Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

                              

 

 

 

 

 

2023        01        25                                    2023/ШЦТ/84

 

     

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Ш.Ш, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ч.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А, Э.Б нарт холбогдох эрүүгийн 2017 2602 0822 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Ш.Ш, 2000 оны 02 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт ...........тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2016 оны 09 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Монгол улсын иргэн, Н.А, 1999 оны 02 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2 эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн ............тоотод оршин суух бүртгэлтэй,

 урьд 2017 оны 02 сарын 01- ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж 6 сарын хугацаагаар хойшлуулсан,  .............

3. Монгол улсын иргэн, Э.Б, 1998 оны 7 сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, ахын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын ................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” төвийн автобусны буудлын хойд талын далан дээр Ц.Бын “Айфоне-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлэн авсан,

Мөн шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо”зочид буудалд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,

Мөн шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” ХХК-ний дэн буудалд В.Сос “Huawei honor-8” маркийн гар утсыг нь “ярьчхаад өгье” гэж хуурч авсан болох нь:

Шүүгдэгч Ш.Шгөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй, маргах зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ш.Шгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгээд бид гурав нөгөө цахим тоглоомын газар орж ирээд намайг тоглож байх хооронд манай найз охин Б, А нар хоорондоо нэг зүйлийн талаар яриад байх шиг байсан. Яг юуны талаар ярьж байгааг нь би ойлгоогүй юм. Тэгтэл манай найз охин Б надад юу ч хэлэлгүй гараад явахаар нь А бид хоёр араас нь дагаад явсан юм. Гэтэл Б зүүн дөрвөн замаас баруун тийш явдаг андуудын автобусны буудал дээр үл таних хоёр хүүхэдтэй уулзаад нөгөө хоёр хүүхэдтэй хамт андуудын автобусны зүүн хойшоо явахаар нь бид хоёр араас нь анзаарагдахгүй дагаж байгаад далан дээр гарах үед зэрэгцэн очоод Бийн хамт явж байсан хоёр хүүхдийн нэгийг нь барьж аваад та хоёр хэн юм бэ гэж асуугаад нөгөө хоёр хүүхдийг түлхээд хавирч унагасан юм. Тэгтэл нөгөө хоёр хүүхэд би яагаачгүй шүү дээ утас зарах гээд явж байна гэхээр нь Бээс энэ үнэн эсэхийг асуух гэхэд А, Б хоёр байхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёр хүүхдээс ямар учиртайг нь асуухад нөгөө хоёр хүүхэд надад хэлэхдээ бид хоёр энэ улаан пальтотой эгчид утас зарах гэж байсан юм гэж хэлэхээр нь би за тэгвэл намайг уучлаарай Би Бтэй хардаад буруугаар ойлгосон байна гэж хэлээд буцаад Андуудын буудал руу алхаад явсан юм. Би явж байх үедээ А, Б хоёрыг гар утсыг нь авсныг мэдсэн юм. Тэгээд би тэндээсээ шууд өмнө тоглож байсан цахим тоглоомын газар очиж суусан юм. Тэгтэл А, Б 2 нэг их удалгүй нэг цагийн дараа миний араас орж ирэхээр нь би та хоёр хаашаа яваад ирсэн юм бэ гэж асуухад А миний урдаас нөгөө хоёр хүүхдийн гар утсыг ломбардад тавиад ирлээ гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-213-214/,

 

Шүүгдэгч Н.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй, маргах зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна..” гэв.

 

Шүүгдэгч Н.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-209-210/ “..Тэгтэл Ш нэг хүүхэд утсаа зарах гээд байна. Өөрийгөө эмэгтэй гэж хэлээд Андуудын автобусны буудал дээр дуудчихлаа. Тийм учраас Б чи эхлээд уулзана шүү гэж хэлээд бид 3 хамтдаа гараад Андуудын автобусны буудал дээр очоод Бийг ганцааранг нь үлдээгээд бид хоёр хаан банкны хажуугаар гараад зүүн хойшоо яваад далангийн цаад талд очиж зогсоод Бийг хүлээж байсан юм. Тэгээд Б нэг их удалгүй нөгөө хоёр хүүхдийг дагуулаад гараад ирэхээр нь Ш бид хоёр өөдөөс нь алхаж очоод хамт явж байсан хүүхдийнх нь нэгийг Ш барьж аваад хавирч унагаагаад та нар юун хүмүүс вэ гэж асуусан. Гэтэл нөгөө хоёр хүүхэд бид хоёр гар утас зарах гэж байгаа юм. Та нар нэг л буруугаар ойлгоод байна гэж хэлж байсан шиг санагдаж байна.... Б Шг чи болиоч ээ энэ хоёр зүгээр л утас авах гэж байгаа хүүхдүүд шүүдээ гэж хэлж байсан...Бид 3 нөгөө утсыг 230.000 төгрөгөөр ломбардад тавиад буудалд орсон..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй, маргах зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна..” гэв.

 

Шүүгдэгч Э.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгээд би буудал дээр хүлээгээд зогсож байхад нэг шар үстэй өндөр банди нэг хар өнгийн хувцастай хоёр хүүхэд над дээр ирээд нэг нь аниа та юу нөгөө утас авах хүн нь гэж хэлэхээр нь тиймээ гэж хэлээд нөгөө хоёр хүүхдийг аваад А, Ш хоёрын зааж өгсөн замаар нь яваад далангийн гүүр дөнгөж өнгөрөөд нэг гэрлэн шон дээр явж байтал Ш, А хоёр  гарч ирээд энэ хоёр хүүхэд чинь хэн бэ “ ...чи жаахан хүүхэдтэй явалддаг болсон юм уу...” гээд уурлаад шар үстэй хүүхдийн найзыг нь гараараа гэдэс рүү нь цохитол нөгөө хүүхэд нь газар унасан харин А миний хажуугаар гараад цаад талд нь зогсоод яагаад байгаа юм бэ та нар гээд зогсоод байсан. Тэр үед хамт явж байсан шар үстэй банди нь буцаж зугтаагаад агаа та яагаад байгаа юм бэ зүгээр утас үзье гэж ирсэн шүү дээ гэж холоос орилж байснаа хэрэв та итгэхгүй бол миний утас дээрх чатыг үз гэж хэлээд утсаа өгөхөд би Шд үзүүлэх гэхэд Ш үзэхгүй гээд уурлаад цаашаа явахаар нь би араас нь очоод үгүй чи үз гээд үзүүлэхэд нөгөө бичсэн чатыг нь хараад арай гайгүй болоод “...чи наад утсыг нь өгүүл өгөөд, үзүүл үз би ямартай ч явлаа гэж хэлээд цаашаа алхсан юм. Тэр үед би Аид утсыг нь өгөх гээд очтол А миний урдаас чи гүйгээч юугаа хараад байгаа юм хурдлаач гэхээр нь би ирсэн газраараа буцаад гүйсэн..Тэгээд А бид хоёр хамтдаа 25 дугаар эмийн сангийн дээшээ өгсөөд Кинг нэртэй ломбардад 7 хоногийн хугацаатай 200,000 төгрөгт тавиад дахиад 30,000 төгрөг нэмж авсан..” гэсэн мэдүүлэг /1хх-186-188/,

 

Насанд хүрээгүй хохирогч С.Боос мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ..найз Гийн хамт манай гэрт байх үедээ Гийн фэйсбүүк хаягаар гар утсаа зарна гээд бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэсэн хаягаар “утсыг чинь авъя” гэж бичсэн ба миний утсыг 580,000 төгрөгөөр өгч авалцахаар болсон. 2017 оны 04 сарын 05-ны орой 20 цагийн үед Төөгий нь над руу одоо уулзаж утсыг чинь авъя гэж бичсэн...уг хаягаас би эмэгтэй хүн шүүдээ, чи андуудын буудал дээр хүрээд ир, би улаан пальтотой зогсож байна гэсэн. Би өөрийн найз Гтой хамт Андуудын автобусны буудал хүртэл алхаж очоод хартал улаан пальтотой эмэгтэй хүн байхаар нь очоод “та утас авах хүн мөн үү” гэхэд “тиймээ мөн байна” гэсэн. Тэгээд миний утсыг үзэж байгаад “намайг дагаад яваарай, би гэр лүүгээ орж wifi-aap шалгаж ээждээ үзүүлж байгаад авна” гээд араасаа дагуулаад явсан. Тэгээд далангийн гүүрээр дөнгөж гараад алхаад явж байтал 2 залуу өөдөөс гарч ирээд өндөр эрэгтэй нь манай найз Гийг түлхээд “та нар хэн бэ, юун хүмүүс бэ” гэхээр нь би дээрэмдэх гэж байна гэж бодоод зугтаагаад зай аваад зогсоход намхан ах нь намайг барьж аваад чи наад байрандаа хөдлөхгүй зогсож бай гэж хэлэхээр нь би за гэж хэлээд зогсож байсан...манай найз бид 2 утсаа авъя гэхэд нөгөө эгч “араас дагаад хүрээд ир” гэхээр нь Г бид 2 жаахан зайтай араас нь явж байтал ... улаан пальтотой эгч чинь утсыг чинь аваад гүйгээд явчихлаа гэсэн. Бид хоёр нөгөө эгчийн араас шууд гүйж чадаагүй, яагаад гэвэл нөгөө 2 ахаас айгаад алхаж байгаад булангаар эргээд гүйсэн боловч олдохгүй байсан..” гэсэн мэдүүлэг /3хх-112-115/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Дгээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 04 сарын 05-ны өдөр байх өөрийн ажил болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Кинг” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байхад гаднаас нэг эмэгтэй, хоёр залуугийн хамт орж ирээд “iphone-6” маркийн гар утсыг 10 хоногийн хугацаатай тавих гэсэн юм гэж хэлсэн. Би утсыг үзэж байгаад 10 хоногийн 8% хүүтэй 230,000 төгрөгөөр бодож авсан юм. Тухайн үед Б гэх хүн өөрийнхөө бичиг баримтаар тавьсан..” гэсэн мэдүүлэг /1хх-200/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Гоос  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... найз Б гар утсаа зарна гэж байсан. Тэгээд миний хаягаар утсаа зарна гэж бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэх хаягтай хүн утсыг авъя гэсэн...андуудын автобусны буудал дээр очоод улаан пальтотой эмэгтэй утас авах хүн мөн байна гээд үзэж байгаад “гэр рүүгээ орж шалгаж үзээд, ээждээ үзүүлж байгаад авна” гэхээр нь бид хоёр дагаад явсан. Далангийн гүүр хүрэх гээд алхаж байхад 2 залуу өөдөөс гарч ирээд зөрөх үедээ өндөр эрэгтэй нь түлхэж унагаагаад, дээрээс дараад “та нар хэн юм бэ” гээд над руу дайраад байсан...нөгөө эгч намхан ахтай цаашаа алхаад явж байхаар нь эгчээ утсаа авъя гэхэд нөгөө эгч гэнэт гүйгээд алга болсон. Хамт явсан 2 ах хараад байхаар нь бид 2 айсандаа гүйж чадаагүй юм..” гэсэн мэдүүлэг /1хх-203-204/,

Иргэний нэхэмжлэгч Т.Нээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байх “Си” баарны гадна талд гар дээрээс шорлог худалдан борлуулж байхад нэг залуу хүү хүрч ирээд нэг шорлог авъя гээд 10,000 төгрөг өгөхөөр нь би уг мөнгийг нь аваад 3,500 төгрөг хариулж өгөхөд уг залуу шорлогоо идэж дуусаад явсных нь дараа эргүүлийн цагдаа нар хүрч ирээд торгоно гэхээр нь би нөгөө хүүхдийн өгсөн 10,000 төгрөгийг өгөхөд цагдаагийн алба хаагч “...таны өгсөн мөнгө хуурамч байна...” гэж хэлэхээр нь би “...сая надаас нэг залуу шорлог авахдаа өгсөн мөнгө шүү дээ...” гэж хэлээд байж байхад надад хуурамч мөнгө өгсөн залуу “Си” бааранд хуурамч 10,000 төгрөгөөр гүйлгээ хийж байгаад баарны ажилтанд баригдсан байсан ба баарны ажилчид цагдаад дуудлага өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-27-28/,

Иргэний нэхэмжлэгч Х.Аээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Си бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Тэгтэл шөнө манайхаар хар өнгийн хувцастай 18-22 орчим настай залуу хуурамч 10,000 төгрөгөөр гүйлгээ хийгээд тоник худалдаж авчхаад гараад явсан байхаар нь би уг залууг баарны үүд орчмоор хайж байгаад барьж авсан тул шууд цагдаад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн..” гэсэн мэдүүлэг /1хх-29-30/  

Иргэний нэхэмжлэгч Э.Хгаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “..багын найз Б надаас нөүтбүүк авахдаа бие даалтаа хийнэ гэж хэлээд авч байсан. Нөүтбүүкээ буцааж авмаар байна..”  гэсэн мэдүүлэг /1хх-32/  /1хх-32/,

Иргэний нэхэмжлэгч Ө.Дээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Эндо” зочид буудлыг түрээслэн ажиллуулдаг ба тухайн 3 хүүхэд манайхаар үйлчлүүлж 2 хоносон. Надад зочид буудлын төлбөрт 30,000 төгрөг өгсөн байсан ба цагдаагийн алба хаагч нар манай зочид буудалд ирээд “..танайд энэ 3 хүүхэд буудлын төлбөрөө төлсөн үү” гэхээр нь төлсөн гэж хэлээд тухайн хүүхдүүдийн өгсөн мөнгийг үзүүлэхэд нэг ширхэг 10,000 төгрөг нь хуурамч байна гэж хэлээд хураагаад авсан..”  гэсэн мэдүүлэг /1хх-34/  ,

Иргэний нэхэмжлэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Б надаас өнгөт принтер авсан. Юм хийчхээд өгье гэж хэлээд авсан. Өнгөт принтерээ авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1хх-36/  ,

Гэрчээр Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б нь өнгөт принтер байна уу гэж асуусан. Би байгаа гэхэд түр хэрэглүүлээч гэсэн. Надад яг юу хийх гэж байгаа талаараа хэлээгүй, танихгүй 2 эрэгтэй хүүхэдтэй ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-32/,

Гэрчээр Э.Хгаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “..2017 оны 04 сарын 10-ны өдөр Б хүрч ирээд нөүтбүүкээ түр хэрэглүүлээч бие даалтаа хийх гэсэн юм гэсэн. Тэгээд би нөүтбүүкээ өгч явуулсан..” гэсэн мэдүүлэг /1хх-38/,

Хохирогч В.Сос мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэг залуу танилцаж дугаар авсан. маргааш нь тэр залуу залгаад уулзъя гэсэн. Би “Топаз” буудалд байж байхад тэр залуу залгаад би очъё гэсээр байгаад 15 цаг өнгөрч байхад ирсэн...тэр залуутай дэн буудал гэсэн хаягтай газар ороод пиво ууж байтал 21 цаг өнгөрч байхад тэр залуу утсаар чинь найзтайгаа яриад өгье гээд миний утсыг аваад 00-ийн өрөө ороод таг болсон. Би хэсэг хугацааны дараа орж ирэхгүй болохоор нь буудлын хүнээс асуухад тэр залууг 00 орчхоод гараад явсан гэсэн. Ингээд би цагдаа дуудсан...анх надтай танилцахдаа өөрийгөө Баярбат гэдэг гэсэн. 88187702 гэсэн утастай байсан..” гэсэн мэдүүлэг /2хх-246-250, 3хх-1-2, 168-169/,

Гэрч Г.Сэлэнгээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /3хх-4/ “..88187702 гэсэн дугаарыг би худалдан авсан. Анх худалдаж аваад би хэд хоног барьж байгаад манай том хүү Ш нь дата багцтай гээд энэ дугаарыг барих болсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ш  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 9 сарын 22-ны өдөр хүү Шд холбогдох шүүх хурал болж хурал дуусаад шүүгч нь Шгийн биед байгаа зүйлсийг ав гэсэн. Тэгээд би Шгийн биед нь байсан “huawei honor-8” загварын хүрэн өнгийн гар утсыг нь авсан. манай хүү ямар нэг юм хэлээгүй, би хүүгийн гар утас гэж бодсон. Би уг утсанд сим хийгээд ашиглаж байгаад машин дотроосоо алдсан. 2017 оны 10 сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас ярьж танай хүүхэд хүний “huawei honor-8” загварын rap утас авсан байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /3хх-8-9/,

Шинжээчийн №2354 дугаартай дүгнэлтэд: “... шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй 913526 сери дугаартай хуурамч Монгол улсын 10,000-ын мөнгөн тэмдэгт гэх зүйлс нь ердийн зориулалттай цаасан дээр хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч мөнгөн тэмдэгт байна... ” гэх дүгнэлт /1хх-60-62/,

Шинжээчийн №2546 дугаартай дүгнэлтэд: “...АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файл нь шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютер болон зөөврийн флаш дискэнд тус тус хадгалагдаж байна. АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файлыг засварласан байх боломжтой. АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файлыг интернэт орчноос татаж авах боломжтой. Зөөврийн флаш дискэнд АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файл хадгалагдаж байна... ” гэх дүгнэлт /1хх-64-66/,

Шинжээчийн №2545 дугаартай “АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийг “Epson” брэндийн L210 загварын /*S2DK026433*/ бар кодтой өнгөт принтерээр хэвлэсэн байж болно...”  гэх дүгнэлт /1хх- 68-71/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл...хуурамчаар мөнгөн тэмдэгт үйлдсэн гэх газар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо” нэртэй зочид буудал байх ба ...2 давхарт байрлах 201 дугаартай бор өнгийн модон хаалгаар дотогш ороход...цонхны тавцан дээр цагаан өнгийн А4 гэсэн боодолтой бичгийн цаас задгай, бор өнгийн хавтастай зургийн дэвтэр 2 ширхэг, дээд бор хавтас нь зүсэгдсэн мөртэй байв...2 орны матрасыг сөхөж үзэхэд баруун талын орны матрасын доод талаас 10,000 төгрөгийн АА1913526 дугаартай дэвсгэрт 23 ширхэг байв...ширээн дээр “Acer” маркийн хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, зурагтын удирдлага, төмөр зөөврийн флаш диск 1 ширхэг... модон ширээн дээр хар өнгийн Epson маркийн өнгөт принтер зэрэг байлаа...цонхны давцан дээр байсан бор өнгийн дэвтрийн завсраас  АА1913526 гэсэн дугаартай 10,000 төгрөгийн дэвсгэр 11 ширхгийг илрүүлж гэрэл зургаар бэхжүүлэв. Компьютерыг нээж үзэхэд 10,000 төгрөгийн дэвсгэртийн зураг бүхий цонхнууд дэлгэсэн....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх- 4-11/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “... Н.Аийн биед үзлэг хийхэд хуурамч 10.000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг гарав, серийн дугаар нь АА1913526 /бүгд ижилхэн байв/ ...” гэх тэмдэглэл /1хх-12/,

Илтгэх хуудас “..Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Sea” бааранд хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна гэх дуудлагын дагуу шалгахад Наранчимэг овогтой А нь 10,000 төгрөгийн дэвсгэртийг хуурамчаар үйлдэж гүйлгээнд оруулсныг тогтоон цааш шалгуулахаар хүлээлгэн өгөв..”  гэж /1хх- 3/,  Эд зүйл хураан авсан тэмдэглэл, барьцаалан зээлдүүлэх газраас “iphone-6” маркийн гар утсыг хураан авсан болон хохирогч С.Бод хүлээлгэн өгсөн тухай /1хх-189-190/,  Эд зүйлийн үнэлгээ /..iphone-6 маркийн гар утас 600,000 төгрөг../ /2хх-1/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хохирогч В. Солонго нь “..миний гар утсыг авсан хүн 2 гэсэн дугаартай /Ш.Ш/ Зураг дээрх хүн мөн байна..” гэх тэмдэглэл / 2хх-230-231/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “Топаз” буудлын камерын бичлэгийг үзэхэд гаднаас гар утсаар ярьсан, үсээ зүүн тийш болгосон, дотуураа цагаан цамцтай, захгүй хар өнгийн цамцтай, гадуураа богино хүрэм өмссөн эрэгтэй хүн орж ирж байгаа дүрс бичигдсэн байна... ” гэх тэмдэглэл /2хх-233-234/, Хөрөнгийн үнэлгээний тайлан “huawei honor-8” загварын rap утсыг 776,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-11-12/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх-129-133/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Хохирогч В.С, С.Б нарын мэдүүлэг дээр дурдсан иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №2354, №2546, №2545 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдав.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Шг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

 бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч авч залилсан,

Шүүгдэгч Н.Аийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

 бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Э.Бийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

 бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Дээрэмдэх, Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, залилах гэмт хэргүүд нь 2017 оны 4, 9 дүгээр саруудад үйлдэгдсэн ба энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий боловч 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул прокуророос Хууль буцаах хэрэглэх зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь хуульд нийцсэн байна. Учир нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо төлсөн буюу хохирол төлбөр барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буйгаа мэдүүлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн туршид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, шүүгдэгч нар удаан хугацаанд цагдан хоригдсон, шүүгдэгч нарын хувийн байдлуудыг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс дээр дурдсан нөхцөл байдлууд болон өмгөөлөгч нараас гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Ш нь 2000 оны 02 сарын 06-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн 2017 оны 9 дүгээр сард тэрээр 17 нас 6 сартай буюу өсвөр насны хүн байсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нарын үйлдсэн дээрхи гэмт хэргүүд нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль үйлдчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 “Өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан.. Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/, Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл/.. гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан.. хорих ялаас хоёр жилийг хасна.”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ.” гэж заасан байна.

  Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 “2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан.. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах /Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйл/ ..өршөөлд хамааруулахгүй”, уг зүйлийн 9.2 “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан.. Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг/ ..өршөөлд хамааруулахгүй.” гэж зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байна.

Шүүгдэгч Ш.Ш нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдэж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.13-ны өдрийн №103 дугаартай Шийтгэх тогтоолоор түүнд 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ. Тэрбээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул урьд оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялтай нэмж нэгтгэх үндэслэлтэй хэдий ч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасах нь зүйтэй байна. Тодруулбал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол” гэх шинж нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулиар үгүй болсноор шүүгдэгчийн үйлдэл энгийн бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

Иймд Монгол Улсын Их хурлаас баталсан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар Ш.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж,

шүүгдэгч Ш.Шд өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял болгон шинээр тогтоон нийцүүлэн хасч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ш.Шд энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биелэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Ш.Ш нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Шд оногдуулсан хорих 2 жил 8 сарын хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож, түүний цагдан хоригдсон хоригдсон нийт 746 хоногийг дүйцүүлэн хасч хорих ялыг эдэлсэнд тооцов.

Шүүгдэгч Н.Ад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

шүүгдэгч Н.Ад өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шинээр тогтоож нийцүүлэн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ад энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмт нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний цагдан хоригдсон 761 хонгийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцвол 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон хоногийг 761 хоногийг хасахад 214 хоног үлдэх бөгөөд энэ хоногийг түүний 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хягаарлах ялаас хасч түүний биечлэн эдлэх ялыг 151 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Бийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаар ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь өмнө нь нийт 525 хоног цагдан хоригдсон бөгөөд дээрх хоногоос 1 жилийн хугацаагаар хорих ял, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хасч тооцож нийт түүний биечлэн эдлэх ялыг 205 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Хууль хэрэглээний энэхүү шийдлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан “..түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-д заасан “..яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэх зарчмуудыг баримталсан болно.

Шүүгдэгч Н.А, Б.Б нарыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу  Улаанбаатар хотоос гарахыг хориглож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Шүүгдэгч Н.А, Э.Б нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Сд 776,000 төгрөг нөхөн төлж, хохирогч С.Бод гар утсыг хүлээлгэн өгч хохирол төлбөр төлөгдсөн. Иргэний нэхэмжлэгч Т.Н, Х.А, Ө.Д нараас нэхэмжилсэн зүйлгүй, Иргэний нэхэмжлэгч С.Д 230,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Ш 2017 оны 04 сарын 12-ны өдрөөс 7 сарын 17-ны өдрийг хүртэл, 2017 оны 09 сарын 22-оос 2018 оны 01 сарын 19-ны хүртэл, 2018 оны 11 сарын 05-наас 2019 оны 04 сарын 01-нийг хүртэл, 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 сарын 02-ны өдрийг хүртэл, 2022 оны 01 сарын 18 наас 05 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 746 хоног,

Шүүгдэгч Н.А 2017 оны 04 сарын 12-ны өдрөөс 7 сарын 17-ны өдрийг хүртэл, 2017 оны 09 сарын 22-оос 2018 оны 01 сарын 19-ны хүртэл, 2018 оны 11 сарын 05-наас 2019 оны 04 сарын 01-нийг хүртэл, 2019 оны 09 сарын 25-ны өдрөөс 11 сарын 04-ныг хүртэл, 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 сарын 02-ны өдрийг хүртэл, 2021 оны 12 сарын 21-нээс 2022 оны 01 сарын 18 хүртэл, нийт 761 хоног,

шүүгдэгч Б.Б 2017 оны 09 сарын 22-оос 2018 оны 01 сарын 19- хүртэл, 2018 оны 11 сарын 05-наас 2019 оны 04 сарын 01-нийг хүртэл, 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 9 сарын 02-ны өдрийг хүртэл, нийт 525 хоног тус тус цагдан хоригдсон байна. Тэдний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөг 48 ширхэг, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг диск, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, принтерийн хор, 4 ширхэг бичгийн цаас, 15 см-ийн урттай ягаан өнгөтэй шугам 1 ширхэг, ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Epson брэндийн өнгөт принтер, холбогч принтерийн залгуур тус бүр 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхгийн иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, “Acer брэндийн нөүтбүүк, цэнэглэгч тус бүр 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Э.Хд тус тус буцаан олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг бүлэглэн хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч авч залилсан,

Шүүгдэгч  Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг бүлэглэн хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,

Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг бүлэглэн хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Ш.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Монгол Улсын Их хурлаас баталсан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар Ш.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Н.А, Б нарт Эрүүгийн хуулийн усгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаар ялаар тус тус сольсугай.

4. Шүүгдэгч Ш.Шд өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял болгон,

Шүүгдэгч Н.Ад өмнө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шинээр тогтоож нийцүүлэн хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ш.Шд энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биелэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ад энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмт нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Шд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шгийн нийт цагдан хоригдсон 746 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийн цагдан хоригдсон 761 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож /1 жил 6 сар/, үлдэх 214 хоногийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хягаарлах ялаас хасч, түүний нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 151 хоногоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 525 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож /1 жил/, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хасч тооцож түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 205 хоног хоногоор тус тус тооцсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.А, Б.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Улаанбаатар хотоос гадагш явахыг хориглосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.А, Б.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

11. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөг 48 ширхэг, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг диск, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, принтерийн хор, 4 ширхэг бичгийн цаас, 15 см-ийн урттай ягаан өнгөтэй шугам 1 ширхэг, ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Epson брэндийн өнгөт принтер, холбогч принтерийн залгуур тус бүр 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхгийн иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, “Acer брэндийн нөүтбүүк, цэнэглэгч тус бүр 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Э.Хд тус тус буцаан олгосугай.

12. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Шд, Н.А, Э.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР