Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 630

 

 

З.Т, Ч.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00056 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Т, Ч.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ИНЕГ-т холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25 397 239 төгрөг, урамшуулалд 500 000 төгрөг, нийт 25 897 239 төгрөг гаргуулан З.Т-д, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27 237 130 төгрөг, урамшуулалд 500 000 төгрөг, нийт 27 737 130 төгрөг гаргуулан Ч.М-д тус тус олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч З.Т,

Нэхэмжлэгч Ч.Мөнхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Д.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Иргэний нисэхийн Академийг “Эрх зүйч” мэргэжлээр төгсөн ИНЕГ-т тасралтгүй 17 жил ажилласан. Би нам бус, 2014 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн ба ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй, өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн ажиллаж байсан. 2014-2015 онд Зам, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс буюу иргэний нисэхийн салбар хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаад Засгийн газар шинэчлэн байгуулагдахад шахалтаар ажлаа өгч, ИНЕГ-т Хууль, эрх зүйн газрын даргаар томилогдон ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байтал сонгуулийн үр дүнд шинээр Засгийн газар байгуулагдан мөн л дарга өөрчлөгдөн томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч тухайн бүтцийн өөрчлөлт нь зөвхөн хэлбэрийн төдий бүтцийн нэгжүүдийн нэрийг өөрчилсөн бөгөөд хууль тогтоомжоор тус газрын чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, бидний хариуцсан ажил үүрэг хэвээр байгаа юм. Хууль эрх зүйн газар нь ИНЕГ-ын удирдлагад хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн чиг үүрэгтэй ба би энэхүү арга хэмжээнүүдийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байсан. Дээр дурдсан сайдын тушаалаар бүтцийг шинэчлэн батлахдаа Хууль, эрх зүйн газрыг үгүй болгосон боловч хууль эрх зүйн асуудал, хяналт-шинжилгээ хийх чиг үүрэг нь Захиргаа удирдлагын газарт шилжин харин дотоод аудитын чиг үүргийг хариуцсан бие даасан алба бий болгосон. Миний бие ИНЕГ-т дотоод аудитын ажлыг удирдан зохион байгуулах хугацаандаа энэ чиглэлээр аливаа зөрчил дутагдалгүй хэвийн ажиллаж, энэ чиглэлээр өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн холбогдох сургалтад хамрагдан ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг ханган ажиллаж байсан. Гэтэл миний эрхэлж байсан ажлыг хэдэн хэсэгт хуваан зарим чиг үүргийг тусад нь гарган тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй өөрийнхөө найзыг томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Дотоод аудитын алба нь хэд хэдэн хууль тогтоомжийг хэрэгжүүлж энэхүү ажлыг бий болгох ёстой байсан. Гэвч дараах хууль дүрмийг зөрчсөн гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар аудитын албыг зөвхөн сайдын хэмжээнд яамны бүтэц байгуулах байтал агентлаг нь албыг өөрчлөн зохион байгуулсан. Монгол Улсын хэмжээнд 438 дугаар тушаалаар баталсан Дотоод аудитын дүрмийн 4.3, 4.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Миний хувьд хууль зүйн магистр зэрэгтэй мэргэшсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн яамнаас зохион байгуулдаг мэргэшсэн аудитын сургалтад хамрагдсан. ИНЕГ-ын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслээгүй, мөн хуулийн 40.5, 42.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хууль бус тушаал болно. Биднийг гарсны дараа Захиргааны удирдлагын газарт шилжүүлсэн тушаалыг нөхөж хийсэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Бүтэц зохион байгуулалтын талаар авч хэлэлцүүлэх арга хэмжээний тухай тушаал гаргаад 2016 оны А/728 дугаарын тушаалын 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтөөр ажилтны тоог цөөрүүлсэн орон тоо хасагдсан нэр бүхий ажилтнуудыг захиргаа удирдлагын газрын мэдэлд түр хугацаагаар шилжүүлэх тушаал гаргасан. 6 хүний энэ тушаалыг нөхөж гаргасан. Тухай үед огт ажлын байраар хангах талаар тэрхүү тушаал гараагүй байсан, бидэнд нөхөж мэдэгдэх хуудас өгсөн. 2016 оны А/728 тоот тушаалаар ИНЕГ-ын орон тоог шинэчлэн баталсан. А/174 тушаалын доод талд дугаарлагч байдаг энэ нь 081992 гэсэн байхад сүүлд дахин энэ тушаалыг 081994 гэж нөхөж гаргажээ. ИНЕГ-ын зүгээс нарийн мэргэжилтнүүдийг хоморголон халаад хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар тухайн бүтцийн ерөнхий зохион байгуулалтын дагуу ИНЕГ-ын энэхүү чиг үүрэгт үндэслэлээ баталсан журмын дагуу Зам, тээврийн сайд бүтцийн өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэтэл батлагдаагүй бүтцийн дагуу өөрчлөлт ороогүй байхад орон тоог батлаад байгаа нь үндэслэлгүй. 2016-07-27-ны 04 тоот тогтоолоор 106 орон тоотойгоор баталсан. ИНЕГ нь өмнө энэ орон тоотой батлагдсан байсан одоо ч энэ орон тоо хэвээрээ байна. ИНЕГ-т бүтцийн өөрчлөлт хийгдээгүй намын буюу улс төрийн зорилгоор хэлбэрийн төдий нэр өөрчилсөн дотроо солио хийсэн асуудал гарсан тул ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 27 706 079 төгрөг, урамшуулалд 500 000 төгрөг, нийт 28 206 079 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Миний бие 1988 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын нисэхийн дунд сургуулийг агаарын тээвэр зохион байгуулалт мэргэжлээр, 1998 онд Иргэний нисэхийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн, “МИАТ” ХК, “Чингис хаан” ОУНБ, ИНЕГ, 2004 оноос Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас эхлэн иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 11 жил, иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ нийт 22 жил ажилласан. Би нам бус, 2005 оны 6 сард төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Зам, тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газарт иргэний нисэхийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллахдаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 7 сард Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, ИНЕГ-ын дарга өөрчлөгдөн томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 70 дугаар тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулснаар Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргын орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, нэр нь Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс болгон өөрчилсөн. Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын нэг хэсэг болох агаарын харилцаа, агаарын тээврийн үйл ажиллагааны зохицуулалтыг нэгжийн нэр болгон өөрчилсөн ч агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын өргөн хүрээний үйл ажиллагаа болох агаарын харилцаа, агаарын тээвэрлэлтийн зах зээлийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт, зах зээлийн судалгаа, статистикийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа хэвээр, гадаад хамтын ажиллагаа, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан хэвээр байгаа. Миний эрхэлж байсан ажлын чиг үүрэг, газрын 11 орон тоо хэвээр хадгалагдаж, 10 мэргэжилтэн нь тус тусын ажлаа чиг үүргийн дагуу хийсээр байтал тухайн албан тушаалд өөр хүн томилсон нь Үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. ИНЕГ-ын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалт үндэслээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хууль бус тушаал юм. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 29 605 575 төгрөг, урамшуулалд 500 000 төгрөг, нийт 30 105 575 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИНЕГ бол Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нөгөө талаар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэсэн 2 статустай, нарийвчилсан зохицуулалтаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль үйлчилдэг тул энэ хуулийг үндэслээд Б/174 дүгээр тушаал гарсан. Зам тээврийн хөгжлийн яамны сайд нь Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчилж баталсан. Энэ бүтцээр Хууль эрх зүйн газар байхгүй болсон, Агаарын бодлого, зохицуулалтын хэлтэс өөрчлөгдсөн. Энэ тушаалыг үндэслэн бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 тоот тушаалаар агентлагийн орон тоо шинэчлэн батлагдаж, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаар зохион байгуулалтын арга хэмжээ авах буюу бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан ажилтнуудад ажлын байр санал болгохыг А/729 тоот тушаалаар Захиргаа, удирдлагын газарт даалгасан тушаал хүчин төгөлдөр байгаа. Үүнийг хүчин төгөлдөр бус, хууль бус гэж тогтоогоогүй учраас газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хүчин төгөлдөр акт юм. А/729 тоот тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга орон тоо хасагдсан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан арга хэмжээ авахаар уулзалт хийх санал тавьсан ч нэхэмжлэгч нар хүлээж аваагүй Захиргаа, удирдлагын газрын даргатай уулзахаас татгалзсан. Нэгэнт албан тушаал нь байхгүй болсон, өөр ажил санал болгох хүсэлтийг хүлээж аваагүй учраас нэхэмжлэгч З.Туяад 1 сарын өмнө мэдэгдэх хуудсаа албан ёсоор гардуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Б/174 тоот тушаал нь бүх ажилтнуудаа чөлөөлөөд буцаагаад томилсон. Энэ тушаалд ороогүй хүмүүс захиргааны мэдэлд үлдсэн буюу өөр ажил санал болгохоор үлдсэн хүмүүс юм. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нарт хуучин эрхэлж байсан ажлынхаа цалинг авч өөр ажил санал болгохоор үлдээсэн. Б/235 тоот тушаалаар Ч.М-д 12 000 000 төгрөг, З.Т-д 12 040. 000 төгрөг олгогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг ч ажилгүй хугацааны байсан мөнгөө 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс нэхэмжлээгүй, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжилж байгаа нь ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын цалин бүтэн, 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх цалин, 6 сарын ажилгүй байсан хугацааны тэтгэмжээ авсан, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө нэхэмжилж байгаа агуулгатайгаа зөрчилдөж байна. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ч.М-д шуудангаар мэдэгдэх хуудас гардуулж Ч.М-н хувьд адил Сургалтын төвд ажиллах өөр ажил санал болгосон ч хүлээн зөвшөөрөөгүй, З.Т дарга хүлээн авч Чингис Хаан Олон Улсын нисэх буудлын Хууль эрх зүйн газрын даргад ажиллахыг санал болгосон тухай албан ёсоор тодруулга өгч, хэлж байсан. Олон жил ажилласныг нь үгүйсгэхгүй, иргэний нисэхийн салбарт олон жил ажилласан тул түр чөлөөлсөн хугацаанд тохиролцоонд хүрээгүй учраас хуулийн дагуу мэдэгдэх хуудас өгч гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар ИНЕГ-т холбогдох, З.Т, Д.М нарын ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, З.Т-ийн Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 27 706 079 төгрөг, урамшуулалд 500 000 төгрөг, нийт 28 206 079 төгрөг гаргуулах, Д.М-ийн Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 29 605 575 төгрөг, урамшуулалд 500 000 төгрөг, нийт 30 105 575 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж,

Нэхэмжлэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тушаалын хувьд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүй дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч З.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний А/728 дугаар тушаалаар тус тус орон тоог шинэчлэн баталсан ба уг тушаалд зөвхөн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч албан тушаалын зорилго, үндсэн үүрэг, үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд, ажлын хүрээнд шийдвэр гаргах эрх мэдэл, албан тушаалд тавигдах шаардлага, ажлын үүргийн биелэлт, үр дүнг үнэлэх үзүүлэлт зэрэг нь адил бөгөөд албан тушаалын нэршлээс өөр зөрүүгүй бүтэц байна гэдгийг давж заалдах шатны шүүхийн 1304 дугаар магадлад зөв дүгнэсэн байна. Гэтэл тогтоолд дүгнэхдээ ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд байхгүй, зурагдаагүй тул….гэж байгууллагаас гаргасан эрх зүйн актыг бүтцэд байхгүй, бүтэц зурагдаагүй мэтээр буруу дүгнэн дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасныг анхан шатны шүүх дахин хэлэлцээд шийдвэр гаргахдаа ИНЕГ-ын захирлын Б/174 дугаар тушаалыг хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал биш мэтээр нийт ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гэж дүгнээд, хөдөлмөрийн гэрээний гол зорилт нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зориулалттай гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтээ үгүйсгэн дээрх ажлаас ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй гэж хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэв дээрх ажлаас чөлөөлсөн тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, уг тушаалаар ажлаас чөлөөлөгдөөгүй бол нэхэмжлэгч нар ИНЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаал гарах хүртэл хаана, ямар байгууллагад хамаарч, ямар ажил үүрэг хэрэгжүүлж байсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалуудыг хуулийн хүчин төгөлдөр байна, харин ажил олгогчийн санаачилгаар Б/174 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг бүтэц зохион байгуулалтын хүрээнд нийт ажилчдыг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж 2 өөрөөр хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэж нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талыг барьж хуулийг буруугаар тайлбарлаж төөрөгдөлд оруулсан шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч Ц.О-г нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Шүүх Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 70 дугаар тушаалаар баталсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/728 дугаар тушаалаар баталсан ИНЕГ-ын Төв аппаратын орон тоо, Дотоод, аудитын албаны дарга, Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоор ажилтны тоо цөөрүүлээгүй, орон тоо хасаагүй, гагцхүү нэхэмжлэгч нарын ажиллаж байсан нэгжийн нэр болон ажлын байрны нэр өөрчлөгдсөнөөс бус ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй нь нотлогдсоор атал "ажилтны тоог цөөрүүлсэн, орон тоо хасагдсан" гэх нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийсэн. Мөн шүүх нэхэмжлэгч нарын ИНЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалыг "энэ тушаалыг Б/174 дүгээр тушаалыг зөвтгөх зорилгоор хожим нөхөж гаргасан, тушаалыг хүлээлгэж өгөөгүй тул үндэслэлгүй" хэмээн тайлбарлан маргасан байтал "...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ИНЕГ-ын даргын Б/174 дугээр тушаал гэж тодорхойлж байна..." гэх нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийсэн.

Шүүх дээрх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, хэт нэг талыг баримтлан үнэлсний улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заалтыг дараах байдлаар илтэд буруу тайлбарлан хэрэглэж, ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалууд хуулийн хүчин төгөлдөр байна гэх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/174 дүгээр тушаалыг хуулийн хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг удирдлага болголгүйгээр "үүрэгт ажлаас нь чөлөөлсөн", ажлаас чөлөөлөхдөө "ажилтанд мэдэгдэх" хуулийн шаардлагыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох хууль зүйн үндэслэлийг тодорхой заан хуульчилсан байтал эдгээр үндэслэлийн алийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй нь тодорхойгүйгээр Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй "ажлаас чөлөөлөх" гэх тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх ИНЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/235, Б/236 дугаар тушаалыг хуулийн хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн нь хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийн заалтаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан боловч ИНЕГ-ын "Хууль эрх зүйн газар" гэх нэгжийн нэр "Дотоод аудитын алба" гэх, ИНЕГ-ын "Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газар" гэх нэгжийн нэр "Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтэс" гэх нэршилтэй болж, "Хууль эрх зүйн газрын дарга" гэх ажлын байр "Дотоод аудитын албаны дарга" гэх, "Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга" гэх ажлын байр "Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн дарга" гэх нэршилтэй болсон хэдий ч Хууль эрх зүйн газрын дарга болон Дотоод аудитын албаны даргын, мөн Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга болон Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг тус тус хэвээрээ буюу өөрчлөгдөөгүй байгаа нь дурдсан ажлын байруудын тодорхойлолт, ИНЕГ-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/175 дугаар тушаал 1Б/174 дүгээр тушаалаар 95 хүнийг чөлөөлж, Б/175 дугаар тушаалаар 94 хүнийг ажилд томилсон ба 4 өдрийн дараа 1 хүн нэмж ажилд авсан. ИНЕГ-ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/728 дугаар, Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 38 дугаар тушаалаар батлагдсан ИНЕГ-ын Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 3.3.4, 3.3.6 дахь хэсгийн заалтаар тус тус нотлогдож байгаа тул "орон тоо хасагдсан" гэх хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй атал тус үүргээ үл хэрэгжүүлсэн төдийгүй Б/235, Б/236 дугаар тушаалыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Ийнхүү шүүх хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийг илтэд зөрчиж гаргасан тушаалыг үндэслэлтэй хэмээн дүгнэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй, нэг талыг хэт баримталсан шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч З.Т, Ч.М нар нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25 397 239 төгрөг, урамшуулалд 500 000 төгрөг, нийт 25 897 239 төгрөг гаргуулан З.Т-д, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 27 237 130 төгрөг, урамшуулалд 500 000 төгрөг, нийт 27 737 130 төгрөг гаргуулан Ч.М-д тус тус олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч байгууллагын Хууль, эрх зүйн газар, Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын нэршил нь өөрчлөгдсөн боловч тухайн хоёр нэгжийн доторх чиг үүрэг нь хэвээр байгаа тохиолдолд тухайн хоёр нэгжийг удирдаж байгаа даргын албан тушаал хасагдсан гэж үзэх, эсхүл тухайн хоёр нэгжийн чиг үүргүүдийг өөр өөр нэгжүүдэд хувааж тусдаа шинээр нэгжүүд байгуулагдсан тохиолдолд удирдах албан тушаал болон тухайн ажлын байр нь шилжсэн гэж үзэх өөр асуудал юм. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарын ажиллаж байсан ажлын байр хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэх нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч З.Т-ийн даргаар нь ажиллаж байсан Хууль, эрх зүйн газар, Ч.М-ийн даргаар нь ажиллаж байсан Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын зохион байгуулалтын бүтцэд байгаа нэгжийн чиг үүргийг тодорхойлсон орон тооны бүтцийг баталсан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны А/593 дугаар тушаал хэрэгт баримтаар авагдаагүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Мөн хариуцагч байгууллагын бүтцийг шинээр батлахаас өмнө Иргэний нисэхийн ерөнхий газар нь нийт хэдэн орон тоотой байсан талаар баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд шинээр бий болсон бүтэцтэй харьцуулан дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчжээ.

 

Дээрх үндэслэлээр хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ