Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 12

 

Б.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00465/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                             Шүүгчид                                         С.Оюунцэцэг

                                                                                    Г.Давааренчин

                               

Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           Г.Амартүвшин

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Б.Эрдэнэдалайн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох “Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар  сарын 15-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Балган овогтой Эрдэнэдалай нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттайгаар 60 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон юм. Үүний дагуу гэрчилгээгээ 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргуулж авсан. Улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа “Ургацын хишиг” ХХК-ийн захирал Ж.Авирмэдэд 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал саяхан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний газар эзэмших эрх бүхэлдээ “Ургацын хишиг” ХХК-ийн захирал Ж.Авирмэдэд 60 жилийн хугацаатайгаар шилжсэнийг олж мэдлээ. Надад энэ талаар албан ёсоор, хуулийн дагуу мэдэгдээгүйгээр ийм зүйл болсонд гомдолтой байсан учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандахад тухайн үед намайг байлцуулахгүйгээр надад мэдэгдэхгүйгээр сумын тамгын газрын дарга нь хүсэлтийг баталж үүний улмаас миний 60 га газар иргэн Авирмэдэд шилжсэн байна. Тухайн хүсэлт гэх бичгийг миний бие нь Авирмэдтэй хоорондоо тохиролцвол хуулинд зааснаар гэрээ хийж баталгаажуулна гэж ойлгосон боловч ямар ч тохиролцоонд хүрээгүй байхад өөрөө дур мэдэн батлуулсан байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тамгын газрын дарга Алтанзоригийн Цагааннуур сумын засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн үнэн зөвийг гэрчилсэн 2007 оны 06 дугаар 29-ний өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь  тус хэрэгт Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Цэдэндамба миний биеийг татсан байна. Иймд дээрх иргэний нэхэмжлэлд тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга Д.Алтанзоригийн баталсан нотариатын үйлдлийг миний бие хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул уг нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10 дах хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Тухайн үеийн сумын Тамгын газрын дарга Д.Алтанзориг нь хууль зөрчиж өөрийн эрх мэдлээ ашиглан холбогдох хүнийг байхгүй үед нь нотариатаар баталж хувийн байдлаар хандсан болох нь дараахи байдлуудаар нотлогдож байна.        

Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн, ...тус заалтад нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатын бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ. Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна. Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна гэсэн байтал энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл Нотариатын үйлдлийг хийхээс татгалзах гэдгийг зөрчсөн... 31.1.2.өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэсэн байхад энэ газрыг авсан Авирмэд нотариатын үйлдлийг хийсэн тамгын газрын дарга Алтанзориг нар нь хоорондоо эгч дүүсийн хүүхдүүд ба энэ талаар хэрэгт авагдсан Алтанзоригийг асуусан мэдүүлгээр нотлогдож байхад хувийн харьцаагаар баталсан.

Нотариатын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл хийгээгүй ...нотариатын үйлдэл хийж буй албан тушаалтан нь үйлчлүүл болон бусад оролцогч оролцож байгаа бол тэмдэглэл хөтөлнө гэсэн ба энэ талаар тэмдэглэл хөтлөөгүй, хөтөлсөн баримт байхгүй.

Нотариатын тухай хуулийн 39 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийсэн баримт бичгийг хадгалаагүй. ...Нотариатч нь нотариатын үйлдэл хийсэн, гэрчилсэн баримтуудыг дугаарын дагуу үдэж хадгалаад үдсэн материалыг зохих журмын дагуу архивт шилжүүлэн хадгалуулна гэсэн байхад шүүхэд өгсөн тайлбартаа ...архивт дээрхи материалууд нь ороод устгагдсан гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Монголын Нотариатчийн танхимын Удирдах зөвлөлийн хурлын 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолын 4 дүгээр хавсралт “Нотариатын архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх, хадгалах, архивт шилжүүлэх, лавлагаа олгох журам” -д зааснаар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбоотой баримтыг хадгалах хугацаа 15 жил гэж заасан ба хариуцагч хэрвээ архивын баримтыг устгасан гэж үзэж байгаа бол тэр баримтуудаа гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл шүүхэд өөрөө нотариатын үйлдэл хийсэн тухай ямар ч баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийг өөрөө нотариат дээр очоогүй гэдгээ няцааж чадаагүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн ажлыг хийж байгаа албан тушаалтны хувьд өөрөө эрх үүргийнхээ хүрээнд хийсэн үйлдлээ хуульд заасан баримтын хүрээнд түүнийгээ үйлдэж нотлох ёстой юм. Тэрнээс бус иргэн хүний хувьд эрх бүхий баримтуудыг гаргаж өгөх бололцоо байхгүй. Харин Захиргааны хэргийн шүүх болон иргэний хэргийн шүүхээр нотариатын үйлдэлтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар шаардсан боловч гаргаж өгөхгүй байгаа нь нотариатын үйлдлийг хууль журмын дагуу хийгээгүй болох нь нотлогдож байхад шүүх энэ талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ямар ч дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэсэнг зөвшөөрөхгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан “нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл: Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай нь 2017 оны 06 сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын засаг дарга болон газрын даамалд хандан өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх тухай агуулга бүхий  өргөдөл гаргаж тухайн өргөдөлд өөрийн гарын үсгийг зурсан байна.

 

Тухайн үед сумд нотариатын үүргийг Сумын тамгын газрын дарга давхар гүйцэтгэдэг байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайн газар шилжүүлэх тухай өргөдлийн гарын үсгийн үнэн зөв эсэхийг сумын  тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Алтанзориг нь баталгаа хийсэн байна. Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайн тухайн өргөдлийн  дагуу  түүний эзэмшлийн 60 га газрыг сумын засаг даргын захирамжаар өөр иргэнд шилжүүлснийг нэхэмжлэгч 2017 онд мэдсэн, тэрхүү нотриатын баталгаа нь хууль зөрчсөн гэж шүүхэд тайлбарлажээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл:  Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай нь өргөдлийг өөрөө бичиж гарын үсгээ зурсан гэдгээ  хүлээн зөвшөөрдөг боловч түүний гарын үсгийн үнэн зөвийг өөрийг нь байлцуулахгүйгээр баталсан энэхүү нотриатын үйлдэл нь хууль зөрчсөн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн газрын даамалд гаргасан өргөдлийн гарын үсгийн үнэн зөвийг 2007 оны 06 сарын 29-ны өдөр  тухайн сумын Засаг даргын тамгын газрын дарга баталсан байх бөгөөд тухайн нотариатын үйлдэл нь нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайгийн сумын газрын даамалд гаргасан өргөдлын агуулгыг өөрөөр хэлбэл  өргөдөлд бичигдсэн хүсэлтийн  үнэн зөвийг  бус  харин өргөдөлд бичигдсэн гарын үсэг нь Б.Эрдэнэдалайнх  мөн гэсэн баталгаа хийсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайн  Цагааннуур сумын засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн гарын үсгийн үнэн зөвийг баталсан нотриатын үйлдэл нь хууль зөрчөөгүй байх тул нотариатын дээрхи  үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх ашигт хохирол учруулсан гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх  нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН