Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00913

 

 

...................-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 143/ШШ2020/00192 дугаар шийдвэртэй,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 203/2020МА/00027 дугаар магадлалтай,

...................-ийн нэхэмжлэлтэй,

...................... -т холбогдох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар илүү суутгасан 17,031,294 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............., нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие “Ж Т Э Ж” ХХК-д хууль эрх зүйн зөвлөгөө тусламж үзүүлж ажиллаж байх явцад Өмнөговь аймгийн “Ч М-Н с” ХХК-аас байгууллага хоорондын төлбөр тооцоогоор авах төлбөрийн маргаантай 425,782,361 төгрөгийн асуудлыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож шийдвэрлүүлсэн. Гэтэл тус газрын шийдвэр гүйцэтгэгч ................-тай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гэрээ байгуулахдаа үндсэн төлбөрийн 6 хувь хүртэл суутган авч, төлбөр биелүүлэхээр тохиролцсон боловч Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль зөрчиж, хэтэрхий их мөнгө, өөрөөр хэлбэл, 42,782,000 төгрөгийг суутган авсан байна. Энэ тухай гомдлоо дээд байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандахад төвлөрсөн мөнгө хөрөнгөнөөс танд олгох боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Би Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай удаа дараа утсаар ярьж биечлэн очиж уулзсан боловч удахгүй таны мөнгийг өгнө гэж хуурсаар өдийг хүрлээ. Иймд Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал мэтээр үндэслэлгүйгээр гэрээнээс илүү суутган авсан 25,000,000 төгрөгийг надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчилсөн шаардлагад: Нэхэмжлэгч ................. би Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 25,000,000 төгрөгийг 17,031,294 төгрөг болгон багасгаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 243,107 төгрөг төлсөн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай төлбөр авагч “Ж Т Э Ж” ХХК-ийг төлөөлөн ирж хуулийн зөвлөх ......................., нягтлан бодогч .................... нар нь 2015.11.18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч .............-тай зардал гаргуулах тухай 1/204 дугаартай гэрээг төлбөр авагч хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл, хүсэлтийн дагуу тус тус байгуулсан. Урамшууллын гэрээг байгуулахдаа 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр 10 хүртэлх хувиар байгуулах талаар хуульчилсан байна. Урамшууллын гэрээг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу 10 хувиар гэрээг байгуулж 2 тал гарын үсэг зурж, төлбөр авагч хуулийн этгээдийн тамга, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэг тус тус дарж баталгаажуулсан байна. Хэрэв тухайн үедээ шийдвэр гүйцэтгэгчтэй 6 хувиар тохиролцож гэрээг байгуулсан бол үүнийг нотлох баримт байгаа эсэх нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт 6 хувиар тохиролцож байгуулсан гэрээ байхгүй, харин 10 хувиар тохиролцож байгуулсан гэрээ байсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Тийм учраас нэхэмжлэлийн энэ хэсэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...Мөн тус алба нь 2 талын харилцан тохиролцож байгуулсан урамшууллын гэрээний дагуу төлбөрийн үнийн дүнгийн 10 хувийг суутган авсан байна. Харин хууль зөрчиж гэрээнд заасан хувиас илүү их мөнгө суутгаж аваагүй байна. Төлбөр авагч “Ж Т  Э  Ж” ХХК-ийн захирал ................. нь тус албанд ирүүлсэн 2015.12.26-ны өдрийн 15/55 дугаартай албан бичигт Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гэрээг урьд тохиролцсоноор итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх ...................., нягтлан бодогч         ............................. нарын хийсэн гэрээгээр тооцож үйл ажиллагаа явуулж болно гэжээ. Төлбөр авагч “Ж Т Э Ж” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан өргөдөл гаргасан байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017.02.21-ний өдрийн 5/407 дугаар албан бичгээр “Ж Т Э Ж” ХХК-ийн өргөдөлд хариу өгөхдөө холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянаж ...хариуг өгсөн байна. Мөн иргэн ................... нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Ж Т Э Ж” ХХК-ийг төлөөлөн оролцсоны цалин, хөлсийг шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу суутгасан мөнгөнөөс авахыг хүссэн өргөдөл гаргасан байдаг ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017.05.02-ны өдрийн 5/847 дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т заасны дагуу 2015.11.18-ны өдөр төлбөрийн үнийн дүнгийн 10 хувиар урамшуулал тооцохоор гэрээ байгуулсныг үндэслэн суутгал хийсэн нь хуульд нийцжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийг та төлөөлөн оролцсон, эрхээ хэрэгжүүлсний улмаас “Ж Т Э Ж” ХХК-аас авах цалин, хөлсөө шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын мөнгөнөөс авахаар шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон талаарх өргөдөл үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулахаар гэрээ байгуулагдсан ба төлбөр авагчийг төлөөлөх эрх хэрэгжүүлсэнтэй холбоотой цалин, хөлсийг танд олгох шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Цалин, хөлс гаргуулах асуудлаа төлөөлүүлэх эрх олгож гэрээ байгуулсан “Ж Т Э Ж” ХХК-аас шаардаж, гэрээтэй холбоотой маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхийг танд зөвлөж байна гэсэн хариуг танд албан бичгээр өгч байжээ. Нэхэмжлэгч ........................ нь тус албатай удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзсан боловч удахгүй таны мөнгийг өгнө гэж хуурсаар өдийг хүрлээ гэсэн үг нь зарим талаараа үндэслэлгүй гэж үзэж байна. .................. нь тус албаны дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч, хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч нартай биечлэн уулзаж нэхэмжлэлд дурдсан асуудлаар тухайн үед гомдол гаргаж байсан нь үнэн бөгөөд чухам эдгээр хүмүүсээс хэн гэдэг ямар албан тушаалтан нь удахгүй таны мөнгийг өгнө гэж хэлсэн талаар хүний нэр, цаг хугацаа огт дурдаагүй байгаа нь өөрийнхөө санааг бусдад зөв зүйл мэтээр ойлгуулах гэсэн санааг гаргасан байна гэж үзэхэд хүргэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллыг хуулийн дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулж нийт 42,579,736 төгрөг суутган авч ШШГЕГ-т 14,902,907 төгрөг, Татварт 2,767,683 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчид 24,909,145 төгрөгийг тус тус холбогдох газар болон шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлэн олгож ажилласан. .................. нь “Ж Т Э Ж” ХХК-ийг төлөөлж “Ч М-Н с” ХХК-д холбогдох дээрх асуудлаар шүүхэд оролцох эрх олгогдоогүй этгээд байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 143/ШШ2020/00192 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ...................-ийн эхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...................-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,107 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 203/2020МА/00027 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 143/ШШ2020/00192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, урамшууллын гэрээнээс илүү суутгасан 17,031,294 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч ...................-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...................-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,107 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч .................. давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ...................-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга талийгаачийн гуйлтаар, энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлүүлж хохирлоо авч чадаагүйгээсээ энэ олон жил шат шатны шүүх нэхэмжлэлийг минь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж боддог. Харин Өмнөговь аймгийн шат шатны шүүх хариуцагч байгууллагатай нэг орон нутгийн гэдэг байдлаар хариуцагчид /ажилтантай/ давуу эрх олгон шударгаар хууль зүйн дагуу шийдвэрлэхгүйгээр, нэхэмжлэгчийн дутагдалтай нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэж “шүүх нотлох баримтыг зөв, эргэлзээгүй, үндэстэй, үнэлэх” зарчмыг хэрэглэхгүй байгаад гомдолтой. Нөгөө талаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн гаргасан магадлалын агуулгыг тайлбарлахдаа нэхэмжлэгчид компанийнхаа захирлаас нэхэмжлэл гаргах эрхээ аваад шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болох юм шиг тайлбарласан нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед хил гаалийн хорио цээрт орсон захирал ирээд эрх зөвшөөрөл өгдөг байж гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй гэнэ байх, энэ нь нэхэмжлэгч миний бие насныхаа 60-70 хувийг шүүх байгууллагын системд ажилласан, одоо өндөр насны тэтгэвэртээ байдаг хүний хувьд намайг дор үзэн дэндүү ялгавартай шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Харин ч хүний хохирсон эрх ашгийг сэргээн шийдвэрлэдэг байгууллагын хувьд харьяа аймгийнхаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч залуусын өөрт л хэрэггүй бол хуулийн дагуу ажиллагаа хийдэггүй, албан тушаал эрх мэдлээ урвуулан бусдад олгох үндэслэлгүйгээр авч үлдсэн нь хариуцагчийн хууль бус үйлдлийг дэмжсэн шийдвэр гарсанд гомдолтой байна. Хяналтын шатны шүүх хуралд хариуцагч байгууллагаас өөр төлөөлөгч оролцох үед нь өөрийн хэрхэн хохирсныгоо хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэн тайлбарлана. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өөрчлөлт оруулан миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү. Хяналтын гомдол хэлэлцэх шүүх хуралд нэхэмжлэгч намайг биечлэн оролцуулж, гомдлоо тайлбарлах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

   Анхан шатны шүүх нэхэмжлэгч ......................-ээс Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар илүү суутгасан 17,031,294 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг “нэхэмжлэгч нь урамшууллын гэрээний дагуу цалин, хөлсөө шаардах эрхгүй” гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “шүүхээс нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй ...................-ийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 “...нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч .................... нь шаардах эрхийнхээ үндэслэл болгож буй урамшууллын гэрээнд төлбөр авагч тал болох “Ж Т Э Ж” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан /иргэний хувиар биш/ байх боловч түүнд тус компанийг төлөөлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй, харин “Ж Т Э Ж” ХХК-ийн 2018.09.25-ны өдрийн 18 дугаартай хүсэлтээр шүүхэд төлөөлөх эрхийг ................-т олгосон, уг итгэмжлэлийн хугацаа нь хуульд зааснаар дуусгавар болсон, хэдийгээр “Ж Т Э Ж” ХХК-ийн захирлын гэх 2019.08.22-ны өдрийн 51 тоот итгэмжлэлээр нэхэмжлэгч .....................-д дээрх мөнгөний асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон баримт байх боловч, эрх олгосон .............. ................. нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, мөн энэ үндэслэлээр өмнө нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч хэргийг дахин шийдвэрлэх явцад энэ үндэслэл арилаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгч нь компанийг төлөөлөх бүрэн эрхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4. “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно., 62 дугаар зүйлийн 62.3. Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.” гэсэнтэй нийцсэн байна.

Иймд, нэхэмжлэгчийн “... “шүүх нотлох баримтыг зөв, эргэлзээгүй, үндэстэй, үнэлэх” зарчмыг хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид компанийнхаа захирлаас нэхэмжлэл гаргах эрхээ аваад шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болох юм шиг тайлбарласан нь хэрэгжих боломжгүй, миний бие насныхаа 60-70 хувийг шүүх байгууллагын системд ажилласан, одоо өндөр насны тэтгэвэртээ байдаг хүний хувьд намайг дор үзэн дэндүү ялгавартай шийдвэрлэж байгаад гомдолтой...” гэсэн утгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 203/2020МА/00027 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.ЗОЛЗАЯА

                              ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                      Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД