Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Т.Б

Нэхэмжлэгч: “ГБ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хугацааг сунгуулахыг хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоож, хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Л.И

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0031/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ГБ” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хугацааг сунгуулахыг хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоож, хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГБ” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хугацааг сунгуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоож, хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Т.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох” тухай тушаалыг хүчингүй болгох, хугацааг сунгуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоож, хугацааг сунгахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Учир нь анхны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаж буй тушаал хүчингүй болбол эрх ашиг, сонирхол сэргээгдэх юм гэсэн. Гэтэл шүүгч Г.У “2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/3873 дугаар албан бичгийг хэрхэн дүгнэж байна. Зохих журмын дагуу гардуулсан эсэх нь хууль зүйн факт” гээд гардуулсан эсэхийг тодруулахаар хурлыг хойшлуулсан. 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/3873 дугаар албан бичгийг зохих дүрэм журмын дагуу гардуулж өгөөгүй болох нь яамны албан бичиг хөтлөлтөөр нотлогдохгүй байгаагаас гадна бусад олон баримтаар нотлогдож байгаа юм. Үүнд: 2 жилийн хугацаанд газрын төлбөрийн нэхэмжлэл үүсэж, түүний дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлсөн төлбөрийн баримтууд, гадна газар дээр хашаа барих, тарвага нутагшуулах, зам тавих, А даалгавар батлуулах зэрэг ажил хийж хөрөнгө мөнгө зарцуулсан, хамгийн сүүлд газрын төлбөрт 11.000.000 төгрөг, Байгаль орчны хянан баталгаажуулалтад 2.000.000 төгрөг, нийт 474.029.000 төгрөгийн зардал гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Энэ бүх ажил хийх явцад Богдхан уулын  дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан тушаалтнууд хяналт тавьж байсан, хууль бус бол зогсоох байтал бодитоор ашиглуулж байсан. Иймд газар ашиглах эрх дуусгавар болсон бол мөн түүнтэй холбогдох харилцаа ч дууссан байх ёстой. Манай компанийн зүгээс дээр дурдсан албан тоотыг гардаж аваагүй, түүнчлэн бүтэн 2 жилийн дараа манай компанид мэдэгдэлгүй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр газар ашиглах эрхийг цуцлах саналыг яамандаа хүргүүлснээр нотлогдож байгаа /шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг 8/ тул Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө, мөн тус хуулийн 5.5 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно гэсний дагуу шийдэх байтал хэт нэг талыг барьсан, хууль буруу хэрэглэсэн, хамгийн гол нь бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.2. Сунгуулах хүсэлтийг гаргасан хугацааны үндэслэлийн талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргах боломжгүй байсан үндэслэлээ нийтийг хамарсан цар тахал буюу онцгой нөхцөл ба үүссэнтэй холбоотой гэдгийг нэхэмжлэлдээ дурдаж, холбогдох Засгийн газрын тогтоол болон бусад нотлох баримт гаргаж өгсөн. Түүнчлэн шүүх хурал дээр энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 4 дүгээр сард цахимаар хүсэлт авч эхлээгүй байсан гэдгийг зөвшөөрсөн, мөн тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан зэргээс үзэхэд хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаан нь нэхэмжлэгчийн хариуцлагагүй эс үйлдэхүй бус гэдэг нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 003 тоот албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлт дахин гаргасанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам албан ёсоор хариу өгсөн эсэхийг тус яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа мэдэхгүй, хугацаа сунгагдсан гэж албажуулж ажиллаж байхад хэт нэг талыг барьж шийдэж буйд гомдолтой байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1, 3.2-т хариуцагч газар ашиглах эрх 2021 онд дуусгавар болсныг бүртгэж 2023 онд маргаан бүхий тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж шүүх үзсэн нь шударга бус байна. Гэтэл захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа тасралтгүй, шуурхай байх зарчмаар явагддаг бус уу. Газар ашиглах эрх сунгуулах хүсэлтийн хариуг хүлээлгэж өгсөн талаар нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхээргүй байхад хүсэлтэд хариу өгсөн, шийдвэрлэсэн гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэдэгтэй зөрчилдөж байна.

3.4. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, яамны цахим хуудас дээрээ 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байршуулсан сонсох ажиллагааны мэдэгдэлд хавсралтад дурдсан аж ахуй нэгжүүд гэж заасан ч яг ямар аж ахуй нэгжүүдэд хандсан нь тодорхойгүй, хавсралтгүйгээр байршуулсан. Үүнийг бид яаж манай компанид хандсан гэж мэдэж хариу тайлбар гаргах байсан нь ойлгомжгүй байна. Гэтэл түүний дараа өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн огноотой 625 дугаартай мэдэгдлээ хавсралттайгаар гаргасан боловч түүнийгээ аж ахуй нэгжүүдэд хүргүүлээгүй, цахим хуудас дээрээ байршуулалгүй мөн л нуун дарагдуулж байгаад гэнэт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байгаа нь эргэлзээтэй, сонсох ажиллагааг журмын дагуу хийсэн гэж үзэх боломжгүй.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д “захиргааны үйл ажиллагаа нь хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байна” гэж заасан. Гэтэл захиргааны байгууллагын ойлгомжгүй, ил тод бус, иргэд рүүгээ чиглэсэн бус хариуцлагагүй байдлаас болж “ГБ” ХХК их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч үлдэх нь шударга бус явдал байна. Энэ талаар шүүх хурал дээр иргэдийн төлөөлөгч “...төр, иргэд хоорондын харилцаа хуульд нийцсэн, нээлттэй, ойлгомжтой байхаар шийдвэр гаргах нь чухал” талаар дурдаад нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэсэн.

3.6. Эцэст нь, шүүхийн шийдвэрийн 4.1-д “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч ... төрийн захиргааны төв байгууллага нь цаашид гаргасан шийдвэрээ иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хуульд заасан журмын дагуу мэдэгдэж ажиллавал зохино гэж дурдсан нь хариуцагч төрийн байгууллага хууль зөрчиж ажиллаж болохоор ойлгогдож байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0027 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

 

2.1. Нэхэмжлэгч “ГБ” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хугацааг сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад /хуучин нэрээр/ даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай зүгээс гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хоёр ч удаа гаргасан байхад сунгуулах хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, шуурхай, тасралтгүй үйл ажиллагаа явуулах зарчим баримтлаагүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн” гэж, хариуцагчаас эс зөвшөөрсөн үндэслэлээ “... нэхэмжлэгч хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй, хугацаа дууссанаас хойш 4 сарын дараа хүсэлт гаргасан байх боловч уг хүсэлтэд хавсаргасан баримтууд хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан, нэхэмжлэгч компанийн хүсэлтэд албан бичгээр хариу хүргүүлсэн” гэж тайлбарлан тус тус маргасан байна.

 

2.3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалаар “ГБ” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг “...хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй” гэсэн үндэслэлээр дуусгавар болгож шийдвэрлэжээ.

 

2.4. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах өргөдлийг хариуцагч хүлээн авч, газар ашиглах гурвалсан гэрээ дүгнүүлээгүй, чанарын улсын хянан баталгаа хийлгээгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байхгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж байна.

 

2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар “ГБ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2016/098 дугаар газар ашиглах гэрээ байгуулан, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2020/012 дугаар уг гурвалсан гэрээг шинэчлэн  байгуулсан, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2016/0102 тоот гэрчилгээ олгож, уг гэрчилгээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дууссан байна.

 

2.6. Улмаар нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/02 дугаар албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1112 дугаар албан бичгээр Байгаль, орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байх бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 003 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3873 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн хугацаа сунгах боломжгүй гэх хариуг өгчээ. Энэ талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд ирүүлсэн 01/1472 дугаартай албан бичигт “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3873 дугаартай хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай тус хуулийн этгээдэд мэдэгдэн материалыг эх хувиар буцаан өгсөн, ...уг албан бичгээс хойш “ГБ” ХХК-аас хамгаалалтын захиргаанд хандан хүсэлт ирүүлээгүй” гэсэн хариу ирүүлсэн байна. Шүүхээс уг нөхцөл байдлыг тодруулахаар 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч компанид холбогдох материалуудыг эх хувиар нь буцаан өгөхдөө гарын үсэг зуруулалгүй гардуулсан байсан, ...гэрчилгээний эх хувь нэхэмжлэгчид байгаа нь уг материалуудыг эх хувиар хүлээлгэж өгсөн гэдгийг нотолж байгаа” гэх зэргээр тайлбарлажээ.

 

2.7. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж, 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд 1/ “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан.

 

2.8. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/02, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 003 дугаартай албан бичгээр гаргасанд хариуцагч захиргааны байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3873 дугаар албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байхгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

2.9. Хэдийгээр нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх “ГБ” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг буцаасан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/3873 дугаар албан бичгийг аваагүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч тухайн газар ашиглах гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дууссан гэдгийг мэдсээр байж хариуцагчийн гэрээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй болон хууль бус татгалзлын талаар шүүхэд маргаагүй, маргасан үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн хугацаа дууссан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн байх тул хариу өгөөгүй эс үйлдэхгүйг тогтоож, хугацаа сунгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

2.10. Нэгэнт нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгосон газар ашиглах эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тус компанийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/382 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар мөн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

 

2.11. Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 тоот албан бичиг, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 тоот албан бичиг, уг албан бичгийн 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэл зэргээр тус тус тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан ...хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэлгүй, тайлбар санал гаргах боломж олголгүйгээр, сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэр гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Т.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

               Ерөнхий ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА