Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Д.Б, М.Г нарт

                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Б.О

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч М.Г өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Б, М.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Шүүгдэгч М.Г давж заалдах гомдлоор, Д.Б, М.Г нарт  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр баг Баян-Өндөрт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЕ66122015 регистрийн дугаартай, Цоохор овогт Д.Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 4 дүгээр баг Баянсанд оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЕ86101811 регистрийн дугаартай, Сэрх овогт М.Г.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт "машинаар мал хөөлөө" гэх шалтгаанаар хохирогч М.Г гараараа болон чулуугаар цохиж духанд шарх, хоёр хөмсөгний гол хэсэг, баруун хөмсөг, цээж, баруун дал, баруун тохой, баруун гуяанд зулгаралт, баруун шанаа, хамарт зөөлөн

 

2.

 

эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт "эзэмшлийн газарт малаа бэлчээлээ, зодлоо" гэх шалтгаанаар хохирогч Д.Бийг өшиглөж, гараараа цохиж биед нь баруун гарын 5 дугаар хурууны 1 дүгээр үений мултрал, баруун гарын 5 дугаар хурууны хумсны толионы ховхрол, хамарт зулгаралт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цоохор овогт Д.Б, Сэрх овогт М.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, М.Г нарыг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, М.Г нарт шүүхээс оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б, М.Г нарт сануулж. Шүүгдэгч Д.Бийн нэхэмжилсэн 383.071 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож. Шүүгдэгч М.Г нэхэмжлээс 70.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Д.Бөөс гаргуулж, шүүгдэгч М.Гд олгож, өмсөж явсан хувцасны үнэ болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг байгалийн чулууг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 2 ширхэг рентген зургийг шүүгдэгч М.Гд буцаан олгож. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.Г бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Г давж заалдах гомдол тайлбартаа: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн М.Г миний бие 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.Бөд чулуугаар цохиулж духанд шарх, 2 хөмсөгний голд, баруун хөмсөг, цээж, баруун дал, баруун тохой, баруун гуяанд зулгаргалт, баруун шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт гэмтэл учирсан. Миний бие хүнд бүлэглэн зодуулчихаад өнөөдөр өөрөө буруутан болоод сууж

3.

байгаадаа гомдолтой байна. Би хөгшин ээж аав шигээ настай хүн гэдэг утгаар нь өөдөөс нь зодолдоогүй. Бид хоёр адилхан зодолдсон бол бид хоёрын биед учирсан гэмтэл шарх нь эсрэгээрээ өөр байх байсан гэж үзэж байна. Би гадаад дотоодер нь  хаана ч хэнтэй ч учир зүйгээ олоод явчихдаг хүн. Д.Б нь намайг машиндаа 1 ой 7 сартай охинтойгоо сууж байтал хажуунаас нүүрэнд цохиж хамраас цус гоожуулаад хамраа бариад буутал заамдан авч цохиж зодсон. Өөрийгөө хамгаалах явцад энэ хүнд хохирол учруулсан гэж үзэж байна. Түүнээс би энэ хүнд чиглэсэн үйлдэл огт хийгээгүй, эхнэр нөхөр, эхнэрийнх нь төрсөн дүүгийн хүүхэд гурвуулаа нийлээд хүнийг гүжирдэж гүтгэж болдог гэж бодохгүй байгаа учир үнэн зөвийг олж өгөхийг хүсч гомдол гаргаж байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч М.Г өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэдүүлэг авах ажиллагаа, мэдүүлгийн тэмдэглэл танилцуулах ажиллагаа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдах ёстой. Энэ хуульд заасны дагуу явагдаагүй бол хууль зөрчсөн учир нотлох баримтаас хасагдах боломжтой. Хэрэв энэ тэмдэглэлүүд нотлох баримтаас хасагдвал гэрчүүд хавтаст хэрэгт албан ёсоор гэрч биш болж байгаа. Гэтэл шүүх хуралдаан дээр гэрч нарыг оруулж ирж гэрчээр асуусан. Урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаас хасах бүрэн боломжтой байсан. Нотлох баримтаас хассан тохиолдолд энэ ажиллагаа мөрдөн байцаалтад буцаж байж хууль ёсны дагуу явагдах байсан. Шинжээчийн тухайд шүүх санаачилгаараа шүүх хуралдаанд оруулсан. Шүүх төвийг сахисан байр суурьтай байх ёстой. Хэргийн бодит байдлыг шүүх хуралдаанаас өмнө тогтоосон байсан байна гэдэг эргэлзээ төрүүлхүйц нөхцөл байдал үүсгэсэн гэжээ

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дахь заалтад шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаархи прокурор ороцогчийн санал хүсэлт гэсэн байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэрч шинжээчийг оролцуулж байгаа нь хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэрч шинжээчийг оролцуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудал. Ямар хуулийг зөрчиж байна гэхээр өмгөөлөгч нь үндэслэлээ дурдаж чадахгүй байна. Мөн шинжлэн судлуулах нотлох баримт байна уу? гэхэд өмгөөлөгч нь нотлох баримтаа шинжлэн судлуулах байх гэж бодож байсан. Мэдүүлгийн тэмдэглэлийн хуудас бүр дээр гарын үсэг зуруулна гэж байгаа. Гэтэл ямар гэрчийн ямар мэдүүлэг юм бэ? яаж зөрчсөн юм бэ? энэ асуудлаа тодорхой дурдаад орж ирэх байх гэж бодсон. Давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн талаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Харин хор уршгийн тухайд дурдаагүй гэж үзэж байна гэжээ.

Прокурор Б.О давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт машинаар мал хөөлөө гэх шалтгаанаар М.Г гараар болон чулуугаар

4.

цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. М.Г нь мөн өдөр эзэмшлийн газар малаа бэлчээлээ зодлоо гэх шалтгаанаар хохирогч Д.Бийг өшиглөж, гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан тус тус гэмт хэрэгт холбогдсон байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 460.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Энэ шийтгэх тогтоолд М.Г би гэмт хэрэг үйлдээгүй, Д.Бөд гэмтэл учруулаагүй энэ хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан байгаа. Гомдлын тухайд хариу тайлбар хэлсэн. Бүлэглэсэн тухайд М.Г биед гарсан гэмтэл нь  Д.Бийн цохисон үйлдлийн улмаас учирсан хөнгөн гэмтэл байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудал байхгүй учраас анхан шатны шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт машинаар мал хөөлөө гэсэн шалтгаанаар М.Г машиндаа сууж байхад нь машины цонхоор хамарт нь гараараа цохиж М.Г нь машинаас бууж ирээд Д.Бийг газарт дарж унагаж өшиглөж, дээр нь сууж гараараа нүүр цээжин хэсэгт нь цохиж, Д.Б нь М.Г гараараа болон чулуугаар цохиж гараараа самардаж зодолдсон байна.

Д.Бийн М.Г гараараа болон чулуугаар цохиж самардсан үйлдлийн улмаас М.Г эрүүл мэндэд духанд шарх, хоёр хөмсөгний гол хэсэг, баруун хөмсөг, цээж, баруун дал, баруун тохой, баруун гуяанд зулгаралт, баруун шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл учирсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

М.Гал-Эрдэний Д.Бийг өшиглөж, газарт унагаж, гараараа цохисон үйлдлийн улмаас Д.Бийн эрүүл мэндэд баруун гарын 5 дугаар хурууны 1 дүгээр үений мултрал, баруун гарын 5 дугаар хурууны хумсны толионы ховхрол, хамарт зулгаралт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

Эдгээр үйл баримтууд нь:

Гэрч Д.Н: “Д.Б чи яагаад мал хөөгөөд байгаа юм бэ гэснээс болж  М.Г тэр хоёр хэрэлдэж Д.Б нь М.Г машиндаа сууж байхад нь хамар руу нь цохиж цусыг нь гоожуулаад М.Г нь машинаасаа бууж ирээд Д.Бийг өшиглөж, газарт унагаж дараад нүр рүү нь гараараа цохиод  цусыг нь гоожуулхад нь “Аав шигээ хөгшин хүнийг ингэж болохгүй. Наад хүн чинь хөл гар муу,  тахир татуу хүн” гэхэд нь  “Хуцаад бай. Ална

5.

шүү” гэж хэлээд зодолдоод Д.Б нь газраас чулуу авч шидэж, самардсаар байгаад М.Гал-Эрдэний цамцыг нүүр рүү нь оруулахад зодолдож чадахгүй болсон” тухай мэдүүлэг,

Гэрч О.Б-ийн: “Гэрчийг яваад очиход М.Г нь Д.Бийн дээр суучихсан байхаар нь М.Г татаад босгоход “Чи нийлээд байгаа юм уу” гээд түүнийг цохих гэхээр нь би бултсан. Тэгээд тэр хоёр дахиад барилцаад авсан” тухай мэдүүлэг,

Гэрч Г.Б-ын: “М.Гал-Эрдэний дух язарч цус гарсан байдалтай орж ирэхэд нь оёдол тавьсны дараа Д.Б баруун шанаа нь хавдартай, баруун гарын чигчий хуруу мултарсан, цус гоожсон байдалтай орж ирсэн бөгөөд М.Гтэй зодолдсон гэж ярьж байсан тухай мэдүүлэг,

Шинжээч Д.Д-ийн: “М.Гал-Эрдэний духанд шарх хоёр хөмсөгний гол хэсэг, баруун хөмсөг, цээж, баруун дал, баруун тохой, баруун гуянд зулгаралт, баруун шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

Д.Бийн  баруун гарын 5 дугаар хурууны 1 дүгээр үений мултрал, баруун гарын 5 дугаар хурууны хумсны толионы ховхрол, хамарт зулгаралт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтүүд,

Шинжээч Т.А-ын: “М.Г хамрын таславчны муруйлт гэх онош нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах боловч  өмнөх шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч нарын мэдүүлэг нь ноцтой зөрүүгүйн дээр тухайн үйл явдлыг хөндлөнгөөс харсан гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа бөгөөд гэрч нарын мэдүүлэгт эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Д.Б нь өөрийн үйлдэл, гэм  буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч М.Г хувьд өөрийнх нь үйлдлийн улмаас Д.Бийн биед тухайн гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч өөрийгөө хамгаалах явцад буюу аргагүй хамгаалалтын нөхцөлд уг гэмтлийг учруулсан гэж тайлбарлаж байна.

Аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн аюултай довтолгооны эсрэг, түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон байдаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үндэслэн дүгнэхэд шүүгдэгч нар нь малын бэлчээрээс болж маргалдаж улмаар харилцан зодолдох үедээ бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байна.

 М.Г үйлдэлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд шүүгдэгч нарын хэн хэн нь гэм буруутай байна.

Анхан шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй,

6.

гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг зөв тодорхойлж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаас хөнгөн төрлийн ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх зарим гэрч шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулсныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчимд харшлахгүй. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж дүгнэлтийг нь тайлбарлуулах төдийгүй, нэмэлт буюу дахин шинжилгээ хийлгэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах хүрээнд шүүгчид олгогдсон бүрэн эрхэд хамаарна.      

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч М.Гал-Эрдэний гаргасан өөрийгөө цагаатгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Ш.БАТТОГТОХ

                            ШҮҮГЧИД                                   Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                              Ч.ЭНХТӨР