Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 355

 

106/2017/0371/Э

 

 

 

 2020            3              26                                           2020/ДШМ/355                                  

 

     Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам,

шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

шүүгдэгч Ш.Ш-, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/982 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Н.А-, Ш.Ш- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт  холбогдох 201726020822 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ........ Ш-, 2000 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй .......тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:...../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

2. ... А-, 1999 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан;

 

3. ..... Б-, 1998 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Ш.Ш-, Н.А-, Э.Б- нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Андуудын автобусны буудлын хойд талын далан дээр Ц.Б-ын "Iphone-6" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлож дээрэмдсэн,

 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эндо" зочид буудалд Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,

Ш.Ш- нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гүн нуур" ХХК-ийн дэн буудалд В.С-оос "Huawei honor-8" загварын гар утсыг нь "ярьчихаад өгье" гэж хуурч залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.Ш-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Н.А-, Э.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтлох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Ш.Ш-г бусдын эд хөрөнгийг хуурч авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-д 1 жилийн хорих, Н.А-ид 1 жилийн хорих, Э.Б-т 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, шүүгдэгч Ш.Ш-д оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцон 30 хоногт шилжүүлж нэмж нэгтгэн хорих ялыг 1 жил 30 хоногоор тогтоож, шүүгдэгч Ш.Ш-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 30 хоногоор, шүүгдэгч Н.А-ид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ш.Ш-гийн цагдан хоригдсон 362 хоног, шүүгдэгч Н.А-ийн цагдан хоригдсон 402 хоног, шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 266 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөг 48 ширхэр, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг диск, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, принтерийн хор 4 ширхэг бичгийн цаас, 15 см-ийн урттай ягаан өнгөтэй шугам 1 ширхэг, ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Epson” брендийн өнгөт принтер, холбогч принтерийн залгуур тус бүр 1 ширхэг, саарал өнгийн флаш, диск 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, “Acer” брендийн нөүтбүүк, цэнэглэгч 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяад тус тус буцаан олгож,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмнөх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тухайд, прокурорын санал, дүгнэлтээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг хасаж тооцсон, мөн миний эрүүл мэнд, эрх зүйн байдал зэргийг харгалзан үзэж 6 сарын ял болгосон нь хүмүүнлэг, энэрэнгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт чанар, хүний эрхийг дээдэлсэн үндэслэл гэж ойлгосон билээ. Иймд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуулиар хасагдсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож, прокурорын урьд насанд хүрээгүй хүүхэд гэж хойшлуулсан шийтгэх тогтоолын 6 сар гэсэн дүгнэлтийг үндэслэн, миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Миний бие 12 дугаар ангийн 3 дугаар улирал эхэлдэг өдөр тус гэмт хэрэгт холбогдсоноос хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч, үүний нэг жил гурван сар гаруй хугацаанд цагдан хоригдохдоо бодлогогүй, гэнэн томоогүй үйлдлээр өөрсдийнхөө гэрэлт ирээдүйг бүрхэг, тодорхойгүй, сэтгэлийн зовнилоор дүүрэн өнгөрөөсөн. 2019 оны 6 дугаар сард ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангиа нөхөн төгсөж, ирэх намар Архитекторын чиглэлээр их сургуульд элсэн сурч өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байна. Мөн шүүхийн тогтоолд намайг 402 хоног цагдан хоригдсон гэж 3 хоног дутуу тооцсон байгааг зөвтгөж, эдлэх ялд оруулан тооцож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...урьд шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасны дагуу оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн зүйлчлэлд шилжүүлэн, хуулийн тэгшитгэлд оруулан 1 жил 8 сар болгож байсан.

Миний бие уг гэмт хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй байсан ба 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр болсон шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч байдлаар оролцож байсан. Бидэнд холбогдох энэ хэрэг өдгөө 3 дахь жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд би насанд хүрсэн. Миний зүгээс Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулж удаашруулж байсан удаа байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан. Гэтэл гэмт хэрэг үйлдэх үедээ гэж маш тодорхой заасан байхад надад энэ бүлэгт заасны дагуу ял оногдуулахгүй байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд надад энэ зүйл хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулж, нийт эдлэх ялыг 2 дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү.

 Бид уг хэрэгт холбогдоод өдгөө 3 дахь жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд 1 жил гаруй хоригдож, бусад хугацаанд хичээлдээ ч явж чадахгүй өдөр бүр сэтгэлийн шаналалтай шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд өөрийн биеэр очин цагаа бүртгүүлж ирсэн. Энэ хугацаанд Б- бид хоёр хэвлийдээ байсан 6 сартай хүүхдээ хүртэл сэтгэл санааны хүнд цочролын улмаас шүүх хуралдааны явцад алдаж, бие махбодь сэтгэл санааны хүнд байдалд орсон. Иймд бидний хувийн байдал, цаашид алдсан хугацаагаа нөхөж үргэлжлүүлэн суралцах, амьдралд дөнгөж хөл тавих шилжилтийн насандаа алдсан зэргийг харгалзан үзэж, холбогдох зүйл заалтыг хэрэглэн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.   

 

Прокурор М.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь ... нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгсэл нь бусдыг залилах гэмт хэргийн арга хэрэгслээр буюу үйлдсэн мөнгөн тэмдэгт нь энгийн бичгийн цаасан дээр өнгөт принтер ашиглан хэвлэсэн бөгөөд тэдний хэвлэсэн мөнгөн дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн дэвсгэртээс илтэд ялгагдаж байгаа зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч нар нь хуурамчаар хэвлэн нийт 30.000 төгрөгийг гүйлгээнд оруулсныг бусдыг хуурч залилах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй ... гээд ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

1. Шүүгдэгч нарын үйлдсэн Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг шүүхээс “жинхэнэ мөнгөн дэвсгэртээс илтэд ялгагдаж байгаа тул залилах гэмт хэргийн арга хэрэгсэл юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Т.Нарангэрэл, Х.Азбилэг, Ө.Дашдэмбэрэл нарын мэдүүлгээс дүгнэхэд эдгээр хүмүүс хуурамч мөнгөн дэвсгэртийг ялгаж таниагүй, жинхэнэ гэж итгэж авсан байх ба эд мөрийн баримтаар 48 ширхэг хуурамчаар үйлдсэн мөнгөн дэвсгэрт хураагдсан байдаг. Энэ нь шүүгдэгч нар хуурамч мөнгөн дэвсгэртийг олноор үйлдэж гүйлгээнд оруулан ашиглах зорилготой байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь тодорхой хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын тулд “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж...” үйлдэх шинжтэй байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх ямар нэг шинжийг ялгаж заагаагүй, өөрөөр хэлбэл ямар ч хэлбэрээр хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгайлан тогтоосон байна. Иймд шүүх “жинхэнэ мөнгөн дэвсгэртээс илтэд ялгагдаж байгаа тул залилах гэмт хэргийн арга хэрэгсэл” гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

2. Мөн шүүх зүйлчлэлийг өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтыг баримталж байгаа нь тодорхойгүй байгаа нь мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчжээ.

3. Шүүхээс шүүгдэгч Ш.Ш-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Ш.Ш-д оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт тооцон 30 хоногт шилжүүлж нэмж нэгтгэн хорих ялыг 1 жил 30 хоногоор тогтоож, түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 30 хоногоор тогтоосон нь мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Ш.Ш-д 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байхад түүнд ял оногдуулахдаа “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн” гэж ялын хэмжээг буруу бичиж эдэлбэл зохих ялын хэмжээг буруу тогтоожээ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/982 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гаргасан санал болон Н.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх гэдэг нь тухайн мөнгөн тэмдэгтийг энгийн болон мэргэжлийн бус хүн хараад жинхэнэ мөнгөн тэмдэгтээс ялгах боломжгүй, ур чадвар, технологи зэрэг мэргэжлийн өндөр түвшинд танигдахааргүй үйлдсэн байхыг хэлнэ. Гэтэл шүүгдэгч нар мөнгөн тэмдэгтийг А4 бичгийн цаасан дээр өнгөт принтер ашиглан хэвлэсэн бөгөөд тэдгээр нь бүгд нэг серийн дугаартай, мэргэжил, технологийн өндөр түвшинд хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан шаардлагыг хангаагүй, жинхэнэ мөнгөн тэмдэгтээс илтэд ялгагдаж байсан нь хэрэгт авагдсан хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Хэрэв жинхэнэ мөнгөн тэмдэгт, үнэт цаас, гадаад валютаас илтэд ялгагдахаар хийсэн байвал түүнийг хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой заагдсан байдаг тул эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх ямар нэг шинжийг ялган заагаагүй бол /ямар ч хэлбэрээр хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн/ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгайлан тогтоосон хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэдийгээр Эрүүгийн хууль 2015 онд өөрчлөгдсөн ч уг хуулийн хэрэглээтэй холбоотой холбогдож гарсан онол, тайлбарууд өөрчлөгдөөгүй тул хууль зүйн бодит үнэлэлт өгч, харьцуулан дүгнэж, нэгдсэн ойлголтоор хэрэглэхийг анхаарч үзэх нь зүйтэй. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тайлбар, Улсын Дээд шүүхийн тайлбар, Монгол Банкны тушаал зэрэг эрх зүйн акт, баримтуудаар хэргийг үнэлж дүгнэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэхгүй гэх зарчимд нийцүүлж шийдвэрлэх ёстой. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуульд уг заалт байхгүй гэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Ш-гийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Ш-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ш.Ш- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан. Шүүх уг ялыг 3 жил гэж нэмж нэгтгэсэн. Улсын яллагчийн эсэргүүцэлд 3 жил 6 сар байх ёстой гэж дурдсан байна. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар уг зүйл ангийн ялын хэмжээ багассан байгаа тул дүйцүүлж эдлэх ялыг тооцож гаргах ёстой байсан гэж үзэж байна. Мөн Ш.Ш-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн зарчмын дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасныг хэрэглэж оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэх боломжтой байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа. Ш.Ш- нь 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн байхад шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар уг ялыг бүгдийг нэмж нэгтгэнэ гэдэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан явдал юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой тусгаснаас гадна нотлох баримтыг шинжлэн судалсан шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бичигдсэн байдаг тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар зарим хэсгийг нэмж нэгтгэн оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Мөнхцэцэг прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн “Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг”, “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” гэх хоёр өөр бүлэгт заасан гэмт хэргийг ямар шинжээр нь зүйлчлэлийг өөрчилж, хэлбэрийн төдий агуулсан гэдгээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасантай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өмнө нь шүүгдэгч Ш.Ш- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Шүүх зүйлчлэлийг өөрчилж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ 3 жил 6 сарыг орхигдуулсан нь ялыг буруу тооцсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Прокуророос Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарыг бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Андуудын автобусны буудлын хойд талын далан дээр Ц.Б-ын "Iphone-6" загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж  дээрэмдсэн,

 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эндо" зочид буудалд Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,

Ш.Ш-г 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Гүн нуур" ХХК-ийн дэн буудалд В.С-оос "Huawei honor-8" загварын гар утсыг нь "ярьчихаад өгье" гэж хуурч залилан авсан гэж Ш.Ш-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Н.А-, Э.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “...хуурамчаар үйлдсэн мөнгөн тэмдэгт нь энгийн бичгийн цаасан дээр өнгөт принтер ашиглан хэвлэсэн бөгөөд тэдний хэвлэсэн мөнгөн дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн дэвсгэртээс илтэд ялгагдаж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хуурамчаар хэвлэн 30,000 төгрөгийг гүйлгээнд оруулж залилах гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан...” хэмээн дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Тодруулбал, шүүгдэгч Ш.Ш-, Н.А-, Э.Б- нар нь зочид буудалд байрлан, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэх компьютер, өнгөт принтер, бичгийн цаас зэргийг бэлтгэн 48 ширхэг 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдвэрлэсэн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр залилан мэхлэх гэмт хэргийн арга нь мөнгө үйлдвэрлэсэн гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан өөр эрх ашиг зөрчигдсөн байхад түүнийг гэмт хэргийн арга гэж үзсэн нь буруу болжээ.

 

Түүнчлэн, шүүгдэгч Ш.Ш- нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд, шүүгдэгч Н.А- нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар тус тус хойшлуулсан хугацаанд дээрх гэмт хэргүүдэд холбогдсон байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй, шүүгдэгч Н.А-ийн цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон зэрэг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт  холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул холбогдуулан шүүгдэгч Ш.Ш-, Н.А- нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/982 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ш.Ш-, Н.А-, Э.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                         ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН