Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 238

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Боржигон овогт Л.Б  /РД:................/, Төв аймгийн Зуунмод сум, .................. тоот

Хариуцагч: Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар илүү суутган авсан 25 000 000 төгрөгийн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б , А.Ч , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “ЖТЭЖ” ХХК-д хууль эрх зүйн зөвөлгөө тусламж үзүүлж ажиллаж байх явцад Өмнөговь аймгийн “ЧМ ” ХХК-аас байгууллага хоорондын төлбөр тооцоогоор авах төлбөрийн маргаантай 425 782 361 төгрөгний асуудлыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож шийдвэрлүүлсэн. Гэтэл Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч О тай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гэрээ байгуулахдаа үндсэн төлбөрийн 6 хувь хүртэл суутган авч, төлбөр биелүүлэхээр тохиролцсон боловч Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчиж, хэтэрхий их мөнгө өөрөөр хэлбэл 42 782 000 төгрөгийг суутган авсан байна. Энэ тухай гомдлоо дээд байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандахад төвлөрсөн мөнгө хөрөнгөнөөс танд олгох боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Би Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай удаа дараа утсаар ярьж биечлэн очиж уулзсан боловч удахгүй таны мөнгийг өгнө гэж хуурсаар өдийг хүрлээ. Иймд Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал мэтээр үндэслэлгүйгээр гэрээнээс илүү суутган авсан 25 000 000 төгрөгийг надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “ЖТЭЖ” ХХК-д 2013 оноос гэрээгээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЧМ  ХХК-аас “ЖТЭЖ” ХХК-д 425 000 000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх материалаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирж өгсөн. Би 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “ЖТЭЖ” ХХК-ийн нягтлан бодогчтой ирээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гүйцэтгэлийн гэрээ хийх болсон. Тухайн үед дарга байхгүй гэдэг шалтгаанаар урамшууллын гэрээг тохироогүй. Хоёр үндэслэлийг амаар тохиролцоод гарын үсгээ зураад явсан. Тухайн гэрээн дээрх гарын үсэг гэрээг бөглөсөн асуудал нь манай манай “ЖТЭЖ” ХХК-ийн нягтлан бодогч Д ын гарын үсэг, бичиг юм. “ЖТЭЖ” ХХК-ийн нягтлан бодогч Д  нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/204 тоот гэрээг бөглөсөн юм. О тай гэрээний талаар тохиролцсон. Тохиролцсон гэдэг нь миний түрүүчийн хэлсэн Хууль зүйн сайдын 6/204 тоот тушаалаар  баталсан журмаар манай компанийн 425 000 000 төгрөгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардалд 4.5 хувиар авна гэснийг ерөөсөө 6 хувиар тохиръё, би өөрөө 425 000 000 төгрөгөөс 6 хувийг нь цалин хөлсөндөө авах гэрээтэй. 10 хүртэл хувиар тохирч болно гээд журмандаа байгаа болохоор 6 хувиар тохиръё гэж тохироод гарын үсгээ зураад орхиод явсан. Тэгээд орхиод явсанаас хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 3 удаагийн төлөлтөөр дууссан байдаг. Эхний удаа 60 000 000 төгрөг, дараагийн удаа 40 000 000 төгрөг, дараагийн удаа 228 000 000 төгрөгийн төлөлтөөр дууссан байдаг. Энэ хооронд би нөгөө О даа миний мөнгийг өгөөч гэж зөндөө хэлсэн. Эхлээд 60 000 000 орж ирсэн гэхээр нь нягтлан бодогчоосоо асуухад та шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны мөнгөнөөс авахаар тохиролцсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны мөнгөнөөс ав гэж хэлсэн. Тэгээд би шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны мөнгөнөөс авна гээд яваад байсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусдаг юм. Дууссаных нь маргааш би нягтлан бодогч руугаа утсаар ярьсан. Би Төв аймагт байдаг. Манай нягтлан бодогч Улаанбаатар хотод байдаг байсан болохоор би нягтлан бодогчтойгоо утсаар яриад танайд 228 000 000 төгрөг орж ирсэн гэж байна, чи миний мөнгийг О даа хэлээгүй юм уу гэсэн чинь би хэлсэн, факс явуулсан, зөндөө юм болсон гэхээр нь тэгээд яагаад миний мөнгийг өгөхгүй байгаа юм бэ гэсэн чинь та л өөрөө тэрүүгээрээ авчихсан юм биш үү гэж хэлсэн. Би Төв аймгаас Улаанбаатар хот руу очоод Б  даргатай 8 удаа уулзсан. Тэгээд уулзахаар Ба руу цохоод өгчихдөг. Батай уулзахаар та тэр О тайгаа учраа ол гэж хэлдэг. Сүүлдээ би болохоо байгаад Өмнөговь руу ирж Э  даргатай уулзаад залуу хүмүүс байж худрагагүй, мөнгөний төлөө ингэж нэгнийгээ хуурч болохгүй гэж хэлсэн. Залуу хүмүүс байж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал нэрээр эвдэж байна гэж гомдол гаргаж байсан хүний нэг нь би. Харин ашгүй 2017 оны хуулиар зохицуулагдаж, урамшуулал гэдэг зүйлийг байхгүй болгож, төрийн албыг нэр цэвэр хаших боломжтой болсонд та нар баярлаж байх хэрэгтэй.  Би Ба даргад чинь би энэ шийдвэр гүйцэтгэгч залуучуудыг шоронд оруулмааргүй байна гэж хэлсэн. Би 6 хувиар тохироод гарын үсгээ зураад явсан байхад хүний итгэл эвдээд 10 хувь болгоод авчихдаг нь яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Өнөөдөр би мэдсэн өдрөөрөө гээд цагдаад гомдол гаргахад эрүүгийн хэрэг үүснэ. Албан тушаалаа ашиглаад хүний мөнгө идсэн гээд энэ Өмнөговийн чинь нэр гардаг юм байгаа биз дээ. Тийм учраас би Э  дарга дээр чинь 2016 оны сүүлээр нэг ирээд, 2017 онд дахин ирээд та учрыг нь олж өг гэж хэлж байсан. 2018 оны 03 дугаар сард ирэхэд танай Э  дарга чинь нас барсан байсан. Э  дарга та энэ залуу хүмүүсийг бод л доо, би учрыг нь олж өгөхийг бодъё гэдэг байсан. Хамгийн сүүлд Э  даргатай уулзахад Х.Б  даргыг дуудаад, Х.Б  дарга өөрөө орж ирсэн. Чухам юу гэж хэлснийг мэдэхгүй ч ямар  ч байсан эргээд хариу өгнө л гэсэн. Уг нь би эрүүгийн журмаар шийдвэрлүүлээд танайхыг хууль бусаар авсаныг чинь тогтоолгоод хохирлоо гаргуулна гээд нэхэмжлэл гаргаад явах байсан. Гэтэл намайг хуурсаар өдий хүрсэн байгаа болохоор би илүү суутган авсан мөнгө гэж яриад сууж байна. Эвлэрье гэж би зөндөө хэлсэн. Өчигдөр хүртэл шийдвэр гүйцэтгэгч А.Ч той уулзаад учир байдлаа хэлээд хөгшин хүн нааш цаашаа олон удаа явж байна, амьдрал ахуй хэцүү байна, танайх эвлэрэх сэтгэгдэл төрүүлчих гэж зөндөө гуйсан. Нотлох баримт нь 6 хувийг 10 хувь болгочихсон. Гарын үсэг зурчихсан байгаа. Тухайн бичигдсэн хувь нь бичгийн хэлбэрийн хувьд өөр өөр байна уу гэвэл өөр байгаа. Хэн ч харсан өөр өөр бичиг байгааг харж болно. Хэдийгээр Д ын бичиг байгаа боловч энэ хувь тавьсан тоо нь О ы бичиг байна гээд гараад ирэх юм бол ажлаасаа халагдсан О  хаана байгаа вэ. Би гуравдагч этгээдээр О ыг татах хүсэлт тавьж болно. Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд чинь надтай эвлэрэхгүй. Энэ компаниасаа олж авч чадахгүй байгаа мөнгөө би ажил төрөлгүй болсон О аас яаж авах вэ гээд анхнаасаа О ыг бодсоор байгаад өдий хүрчлээ. Тийм учраас 25 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Танай Э  дарга чинь шийдвэр гүйцэтгэгч Х.Б , О  хоёрыг шийтгүүлчихгүй юмсан гэсэн үнэн бодолтой байсан шүү гэдгийг хэлье. Олон жил төрийн алба хашсаны хувьд хэлэхэд эд нар намайг гомдол гаргаад сандраад эхлэхээр 10 хувиа бүгдийг нь суутгаад авчихсан болохоор 10 хувь болгоод өөрчилсөн юм шиг байгаа юм. Уг нь хүнлэг чанар гаргаад 6 хувиа бүтнээр нь надад биш юм аа гэхэд компани руу шилжүүлсэн бол би юм ярихгүй, компаниасаа нэхээд байж байх байсан. Хэрэв би 10 хувиар гарын үсгээ зурсан бол 25 000 000 төгрөгөө байг гэхэд 10 000 000 төгрөг надад дуугай л өгнө шүү дээ. Даанч одоо тийм юм хийчихсэн болохоор намайг тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраасаа л ав гээд байгаа юм. Х.Б  намайг та яв яв, дараа нь би хариу өгье гээд гаргасан боловч хариу өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг хоёр талдаа мэдэгдэнэ гээд шийдвэр гүйцэтгэлийн гэрээн дээрээ бичсэн байсан боловч нөгөө талд мэдэгдээд манайд мэдэгдээгүй. Би тухайн шийдвэр гүйцэтгэлийн материалыг эхээр нь татаад ирээч гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй байсан. Эхээр нь татаад ирсэн байсан бол манайх 425 000 000 төгрөгөөс 10 хувийг нь суутгаад үлдэгдлийг нь дуусгачихлаа гэж мэдэгдээгүй байгаа. Тэгэхээр эд нар өөрсдийнхөө бурууг нуусан байгаа юм. Би буруу ойлгоод нөгөө 6 хувийг 10 хувиар аваад үлдчихэж, миний цалинг эхлээд өгөөрэй гэснээр надад өгөх гэж байгаа юм байна гэж би итгэсэн. Би итгэл эвдсэн гээд эрүүгийн журмаар явахаар эд нарыг шийтгүүлчихвий гээд бодоод байсан юм. Х.Б  та ахлах болоод 6 сар л болсон байсан байна шүү дээ. Би хуулийн байгууллагад 30 жил ажилласан хүн шүү дээ. Тухайн үед би эрүүд нь өгөөд явсан бол одоо хэн хэндээ амар байх байсан. Би өөрийн хүүхэд шиг санаж өдий хүрсэн гэв.      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б , А.Ч  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1433 дугаартай шүүгчийн захирамжаар “ЧМ -Мак-Нарийн сухайт” ХХК-иас 425 797 361 төгрөг гаргуулж “ЖТЭЖ” ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн байна. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай төлбөр авагч “ЖТЭЖ” ХХК-ийг төлөөлөн ирж хуулийн зөвлөх Л.Б , нягтлан бодогч Б.Д  нар нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч С.О тай зардал гаргуулах тухай 1/204 дугаартай гэрээг төлбөр авагч хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл, хүсэлтийн дагуу тус тус байгуулсан байна. Урамшууллын гэрээг байгуулахдаа 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр 10 хүртэлх хувиар байгуулах талаар хуульчилсан байна. Урамшууллын гэрээг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу 10 хувиар гэрээг байгуулж 2 тал гарын үсэг зурж, төлбөр авагч хуулийн этгээдийн тамга, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэг тус тус дарж баталгаажуулсан байна. Хэрэв тухайн үедээ шийдвэр гүйцэтгэгчтэй 6 хувиар тохиролцож гэрээг байгуулсан бол үүнийг нотлох баримт байгаа эсэх нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт 6 хувиар тохиролцож байгуулсан гэрээ байхгүй, харин 10 хувиар тохиролцож байгуулсан гэрээ байсныг шүүхэд өгсөн нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Тийм учраас нэхэмжлэлийн энэ хэсэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...Мөн тус алба нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт 2 талын харилцан тохиролцож байгуулсан урамшууллын гэрээний дагуу төлбөрийн үнийн дүнгийн 10 хувийг суутган авсан байна. Харин хууль зөрчиж гэрээнд заасан хувиас илүү их мөнгө суутгаж аваагүй байна. Төлбөр авагч “ЖТЭЖ” ХХКомпаний захирал Г.Гэгээндалай нь тус албанд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15/55 дугаартай албан бичигт “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гэрээг урьд тохиролцсоноор итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх Л.Б , нягтлан бодогч Б.Д  нарын хийсэн гэрээгээр тооцож үйл ажиллагаа явуулж болно” гэжээ.

Төлбөр авагч “ЖТЭЖ” ХХКомпани нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан өргөдөл гаргасан байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/407 дугаартай албан бичгээр  “ЖТЭЖ ” ХХКомпаний өргөдөлд хариу өгөхдөө холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянаж ...хариуг өгсөн байна. Мөн иргэн Л.Б  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж “шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “ЖТЭЖ” ХХК-ийг төлөөлөн оролцсоны цалин, хөлсийг шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу суутгасан мөнгөнөөс авах”-ыг хүссэн өргөдөлд хариу өгөхдөө: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/847 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлбөрийн үнийн дүнгийн 10 хувиар урамшуулал тооцохоор гэрээ байгуулсныг үндэслэн суутгал хийсэн нь хуульд нийцжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийг та төлөөлөн оролцсон, эрхээ хэрэгжүүлсний улмаас “ЖТЭЖ” ХХК-иас авах цалин, хөлсөө шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын мөнгөнөөс авахаар шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон талаарх өргөдөл үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулахаар гэрээ байгуулагдсан ба төлбөр авагчийг төлөөлөх эрх хэрэгжүүлсэнтэй холбоотой цалин, хөлсийг танд олгох шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Цалин, хөлс гаргуулах асуудлаа төлөөлүүлэх эрх олгож гэрээ байгуулсан “ЖТЭЖ” ХХК-иас шаардаж, гэрээтэй холбоотой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг танд зөвлөж байна” гэсэн хариуг танд албан бичгээр өгч байжээ.

Нэхэмжлэгч Л.Б  нь би Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай удаа дараа утсаар ярьж биечлэн очиж уулзсан боловч удахгүй таны мөнгийг өгнө гэж хуурсаар өдийг хүрлээ. Иймд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал мэтээр үндэслэлгүйгээр гэрээнээс илүү суутган авсан 25 000 000 төгрөгийг надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Тус албатай удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзсан боловч удахгүй таны мөнгийг өгнө гэж хуурсаар өдийг хүрлээ гэсэн үг нь зарим талаараа үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Б  нь тус албаны дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч, хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч нартай биечлэн уулзаж нэхэмжлэлд дурдсан асуудлаар тухайн үед гомдол гаргаж байсан нь үнэн бөгөөд чухам эдгээр хүмүүсээс хэн гэдэг ямар албан тушаалтан нь “удахгүй таны мөнгийг өгнө гэж хэлсэн талаар хүний нэр, цаг хугацаа огт дурдаагүй байгаа нь өөрийнхөө санааг бусдад зөв зүйл мэтээр ойлгуулах гэсэн санааг гаргасан байна” гэж үзэхэд хүргэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллыг хуулийн дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулж нийт 42 579 736 төгрөг суутган авч ШШГЕГ-т 14 902 907  төгрөг, Татварт 2 767 683 төгрөг, Шийдвэр гүйцэтгэгчид 24 909 145 төгрөгийг тус тус холбогдох газар болон шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлэн олгож ажилласан байгаа нь хуульд нийцэж байна.

“ЖТЭЖ” ХХКомпанийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан албан хүсэлтдээ: “ЧМ” ХХКомпаниас авах авлага болон мөн тус газрын ШШГЕГазраас шимтгэлд тохиролцсоноос илүү хувиар суутгасан төлбөр зэрэг асуудлыг гүйцэтгэн ажиллаж байна. ШШГЕГ-ийн илүү суутгасан мөнгө нь хуулийн зөвлөх Л.Б ийн манайхаас авах ёстой цалин болно. Тус байгууллагуудын шүүх хуралд “ЖТЭЖ” ХХК-ныг нягтлан бодогч  Б.Д  төлөөлнө” гэсэн нь Л.Б  нь “ЖТЭЖ” ХХКомпанийг төлөөлж “ЧМ” ХХКомпанид холбогдох дээрх асуудлаар шүүхэд оролцох эрх олгогдоогүй этгээд байна. Иймд Л.Б ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2015 оны 03 дугаар сард ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн үед урамшууллын гэрээг төлбөр авагч талтайгаа байгуулаад явдаг байсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэгч нар өөрсдөө гэрээгээ байгуулаад ахлах шийдвэр гүйцэтгэгчээр батлуулаад явдаг процесстэй байсан. Тухайн үед 69 дүгээр тойрог дээр шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан О  нь Л.Б , Д  гэж хоёр хүнтэй урамшууллын гэрээг байгуулсан байдаг. Д ын тайлбар дээрээс бид нар гэрээгээ бөглөсөн гэсэн үг харагдаж байна. Манай гүйцэтгэх баримт бичигт эх хувиараа байгаа материалд ч тэр Л.Б ийн гаргаж өгсөн шүүхэд гаргаж өгсөн материалд ч тэр урамшууллын болон зардлыг гэрээг тухайн үед байгуулж байсан хувийн хэрэгт нь авагдсаныг бид хуулбарлаж өгсөн. Түүн дээр бол яалтгүй 10 хувь гээд бичсэн байна лээ. Тухайн үед буюу Л.Б ийг О тай гэрээ байгуулахад би байгаагүй юм байна лээ. Намайг түр гарсан үед орж ирээд шийдвэр гүйцэтгэгчтэй гэрээгээ байгуулаад явсан гэж ойлгож байгаа. Шийдвэр гүйцэтгэгч нь ч гэрээгээ байгуулах эрхтэй учраас тухайн эрхийнхээ хүрээнд гэрээгээ байгууллаад явсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хувийг 0,5-10 хүртэл хувиар тогтоож болно гээд заачихсан. Энэ хуульд заасан үндэслэлээр төлбөр авагч тал нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хувийг 10 хувиар тогтоож болно гэсэн хуулийн заалтын хамгийн дээд талын хэмжээг нь заагаад өгчихсөн байсан. Төлбөр авагч тал нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 10 хүртэл хувиар гэрээгээ байгуулаад явж байсан практик зөндөө байдаг. Огт байхгүй юмыг бид аваагүй гэдгийг хэлмээр байна. Урамшууллын гэрээг байгуулаад гэрээний дээд доод тал, гарын үсэг зурах, он, сар, өдөр зэрэг урамшууллын гэрээг бөглөсөн гэж ойлгож байгаа. Л.Б ийн хувьд бид хувийг тавиагүй гэж байгаа. Яагаад тухайн үед өөрсдөө хуульч, эрх зүйч хүмүүс байж хувийг нь тавиагүй юм, ямар байдлаар гэрээг байгуулж байж гарын үсэг, тамга тэмдэгээ дарж хүчин төгөлдөр болох ёстойг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж бодож байгаа. Тухайн үед О тай тохирсон гээд байгаа боловч яг ямар байдлаар тохирсоныг би сонсоогүй болохоор мэдэхгүй байна. Надад материал оруулж өгөхөд хувь байхгүй байвал би шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхгүй учраас над дээр орж ирэхдээ ингээд байгуулсан гээд хувь тавьсан гэрээ л оруулж ирсэн. Түүнийг О  нөхөөд тавьсан гэж хэлэх үндэслэл байхгүй. Л.Б  болон Дуланжавын гарын үсэг, “ЖТЭЖ” ХХК-ийн тамга тэмдэг дарагдсан байдаг. Үүн дээр надад гомдоод, над руу дайраад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Өөрөө гэрээгээ байгуулсан, хариуцлагаа бүрэн ойлгосон хүн гэж бодож байна. “ЖТЭЖ” ХХК-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2013 оноос байгуулж 2013 оноос хойш гэрээгээр ажиллаж байгаа гэж Л.Б  ярьлаа. 2013 оноос хойш манайд өгсөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг харахад энэ маргаж байгаа асуудлаар манайд хандаж манай даргатай уулзаж байсныг бид мэднэ. Надтай уулзаж байсан гэдгийг би бүгдийг нь хүлээн зөвшөөрнө. Би энэ байгууллагад хорь гаруй жил ажиллаж байна. Тухайн үед Л.Б ийн гаргаж өгч байсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг харахад 2013 он биш, 2016 он гэж харагдаж байдаг. Шүүхийн шийдвэр нь 2015 онд гарсан байдаг. Тэгэхээр тухайн шүүхийн шийдвэр гарсанаас цаг хугацааны хувьд хойш энэ компанитай гэрээ байгуулсан гэж харагдаж байна. Гэтэл манайд өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь дээр Л.Б  нь “ЖТЭЖ” ХХК-тай ажиллах эрх зүйн туслалцааны гэрээн дээрээ ажилласан хөлсөө ингэж авна гэсэн тохиролцоо байгуулаагүй. 2016 он гэснийг 2014 он болгож засварласан, үйлчилгээний хувийг тэдэн хувиар төлнө гэснийг 6 хувь гээд гараар биччихсэн гэрээг манайд өгсөн байдаг юм байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулинд 10 хүртэл хувиар шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулж болно гэсэн зүйл заалт байсан учраас тухайн үедээ төлбөр авагч тал болох “ЖТЭЖ” ХХК-ийн захирал хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр 10 хувиар байгуулсан юм уу, эсхүл 4.5 хувиар байгуулдаг зүйлийг энэ хүмүүс яагаад 6 хувиар байгуулсан юм бэ гэдэг нь энэ хүний тайлбараас тодорхой харагдаж байна. 4.5 хувийг 6 хувь болгох эрх хэмжээ нь энэ хүнд байсан нь харагдаж байгаа учраас тухайн үед 10 хувиар шийдвэр гүйцэтгэгч О тай харилцан тохиролцож байгуулчихаад одоо 6 хувиар тохиролцсон байсан юм гээд ярьж байгааг үгүйсгэх аргагүй юм. О  гэдэг хүн ажлаасаа халагдаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. 2018 оны 09 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа. Шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид ямар ч хамааралгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь урамшууллаас авдаггүй. Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг тухайн шийдвэр гүйцэтгэгчид олгодог байсан. Энэ урамшуулалтай холбоотойгоор надад ямар ч эрх, ашгийн сонирхол байхгүй. Тухайн үед гэрээг би баталж, гүйцэтгэх хуудас материалыг үүсгэж бүртгэлд хамруулдаг тийм л нэмэлт эрх эдэлдэг байсан. Нэхэмжлэлийг харахад “ЖТЭЖ” ХХК-нд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ буюу хамтран ажиллах гэрээг 2013 онд байгуулсан гэж Л.Б  нь ярьсан. Манайд гаргаж өгсөн гэрээ нь 2016 он байсан. Сүүлд нь түүнийгээ 2013 он болгож зассан байсан. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг “ЖТЭЖ” ХХК-тай байгуулсан байгаа юм. Тэгэхээр энэ хүн нь “ЖТЭЖ” ХХК-иас ажлынхаа хөлсийг нэхэмжлэх нь зүйтэй юм болов уу гэж иргэн хүнийхээ хувьд бодоод байдаг юм. “ЖТЭЖ” ХХК нь ямар нэгэн байдлаар илүү хувь суутган авсан байна уу гэдгийг шүүх юм уу, өөр шалгадаг хуулийн байгууллагад нь хандаад шалгуулаад явах боломжтой гэж харж байна. Ямар нэгэн гаргалгаа байхгүй, мухардсан зүйл гэж бодохгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/204 дугаартай урамшууллын гэрээг байгуулаад, компанийхаа тамга тэмдэгийг дараад, хоёулаа гарын үсгээ зураад, утасныхаа дугаарыг бичээд явсан байна. Бөглөөгүй шалтгааныг нь бид тодорхой мэдэхгүй байна. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “ЖТЭЖ” ХХК-ийн албан тоот байсныг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Тухайн албан тоот буюу “ЖТЭЖ” ХХК-ийн Гэгээндалай гэдэг захирлын албан тоотод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гэрээг урьд тохиролцсоноор итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх Л.Б , нягтлан бодогч Д  нарын хийсэн гэрээгээр тооцож үйл ажиллагаа явуулж болно гэсний дагуу манайх ажиллагаагаа явуулсан. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар илүү суутган авсан 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1433 дугаар шүүгчийн захирамжаар “ЖТЭЖ” ХХК нь “ЧМ ” ХХК-иас 425 782 361 төгрөгийг авахаар тохиролцож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж шийдвэрлэсэн байна.

Уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бичигдэж мөн өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 0367 дугаар тогтоолыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргажээ.

Төлбөр төлөгчөөс 2015 оны 11 сард 60 000 000 төгрөг, 2016 оны 04 сард 45 000 000 төгрөг, 2016 оны 06 сард 320 797 361 төгрөгийг төлүүлж төлбөр авагч “ЖТЭЖ” ХХК-ийн дансанд шилжүүлэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хэргийн 45 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр авагч болон төлбөр төлөгч нар нь дээрх дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гомдол гаргаагүй боловч тухайн үед төлбөр авагч талыг итгэмжлэлээр төлөөлж оролцсон Л.Б  нь “иргэн Л.Б ийн хувиар нэхэмжлэл гаргасан, ...үндэслэлгүйгээр гэрээнээс илүү суутган авсан 25 000 000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг шүүх хүлээн авч шийдвэрлэх эсэх нь маргааны зүйл болж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ажиллагаа хугацааны хувьд 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа уг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхэд шүүх мөн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 21.2.-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэх ба төлбөр авагч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлжээ. Түүнчлэн хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө, хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичигтэй байна гэж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.6-д зохицуулжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллаагаанд оролцогч төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд нь хуулийн этгээдүүд тул төлбөр авагч “ЖТЭЖ” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/51 тоот бичгээр тус компанийн хуулийн зөвлөх Л.Б , нягтлан бодогч Б.Д  нарт “ЧМ -Мак-Нарийн сухайт” ХХК-тай холбогдсон төлбөр тооцоо болон шийдвэр гүйцэтгэлийн бүх үйл ажиллагаанд компанийг төлөөлөн оролцуулахаар 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгож шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан байх ба талууд энэ талаар маргаагүй.

Түүнчлэн уг итгэмжлэлийн үндсэн дээр төлбөр авагч талыг төлөөлж Л.Б , Б.Д  нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохдоо 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч С.О тай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 1/204 дугаар, зардал гаргуулах тухай 2/204 дугаар гэрээнүүдийг байгуулсныг ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Б  батласан байх ба талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй, харин шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээн дээр бичигдсэн 10 хувь гэдэгтэй нэхэмжлэгч маргаж байна.

Нэхэмжлэгч Л.Б  үүнийгээ “...шийдвэр гүйцэтгэх газрын дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нь тухайн өдөр ажил дээрээ байгаагүй тул шийдвэр гүйцэтгэгч О тай уулзаж бидэнд өгсөн гэрээний загвар дээр нягтлан бодогч Б.Д  бичилт хийж гарын үсгээ зурсан, ингэхдээ уг ажиллагааны урамшууллын зардлын хувь хэмжээг бичээгүй орхисон. Учир нь “тухайн үед дагаж мөрдөж байсан хууль, журмын дагуу 4,5 хувийн урамшуулал манай компани танайд өгөх юм байна гэвч уг шийдвэр гүйцэтгэлийг шуурхайлуулахын тулд 6 хувиар тохироё” гэж Б.Д  бид хоёрыг хэлэхэд шийдвэр гүйцэтгэгч О  “манай дарга шийдвэрлэнэ” гэсэн тул бид хоёр “дараа нь даргатай чинь ярьж байж 6 хувиар тохироё” гэж хэлээд үлдээсэн...” гэж тайлбарладаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б  “...би маргаан бүхий 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгч С.О , төлбөр авагч талыг төлөөлж Б.Д , Л.Б  нарын хооронд байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 1/204 дугаар, зардал гаргуулах тухай 2/204 дугаар гэрээнүүдийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хувиар баталж гарын үсэг зурсан, ингэхдээ уг гэрээнд хувь бичээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэдэггүй, гэрээг баталдаггүй учраас хувь тавьсан гэрээ оруулж ирсэн, ...нэхэмжлэгч 6 хувиар тохиролцож гэрээ байгуулсан гэх боловч үүнийг нотолсон баримт байхгүй” гэж тус тус мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтын үндэслэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна.”, 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна.”, 83.3-т “Энэ хуулийн 83.1, 83.2-т заасан урамшуулал олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж тус тус шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах талаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд “тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хууль зүйн сайдын урамшууллын хувь хэмжээг тогтоосон журмаар төлбөрийн үнийн дүнд 4.5 хувийн урамшуулал суутгахаар заасан боловч шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагч талууд харилцан тохиролцож тэрхүү журамд заасан хувь хэмжээг нэмэгдүүлэн өөрчилж болдог” гэж тайлбарлаж энэ талаар маргахгүй байна.

 Гагцхүү нэхэмжлэгч “...төлбөрийн үнийн дүнд 4.5 хувийн урамшуулал суутгахаар журамд заасан боловч бид 6 хувиар тохирсон” гэж мэтгэлцдэг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, хуульд заасан журмын дагуу явагдаж дууссан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Б  нь гүйцэтгэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал /төлбөр авагч/ бус байхаас гадна төлбөр авагч “ЖТЭЖ” ХХК-ийг төлөөлөх эрхийг хэрэгжүүлсэнтэй холбогдуулан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр /2014 оны 06 сарын 01, он засвартай/ авахаар тохирсон гэх цалин, хөлс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т итгэмжлэлд заах бүрэн эрхийн талаар зохицуулсан бөгөөд төлбөр авагч талаас Л.Б , Б.Д  нарт 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/51 тоот бичгээр олгосон итгэмжлэлд уг хуулийн 27.5.4-д заасан “төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрт заасан тодорхой эд хөрөнгө, бэлэн мөнгө авах” эрх олгогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч Л.Б ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байх ба түүний “...хэрэг шийдвэрлэгдэх үедээ улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар, мөн “өмгөөлөгч Ц.Раашзэвэгийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б ийн Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар илүү суутган авсан 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б эс улсын тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОТГОНСҮРЭН