Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 92

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар магадлалтай, 201704000082 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан” гэсэн нэмэлт оруулж, 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийг дараах байдлаар буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.А-т холбогдох гэмт хэрэг нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн ба энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг байсан юм. Аймгийн прокурорын газраас яллагдагч Б.А-т өмнө сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан зүйл ангийг хүчингүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинээр ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 1.9-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-т торгуулийн ял оногдуулахдаа тухайлбал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 34 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд оруулан тооцож 10,000 нэгжээр торгох ялаас 510 нэгжийг хасч, нийт төлөх торгуулийн ялыг 9490 нэгж буюу 9.490,000 төгрөгөөр тогтоосугай...” гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 05 дугаар сард 34 хоног цагдан хоригдсон бөгөөд тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан юм. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Цагдан хоригдсон этгээдэд торгох буюу албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэж заасан. Ийнхүү шүүгдэгч Б.А-т оногдуулсан торгох ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар түүний цагдан хоригдсон 34 хоногийг тухайн хүчин төгөлдөр мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөр бодож 8,160,000 төгрөгийг нийт оногдуулсан 10,000,000 төгрөгөөс хасч, 1,840,000  төгрөгийн торгуулийн ял оногдуулах ёстой байсан гэж үзэж байна. Хууль зүйн шинжлэх ухааны онол, Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарчмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх хэрэглэх бөгөөд үүнийг хуулиар хориглоогүй. Гэтэл шүүгдэгч Б.А-т шүүхээс торгуулийн ял оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэснийг  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.А-т 1,840,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа хэлсэн саналдаа “Би хяналтын шатны шүүх хуралдаанаас эхэлж нэмж өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч Я.Сьездийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон тусгай ангид заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх ёстой байсан. Хяналтын шатны шүүхээс хүсэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан цагдан хоригдсон хоногийг торгох ялд нь оруулан тооцож хасч өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор түүний үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангид зааснаар торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Түүний цагдан хоригдсон хоногийг торгох ялд нь оруулан тооцож хасах хууль зүйн үндэслэл байхгүй. Харин анхан шатны шүүхээс торгох ялыг 3 жилийн дотор төлүүлэхээр шүүгдэгчид үүрэг болгосон ч хэсэгчлэн төлөх хугацааг нь заагаагүй нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад дээрх хугацааг тодорхой болгосон өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Съездийн гаргасан гомдлыг үндэслэн Б.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Ж-ын цээжин тус газар өшиглөснөөс ар дагзаараа савж унан толгойны дух болон зулайн ясанд хугарал үүсч, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Б.А-т холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй болжээ.

Харин шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байтал анхан шатны шүүхээс түүнд хамгийн хөнгөн төрлийн ялын хамгийн доод хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу Б.А-т холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жил хорих ял болгон хүндрүүлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг уг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог билээ.

Шүүгдэгчийн эрх зүйн байдалд үзүүлэх хуулийн нөлөөллийг тодорхойлохдоо тухайн хэрэглэх гэж буй Эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулах ялыг багасгасан, хэрэглэх журмыг хөнгөрүүлсэн бүхий л нөхцөл байдлыг хамтатган нэг удаа дүгнэх байдлаар тооцсоны эцэст гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан болон түүний дараа хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн үйлчлэлээр бий болох шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг харьцуулан түүнд нэг удаа хэрэглэх хуулийг тогтооно. Харин шүүгдэгчид шинэ, хуучин Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хольж хэрэглэх нь хууль буцаан хэрэглэх ойлголтыг гажуудуулах бөгөөд энэ нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Съездийн гаргасан шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулиар ял шийтгэсэн атлаа цагдан хоригдсон 34 хоногийг торгох ялд шилжүүлэн тооцохдоо 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх тухай  гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 10 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Съездийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН