Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0957/З |
Дугаар | 181 |
Огноо | 2017-05-22 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 181
Ё.Пүрэвдамбын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Х.Үржинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан хийж, Ё.Пүрэвдамбын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0205 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүүгийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ё.Пүрэвдамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ё.Пүрэвдамбыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ё.Пүрэвдамбыг ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 6,161,956 /зургаан сая нэг зуун жаран нэгэн мянга есөн зуун тавин зургаан/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж, тэтгэмжид авсан 5,373,462 төгрөгийн хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0205 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбад 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ТЗ-9 зэрэглэлийн албан тушаалын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож, уг олговроос түүнд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5,373,462 төгрөгийг хасаж олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үржинсүрэн, Т.Наранцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Тус магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Ё.Пүрэвдамбад 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны ТЗ-9 зэрэглэлийн албан тушаалын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож, уг олговроос түүнд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5.373.462 төгрөгийг хасаж олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай” гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-т Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгжийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаалын дагуу бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагдсан. Иймд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Дээрх бүтцийн хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан. Тус бүтэц, зохион байгуулалтаар газар нь хэлтсийн зохион байгуулалтаар ажиллах болсон тул газрын даргын орон тоо хасагдсан. Ё.Пүрэвдамбыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан эрхийг нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангаж, ажлын байр хасагдсан талаар урьдчилан мэдэгдэж, өөр ажлын байранд ажиллах эсэх тухай санал солилцсон. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5.373.462 төгрөгийг олгосон.
Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангагдах, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор заасан.
Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “... мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.
Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1-15.1.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нь төрийн байгууллагын газар гэсэн бүтцийн нэгж нь хэлтэс гэсэн нэгж болж өөрчлөгдсөнөөс газрын даргын албан тушаал байхгүй гэсэн шалтгаан дурдаж Ё.Пүрэвдамбыг тухайн байгууллагад ажилд томилоогүй нь түүнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан бусад тохиолдолд төрийн албанаас халахгүй байх” баталгаа, 27.2.3-т заасан үргэлжлүүлэн ажиллах” эрхийг тус тус зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.” гэж дүгнэн Ё.Пүрэвдамбыг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь эрх зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.
Ё.Пүрэвдамба нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байхдаа төрийн захиргааны албаны ТЗ-10-5 ангиллаар цалинжиж байсан ба хууль зүй, дотоод хэргийн сайдын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгжийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар ТЗ-10 ангиллын газрын даргын орон тоо, цалингийн сан хасагдсан байхад давж заалдах шатны шүүхээс хэлтсийн даргын ТЗ-9 ангиллын цалингаар тооцож ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзсэн нь мөн үндэслэлгүй байна. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0205 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсаны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэж заасан. Уг тогтоолыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг баталсан байна.
Хуучнаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсноор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөний дотор тус газрын даргаар ажиллаж байсан Ё.Пүрэвдамба орж мөн чөлөөлөгджээ.
Энэхүү маргаан бүхий Б/36 дугаар тушаал нь дээрх, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалуудыг үндэслэж гарсан, уг тушаалаар хуучин Улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц, орон тоонд ажиллаж байсан захиргааны нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Иймд дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.3.5-д хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, ...”, 8.4-д “...бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасныг зөрчөөгүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар шүүхүүд зөв дүгнэлт хийж, уг тушаалын Ё.Пүрэвдамбад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Харин, мөн даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц батлах тухай Б/37 дугаар тушаалаар аймгийн улсын бүртгэлийн бүтцийн тогтолцоог аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс байхаар тогтоосны гадна Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нийт орон тоог 35, хэлтсийн даргын орон тоо 1 байхаар баталсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр хадгалагдан үлдсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан ч тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг хуульчилжээ.
Гэтэл шинээр зохион байгуулагдсан аймгийн хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг нь нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын урьд эрхэлж байсан бүртгэлийн газрын даргын ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдөөгүй байхад түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож шийдвэрлэсэн, мөн уг албан тушаалд тус байгууллагад ажиллаж байгаагүй Ц.Мөнхжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.
Ийнхүү нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын эрхэлж байсан ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байтал үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захиргааны шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэн, түүнийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдэл зөв болжээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахдаа шинээр бий болсон хэлтсийн даргын цалингийн ТЗ-9 зэрэглэлээр тооцож гаргуулах байтал өмнө нь эрхэлж байсан албан тушаалын цалингийн зэрэглэлээр тооцсон гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэстэй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Бүтэц, зохион байгуулалтаар газар нь хэлтсийн зохион байгуулалтаар ажиллах болсон тул газрын даргын орон тоо хасагдсан, хуульд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг олгосон. ...анхан шатны шүүх Ё.Пүрэвдамбыг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д зааснаар үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь эрх зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0205 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА