Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0646

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0646

Улаанбаатар хот

 

Иргэн С.Амаржаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, гуравдагч этгээд Б.Эрдэнэцогт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн С.Амаржаргалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 564 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Амаржаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн иргэн Б.Эрдэнэцогтод холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн С.Амаржаргалын нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оын 08 дугаар сарын 05-ны өдрийн 564 дүгээр шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тул давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. С.Амаржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн хадатын аманд 700 м.кв газрыг 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 115 дугаар захирамжаар гэрчилгээ авсан. Миний бие иргэн Ц.Мөнгөнцэцэгт газрынхаа эрхийг шилжүүлэхээр 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хийж нэрээ шилжүүлэхээр удаа дараа Газрын албанд хандахад ... уг асуудлаар тухайн үед ... би газрын албаны хуучин дарга Д.Батсайханд учраа хэлж уулзахад ... Б.Эрдэнэцогт нь ирээд баруун талын газар дээр гэрчилгээ гаргаад өгчих тэгвэл би С.Амаржаргалтай тохиролцъё гэсэн ... 2013 онд газрын дарга Д.Батсайхан даргатай дахин уулзаж мөн л учраа хэлж Нийслэлийн Засаг даргад энэ асуудлаар өргөдөл гаргасан боловч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөн л шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн” гэж нэхэмжлэлдээ дурдсанаас үзвэл нэхэмжлэгч газар эзэмших эрх нь 2013 оноос өмнө зөрчигдсөнөө мэдсэн бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байпууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний зрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж хэзээ гомдол гаргаж болох талаар заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг 2-оос доошгүй жилийн өмнө мэдсэн атлаа 30 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд нь тус асуудлаар гомдол гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Үүнийг анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгч нь 2012 онд газар эзэмших эрх зөрчигдсөн талаар иргэн Н.Мөнхцэцэгтэй эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед мэдсэн гэж байгааг шүүх үнэлэсэнгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.1.2 дах хэсэг, мөн хуулийн /2016 оны/ 14 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах хугацаа зэргийг тодорхой зохицуулсаныг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иргэн хууль мэдэхгүй, хэн рүү хандах аа мэдэхгүй зэргээс хугацаа алдсан нь шүүхэд гомдол гаргах хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Эрдэнэцогт давж заалдах гомдолдоо: “Иргэн С.Амаржаргалын гаргасан нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэрэгт Б.Эрдэнэцогт миний бие нь гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 564 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хэргийн тухайд, С.Амаржаргал нь өөрийн нэр дээр байгаа хоосон газраа Ц.Мөнхчимэгт 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “газрын эрхийг шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлэхээр Газрын албанд хандаж газрын кадастр давцсан тухайг мэдсэн байдаг, харин түүний төрсөн дүү С.Уранчимэг нь С.Мягмарсүрэнд 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр газраа зарж шилжүүлсэн, С.Мягмарсүрэн нь гуравдагч этгээд болох Б.Эрдэнэцогт надад 2011 онд байшинтай газраа тус тус зарсан юм. Өөрөөр хэлбэл, нэгд С.Амаржаргал болон түүний төрсөн дүү С.Уранчимэг нар нь төрийн мэдлийн газрыг элдэв арга хэрэглэн үнэ төлбөргүй аваад, бусдад үнэлэн хууль бусаар зарж орлого олдог, хо рт мөн газрын кадастр давхцсан тухайг С.Уранчимэг нь 2012 онд мэдсэн үйл баримт тодорхой болсон.

Энэ талаар нэхэмжлэгч өөрөө, гэрч нар бүгд тодорхой мэдүүлсэн, гэтэл шүүх энэ үйл баримтанд зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, түүнчлэн хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж хэлсэн хуульд зааснаар төрийн байгууллагад хандаж асуудлыг тавьж шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудлыг шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай хольж, буруу шийдвэрлэсэн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 564 дугаартай шийдвэр нь хууль зөрчсөн буруу шийдвэр болсон.

Аливаа шүүх нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх”, мөн зүйлийн 4.1.4-д “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх эрхэм зорилготой” байна гэж хуульчилсан.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч С.Амаржаргал болон түүний төрсөн дүү С.Уранчимэг нар нь төрийн мэдлийн газрыг бусдад зарсан, кадастрын зургийн дагуу газраа хашаажуулан тэмдэглээгүй, тогтоосон кадастрын тэмдгийн хил хязгаарыг дур мэдэн өөрчилсөн, хил хязгаарыг зөрчиж бусдад газраа шилжүүлсэн зэргээр өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулийг зөрчсөн нь нотлогдож байгаа тул дүүргийн Газрын алба өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн үйлдлийг буруутган хууль бус буруу шийдвэрийг гаргасан болно.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 564 дугаартай шийдвэрийг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 564 дугаартай энэхүү шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно уу хэмээн давж заалдах гомдлыг гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “...миний бие Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлх Хадатын амны зуслангийн 700 м.кв газарт 2004 онд хашаа барьж 2007 онд кадастрын зураг авхуулж газрын албаны мэдээллийн санд 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 18650324272537 нэгж талбарын дугаартай орсон... газрын албаны байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн Б.Эрдэнэцогтод Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 309 дүгээр шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр миний кадастрын зурган дээр давхцуулж газар олгосон байна... тухайн үед би дүү С.Уранчимэг, түүний нөхөр Г.Лхагвадорж, өөрийн аав Ж.Сүрэнхорол нарын хамт зэрэгцээ 4 айлын газар авч байсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон, харин хариуцагчаас “ ...иргэн С.Амаржаргалын эргэлтийн цэгийн координатууд 2012, 2013 онуудад мэдээллийн санд байхгүй байсан. 2013 онд С.Уранчимэг нь С.Мягмарсүрэнд шилжүүлэх үед С.Амаржаргалын газрын нэгж талбарын дугаарыг шилжүүлсэн байна. С.Амаржаргалын газарт хоёр талаас байшин барьснаас болж маргаан үүссэн...” гэж, гуравдагч этгээдээс “...2011 оноос эхлэн 18650324272537 тоот нэгж талбарын дугаар бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байна... нэхэмжлэгч өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэсэн тэмдэгтийг хамгаалалтад авч, бүрэн бүтэн байдлыг хангаагүй ... хил заагийг тодорхойлсон эсэх нь тодорхойгүй... ” гэж тус тус маргажээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын хавсралтын 9 дүгээр зүйлийн 9.2-д “Аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эзэмших, ашиглах газрын хил заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх, солбицолжуулах ажлыг сумын Газрын даамлаас ирүүлсэн мэдэгдэл /Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл/-ийн дагуу кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болон аймгийн Газрын албаны мэргэжилтэн гүйцэтгэнэ” гэж заажээ.

Шүүх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа дээр дурдсан хууль, журамд нийцсэн эсэх, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхийн тулд шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж, маргаан үйл баримтад тал бүрээс нь дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртай.

Гуравдагч этгээд Б.Эрдэнэцогт нь “...Миний бие 18650324272537 тоот нэгж талбарын дугаар бүхий газрыг “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших” эрхийн 0357408 дугаар бүхий гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу 2011 оноос эхлэн хууль ёсоор эзэмшиж байна ...” гэж тайлбар гаргасан байх боловч түүний “Классик лэнд” ХХК-аар 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийлгүүлсэн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг нь иргэн С.Уранчимэгт эзэмшүүлсэн газрын хашааны координаттай ижил, мөн иргэн С.Мягмарсүрэн нь өөрийн эзэмшлийн газраа гуравдагч этгээд Б.Эрдэнэцогтод шилжүүлэх үед түүний газар эзэмших эрхийн гэрчилгээн дээрх нэгж талбарын дугаар болон кадастрын зураг дахь нэгж талбарын дугаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын нэгж талбарын дугаартай ямар шалтгааны улмаас ижил болсон нь тодорхойгүй байна.

Гэрч С.Уранчимэгийн “...С.Амаржаргалын газар нь миний эзэмшлийн газрын ертөнцийн зүгээр зүүн талд байрладаг, ... 4 тал хайстай хоосон газраа С.Мягмарсүрэнд шилжүүлсэн ... хашаа татсан буюу С.Амаржаргалын газар руу хэтэрсэн байгааг мэдэлгүй С.Мягмарсүрэнд зарсан. Тухайн газар С.Мягмарсүрэн байшин болон блокон хашаа барьж Б.Эрдэнэцогтод шилжүүлсэн ... шилжүүлсэн газрын баруун хойд хэсэгт С.Мягмарсүрэн байшин барьсан нь С.Амаржаргалын газар дээр баригдсан байна. ... миний шилжүүлсэн газар С.Амаржаргалын газар руу хэтэрсэн байсан бөгөөд тухайн газарт байшин барьсны дагуу нэгж талбарын дугаарыг буруу бүртгэж, С.Мягмарсүрэнгээс Б.Эрдэнэцогтод шилжүүлэхдээ С.Амаржаргалын газрыг шилжүүлсэн нь газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болсон ... миний эзэмшиж байсан газар хоосон үлдсэнийг 2014 онд Б.Эрдэнцогтод дахин гэрчилгээ гаргаж өгсөн нь газрын албаны буруутай үйл ажиллагаа” гэх мэдүүлэг,  мөн гэрч С. Мягмарсүрэнгийн “...С.Уранчимэгээс 2010 оны 8 дугаар сард өөрийн нэр дээр газраа шилжүүлж авсан, хашааныхаа зүүн хойд буланд тулгаж байшин барьсан боловч кадастрын зургийг гаргуулахад миний барьсан байшин хашааны голд орсон. Тухайн үед байшин голд нь орлоо, хашаа барьснаар биш байна гэдгийг С.Уранчимэг Ж.Сүрэнхорол нарт хэлсэн. Маргаан гараагүй...” гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Шүүх дээрх гэрчийн мэдүүлгүүд, мөн нэхэмжлэгч С.Амаржаргалын нь “... анх өөрийн төрсөн дүү, түүний нөхөр, аавын газар нийлээд зэрэгцээ 4 айлын газрыг эзэмшихээр болсон...” гэх тайлбарууд үндэслэлтэй эсэхийг, мөн С.Амаржаргал болон иргэн С.Уранчимэг нарын эзэмшил газрын кадастрын зураг анх зөрүүтэй олгогдсон эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг буюу тодруулбал, тэдний газар эзэмших эрх анх аль байрлалд  үүссэнийг, нэхэмжлэгч болон иргэн С.Уранчимэг нар 2007 оноос буюу анхнааасаа кадастрын зурагт заасан координатын дагуу эзэмшил газраа бодитоор эзэмшиж байсан эсэх, мөн шилжүүлэн эзэмшсэн иргэн С.Мягмарсүрэнгийн үл хөдлөх хөрөнгө аль байрлалд байгаа болохыг тус тус тодорхойлох, нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай хэрхэн давхцал байгаа эсэх, байгаа бол аль хэсгээр ямар хэмжээгээр давхцаж байгааг бүрэн гүйцэд тодруулах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч С.Амаржаргалаас нэхэмжлэл,  тайлбартаа “...Газрын албаны хуучин даргатай уулзахад Б.Эрдэнэцогт биднийг зохицчихвол асуудал шийдэгдэнэ гэсэн “...” Б.Эрдэнэцогт нь С.Уранчимэгээс С.Мягмарсүрэнд, С.Мягмарсүрэнгээс шилжсэн үндсэн газар дээр гэрчилгээ гаргаад өгчих тэгвэл би Амаржаргалтай тохиръё гэсэн. 2013 онд Батсайхан дарга Б.Эрдэнцогт ирэхгүй байна. Хоосон газартаа гэрчилгээ гаргуулахаар ирнэ, тэр үед та нарыг дуудаж асуудлыг шийднэ гэсэн. Гэтэл газрын албаны дарга солигдож Б.Эрдэнэцогтод биднийг дуудахгүйгээр гэрчилгээ гаргаж өгсөн “...” энэ асуудлаас болж газар эзэмших эрх зөрчигдөж байна “...”, 2012 онд өөр хүнд газраа шилжүүлэхээр газрын албанд хандахад кадастрын зураг Б.Эрдэнэцогтынхтой давхацсан байна тохиролц гэсэн, гэтэл Б.Эрдэнэцогт кадастрын зураг дээрх газраа авна гэсэн. Гэтэл С.Уранчимэгийн газар нь хоосон хэн ч байгаагүй... тухайн үед энэ газар дээрээ гэрчилгээ гаргаж өгвөл надтай тохиролцоно гэж байсан... ” гэжээ.

Дээрх тайлбартай холбогдуулан маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэлт өгөх, маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх шаардлагын хүрээнд иргэн Д.Солонго “...оршин сууж буй газрын баталгаажилт хийж газар эзэмших...” гэх хүсэлт гаргаснаар гуравдагч этгээд Б.Эрдэнэцогтод 2014 онд эзэмших эрх үүссэн газар нь гэрч С.Уранчимэгийн тайлбарт дурдагдсанчлан түүний өмнө эзэмшиж байсан газар мөн эсэх, эсхүл хэн нэгний эзэмшлийн бус газар байсан эсэхийг мөн ямар шалтгааны улмаас гуравдагч этгээдэд тус газрыг эзэмшүүлэх болсныг тодруулах, түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан болон гэрчийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбарт дурдагдсан үйл баримтуудын талаар тухайн үед газрын албанд ажиллаж байсан хүмүүсээс тайлбар авах байдлаар тодруулах шаардлагатай байна.

Иймд нэхэмжлэгч С.Амаржаргалын эзэмшил газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэл болон иргэн С.Уранчимэг, С.Мягмарсүрэн, гуравдагч этгээд Б.Эрдэнэцогт нарын эзэмшил газрын кадастрын мэдээллийн сан дахь бүртгэгдсэн, өөрчлөгдсөнтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулах, түүнчлэн гуравдагч этгээд Б.Эрдэнэцогтын “Классик лэнд” ХХК-аар 2012 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр хийлгүүлсэн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг[1] нь маргаан бүхий газар болон иргэн С.Уранчимэгийн анх эзэмшиж байсан газартай давхцаж байгаа эсэх, тус газрыг хэдэн оноос эзэмшиж ашиглаж ирснийг тус тус холбогдох газраас лавлагаа авах байдлаар тодруулах, шаардлагатай бол шинжээчийн дүгнэлт гаргуулах байдлаар давхцал байгаа эсэх, мөн маргаан бүхий үзлэгээр илэрсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршлыг тогтоож, улмаар маргаан бүхий газартай давхцалтай эсэхийг шүүх тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

 


[1] Хавтаст хэрэг №1, 139 дүгээр тал