Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 231

 

П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Ганпүрэв, гуравдагч этгээд А.Чимгээ нарыг оролцуулан хийж, П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1052 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0188 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1052 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.3.3, 20.3.4, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн хавсралтад заасан Найдангийн Цогмаад холбогдох хэсгийг, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжийн Агваандондовын Чимгээд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын гаргасан газар эзэмших тухай хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0188 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Дарьжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэхэд шалгавал зохих зүйлс шалгагдаж, нотлох баримт хангалттай цугларсан байхад нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн хэмээн дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нотлох баримт дутуу бүрдүүлсэн асуудлууд хэргийн материалд авагдсан төдийгүй тэдгээр нотлох баримтуудад анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч үндэслэлтэй шийдвэр гаргасан. Нотлох баримт дутуу бүрдүүлсэн хэмээн магадлалд заасан асуудлууд тус бүрээр хэргийн материалд авагдсан баримтад тулгуурлан авч үзвэл хэргийг шийдвэрлэхэд хангалттай болох нь харагдана.

Нэг. Маргаан бүхий захирамжууд гарахаас өмнө тухайн газруудад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэн аль нь эхэлж хүсэлт гаргаж байсан гэдгийг дүүргийн Газрын албаны архивт үзлэг хийж тодруулах нь зүйтэй хэмээн үзсэн тухайд:

Анхан шатны шүүх нь гуравдагч этгээд Н.Цогмаад холбогдох газрын хувийн хэрэг болон бусад нотлох баримтыг гаргуулахаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/3245 тоот албан бичгээр шаардахад “...Н.Цогмаад холбогдох хувийн хэрэг хадгалагдаагүй байна” гэх хариуг хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/3295 тоот албан бичгээр ирүүлсэн тул Н.Цогмаа 2003 оноос өмнө газар хүссэн өргөдөл, хүсэлт гаргасан нь эргэлзээтэй. Архив, албан хэрэг хөтлөлтийн зааврын дагуу газар хүссэн өргөдөл хүсэлт нь “ирсэн бичиг”-ийн бүртгэлд, өргөдөл хүсэлтийг шийдвэрлэн хариу өгсөн бичиг нь “явсан бичиг”-ийн бүртгэлд тус тус бүртгэгдэх бөгөөд 10 жил хадгалагдаад устгалд ордог учраас 2003-2005 оны ирсэн, явсан бичгийн бүртгэлд 2016 онд үзлэг хийх боломжгүй байдал бий болсонтой холбоотой анхан шатны шүүх дүүргийн газрын албаны архивт үзлэг хийх шаардлагагүй, үр дүн гарахгүй хэмээн үзсэн талтай. Хэргийн зохигчид ч энэ учрыг мэдээд дүүргийн газрын албаны архивт үзлэг хийх хүсэлт хэн аль нь гаргаагүй.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон энэхүү ажиллагааг хийсэн ч 12-14 жилийн өмнө нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд газар хүссэн өргөдөл өгсөн эсэх хүсэлтүүдэд хариу өгсөн эсэхийг тогтоох боломжгүй, үр дүнгүй ажиллагаа болох тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь ач холбогдолгүй байна.

Хоёр. Гуравдагч этгээд Н.Цогмаа нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн 16 хороо, Бэлхийн 32-1-38 тоотод газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн авсан байх тул уг гэрчилгээг авахад ямар баримтууд бүрдүүлсэн, юуг үндэслэн уг хаягийг захирамж болон гэрчилгээнд бичсэн, уг хаяг нь тухайн маргаж буй газрын байршил мөн эсэхийг тодруулах ажиллагаа хийх шаардлагатай хэмээн давж заалдах шатны шүүх үзсэн тухайд:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийн дагуу Н.Цогмаад газар эзэмших эрх олгогдсон гэх боловч дүүргийн Засаг дарга тухайн захирамжийг гаргахдаа Газрын тухай хууль баримтлаагүй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээг зохицуулсан заалтыг үндэслэн өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн илт хууль бус акт гаргасан болох нь тодорхой болсон тул хариуцагч уг захирамжийн Н.Цогмаад холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар хэргийн материалд авагдсан. Н.Цогмаа нь гэр бүлийн хамт 1999 онд газар хүссэн өргөдөл өгч, 2003 онд газар эзэмших эрх олж авсан гэх боловч нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын оршин суугаа маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй талаар гэрч н.Даваадэлгэр, н.Гэрэлцэцэг, н.Баасанжав нарын мэдүүлэг хэргийн материалд бий.

Анхан шатны шүүх маргаан бүхий газрын болон Н.Цогмаагийн өмчлөлийн гэх газрын байршлыг тодруулахаар үзлэг хийхэд нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын оршин суугаа 16 хороо, Бэлхийн 32-1-60 хаяг бүхий хашааны төмөр хаалган дээр 32-1-38 гэж шохойгоор бичсэн байсныг гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлж хэрэгт хавсаргасан ба Бэлхийн 32-1-38 гэх хаяг бүхий газар хаана байгааг тодруулах үзлэг хийхэд маргаан бүхий газраас ертөнцийн зүгээр баруун тийш хэдэн хашааны цаана 32-1-38 гэх хаяг бүхий газар байсныг тогтоосон. Шүүх гуравдагч этгээд Н.Цогмаад Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар өмчлөх эрх олгосон гэх Бэлхийн 32-1-28 тоот болон гэрчилгээнд бичигдсэн Бэлхийн 32-1-38 гэх хаяг бүхий газрын өмчлөгч хэн болох талаар холбогдох байгууллагаас албан ёсоор тодруулахад Бэлхийн 32-1-28 тоот хаягтай газрыг н.Мядагмаа нар өмчилдөг, Бэлхийн 32-1-38 тоот хаягтай газрыг н.Энхбаатар нар өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд ирүүлснийг хэрэгт хавсаргасан байгаа.

Түүнчлэн 16 дугаар хорооны Засаг дарга болон зохион байгуулагч нар Н.Цогмаагийн гэх дээр дурдсан хаяг бүхий газар 2009 онд хаягжилт хийгдэхээс өмнө 33-задгай хаягтай байсан ба хаягжилт хийснээс хойш Бэлхийн 32-12-28, 32-1-38 болсон гэдгийг болон тухайн хаяг бүхий газруудад н.Мядагмаа, Ч.Бат-Эрдэнэ гэдэг айл, н.Энхбаатар гэдэг айл амьдардаг бүртгэлтэй болохыг 2005 оны 83, 84 дугаартай, Н.Цогмаагийн өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн “Бэлхийн 32/1 дүгээр гудамжны задгай 38 тоот хаяг бүхий газар тус хорооны нутаг дэвсгэрт байхгүй болохыг 2016 оны 2382 тоот албан бичгээр тус тус тодорхойлсон баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан ба үүнийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1/665 тоот албан бичиг давхар нотолсон баримт хэргийн материалд бий.

Ийнхүү Н.Цогмаа нь эзэмшиж байгаад өмчилж авсан гэх Бэлхийн 32-12-28, 32-1-38, Бэлхийн 32/1 дүгээр гудамжны задгай 38 тоот өөр өөр хаяг бүхий газрын хаягийн өөрчлөлт болон байршил, өмчлөгчийг нэг бүрчлэн тодорхойлсон нотлох баримтууд хэргийн материалд байхад дахин тодруул гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Дүгнэж хэлэхэд маргаан бүхий газрыг Н.Цогмаад эзэмшүүлсэн захирамж хууль бус, Н.Цогмаа маргаан бүхий газарт огт амьдарч байгаагүй, эзэмшил болон өмчлөлд нь байсан гэх янз бүрийн хаяг бүхий газрууд өөр хүмүүсийн өмчлөлд байгаа талаар хангалттай нотлох баримт цугларсан байхад гэрчилгээг авахад ямар баримтууд бүрдүүлсэн, юуг үндэслэн уг хаягийг захирамж болон гэрчилгээнд бичсэнийг шалгах шаардлагагүй бөгөөд энэ хэрэгт хамааралгүй байна.

Гурав. н.Ганболд, н.Анхилуун нарыг шүүх гуравдагч этгээдээр татаагүй гэх гомдлыг үгүйсгэх үндэсгүй хэмээн давж заалдах шатны шүүх үзсэн тухайд:

Н.Цогмаад газар өмчлөх эрх олгосон гэх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн хавсралтад н.Анхилуун гэдэг хүн бичигдээгүй тул түүнд газар өмчлөх эрх олгогдоогүй хэмээн үзэх үндэстэй тул Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжтай холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэхэд н.Анхилууны эрх хөндөгдөхгүй болохоор шүүх гуравдагч этгээдээр татах шаардлагагүй. Хэргийн материалд авагдсан Н.Цогмаагийн нөхөр н.Ганболдын иргэний үнэмлэхний хуулбарт түүний регистрийн дугаар ЦА54080614 байхад Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн хавсралтад ЦА55061704 регистрийн дугаартай н.Ганболд хамтран өмчлөгч хэмээн дурдагдсан бөгөөд дээр дурдсанчлан Н.Цогмаад газар эзэмшүүлсэн гэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамж үндсээрээ хууль бус болох нь тодорхой болсон тул түүнд үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн асуудал дагаад хууль бус болно гэдэг утгаараа хамтран өмчлөгчийн эрх хөндөгдөнө гэх асуудлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь ач холбогдолгүй байна.

Дөрөв. Гуравдагч этгээд А.Чимгээ газар эзэмших хүсэлтдээ “...16 дугаар хороонд Ойн ай 12-1-37 гэж, газар эзэмшүүлсэн захирамжид газрын байршлыг “Ойчдын задгай, гэрчилгээнд “Бэлх 32-1-37 тоот” гэж, Чимгээгээс М.Очирбатад шилжихдээ Бэлхийн 32/1 дүгээр гудамжны 59 тоот” гэж зөрүүтэй байдлууд байх тул газрын шил хаягийг холбогдох газрууд болон тухайн үеийн хорооны Засаг дарга, зохион байгуулагч нараас тодруулах шаардлагатай хэмээн давж заалдах шатны шүүх үзсэн.  Анхан шатны шүүх маргаан бүхий газрын болон А.Чимгээгийн эзэмшиж байсан гэх Сүхбаатар дүүргийн 16 хороо, Бэлхийн 32-1-37 тоот хаяг бүхий газрын байршлыг тодруулахаар үзлэг хийхэд нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын оршин суугаа 16 хороо, Бэлхийн 32-1-60, 32-1-60А хаяг бүхий маргаан бүхий газраас ертөнцийн зүгээр баруун тийш 7-8 хашааны цаана 32-1-37 гэх хаяг бүхий хашаанаас эмэгтэй хүн гарч ирж, уг газрыг өөрийн өмчлөлийнх бөгөөд Б.Лувсандаш гэдэг айл гэснийг тогтоосон. Энэ нь тус дүүргийн 16 дугаар хорооны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2381 тоот албан бичигт “Тус дүүргийн Бэлхийн 32-1 дүгээр гудамжны 37 тоотод Б.Лувсандаш нарын 6 ам бүл амьдардаг бөгөөд оршин суух бүртгэлтэй” гэснээр давхар нотлогдсон.

А.Чимгээгийн өмчлөлөөс н.Очирбатад шилжсэн гэх “Бэлхийн 32/1дүгээр гудамжны 59 тоот” хаяг бүхий газар байхгүй болох нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2382 тоот албан бичгээр тогтоогдсон ба үүнийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтэс “Бэлхийн 32-1 дүгээр гудамжны 59 тоот хаягаар бүртгэгдсэн эд хөрөнгө мэдээллийн санд байхгүй байна” гэх 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1/665 тоот албан бичиг давхар нотолсон. Гуравдагч этгээд А.Чимгээ нь өөрийн эзэмшиж байсан газрын Бэлхийн 32-1-37 тоот хаяг өөрчлөгдөж 32-1-59 болсон хэмээн тайлбарладаг боловч энэ нь 16 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 83 тоот албан бичигт “Бэлхийн 32-1-37 тоот гэх хаяг 32-1-59 тоот болж өөрчлөгдөөгүй, Бэлхийн 32-1-37 тоот хаяг бүхий газар 2009 онд хаягжилт хийгдэхээс өмнө байгаагүй” гэсэн баримт хэргийн материалд авагдсанаар А.Чимгээгийн тайлбар үгүйсгэгдэж, дээр дурдсан хаяг бүхий газрыг өмчилж авсан гэх асуудал хууль бус болох нь тодорхой болсон.

“..16 дугаар хороонд Ойн задгай 12-1-37 гэж, газар эзэмшүүлсэн захирамжид газрын байршлыг “Ойчдын задгай 37” гэж дурдагдсан асуудлын талаар 16 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 83 тоот албан бичигт “Ойн задгайн 12-1-37 тоот хаяг бүхий газар 2004 оны 11 дүгээр сарын 12-ны байдлаар /А.Чимгээгийн газар эзэмших хүсэлт гаргасан гэх/ буюу одоо ч байхгүй, Ойчдын задгай нэртэй газар байсан ба 2008-2009 онд Ойчдын 1 дүгээр гудамж болж хаягжилт хийгдсэн” гэж тодорхойлсон ба “Ойчдын задгай 37” хаяг бүхий газрын байршлын зургийг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2351 тоот албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн баримт хэргийн материалд авагдсанаар А.Чимгээд газар эзэмшүүлсэн гэх захирамжийн хавсралтад заасан “Ойчдын задгай 37” хаяг бүхий газар нь маргаан бүхий газраас ертөнцийн зүгээр зүүн хойш байрлахаас гадна маргаан бүхий газраас өөр хэсэг болох 12 дугаар хэсэгт байрлаж байгаа болох нь нотлогдсон. Ийнхүү зөрүүтэй хаяг бүхий газрын байршил, хаягийн өөрчлөлт, өмчлөлийн бүртгэл зэрэг нь холбогдох газруудын албан бичгээр болон шүүхээс хийсэн үзлэгээр хангалттай тогтоогдсон тул давж заалдах шатны шүүхээс дахин тодруулаар заасан нь үндэслэлгүй байна.

Тав. Гуравдагч этгээд Н.Цогмаа, А.Чимгээгээс н.Очирбатад шилжсэн гэх зөрүүтэй хаяг бүхий газруудын байршил, хаягийн өөрчлөлтийн талаар тухайн үеийн хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараас тодруулах талаар давж заалдах шатны шүүх заасан тухайд:

Одоогоос 10 гаруй жилийн өмнөх асуудлыг тухайн үеийн хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар санах эсэх нь эргэлзээтэй төдийгүй тэд ажиллахгүй байгаа тул хорооны архив бичиг баримт үндэслэн тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Одоо ажиллаж буй хорооны Засаг дарга, зохион байгуулагч нар нь холбогдох баримт бичигт тулгуурлан гуравдагч этгээд Н.Цогмаа, А.Чимгээгээс н.Очирбатад шилжсэн гэх зөрүүтэй хаяг бүхий газруудын байршил, хаягийн өөрчлөлтийн талаар тодорхойлох боломжтой тул анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн хэмээн үзэж байна. Давж заалдах шатны шүүх одоо ажиллаж буй хорооны Засаг дарга, зохион байгуулагч нар зөрүүтэй хаяг бүхий газрын байршил, хаягийн өөрчлөлтийн талаар тодорхойлсныг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заалгүй тухайн үеийн буюу 10 гаруй жилийн өмнө ажиллаж байсан одоо ажил үүргээ гүйцэтгээгүй хүмүүсээр тодорхойлуул гэсэн нь асуудалд хэт нэг талыг барьж хандан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг харуулж байна.

Зургаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан атлаа дахин хүлээн авч шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн талаар:

Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нар газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй удааширч байгаа талаар Нийслэлийн Засаг даргад хандан бичсэн олон удаагийн өргөдөл хэргийн материалд авагдсан байгаа нь дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн талаар дээд шатны Засаг даргад хандаж байсныг харуулж байна. П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нар газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй удааширч байгаа талаар Нийслэлийн Засаг даргад олон удаагийн өргөдөл, гомдол гаргаж байсан боловч асуудал иргэний болон эрүүгийн журмаар хуулийн хүрээнд шалгагдаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгч байсан талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөхийн албан бичиг хэргийн материалд авагдсан тул урьдчилан шийдвэрлүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хууль бус байна.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0188 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийн материалд цугларсан баримт нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, дахин шалга, тодруул гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус байна.

Миний бие хүү Б.Бямба-Эрдэнийн хамт 20014 оны 6 дугаар сараас тухайн үеийн газар хүсдэг журмын дагуу хорооны Засаг даргаар цохолт хийлгэн уламжлуулан дүүргийн Газрын албанд өргөдөл хүсэлт гарган өгч байсан. Энэ талаарх хорооны Засаг даргын цохолттой хүсэлт, тодорхойлолтыг нотлох баримтаар хэргийн материалд өгсөн байгаа. Харин дүүргийн Засаг дарга миний болон хүүгийн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй удаашруулж, олон жил болсныг хүлээж байх хугацаанд Н.Цогмаа дараа нь 2012 онд шүүхийн шийдвэр авчирч албадан нүүлгэж намайг хохироосон. Анх хүү бид хоёрыг энэ газрыг үзэж аваад хүсэлт гаргах үед бидний одоо амьдарч буй газарт 4-5 айл байсан, гудамж үүсгээд Бэлхийн 33-ын задгай гэх тэр жил хаягтай байсан.

Тус хорооны Засаг дарга тойм зураг, хаяг бүхий газрыг эзэмшүүлэх боломжтой хэмээн цохолт хийж, дүүргийн Засаг даргад уламжилж байсан юм. Дүүргийн Газрын алба Засаг даргад бичсэн цохолттой өргөдлүүдийг хэргийн материалд өгсөн учир нь бидний газрын асуудал хүсэлтийг шийднэ гэж хүлээж авсан гэдгийг нотлох гэж өгсөн. Дүүргээс татгалзсан хариу өгөөгүй болохоор олон жил хүлээсний эцэст Нийслэлийн Засаг даргад хүсэлт бичиж байсан маань дээд шатны байгууллагад хандсан хэрэг. Гэвч энэ үед Н.Цогмаа биднийг хөөж нүүлгэх нэхэмжлэл гаргаснаас болж, бид иргэний шүүх, цагдаагийн газарт хандах асуудлыг шалгуулж байсан учир Нийслэлийн Засаг дарга хуулийн байгууллагын хүрээнд шалгаж байгаа асуудлыг бид шийдэхгүй гэж амаар хэлж, бидний хүсэлтийг бас л шийдээгүй. Би төрийн алба, байгууллагад ажилладаг гэдгээрээ давуу эрх эдлэхийг хүсээгүй, холбогдох хуулийн газар нь шийдэхийг л хүлээцтэй хандаж хүлээснээр эцэст нь хуулийн байгууллагад ч итгэл алдрахад хүрсэн. Гэвч хууль бусаар бусдын хүсэлт гарган олгох гэсэн, одоог хүртэл амьдарч байгаа газрыг булаахаар улайрсан хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан, худал ташаа хаяг заасан илт хууль бус бичиг баримтыг захиргааны хэргийн шударга шүүх учрыг нь олж бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө гэдэгт итгэж байна. 2004 онд анх очиход манай газар хүн явах ямар ч боломжгүй, намаг болсон байсан. Манай гэрч н.Гэрэлцэцэг өөд болсон, нөхөр н.Баянмөнх манай зүүн талын хамар хашааны хөрш айл байсан. Тэднийхээс манай газрыг харж байсан Л.Даваадэлгэрийнх гэрэл цахилгаанаа авч байсан. Манай урд талын баруун хашааны айл гэх н.Мягмар ахынх, эхнэр н.Баасанжавынх тэр үед ...манай газрыг хардаг байсан. Эдгээр хүмүүс гэрчийн мэдүүлэгч өгч, бид гэрэл цахилгааны мөнгө төлсөн баримт хэрэгт байгаа. Газрын албанд хүсэлт өгөхдөө хорооны Засаг даргын тодорхойлолт, гар тойм зураг, кадастрын зураг зэргийг үндэслэн бидний амьдарч буй газарт одоогийн 60, 60 тоотод нэгж талбарын дугаар өгч, компьютерт шивснийг би мэдсэн. Яагаад гэвэл бидний зураг мэдээллийн санд орсон уу гээд асуутал байцаагч залуу компьютерийг нээж үзтэл орсон байсныг ...алга боллоо гээд унтрааж аргацаасан.

Н.Цогмаа 2011 оны 9 дүгээр сарын үед иргэний шүүхэд өргөдөл гаргаж, Н.Цогмаа, А.Чимгээ нар нь компьютерт оруулсан бидний зургийг ашиглаж нэр болон хаяг бичүүлж, хороонд амьдарч байгаагүй болохоор буруу явж, өөрийн хаягийг оруулж ирж будлиан хутгаж байсан болохоор цагдаад хандаж олон жил эрүүгийн хэрэг гэдэгт шалгагдсан юм. Иргэний шүүх нь Н.Цогмаа, А.Чимгээ нарын ...хутган зөрүүтэй бичиг баримт ашиглан олж авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн биднийг албадан нүүлгэх, захирамж гаргадаг юм. Бид газар хүссэнээс хойш олон жил итгэж хүлээсэн, татгалзсан хариу авалгүй байтал иргэний шүүхийн асуудал, эрүүгийн шүүхийн асуудал залгуулж үргэлжилж эцэст нь А.Чимгээ, Н.Цогмаа нарт газар өвлүүлсэн болон өмчлүүлсэн захирамжуудын хууль зүйн үндэслэлийг шалгуулж байна.

Өөрөөр хэлбэл, Н.Цогмаа, А.Чимгээ нар иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах хүртэл бид газраа авна гэж итгэж хүлээсэн. Дараа нь цагдаа шүүхээр явж өдий хүрч байна. Үнэн шударга юм гэж байдаг л бол биднийг одоо амьдарч байгаа газартаа анх ирэхэд болон хүнээр харуулж байхад Н.Цогмаа, А.Чимгээ гэх хүмүүс огт газартаа ирж байгаагүй, амьдарч байгаагүй, үүнийг тэр хавийн бүх хүмүүс мэдэж байгаа тул гэрч асуулгасан баримт хэрэгт бий. ...Хүмүүс өөр хаягтай, байршилтай захирамж гэрчилгээ авчихаад бидний хүссэн, одоо амьдарч байгаа газрыг кадастрын зургийг ашиглан маргаж байна. Энэ байдлыг үүсэхэд хүргэсэн Нийслэлийн Газрын албаны хууль бус юм хийдэг хүмүүс юм шүү. Илт хууль бус бичиг баримтыг хүчингүй болгуулсан шийдвэрийг үнэнээр нь тогтоож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нар нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн Н.Цогмаад холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн А.Чимгээд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгээгүй, маргааны үйл баримтыг нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн дүгнэлт зөв байна.  

Нэхэмжлэгч нараас “2004 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооноос газар заалган авч, 2005 онд тухайн үеийн Бэлхийн 33-ын задгай буюу одоогийнхоор 16 дугаар хороо, Бэлхийн 32-1-60, 32-1-60А тоот хаяг бүхий газарт явган хашаа хатган, хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Засаг даргад газар өмчилж авах хүсэлтээ гаргасан, 2014 он хүртэл хэд хэдэн удаа хүсэлт өгсөн, бидний хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа хариуцагчаас Н.Цогмаа, А.Чимгээ нарын хуулийн шаардлага хангаагүй өргөдөл, материалыг үндэслэн хууль бусаар газар эзэмшүүлж, өмчлүүлсэн” гэж маргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар эзэмших хүсэлттэй холбоотой баримт дутуу, нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нар болон гуравдагч этгээд Н.Цогмаа нарын дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших тухай хүсэлт, хүсэлтэд тусгах баримт хэрэгт бүрэн авагдаагүй, шүүхээс эдгээр иргэдийн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гаргасан газар эзэмших хүсэлт, захиргааны байгууллага хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай баримтыг үзлэг хийх замаар цуглуулах шаардлагатай байна.

Мөн гуравдагч этгээдүүдийн газар эзэмших хүсэлт, газар эзэмшүүлэх захирамж, газар эзэмших гэрчилгээ зэрэг баримтуудад эзэмшил газрын хаяг зөрүүтэй бичигдсэн, иймээс нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газрын байршил, хаяг болон гуравдагч этгээдүүдийн эзэмшил, өмчлөлийн газрын байршил, хаягийг тодруулах, гуравдагч этгээд Н.Цогмаа гэрчилгээ нөхөн авахдаа ямар баримтууд бүрдүүлсэн, захирамж, гэрчилгээнд бичигдсэн хаяг нь одоо маргаж буй газрын байршил мөн эсэхийг тодруулах, мөн нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын энэхүү нэхэмжлэлийг өмнө нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д зааснаар хүлээн авахаас татгалзсан атлаа ямар учраас дахин хүлээн авч шийдвэрлэснийг тодруулан шалгах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. 

Иймд давж заалдах шатны шүүхийн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газарт анх хүсэлт гаргаж байсан, тухайн хүсэлтүүдэд эрх бүхий этгээд хариу өгч байсан эсэх талаарх баримтыг бүрэн цуглуулж, маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэхэд баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0188 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                    Б. МӨНХТУЯА