| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2022/0055/З |
| Дугаар | 221/МА2025/0098 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2025/0098
“НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж
Нэхэмжлэгч: “НТ” ХХК
Хариуцагч: БОАЖС
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 823 дугаар,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2022/0055/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 823 дугаар шийдвэрээр:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “НТ” ХХК-аас гаргасан Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дүгээр “ЭЭМ” ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. Утга агуулгын илэрхий алдаатай талаар:
Энэ тушаал нэг талаас харахаар эрх зүйн үр дагаврын хувьд шууд газар ашиглах эрх олгоогүй утга агуулгатай, нөгөө талаасаа орон байр ашиглах эрх олгосон агуулгатай, түүнчлэн нэгэнт барьчихсан орон байрыг ашиглуулах гээд байгаа ч юм шиг өнгөрсөн цаг дээр бичигдсэн, тэгсэн атлаа бодит байдал дээр газар ашиглах эрх олгогдон, түүн дээр нь барилга байгууламж баригдсан байдаг. Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газын онцгой болон хамгаалалтын бүсэд газар ашиглах хориотой бол 11 дүгээр зүйлд зааснаар хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл авсан хүн зөвхөн түр буудаллах отоглох боломжтой болохоос бус аялагчийг түр буудаллуулах, отоглуулах зорилгоор газар ашигоах эрх олгох боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газарт очсон хүн тэнд түр буудаллаад отоглож хоноод явах, ийм л зөвшөөрөл авах, өгөх хуулийн зохицуулалттай бөгөөд үүний төлөө газар ашиглах эрх олгоддоггүй. Харин орон байрны тухайд зөвхөн ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.2 болон бусад хууль тогтоомжийн шаардлагын дагуу баригдсан(Жишээ нь Хүрэл тогоот) орон байрыг ашиглах боломжтой. Ингэж орон байр ашиглах эрх олгох асуудал нь тэнд түр буудаллах, отоглох зөвшөөрөл авах, газар ашиглах эрх олгохоос бүрдүүлэх баримт бичиг, судлан шийдвэрлэх процесс, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтан, шийдвэрийн төрлийн хувьд гэхчлэн олон талаар өөр журмаар зохицуулагддаг. Түүнчлэн аялагч, зөвшөөрөл бүхий хүн тусгай хамгаалалттай газар нутагт түр буудаллах, отоглох асуудал нь тухайн мөчид, тухайн орон нутаг буюу хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчийн түвшинд тухай бүр шийдвэрлэгдээд явдаг богино хугацааны, түр зохицуулалтууд бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт түр буудаллуулах, отоглуулахаар тэр болгон олон мянган тохиолдолд Сайд тушаал гаргах ёсгүй юм. Гэтэл БОАЖС нь 2020 оны А/281 тушаалыг аялагчид түр буудаллах, отоглох эрх олгож байгаа юм шиг бичсэн боловч эрх зүйн шууд үр дагаврын хувьд орон байр ашиглах эрх(гэвч уг тушаалыг газар ашиглах эрх олгосон гэж тайлбарлаж байгаа) олгож байгаа тухай утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан, уг зориуд санаатайгаар утга агуулгын илэрхий алдаа гаргасан тушаалд нь үндэслэн тухайн газарт таун хаус баригдах замаар хууль тогтоомж ноцтой зөрчигдсөн.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд гаргасан гол дүгнэлт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7 дахь заалтыг гуйвуулан ашиглаж байгаа тухай асуудал байсан бөгөөд энэ чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэхэд онцгой анхаарахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоогчийн хувьд хууль зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрсөн нотолгоо юм.
2.2. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй талаар.
Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохыг хуульчилсан. Хууль зөрчсөн буюу хуулийн үндэслэлгүй, хуульд заагаагүй үндэслэлээр, түүнчлэн хуульд үндэслээгүй, эсхүл хэлбэрийн хувьд харахад хуульд үндэслэсэн боловч хуулийн тодорхой зохицуулалт, түүний утга агуулга, зорилго чиглэлийг буруугаар ашигласан, хууль тогтоомжийг гуйвуулсан, эрх хэмжээ олгоогүй, хэрэглэх ёсгүй хууль, хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн, эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн зэргээр захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдлыг тодорхойлдог. Манай маргааны тухайд БОАЖС нь А/281 тушаалыг гаргахдаа дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн;
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ... гаргана” гэж заасан. Газрын тухай хуулийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж заасан.
Тэгвэл Газрын тухай хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29,3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, мөн хуулийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус хуульчилсан. Гэтэл БОАЖС нь Газрын тухай хуулийн 33.1.2, 33.5 заалтыг зөрчин дуудлага худалдаа явуулалгүй ЭЭМ ХХК-нд газар ашиглах эрх олгон хууль зөрчсөн.
2.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын... хязгаарлалтын бүс, ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан. Гэтэл Байгаль орчны яамны бүтцийн албан тушаалтнууд хуйвалдах замаар газар ашиглах асуудлыг шийдвэрлэж хуульд заасан журмыг баримтлан дүүргийн Засаг даргын саналыг үндэслээгүй хуулийн шаардлагыг зөрчсөн.
2.4. Байгаль орчны сайдын 2001,10.26-ны өдрийн №218 тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 2.2-т “...иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянан үзээд Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн бол...” судлан үзэхээр, 3.1-т '... иргэн, аж ахуйн нэгж: байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан узнэ. Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний чиглэгт зорилгод тохирсон эсэх” гэж тус тус заасан.
Тэгвэл Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газар нутгийн менежментийн төлөвлөгөө байхгүй, заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцээгүй байхад “ЭЭМ” ХХК-ийн хүсэлтийн дагуу газар ашиглуулах агуулгаар тушаал гарган хууль тогтоомж зөрчсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1-т зааснаар дархан цаазат газарт газар хагалах, ухах, 12.5-д зааснаар ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаас өөр орон байр барихыг хориглосон.
Өөрөөр хэлбэл аялагч: зөвшөөрөл бүхий хүн хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчаас зөвшөөрөл аваад түр буудаллаад явах, отоглоод хөдлөх ийм л хуулийн зохицуулалттай. Гэтэл БОАЖС нь газар ашиглах эрх олгох зорилгоор хуулийн үг хэллэгийг гуйвуулан ашиглах замаар “ЭЭМ” ХХК-нд газар ашиглах талаар ямар нэг хусэлт гаргаагуй байхад нь газар ашиглах эрх, орон байр ашиглах хусэлт гаргаагуй байхад нь орон байр ашиглах эрх олгон хууль зөрчсөн.
Тодруулбал: ЭЭМ ХХК нь газар ашиглах хүсэлт гаргаагүй, харин “...6000 м2 талбайд аялал жуулчлалын бааз байгуулах хүсэлтэй байгаа тул байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж тодорхойлолт гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байхад БОАЖС нь түүний агуулгыг нь газар ашиглах хүсэлт болгон, талбайн хэмжээг нь 5139 м2 болгон тус тус өөрчлөх замаар шийдвэр гаргасан(гэрлийн хурдаар 1 сарын хугацаанд) нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь “ЭЭМ” ХХК-нд газар ашиглах эрх олгох ажиллагаа ямар байдлаар явагдсаны нотолгоо юм.
2.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуучлалын сайд нь НТ ХХК нь тухай газрыг 2017 оноос хойш хашаалан хамгаалалтын хашаа хайс хийчихсэн, гэр барьчихсан, уг газраа ашиглах хүсэлтээ удаа дараа өгч гурав дөрвөн жил хөөцөлдсөөр байтал тухайн газрыг нь ашиглахаар өөр этгээд хүсэлт гаргахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.2 зохицуулалтыг хэрэгжүүлэлгүй хууль зөрчсөн.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д зааснаар хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглохыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл ууланд алхах, салхинд гарах, аялахыг зөвшөөрдөг бөгөөд харин уг зорилгоор газар ашиглах эрх олгогддоггүй. Харин орон байрны тухайд зөвхөн ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл одон орон судлалын зорилгоор баригдсан Хүрэл тогоот шиг зохих журмын дагуу баригдсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, ингэхдзэ тухайн орон байрыг барих асуудал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.2 болон 27.8, 41-р зүйлд заасан зохицуулалтын дагуу тусгай журмаар зөвшөөрөл авч батлагдсан хүрээнд судалгаа, шинжилгээний зориулалттай орон байр баригддаг. Түүнээс аялагч түр буудаллах, отоглох зорилгоор орон байр барина гэдэг хуулийн ойлголт байхгүй юм.
Гэтэл БОАЖС нь хуулийн заалтыг гуйвуулан ашиглах замаар 5139 м2 газарт барилга байгууламж барих эрх олгож хууль зөрчсөн, хуулиар олгогдоогүй эрх хэмжээгхэрэгжүүлж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.
Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн' зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж, 39.1-т “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1,1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж тус тус хуульчилсан. БОАЖС нь 2020.04.20-ны өдөр А/281 тушаал гарган эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан хууль зөрчин ЭЭМ ХХК-нд газар ашиглах эрх олгох зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7 болон Захиргааны ерөнхий хуулийн 39.1, 47.1.1 зохицуулалтыг зөрчин эрх зүйн зөрчилтэй, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гаргасан.
Тодруулбал: А/281 тушаалын 1 дэх хэсэгт “...ЭЭМ ХХК-нд 5139 м~ газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих- журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосугай” гэж заасан. Энэ тушаал нь орон байр ашиглах эрх олгосон агуулгатай, харин эрх зүйн үр дагаврын хувьд газар ашиглах эрх олгоогүй болно. Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10-р зүйлд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах хориотой бол, мөн хуулийн 11-р зүйлд зааснаар хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч, зөвшөөрөл авсан хүн түр буудаллах, отоглох боломжтой болохоос бус аялагчийг түр буудаллуулах, отоглуулахад зориулан газар ашиглах эрх олгох ёсгүй юм.
Харин орон байрны тухайд зөвхөн ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.2, 27.8 болон 41-р зүйл (Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах), бусад хууль тогтоомжийн дагуу баригдсан (Жишээ нь Хүрэл тогоот) орон байрыг ашиглах боломжтой. Ингэж тусгай хамгаалалттай газар нутагт орон байр барих явдал нь тухайн зориулалтаар газар ашиглуулах үндэслэлээс эхлээд гаргах хүсэлтийн төрөл, агуулга, боловсруулагдах төсөл, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, хэн, хэрхэн шийдвэрлэх эрх хэмжээ, хууль тогтоомжийн зохицуулалт зэрэг олон талаараа ялгаатай эрх зүйн зохицуулалттай.
Гэтэл БОАЖС нь ЭЭМ ХХК-нд газар ашиглах эрх олгох зорилгоор А/281 тушаалыг зориуд эрх зүйн зөрчил, утга агуулгын алдаатай байдлаар гаргасан. Уг тушаал нь аялагчид түр буудаллах, отоглох эрх олгож байгаа юм шиг боловч цаанаа хууль зөрчин газар ашиглах эрх, эсхүл орон байр ашиглах эрх олгосон мэт хуулийг гуйвуулан ашиглахад тохируулсан зөрчил, алдаа гаргасан. Ингэж гаргасан тушаалд нь үндэслэн тухайн газарт таун хаус баригдах замаар хууль тогтоомжийн зөрчил нэмэгдэж байна.
Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт “орон байр” ашиглах эрх бусдад олгох эрх хэмжээг ямар нэг хууль тогтоомжоор БОАЖСад олгогдоогүй болно. Нөгөө талаас тэрээр А/281 тоот тушаалд “барьсан орон байрыг” гэж нэгэнт бий болсон, бүтээчихсэн мэт өнгөрсөн цаг хугацааны агуулгаар тодорхойлсон боловч тухайн газар нь ямар нэгэн бүтээн байгуулалтгүй, хоосон газар юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэ гбүхий ажпын хэсэг хяналт шалгалт хийгээд гаргасан гол дүгнэлт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7 заалтыг гуйвуулан ашиглаж байгаа тухай асуудал байсан бөгөөд энэ чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэхэд онцгой анхаарахаар шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл шүүх эрх мэдлийн байгууллагын хувь ч мөн хууль тогтоох эрх мэдлийн нэгэн адил хуулийг гуйвуулан ашиглах замаар хууль зөрчиж байгаа үйлдэлтэй тэмцэж энэ зорилгоор гаргасан захиргааны актыг хүчингүй болгох шаардлагатай юм.
БОАЖС нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10-р зүйлийг зөрчин дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгон хууль зөрчсөн. Тодруулбал: А/281 тоот тушаалд хязгаарлалтын бүсэд газар олгож байгаа мэтээр дурьдсан боловч тухайн хэсэг нь хамгаалалтын бүсэд хамаардаг байна. Тэгвэл тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд мөн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлэхээс бус тэнд газар ашиглах, газар ашиглах эрх олгох ёсгүй юм.Газрын тухай хуулийн 40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:“40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;” гэж хуульчилсан.
Тэгвэл энд дурьдагдсан 31.4-т дараах зохицуулалт байгаа. Тодруулбал: газар дээр барилга байгууламж барих, уг зорилгоор газар ашиглах эрх олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжпийн байгууллага урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлага тавигдаж байх боловч БОАЖС нь хуулийн энэ шаардлагыг хангалгүйгээр, хангагдаагүй байхад 2020 оны А/281 тоот тушаал гарган газар ашиглах эрх олгож хууль зөрчсөн. Дээрх хууль тогтоомжуудын тов тодорхой зохицуулалтууд, тэдгээрийг нотлох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар маргаан бүхий акт илт хууль бус болох нь хангалттай тогтоогдож байгаа боловч анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “НТ” ХХК-ийн БОАЖСад холбогдуулан гаргасан “БОАЖС-н 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дүгээр “ЭЭМ” ХХК-д газар ашиглах эрх олгосон” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна
3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
3.1. Нэхэмжлэгчээс “БОАЖС-н 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дүгээр “ЭЭМ” ХХК-д газар ашиглах эрх олгосон” тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...тушаалд орон байрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосугай гэж газар ашиглах эрх олгоогүй, орон байр ашиглах эрх олгосон агуулгаар утга агуулгын илэрхий алдаатай тодорхойлсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, дуудлага худалдаа явуулаагүй, 2 этгээд нэг газар дээр хүсэлт гаргасан байхад сонгон шалгаруулалт хийгээгүй, дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, менежментийн төлөвлөгөө байхгүй, ашиглах хүсэлт гаргаагүй байхад газар ашиглах эрх олгосон, тусгай хамгаалалттай газарт барилга барих эрх олгосон нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй 47.1.6-д зааснаар илт хууль бус ...” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч “НТ” ХХК нь маргаан бүхий байршилд газар ашиглах зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “П” ХХК-аар 1943 м.кв хэмжээгээр, мөн өдөр “Пол***” ХХК-аар 1466 м.кв хэмжээгээр газрын кадастрыг тус тус хийлгэж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан байна.
Дээрх хүсэлттэй холбогдуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 475 тоот албан бичгээр “... тухайн байршил нь нийтийн эзэмшлийн зам талбай, бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагын орц гарц хаасан, солбицлын нэг цэг бусад газар ашиглагч нарын газартай давхацсан гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.
“НТ” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “... 475 тоот албан бичигт дурдсан асуудлыг залруулсан” гэх хүсэлтийг дахин гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1733 тоот албан бичгээр “Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох журам болон Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426-2013 стандарт зөрчигдөж байна гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн байна.
3.3. Гуравдагч этгээд “ЭЭМ” ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01-01/287 дугаар албан бичгээр “... Арцатын аманд байрлах 6000 м.кв талбайд аялал жуулчлалын бааз байгуулах хүсэлтэй, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж тодорхойлолт гаргуулах ...” хүсэлт гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 410 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “... ашиглах хүсэлт гаргасан солбицол бүхий байршил нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газартай давхцалгүйг, тус компанийн газар ашиглах хүсэлтийг дэмжиж байна” гэж тодорхойлж, уг саналыг үндэслэн Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “ЭЭМ” ХХК-д 5139 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон байна.
3.4. Харин нэхэмжлэгч “НТ” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 30 тоот албан бичгээр Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дахин хандан хүсэлт гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1204 тоот албан бичгээр “... 2020 оны А/281 дүгээр тушаалаар ашиглах эрх олгосон байршилтай давхцаж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэж заасныг зөрчиж байгаа тул газар ашиглах хүсэлтийг уламжлах боломжгүй” гэх хариу өгсөн байна.
3.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 35.2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж тус тус заасан.
3.6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газарт газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргах бөгөөд ийнхүү хүсэлт гаргасныг хамгаалалтын захиргааны буюу засаг дарга нь саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилж, төрийн захиргааны төв байгууллагаас тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагад ашиглуулахад гэрээний үндсэн дээр ашиглуулах шийдвэр гаргахаар хуульчлан заасан.
3.7. Нэхэмжлэгч “НТ” ХХК-ийн зүгээс тус маргаан бүхий газрыг эзэмшихээр хариуцагчид хандан гаргаж байсан хүсэлтүүдэд тухай бүр хариу өгч байсан буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 475 тоот албан бичгээр “... нийтийн эзэмшлийн зам талбай, бусдын орц гарц хаасан, солбицлын нэг цэг бусдын ашиглах эрхтэй газартай давхацсан” гэх үндэслэлээр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “... 475 тоот албан бичигт дурдсан асуудлыг залруулан дахин гаргасан” гэх хүсэлтэд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1733 тоот албан бичгээр “... газар ашиглах, зөвшөөрөл олгох журам болон стандарт зөрчигдсөн” гэх үндэслэлээр, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 30 тоот албан бичгээр гаргасан хүсэлтэд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1204 тоот албан бичгээр “... хүсэлт гаргасан газар нь 2020 оны А/281 дүгээр тушаалаар бусдад ашиглах эрх олгосон байршилтай давхцсан” гэх хариуг тус тус өгсөн.
3.8. Харин нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 475 тоот албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1733 дугаар албан бичгүүдтэй холбогдуулан гомдол гарган маргах боломжтой байсан байх боловч эдгээр өөрт нь газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр үйл ажиллагааны талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон шүүхэд хандаж хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаж маргаагүй байна.
3.9. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмшихээр гаргасан 2019 оны 2 хүсэлтэд хариуцагчийн зүгээс газар ашиглуулах эрх олгохоос татгалзсан хариу өгсний дараа хариуцагч нь гуравдагч этгээдийн 2020 онд гаргасан газар ашиглах хүсэлтийг хүлээн авч Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгож шийдвэрлэснийг илэрхий алдаатай, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
3.10. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа дараа нь гаргасан гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэсэн нөхцөл байдал үүсээгүй байх тул “ЭЭМ” ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийн улмаас нэхэмжлэгч компанийн газар ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
3.11. Түүнчлэн нэхэмжлэгчийн маргасан хүрээнд хариуцагч Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дүгээр захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан.
3.12. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ямар ч хуульд үндэслээгүй, эсхүл хуульд тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх, журмыг хааж хязгаарласан байхад хууль бус эрх хэмжээг хэрэгжүүлж шийдвэр гаргасан нь хэн ч харсан илэрхий тодорхой, уг алдааг хэвээр үлдээх боломжгүй байх тохиолдлыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд хамааруулан ойлгох бөгөөд дээрх маргаан бүхий байршилд гуравдагч этгээд “ЭЭМ” ХХК-д Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/281 дүгээр захирамжаар газар ашиглах эрх олгосон нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсныг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ