Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 183/2019/02936/И |
Дугаар | 001/ХТ2021/01100 |
Огноо | 2021-09-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/01100
Ривер гарден сууц өмчлөгчдийн холбооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02487 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар магадлалтай,
Ривер гарден сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
З.Ганбатад холбогдох,
8,227,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Хангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Ривер гарден СӨХ нь сар бүр Тайм Скүэр хотхоны оршин суугчдаас СӨХ-ны төлбөр авч Тайм Скүэр хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цэцэрлэгт хүрээлэн, зам талбайг засан сайжруулах, Автомашины зогсоол цахилгаан шат, дундын өмчийн талбай, ус дулаан, гэрэлтүүлгийн тогтмол ажиллуулах үүрэг хүлээдэг бөгөөд харин оршин суугчид дээрх ажил үүргийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагч З.Ганбат нь нэхэмжлэгч Ривер гарден СӨХ-ны хариуцдаг 501-р байрны 904 тоот Номин констракшн ХХК-иас худалдан авч 2015.3.23-ны өдөр Номин констракшн ХХК нь хариуцагч З.Ганбат Байр хүлээлцэх акт үйлдэж, хариуцагч З.Ганбат нь түлхүүр болон орон сууцыг хүлээн авсан болно. Тус актад дурдсаны дагуу хариуцагч З.Ганбат нь байрыг хүлээн авсан өдрөөс хойш гарсан ашиглалтын зардлыг сар бүр нэхэмжлэгч Ривер гарден СӨХ-д төлөх үүрэг хүлээж гарын үсэг зурсан. Хариуцагч З.Ганбат нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т заасны дагуу СӨХ-ны гишүүн учир Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу СӨХ-ны төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч З.Ганбат нь 2016.01.20-ны өдрөөс эхлэн 2019.10.03-ны өдөр хүртэлх нийт 8,227,763 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч тал нь СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйгээс үүдэн СӨХ-ны ажилчдын цалинг цаг тухайд нь тавих боломжгүй болох, ашиглалт засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх боломжгүй болохоос гадна хариуцагч З.Ганбат нь бусад оршин суугчдын төлсөн төлбөрөөр дундын өмчлөлийн хөрөнгө болох цахилгаан шат, ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийг төлбөрөө төлөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байна. Улмаар хариуцагч З.Ганбат нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй удаж байсан тул манай СӨХ-оос 2019.7.25-ны өдөр хариуцагч З.Ганбатад Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж СӨХ-ны төлбөрөө төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч хариуцагч нь төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа албан ёсоор хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн байдаг. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасны дагуу хариуцагч З.Ганбатаас СӨХ-ны төлбөр нийт 8,227,763 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.Ганбат миний бие 2014 оны 2 сард Тайм Скүэр хотхоны 501-р байр 904 тоот орон сууцыг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд тухайн хотхоны анхны оршин суугчдын нэг юм. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 8,227,763 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэн төлөхөөс татгалзаж байна. Ривер Гарден СӨХ нь бүх гишүүдийн оролцоог хангаагүй хууль бусаар Тайм Скүэр хотхоныг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.2, 3.4 заалтад дурдсанаар бүх гишүүдийг хамруулаагүй. 2015.6.26-ны өдрийн Тайм Скүэр хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын дугаар 01 тоот тогтоолд 81 өрх оролцохоос 33 өрх биеэр ирсэн 13 өрх бичгээр санал хүргүүлж 56.7%-ийн ирцтэйгээр бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль бус хурал гэж үзэж байна. Манай хотхон нь 501, 502, 503, 504-р байр нийт 382 өрхтэй бөгөөд бүх гишүүдийн тоог бууруулан 81 гэж тооцсон байна. Мөн бичгээр санал хүргүүлсэн өрхүүдийн саналыг дүүргийн архивт хүлээлгэн өгөөгүй. Ривер Гарден СӨХ нь Тайм Скүэр хотхон нэгтгэсэнтэй холбоотой баримт материал тухайн дүүргийн архивт байхгүй. Тайм Скүэр хотхоны СӨХ-ны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй. Ривер Гарден СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Нина нь ОСНАА Хай Спийд ХХК-ийн захирлаар давхар үүрэг гүйцэтгэдэг. Тайм Скүэр хотхоны оршин суугч бус хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон. Тайм Скүэр хотхоны 501-р байрны В1 давхарт автомашины угаалга ажиллуулах зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон. Энэ нь манай хотхоны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн дундын өмчлөлийн ашиглалтын хэвийн байдлыг алдагдуулсан цэвэр бохир усны шугам бөглөрөх эрсдлийг бий болгосон, нян үржих нөхцөл бүрдсэн зэрэг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Тайм скүэр хотхоны нэг давхарт стандартын бус ажлын байранд хууль зөрчиж зөвшөөрөл олгосон. Ривер гарден СӨХ нь Тайм скүэр хотхоны оршин суугчдаас илүү төлбөр авч байна гэж үзэж байна. Ривер гарден СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ материалыг танилцуулдаггүй нь оршин суугчдын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Дээрх хууль зөрчсөн үйлдлүүд нь Ривер гарден СӨХ нь тухайн хотхоны оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэгдээгүй хувийн ашиг сонирхолд тулгуурлан хуулийн этгээд мэт хараа хяналтгүй үйл ажиллагаа явуулж байна. Иймд дээрх хууль бус үйлдлүүдийг холбогдох байгууллагуудаар шалгуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар хариуцагч З.Ганбатаас 5,833,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ривер гарден СӨХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,393,988 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 147,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,300 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч З.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ривер гарден СӨХ-ны нэхэмжлэлтэй Тайм скүэр хотхоны оршин суугч, сууц өмчлөгч иргэн З.Ганбатад холбогдох иргэний хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.19-ний өдрийн 183/ШШ2019/02487 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 42 дугаар магадлалыг хариуцагч З.Ганбатын зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Ривер гарден СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ дараах хэд хэдэн үндэслэлээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна., 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана., 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн. Тодруулбал, Ривер гарден СӨХ нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж, гаргаж өгсөн Тайм скүэр хотхоны СӨХ-ны төлбөр Хавсралт 1-Хавсралт 13 гэх материал хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажаагүй. Энэ нь тухайн баримт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоход шууд эргэлзээ төрүүлсээр байхад шийдвэрийн үндэслэлээ болгосон. Тайм скүэр хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын тогтоол /2015, 2018/ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд..., 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. гэсэн шаардлагыг хангаагүй буюу тогтоол хүчин төгөлдөр байх бусад эх сурвалжаар нотлогдоогүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон. Ривер гарден СӨХ-ны дүрэм нь бүхэлдээ СӨХ-ны эрхзүйн байдлын тухай хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус агуулгаар батлагдсан, оршин суугчдын эрх ашгийг ноцтой хохироох агуулгатай байхад түүнд оюун дүгнэлт хийгээгүй. Ривер гарден СӨХ нь Тайм скүэр хотхоныг 2018.03.26-ны өдөр өөрийн үйл ажиллагаанд нэгтгэсэн эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ бүхий үйл баримт хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байсаар байхад СӨХ-ны төлбөрийг 2016 оны 07 сараас 2019.10.03-ны өдрийг хүртэл гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хууль тогтоомжийг илтэд буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн гарах шаардлагыг илтэд ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Ривер гарден СӨХ нь үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн талаарх хариуцагчийн тайлбар, үйл баримтад шүүх огтхон ч дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх илтэд нэг талыг баримталсан шийдвэр болсон гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.
Хоёр. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан талаар: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ривер гарден СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ дараах хэд хэдэн үндэслэлээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ. гэж заасныг ноцтой зөрчсөн. Тодруулбал, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан, үндэслэлийг тайлбарлуулаагүй буюу шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Тодруулбал, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийг тайлбарлах, анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ буруу хэрэглэсэн, тайлбарласан үндэслэлийг давж заалдах гомдлын агуулгатай уялдуулан тайлбарлах тайлбарыг таслан зогсоосон. Шүүх, шүүх бүрэлдэхүүн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох Ривер гарден СӨХ Тайм скүэр хотхоныг өөрийн үйл ажиллагаанд нэгтгэсэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл хавтаст хэрэгт авагдсан байхад СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас 2016 оны 07 сараас 2019.10.03-ны өдрийг хүртэл гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн гаргасан бүхий л нотлох баримт нь хэргийн бодит үнэнийг тогтоох, үнэн, зөв эргэлзээгүй байх талаас нь нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлсэн эсэхэд оюун дүгнэлт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлал хүчингүй болгох хангалттай үндэслэл гэж үзэж байна.
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт ...нэхэмжлэгч Ривер гарден СӨХ нь 2015.06.26-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг 56.7 хувийн ирцтэй хийж, 100 хувийн саналаар ... тогтмол төлбөр 122,700 төгрөг, СӨХ-ны хувьсах төлбөр 1 м.кв 270-308 төгрөг ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зуйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ... гэж дурдсан байна. Гэтэл шүүх бүрэлдэхүүн Ривер гарден СӨХ нь Тайм скүэр хотхоныг өөрийн үйл ажиллагаанд 2018.03.26-ны өдөр нэгтгэсэн хавтаст авагдсан баримтаар тогтоогдож байна гэх дүгнэлт хийсэн. Энэ нь шүүх эсрэг, тэсрэг хоёр үйл баримтыг нэг шийдвэрийн үндэслэл болгосон нь шийдвэр хууль бус, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн хангалттай үндэслэл болж байна.
Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн магадлалдаа хэрэгт ач холбогдолгүй үйл баримтад оюун дүгнэлт хийсэн нь магадлалын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж байна. Мөн магадлалын хянавал хэсэгт ...хариуцагч Ривер гарден СӨХ-ны 2015.06.26-ны өдрийн 01, 2018.03.10-ны өдрийн 02 дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоолыг хууль зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, хүчингүй болгосон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. гэж шийдвэрийн үндэслэлээ тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, гомдлыг анхан шатны шүүхээс хянан хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх үүргээ ноцтой зөрчиж, улмаар хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас тухайн хэрэг маргааныг нэг мөр, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв, эргэлзээгүй, шударгаар шийдвэрлэж, хариуцагчийн зөрчигдсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж, дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Ривер гарден СӨХ нь З.Ганбатад холбогдуулан 2016.01.20-ны өдрөөс 2019.10.03-ны өдрийг хүртэлх хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд нийт 8,227,763 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу хариуцагч З.Ганбатаас 5,833,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ривер гарден СӨХ-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй талаар заасан. Хариуцагч З.Ганбат нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон, 501 дүгээр байрны 904 тоот орон сууцны өмчлөгч тул хуулийн энэ зохицуулалтын дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг Ривер гарден СӨХ-д төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг нэхэмжилж 2019.7.25-ны өдөр З.Ганбатад шаардлага хүргүүлсэн байх ба хариуцагч нь 2019.8.17-ны өдөр баталгаа гаргаж, нэхэмжилсэн 2015-2019 оны СӨХ-ны төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байжээ.
Нэхэмжлэгч Ривер гарден СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагаас, 2016 оны 7 дугаар сараас 2019.10.03-ны өдөр хүртэлх хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 5,833,775 төгрөгийг хариуцагч З.Ганбатаас гаргуулан нэхэмжлэгч Ривер гарден СӨХ-д олгож, харин 2016.7.20-ны өдрөөс өмнөх хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар шаардах эрхээ алдсан үндэслэлээр, энэ хугацаанд хамаарах төлбөрийн 2,393,988 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл хуульд нийцсэн байна.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02487 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 146,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД