Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2019/01249

 

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2019/01249

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

  Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Заанхүү овогт Г А  /РД:... /-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: ... тоот хаягт байрлах М  ХК /РД:2.../-д холбогдох,

 

  Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт  хийлгэхийг  даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2018 оны 05 сарын 24-ний өдөрхүлээн авав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.А ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А  нь 2012 оны 5 сарын 16-ны өдрөөс М  ХК-д Агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 4-ний өдрөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Компани ажлаас халсан үндэслэлээ албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Ажлаас халах тушаалаа 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөр гаргасан боловч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Нэхэмжлэгч Г.А ын хувьд сургалтанд суугаагүй нь үнэн бөгөөд биеэ эмчлүүлэхээр өөрийн хувийн визээр БНСУ-ын Бусан хотруу явсан. Буцаж ирээд эмнэлэгт хэвтсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, энэ талаараа компанпаа мэдэгдсэн. Мөн Иргэний нисэхийн дүрмийн 121.611-т заасан ...агаарын хөлөгийн үйлчлэгчийн ур чадвар гэсэн хэсэгт заасан сүүлийн 12 сарын хугацаанд анхан болон давтан сургалтанд хамрагдсан байх шаардлага нь агаарын хөлгийн үйлчлэгчээр анх томилоход хамааралтай. Гэтэл бодит байдал дээр 2018 оны 3 сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн М  ХХК-ийн зүгээс нислэгт огт гаргадаггүй. Нислэгт очиж, байрлаж байхдаа шууд удирдлагууд нислэгт очиход нэхэмжлэгчийг өөр газарт хүмүүстээ уулзуулах зэрэг ажил үүрэгт байхгүй шаардлага тавьсан бөгөөд түүнийг зөвшөөрөөгүй учраас ажил хийлгэдэггүй байсан. Ажилдаа оръё гээд очихоор Чамайг авахгүй, чи өргөдлөө өг гэх байдлаар тайлбар хэлдэг. Гэхдээ 3 сарын 22-ны өдрөөс өмнө ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг байсан байдаг. Г.А ын цалин хөлс нислэгээс хамаарч илүү цаг янз бүр бодогддог учраас дундаж цалин хөлс тооцох журмаар цалингийн дундажаа тооцоод 3,4,5,6, сараас шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны цалинг тооцоход 48 034 184 төгрөг болж байна. Иймд Г.А ыг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинд нийт 48 034 184 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Мөн энэ хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд хариуцагч тал өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан ч юм шиг, аль эсвэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан юм шиг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/457 тоот тушаалаар Г.А ыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Агаарын хөлгийн үйлчлэгчээр түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд нислэгийн ачааллын үеийг даван туулах болон компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, мөн ажилтны өөрийн хүсэлтийг харгалзан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн гэрээг сунган ажиллаж байсан. М  ХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа гэрээт сургалтын төв /одоогоор БНСУ-н К  компанийн сургалтын төв/ авран хамгаалах сургалтанд хамрагдах сертификат авдаг бөгөөд сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрх болдог. М  ХК-ийн нийт агаарын хөлгийн үйлчлэгч нарын 2018 оны /сертификат авах/ давтан сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БНСУ-н К  компанийн сургалтын төвд зохион байгуулахаар хуваарь гарган төлөвлөж, К  компаниас урилга авсан байсан. Тус сургалтанд хамрагдахаар  Г.А  нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан бөгөөд сургалтанд хамрагдалгүй, хэлтэсдээ мэдэгдэлгүй хувийн журмаар БНСУ-ын Бусан хот руу зорчихдоо ашигласан байсан нь нотлогдсон. Г.А  нь хувийн визээрээ явсан гэж байгаа боловч албаны болон хувийн виз гэж байхгүй. Хэрэв энэ хүн визтэй байсан бол дахин виз авахаар нэрийг нь өгөх шаардлага байхгүй. Компаниас тогтоосон хуваарийн дагуу 2018 оны 2 сарын 7-ноос 10-ны хооронд сургалтанд хамрагдах ёстой байсан боловч энэ хугацаанд хамрагдах боломжгүй талаараа мэдэгдсэн байдаг бөгөөд 3 сарын 8-наас 11-ний хооронд хамрагдах талаар хойшлуулсан боловч сургалтанд суугаагүй. Нэгэнт 2018 оны холбогдох сургалтандаа хамрагдаагүй, ажиллах боломжгүй болсон тул бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Агаарын хөлгийн үйлчлэгч нь жил бүр уг сургалтанд хамрагдаж байж, цаашид ажиллах эрхээ авдаг, иймд энэ үүргээ биелүүлээгүй. Иймд Г.А ыг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуулинд нийцэж буй тул Г.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Г.А  хариуцагч М  ТӨХК-д холбогдуулан агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 48 134 186 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,/тодруулж/ ажилгүй хугацааны цалин хөлсийг 2018 оны 3 сараас шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл буюу нийт 14 сараар тооцож, 48 134 186 төгрөг гаргуулна гэж тайлбарласныг, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдөөгүй тул одоо танилцаад, шүүх хуралдааныг үргэжлүүлэх саналтай гэж тайлбарлав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Г.А  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан, миний бие сургалтанд хамрагдах хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, ямар нэгэн ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй бөгөөд сургалтанд суугаагүйн улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан компанийн дүрэм журам байхгүй, ноцтой  зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

             Хариуцагч М  ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа авран хамгаалах сургалтанд хамрагдаж сертификат авдаг бөгөөд сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрх болдог. Тус сургалтанд хамрагдахаар  Г.А  нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан бөгөөд сургалтанд хамрагдалгүй, хэлтэсдээ мэдэгдэлгүй хувийн журмаар БНСУ-ын Бусан хот руу албаны визээр зорчсон нь тогтоогддог. Нэхэмжлэгч 2018 оны холбогдох сургалтандаа хамрагдаагүй, ажиллах боломжгүй болж ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч Г.А  нь М  ХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр 2012 оны 5 сарын 16-ны өдөр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн 043/125 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, нийгмийн даатгалын №А0745742 тоот дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

         Харин М  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/357 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6 дахь хэсэг, Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг тус тус үндэслэн К  сургалтын төвд давтан сургалтанд хамруулах зорилгоор компаниас зохион байгуулж, нэгдсэн журмаар авсан БНСУ-ын визийг хувийн шугамаар БНСУ-ын Бусан хотруу зорчихдоо ашиглан, энэ талаар Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст мэдэгдээгүйн улмаас 2018 оны давтан сургалтанд хамрагдаагүй үндэслэл зааж, Г.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

 

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь ажилтан Г.Анхиулуунзултай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.4.12-т Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар компанийн үндсэн заавар тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлийг тохирсон байна./хх-ийн 24-28/

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс Г.А  нь М  ХК-иас зохион байгуулсан 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БНСУ-н К  компанийн сургалтын төвд нийт агаарын хөлгийн үйлчлэгч нарт сертификат олгох давтан сургалтанд оролцоогүй болох нь тогтоогдож байна.

 

М  ХК-иас дээрх давтан сургалтанд хамрагдах ажилтнуудад урт хугацааны олон удаагийн визийг богино хугацаанд олгуулах тухай хүсэлтийг 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 01/465 дугаар албан бичгээр БНСУ-аас МУ-ын Улаанбаатар хотод суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст хүргүүлж, уг тоотын хавсралт №1-ийн 69. Гүн-Үйлс А  гэсэн нэр орсон байх ба тус сургалтын 2018 оны 2 дугаар сарын 7-10 хугацаанд ... сургалтанд хамрагдах ажилтнуудын нэрсийн жагсаалтын 3. Гүн-Үйлс А  гэж бичигдсэн байх ба эдгээр баримтууд хэрэгт авагдсан байна./хх-ийн 130-136/

Харин нэхэмжлэгч Г.А  нь ...сургалтанд суугаагүй нь үнэн бөгөөд биеэ эмчлүүлэхээр өөрийн хувийн визээр БНСУ-ын Бусан хотруу явсан. Буцаж ирээд эмнэлэгт хэвтсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Мөн Иргэний нисэхийн дүрмийн 121.611-т заасан ...агаарын хөлөгийн үйлчлэгчийн ур чадвар гэсэн хэсэгт заасан сүүлийн 12 сарын хугацаанд анхан болон давтан сургалтанд хамрагдсан байх шаардлага нь агаарын хөлгийн үйлчлэгчээр анх томилоход хамааралтай гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй байна.

 

М  ХК-ийн Нисэхийн сургалтын байгууллагын зааврын 5.3.2-т Агаарын хөлгийн үйлчлэгч /АХҮ/-ийн давтан сургалтыг Нисэхийн сургалтын байгууллагын зааврын сургалтын хөтөлбөрийн дагуу жил бүр компанийн сургалтын төв болон гэрээт сургалтын төвд зохион байгуулах бөгөөд бүх АХҮ нарыг хамруулна. АХҮ-н давтан сургалт нь хуанлийн 12 сар тутам зохион байгуулагдсан байна. ... гэж, Иргэний нисэхийн дүрэм-121 /ИНД/-ийн 121.611-т агаарын хөлгийн үйлчлэгчийн ур чадвар а/ Гэрчилгээ эзэмшигч нь сүүлийн 12 сарын хугацаанд дараах чиглэлээр анхан болон давтан сургалтанд хамрагдаж, шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшин ИНЕГ-аас гэрчилгээ авсан этгээдийг агаарын хөлөгийн үйлчлэгчээр томилно гэж тус тус заажээ.

Дээрх заавар, журамд заасны дагуу агаарын хөлөгийн үйлчлэгч нь хуанлийн 12 сар тутамд ажил олгогч М  ХК-иас зохион байгуулдаг агаарын хөлгийн үйлчлэгчийн давтан сургалтанд хамрагдсан байх үүрэгтэй байх ба энэ нь тухайн ажлын байранд ажиллах үндсэн шалгуур болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.А ыг дээрх үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Г.А  нь хэрэгт авагдсан баримтуудаар Б/357 тоот ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг үгүйсгэж чадаагүйн дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд Б/357 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүй нь тушаалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд харин тушаалд заасан ажилтан Г.А ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь түүний гаргасан зөрчилтэй нийцсэн байна гэж шүүх дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч Г.А  нь 2018 оны 05 сарын 04-ний өдрийн Б/357 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2018 оны 05 сарын 24-ний өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргасныг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Гранд мед эмнэлгийн магадлагаа нь хэзээ олгосон сар өдөр тодорхойгүй, түүнчлэн Ерөнхий эмч гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа зэрэг нь ЭМС-ын Эмнэлгийн магадлагаа олгох журамд нийцээгүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхээргүй байх тул үнэлээгүй болно.

Түүнчлэн зохигч талуудын тайлбаруудад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн гэх зүйлүүдээр тайлбар гаргасан нь М  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 04-ний өдрийн Б/357 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлд хамаарахгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  Г.А ын М  ХК-ийн агаарын хөлгийн  үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ