| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 119/2024/0044/З |
| Дугаар | 221/МА2025/0125 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0125
| 2025 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2025/0125 | Улаанбаатар хот |
А.А***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д***,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч А.А***,
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга,
Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын А.А***ын эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу А.А***т 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 119/ШШ2025/0002 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч А.А***,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д***,
хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О***,
хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д***, Б.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е***,
Хэргийн индекс: 119/2024/0044/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А***аас шүүхэд хандан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын А.А***ын эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу А.А***т 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах”-аар маргасан.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 119/ШШ2025/0002 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч А.А***ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн А.А*** миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
Нэхэмжлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу бүртгэж, хүсэлт гаргагчид хариу өгсөн эсэхийг тогтоохтой холбоотой нотлох баримт хэрэгт огт авагдаагүй,
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-т тухайн эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй,
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5, 3.6-д тус тус бичигдсэн Газрын тухай хуулийн заалтууд нь зөвхөн А.А***т үйлчилж, ижилхэн газарт нэг дор байрлалтай, адил нөхцөл байдалтай хөрш залгаа газар эзэмшигч 2 иргэнд хамаарахгүй байгаа нь шударга бус,
Шийдвэрт нэхэмжлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийг зохих ёсоор бүртгэж баталгаажуулаагүй, түүнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй олгоогүй зэрэг хариуцагчийн үйлдлийг зөвтгөх нотлох баримт, хууль зүйн үндэслэлийг бүрэн бичиж дүгнээгүй,
Адил нөхцөл байдалтай газрын асуудлыг Газрын албаныхан өөр, өөрөөр шийдвэрлэж, төрийн албан тушаалтнууд нэхэмжлэгчид шударга бус хандсан байх бөгөөд хууль хүн бүрт адил тэгш үйлчлэхгүй байгаа шударга бус үйлдлийг шүүхийн шийдвэрээр засаж залруулах бүрэн боломжтой атал шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна,
Маргааны үндэслэл болох нэхэмжлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлттэй холбогдуулан бичиг баримтыг үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан ч шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 119/ШШ2025/0002 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” хэмээн тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
4. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын А.А***ын эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан, “шаардагдах захиргааны акт буюу А.А***т 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах” шаардлагаа Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан.
Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн аль төрөлд хамаарах, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “эс үйлдэхүй”-тэй холбогдуулан маргахдаа “даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “... Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах” шаардлагын урьдач нөхцөл болох сумын Засаг даргын “эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр” нь юу болох зэрэг асуудлыг бүрэн гүйцэд тодруулаагүй.
Мөн нэхэмжлэгч А.А***аас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “...2016 онд цагаан гэрчилгээгээр газар эзэмшиж эхэлсэн” гэх, хариуцагч захиргааны байгууллагад хандан “удаа дараа хүсэлт гаргасан” гэх, “хил залгаа нэг байршилд газар эзэмшиж буй хөрш 2 иргэнд нь газар эзэмших эрх олгочихоод өөрт нь олгохгүй байгаа нь шударга бус, тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна” гэх агуулгаар маргаж байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах үйл баримтыг тодруулалгүй, холбогдох баримт цуглуулалгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцэхгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдол үндэслэлтэй байна.
6. Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 119/ШШ2025/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА