндэслан 2016 оны жилийн эцсийн тайлан блансаас уг орон сууцыг хассан. Иймд шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Батбаярын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан түгээх ТӨХК-ийн гаргасан тайлбарт уг байрыг С.Батбаярын нэр дээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан авч компанийн санхүүгийн тайланд тусгасан бөгөөд уг худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй болно гэснээр өмчлөх эрх нь хэзээ ч компанид байгаагүйг нотолно. Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан түгээх ТӨХК-ийн өмчлөлд Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрнаас орон сууцны нэг байр байсныг нотолсон улсын бүртгэлийн байгууллагын өмнө дурьдагдсан 212 тоот албан бичиг нотлох бөгөөд тэр байр нь 35 дугаар байрны 01 тоот байр бөгөөд нэхэмжлэгчийн компанийн мэдэлд байсан одоо миний эзэмших эрхтэй гээд байгаа байр нь 35 дугаар байрны 02 тоот байр болно. Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот орон сууц нь иргэн С.Батбаяр миний хууль ёсны өмч мөн болно гэжээ.

Хариуцагч С.Батбаярын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: С.Батбаяр нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 2 тоот орон сууцыг Х.Төмөрбаатараас 2000.06.06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч хууль ёсны өмчлөгч болж улмаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр өмчлөх эрхээ баталгаажуулсан. 2013 онд иргэн Н.Өлзийбилэг түүний байранд хууль бусаар нүүн орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд удаа дараа шаардахад суллаж өгөхгүй түүний өмчлөх эрхэнд халдсаар байна. Иймд С.Батбаяр нь дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн учир уг байрыг Н.Өлзийбилэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: С.Батбаяр нь өөрийгөө 2000.06.06-ны өдөр иргэн Х.Төмөрбаатараас Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд байрны гэрчилгээг авсан хууль ёсны өмчлөгч гэжээ. Энэ хүн тухайн орон сууцыг худалдан аваагүй бөгөөд байгууллага худалдан авч төлбөрийг төлсөн, зөвхөн тухайн үеийн хууль тогтоомж, нөхцөл байдлаас болж С.Батбаярын нэр дээр худалдан авах гэрээг байгуулж сүүлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг энэ хүний нэр дээр гаргуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2019/00458 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мухардаан овогт Нямсүрэнгийн Өлзийбилэгийг Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, хариуцагч Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Батбаяраас хураан авч Н.Өлзийбилэгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэвийн гаргасан Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Өлзийбилэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулж өгөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Өлзийбилэг нь С.Батбаяр, иргэн Х.Төмөрбаатар, Б.Лхагвацэрэн нарын 2000.06.06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,819 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 245,819 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батбаяраас 245,819 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Өлзийбилэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дүгээр магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2019/00458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хэрэг гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 103/ШШ2019/00458 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.13-ны өдрийн 79 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлж дүгнээгүй нэг талыг хэт барьж шийдвэрлэсэн хэмээн үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1- д зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна. Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нь өөрийн өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 01 тоот орон сууцтай зэргэлдээ хэрэглэгчдэд үйлчлэх төв болгож ашиглах зорилгоор Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг 1,836,000 төгрөгөөр худалдан авч үндсэн хөрөнгөнд бүртгэж авахыг орлогч дарга Г.Ганболд, санхүүгийн дарга Б.Дүгэржав нарт даалгаж, уг байрыг түрээсийн эзэн С.Батбаярт баримт бичгийг бүрдүүлэн хүлээлгэн өгөх, байр худалдан авхад гаргах 1,836,000 төгрөгийг гаргаж зарцуулахыг үүрэг болгосон, улмаар уг байрыг 2000 оны үндсэн хөрөнгөнд бүртгэж авсан болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газрын Багануур цахилгаан түгээх даргын 2000.06.06 өдрийн А/75 дугаар Байр худалдан авах тухай тушаал, Багануурын Цахилгаан Шугам Сүлжээний газрын 2000 оны нэмэгдсэн үндсэн хөрөнгийн жагсаалт зэргээр тогтоогдож байна гэжээ. Гэтэл иргэн С.Батбаярын Багануур дүүрэг Наран хороолол 35 дугаар байрны 1 дүгээр орцны 2 тоот 3 өрөө байрыг Х.Төмөрбаатараас 2000.06.06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон ба Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2000.06.06-ны өдрөөс өмнөх өмчлөгч Х.Төмөрбаатараас уг байрыг худалдан авсан тухай баримт гэрээ байхгүй иргэн Х.Төмөрбаатарт мөнгө төгрөг өгч авсан талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Энэ нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК байр худалдан авсан үйлдэл болон баримт тогтоогдоогүй, Багануурын Цахилгаан Шугам Сүлжээний газрын 2000 оны нэмэгдсэн үндсэн хөрөнгийн жагсаалтад аль байр балансад тусгасан тодорхойгүй 35 дугаар байрны 2 тоот гэж байхгүй хаана байгаа нь тодорхойгүй 3 өрөө байр гэсэн байгааг, орон сууц хувьчлах тухай 2013.12.05-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтад Н.Өлзийбилэг гэсэн нэрний ард нийт үнэ 26,479,800 хорогдол элэгдэл 8,905,913 үлдэгдэл өртөг 17,573,800 төгрөг гэж байгаа бөгөөд огт өөр байрны тухай яриад байгаа эсэх, мөн энд 35-ын 2 тоот гэсэн үг байхгүй байгааг харгалзан үзэж ач холбогдол өгөөгүй нотлох баримтыг дутуу үнэлсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газрын Багануур цахилгаан түгээх даргын 2000.06.06 өдрийн А/75 дугаар Байр худалдан авах тухай тушаалд Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нь өөрийн өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 01 тоот орон сууцтай зэргэлдээ байрыг худалдан авах гэсэн үг өгүүлбэр огт байхгүй байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь дээрх байрыг худалдан авч хэрэглэгчдэд үйлчлэх төв болгон ашиглаж байгаад 2011 онд хэрэглэгчдэд үйлчлэх төвийг шинээр барьж ашиглалтад оруулснаар байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 2 тоот 3 өрөө байрыг нэхэмжлэгч Н.Өлзийбилэгийн эцэг Д.Нямсүрэнд эзэмшүүлэхээр 2011.02.10-ны өдөр шийдвэр гарч батламж олгосон, улмаар Д.Нямсүрэн байрандаа ороогүй байж байгаад өөр газар инженерээр томилогдон явсан учраас түүний хүү 2012 онд улсын сурын харваанд 2-р байр эзэлсэн амжилтыг үнэлээд уг байрыг шилжүүлж эзэмших эрхийг олгосон болох нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн байр эзэмшүүлэх тухай батламж, орон сууц эзэмшүүлэх гэрчилгээ, нэхэмжлэгчийн 2012 оны 10 дугаар сараас уг байранд амьдарч байгаа тайлбар, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн орлогч даргаар ажиллаж байсан гэрч Г.Ганболдын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон тус байгууллагыг төлөөлж иргэн Х.Төмөрбаатартай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Багануур дүүрэг Наран хороолол 35 дугаар байрны 1 дүгээр орцны 2 тоот 3 өрөө байр нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өмчлөлд хэзээ ч бүртгэгдээгүй энэ нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож С.Батбаяр нь хуулинд тогтоосон журмын дагуу Улсын бүргэлийн газраас 2017.02.14-ний өдөр хууль ёсны өмчлөх эрхээ баталгаажуулан өмчлөгч болж улмаар 000474363 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ Улсын бүртгэлийн газраас олгосон болох нь нотлох баримтаар нотлогдсоор байхад Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь иргэн С.Батбаярын хууль ёсны өмчлөх эрхэд илт халдаж байгааг огт харгалзан үзээгүй. Н.Өлзийбилэг болон түүний аав Д.Нямсүрэн нь Багануурын цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-нд Гүйцэтгэх захирал, гэрч Г.Ганболдын эхнэр н.Гэрэлмаа ерөнхий нягтлан бодогч, түүний ээж Ц.Цэвэлмаа нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК тус байгууллагад санхүүгийн албанд нягтлан бодогчоор ажиллаж байсан зэрэг нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах, 21.1 дүгээр зүйл нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй. Н.Өлзийбилэгийн аав Д.Нямсүрэн гэрч Г.Ганболд нар нь гэр бүлийн найзууд учир Г.Ганболдын гэрчийн мэдүүлэг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч С.Батбаярын түрээсийн гэрээ, цалин мөнгө авч байсан материалууд түрээсийн сангийн хуримтлал үүсгэсэн материалуудыг устгасан байна. Хариуцагч С.Батбаяр нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар удаа дараа хандсан боловч гаргаж өгдөггүй С.Батбаяр байраа суллуулахаар удаа дараа тус байгууллагад өгч байсан өргөдлийг нуун дарагдуулж байхгүй болгосон байдаг. Тухайн үед тус иргэний хэрэгт Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд түүний итгэмжлэгдсэн Б.Шинэтуяа өргөдөл гомдол хүлээн авч байсан байдаг. ТӨХК-ийн итгэмжлэгдсэн Б.Шинэтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбарт ...тухайн үед борлуулалтын үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан С.Батбаярын нэр дээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан...тус гэрээг улсын бүрттгэлд бүртгүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж аваагүй юм тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй хобоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн бүртгэлд бүртгүүлэхгүй гэж заасан байсан гэжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газрын Багануур цахилгаан түгээх даргын 2000.06.06 өдрийн А/75 дугаар Байр худалдан авах тухай тушаалд С.Батбаярт байр худалдан авахыг огт даалгаагүй харин гэрч Г.Ганболдод даалгасан байдаг. Хариуцагч С.Батбаяр Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг төлөөлж ямар нэгэн гэрээ байгуулаагүй түүнд итгэмжлэл болон төлөөлөх эрх байхгүй байсан нь нотлох баримтаар нотлогддог. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй хобоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2002 онд батлагдаж гарсан хууль бөгөөд Х.Төмөрбаатар, С.Батбаяр нар орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээг 2000.06.06-ны өдөр байгуулсан ба тухайн үед Иргэний хууль мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдаж байсан ба тус хуулийн 25.1-д төрийн өмчийн эд хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж, бүртгэнэ 70.1-д Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө, үнэт цаас мөнгөн хөрөнгийн тооллогыг дотоодын тооллого, улсын тооллого гэж 2 хуваана 70.2.1.-д Үндсэн хөрөнгө жилд нэг удаа 12 дугаар сарын 01-нээс 30-ны хооронд явуулна гэж заасан түүний дагуу жил бүр тоолж бүртгэж, хяналт шалгалт тавьж ажиллаж байхаар заагдсан байгаа байна. Гэрч Г.Ганболдын шүүхэд өгсөн мэдүүлэгт ....Би даргын хувьд энэ ажиллагааг зохион байгуулж тэр үедээ 1,800,000 орчим төгрөгөөр худалдан авсан. Хожим С.Батбаярыг ингэж маргаан үүсгэнэ гэж бодоогүй... гэрч Г.Ганболд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газрын Багануур цахилгаан түгээх даргын 2000.06.06 өдрийн А/75 дугаар Байр худалдан авах тухай тушаалд ...Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг 1,836,000 төгрөгөөр худалдан авч үндсэн хөрөнгөнд бүртгэж авахыг орлогч дарга Г.Ганболд, санхүүгийн дарга Б.Дүгэржав нарт даалгасан... байхад тухайн үед байр худалдан авсан, мөнгө төгрөг гаргасан эсэх нь нотлогдохгүй ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг гэрчээр оролцуулсан. Иргэн С.Батбаяр нь нэхэмжлэгч Н.Өлзийбилэг болон Багануур зүүн өмнөд бүснйн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлага, гэрч Г.Ганболдтой уулзаж Багануур дүүрэг Наран хороолол 35 дугаар байрны 1 дүгээр орцны 2 тоот 3 өрөө байрыг өгч авах талаар ярилцаж тохирсон ямар нэгэн гэрээ, хэлэлцээр нотлох баримт огт байхгүй байхад гэрч Г.Ганболд зориуд худал мэдүүлэг өгсөн байх үндэслэлтэй байх тул хариуцагч С.Батбаяртай нүүрэлдүүлэн мэдүүлэг авах үндэслэлтэй байна.

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, ажилчдад түрээсээр эзэмшүүлж байсан байсан 11 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах асуудлыг 2013.10.01-ний өдөр захирлын зөвлөлийн ээлжит бус хурлаар хэлэлцэж 35 дугаар байрны 02 тоот байрыг Н.Өлзийбилэгт хувьчлахаар шийдвэрлэж саналыг ТУЗ-д хүргүүлсэнээр 2013.12.05-ны өдрийн 25 дугаартай тогтоол гарч дээрх 11 орон сууцыг хувьчлахыг зөвшөөрсөн байна. Уг 11 орон сууцны 10 дугаарт нэхэмжлэгч Н.Өлзийбилэгийн эзэмшиж байсан Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө сууц багтжээ. 2013.10.01-ний өдөр захирлын зөвлөлийн ээлжит бус хурлын тэмдэглэл, ТУЗ-ын 2013.12.05-ны өдрийн 25 дугаартай тогтоолд 35 дугаар байрны 02 тоот байр гэсэн үг өгүүлбэр огт байхгүй байна. Энэ нь хууль бусаар иргэн С.Батбаярын өмчлөлд байсан эд хөрөнгийг хууль бусаар өмчилсөн асуудал ба Иргэний хуулийн 101.1-д заасан өмчлөх эрхийг зөрчсөн байна. Монгол Улсын Засгийн газрын 2016.04.04-ний өдрийн орон сууц өмчлөх тухай 192 дугаар тогтоолоор хавсралтад заасан төрийн өмчийн 204 орон сууцыг одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн бөгөөд 192 дугаар тогтоолын хавсралтад Багануур дүүргийн 35 дугаар байрны Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2 байр /35 дугаар байрны 01 тоот болон 02 тоот байрууд/ тус тус хувьчлагдахаар болсон байна гэжээ. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016.04.04-ний өдрийн орон сууц өмчлөх тухай 192 дүгээр тогтоолын 9 дэх хэсэгт байр гэснээс биш 35 дугаар байрны 2 тоот гэж огт заагаагүй байгаа бөгөөд хавсралтад 35 дугаар байрны 1,2 тоот байр байгаа мэтээр хуурамчаар шүүхийн шийдвэрт оруулсан байна. Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбараар Н.Өлзийбилэг нь уг байрыг хувьчилж авахаар материал бүрдүүлэх явцад 35 дугаар байрны 2 тоот 3 өрөө байр нь Х.Төмөрбаатар, Т.Мөнхэрдэнэ, Б.Лхагвацэрэн нарын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд Б.Лхагвацэрэнтэй холбогдож дахин худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар ярилцахад бусад өмчлөгч нар нь гадаад улсад амьдарч байгаа үндэслэлээр гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй болсон тул 2000 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хариуцагч С.Батбаярын нэр дээр уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан дараа нь С.Батбаяраас Н.Өлзийбилэгийн нэр дээр гэрчилгээг гаргуулахаар Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд, нэхэмжлэгч Н.Өлзийбилэг, хариуцагч С.Батбаяр нар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Гэжээ. Гэтэл ийм зүйл огт болоогүй ямар нэгэн шууд нотлох баримт байхгүй харин С.Батбаяр өөрөө 2000.06.06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн хуулинд тогтоосон журмын дагуу Улсын бүртгэлийн газраас 2017.02.14-ний хууль ёсны өмчлөх эрхээ баталгаажуулан өмчлөгч болж улмаар өдөр 000474363 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Багануур дүүрэг Наран хороолол 35 дугаар байрны 1 дүгээр орцны 2 тоот 3 өрөө байрыг Х.Төмөрбаатар, С.Батбаяр нь нар орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээг 2000.06.06-ны өдөр байгуулсан. Энэ нь хуульд заасан хэлбэрийг агуулсан хүчин төгөлдөр гэрээ энэ талаар хэн нэгэн этгээд маргаан үүсгээгүй байдаг. Мөн шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч Н.Өлзийбилэг нь өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв гэжээ. Харин иргэн Н.Өлзийбилэг нь шаардах байтугай нэхэмжлэх эрхгүй этгээд уг байранд хууль бусаар нүүн орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд удаа дараа байраа суллаж өгөхийг шаардсан боловч суллаж өгөхгүй иргэн С.Батбаярын эд хөрөнгө өмчлөх эрхэнд халдсаар байгаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж шийдэх нь хууль зүйн үндэстэй байсан. Энэ талаар хариуцагч С.Батбаярын шүүхэд ирүүлсэн тайлбар болон Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд гаргаж өгсөн өргөдөлд дурьдагдсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйл 2. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 3. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. Арван зургадугаар зүйл 3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. гэж заасны дагуу нэхэмжлэх эрхгүй иргэн Н.Өлзийбилэг нэхэмжлэлээс татгалзах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч нь С.Батбаярын нэр дээрх 000474363 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж тайлбарлаж байгаа хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар үндсэндээ уг байрны өмчлөгчөөр тогоолгох агуулга бүхий нэг шаардлага гэж тодорхойлсон бөгөөд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, оруулж болохоор хуульчилсан байна гэжээ. Хариуцагч С.Батбаярын зүгээс гаргаж өгсөн нотлох баримт /орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар дугаар 000474363, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа дугаар Ү2208000763/ уудыг үнэлж дүгнээгүй байна. Иймд анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч С.Батбаярын сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Өлзийбилэг нь хариуцагч Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д холбогдуулан Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Батбаяраас хураан авч Н.Өлзийбилэгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг хариуцагчид даалгах, хариуцагч С.Батбаярт холбогдуулан 2000.06.06-ны өдөр иргэн Х.Төмөрбаатар, Б.Лхагвацэрэн нартай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, С.Батбаярын нэр дээр дээрх 000474363 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, маргаан бүхий дээрх 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан байна.

Хариуцагч С.Батбаяр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч С.Батбаяр, иргэн Х.Төмөрбаатар, Б.Лхагвацэрэн нарын 2000.06.06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.

Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нь өөрийн өмчлөлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 01 тоот орон сууцтай зэргэлдээ мөн байрны 02 тоот 3 өрөө орон сууц буюу энэ маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг хэрэглэгчдэд үйлчлэх төв болгож ашиглах зорилгоор 1,836,000 төгрөгөөр худалдан авч, үндсэн хөрөнгөд бүртгэж авахыг орлогч дарга Г.Ганболд, санхүүгийн хэлтсийн дарга Б.Дүгэржав нарт даалгаж, уг байрыг түрээсийн эзэн С.Батбаярт баримт бичгийг бүрдүүлэн хүлээлгэж өгөх, байр худалдан авахад 1,836,000 төгрөг зарцуулахыг үүрэг болгосон, байрыг 2000 онд үндсэн хөрөнгөд бүртгэж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016.04.04-ний өдрийн 192 дугаар тогтоолоор төрийн өмчийн 204 орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнд Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн 2 байр /35 дугаар байрны 01, 02 тоот/ хувьчлагдах жагсаалтад орсон байна. /хх-6-9/

Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нь үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, ажилчдад түрээсээр эзэмшүүлж байсан 11 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах асуудлыг 2013.10.01-ний өдөр захирлын зөвлөлийн ээлжит бус хурлаар хэлэлцэж саналыг компанийн ТУЗ-д хүргүүлснээр 2013.12.05-ны өдрийн 25 дугаартай тогтоол гарч, 11 орон сууц хувьчлагджээ.

Нэхэмжлэгч Н.Өлзийбилэгийн эзэмшиж байгаа Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө сууц хувьчлагдсан талаарх үйл баримтыг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ. /хх13, 14, 15, 53-59/

Хариуцагч байгууллага дээрх байрыг худалдан авч хэрэглэгчдэд үйлчлэх төв болгон ашиглаж байгаад 2011 онд хэрэглэгчдэд үйлчлэх төвийг шинээр барьж ашиглалтанд оруулснаар байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан маргааны зүйл болж буй 3 өрөө байрыг нэхэмжлэгч Н.Өлзийбилэгийн эцэг Дондогийн Нямсүрэнд эзэмшүүлсэн 2011.02.10-ны өдөр шийдвэр гарч батламж олгосон, улмаар Д.Нямсүрэн байрандаа ороогүй байж байгаад өөр газар инженерээр томилогдон явсан учраас түүний хүү Н.Өлзийбилэгт 2012 онд улсын наадамд сурын харваанд II байр эзэлсэн амжилтыг үнэлээд уг байрыг шилжүүлж эзэмших эрхийг олгосон болох нь Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХКийн байр эзэмшүүлэх тухай батламж, орон сууц эзэмшүүлэх гэрчилгээ, нэхэмжлэгчийн 2012 оны 10 дугаар сараас уг байранд амьдарч байгаа талаарх тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Хариуцагч Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд Н.Өлзийбилэг нь уг байрыг хувьчилж авахаар материал бүрдүүлэх үед тухайн байр Х.Төмөрбаатар, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Лхагвацэрэн нарын нэр дээр байсан байх бөгөөд Б.Лхагвацэрэнгээс бусад нь гадаад улсад амьдарч байгаа үндэслэлээр гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй болсон тул хариуцагч С.Батбаярын 2000 онд байгуулсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, түүний нэр дээр уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан дараа нь С.Батбаяраас Н.Өлзийбилэгийн нэр дээр гэрчилгээг гаргуулахаар Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд, Н.Өлзийбилэг, С.Батбаяр нар харилцан тохиролцсон, Н.Өлзийбилэг нь 35 дугаар байрны 2 тоот 3 өрөө байрыг хувьчлах шийдвэр гарсны үндсэн дээр 2012 оны 10 дугаар сараас хойш эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодруулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан боловч Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь оновчтой бус болсныг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч нь Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий үндсэн шаардлага гаргасан байх бөгөөд хэргийн баримт, зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлээс үзэхэд Н.Өлзийбилэгийг Иргэний хуулийн 100 дүгээр зүйлийн 100.1-д зааснаар маргааны зүйл болж буй байрны өмчлөгч гэж, мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэн, энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Маргааны зүйл болж буй байрыг хариуцагч С.Батбаяр 1,800,000 төгрөгөөр худалдаж авч үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны өмчлөх эрхээ баталгаажуулсан тул байрыг нэхэмжлэгч Н.Өлзийбилэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч С.Батбаярын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэл зөв, тэрээр 1,800,000 төгрөгөөр байрыг өөрөө худалдаж авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Харин Эрчим хүчний удирдах газрын Багануурын цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2000.06.05-ны өдрийн А/75 Байр худалдан авах тухай тушаалаар маргаан бүхий орон сууцыг 1,836,000 төгрөгөөр худалдан авч, үндсэн хөрөнгөд бүртгэж авахыг орлогч дарга Г.Ганболд, хэлтсийн дарга Б.Дүгэржав нарт даалгаж шийдвэрлэсэн байх ба мөн гэрч Г.Ганболдын ...35 дугаар байрны 1 тоотод манай байгууллагын тоолуурын лаборатори байсан бөгөөд энэ байрны хажууд 3 өрөө байр авах гэж нилээд хөөцөлдсөн. ...би даргын хувьд энэ байрыг худалдаж авах ажиллагааг зохион байгуулж, тэр үедээ 1,800,000 орчим төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлгээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Иймээс ...сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 79 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 103/ШШ2019/00458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мухардаан овогт Нямсүрэнгийн Өлзийбилэгийг Багануур дүүргийн 3 дугаар хороо, 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Багануур дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, хариуцагч Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Батбаяраас хураан авч Н.Өлзийбилэгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Өлзийбилэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч С.Батбаярын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 245,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД