Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/01427

 

2019 оны 06 сарын 19 өдөр                      Дугаар 183/ШШ2019/01427                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байрлах П ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... тоотод байрлах И ХХК /РД:..../-д холбогдох,

 

И ХХК-д холбогдох зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,746,800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зөвлөх үйлчилгээний гэрээний үүргээ үл биелүүлсний улмаас учирсан хохирол 3,500,000 төгрөг, нууц задруулсны хохиролд 18,000,000 төгрөг нийт 21,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө , Г.С шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Г нар оролцов.

 

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчтай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т заасны дагуу 2017 оны санхүү, татварын тайлан гаргах, 2018 оны 01 дүгээр сарын орлого, зарлагын тооцоог нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гүйцэтгэх, 2018 оны санхүүгийн төлөвлөгөө хийх үйлчилгээг харилцагчид үзүүлнэ гэж тус гэрээний 3 дугаар зүйлд гэрээний төлбөрийг заасан байдаг. Үйлчилгээний төлбөрийг  эхний 2 сар буюу 2018 оны 02, 03 дугаар сард 1.000.000 төгрөг, 4 дүгээр сараас эхлэн сард 700.000 төгрөг байхаар, гэрээний хугацааг гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч өөрийн үүргээ гүйцэтгэх боломжоороо хийж гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагч гэрээнд заасан төлбөрөө огт төлөөгүй. Энэ нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах буюу гэрээний 8.1.1 болон 8.1.2-т заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл болсон. Гэрээг хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж үргэлжлүүлэх боломжгүй байсан. Учир нь хариуцагч компанийн санхүүгийн анхан шатны баримтуудаа гаргаж өгдөггүй, гэрээнд заасан төлбөрөө огт төлөөгүй. Иймд бид зөвлөгөө үзүүлсэн эхний 3 сарын төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүний дагуу нийт төлбөр 2.700.000 төгрөг, алданги 1.046.800 төгрөг, нийт 3.746.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зөвлөх үйлчилгээний гэрээний 5 дугаар зүйлд зааснаар нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын тайлан бэлтгэх, хүргүүлэх, татварын алба, холбогдох бусад этгээдтэй, харилцагчийг төлөөлөн харилцах гэх мэт гэрээний 5 дугаар зүйлд заасан үүргүүдийг нэхэмжлэгч тал биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бид нэхэмжлэгч талд өөрийн санхүүгийн анхан шатны баримтуудаа хүргүүлсэн боловч одоо хүртэл буцааж аваагүй байна. Мөн нэхэмжлэгч компани шаардлагатай тусгай зөвшөөрлөө холбогдох төрийн байгууллагаас аваагүй байхад санхүүгийн болон татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ хариуцагч компанитай байгуулсан. Иймд бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Үндсэн гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанийн нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тухайн байгууллагын ерөнхий нягтлан бодогчийг орлож ажилладаг. Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасны дагуу тухайн нягтлан бодогч нь тухайн байгууллага дээр 7 хоногт 2 удаа ирж ажиллах ёстой байхад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 1 удаа буюу 2018 оны 03 дугаар сарын13-ны өдөр И ХХК-д дээр очих талаар емайлаар мэдэгдсэн. Гэрээнд 7 хоногт 2 удаа очиж ажиллах ёстой байсан боловч 1 удаа ирсэн нь емайлаар нотлогдож байна. Нууцлалын гэрээний үндсэн нөхцөл болох манай байгууллагын мэдээллийг бусдад задруулахгүй гэж заасан боловч үүнийг нэхэмжлэгч зөрчсөн. Нэхэмжлэгч тал Улаанбаатар аудит буюу гуравдагч этгээдэд манай анхан шатны баримтуудыг дамжуулсан нь нотлогдож байна. Хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуульд зааснаар байгууллагын хөрөнгө болох анхан шатны нягтлан бодох бүртгэлийн мөнгө, санхүүгийн тайланг дамжуулах ёсгүй, түүнтэй холбоотой санхүүгийн тайлан мэдээллийг гүйцэтгэх захирлаас авах эрх үүрэгтэй боловч П ХХК нь цаашид дамжуулсан нь өмнөх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараас нотлогдож байна. Мөн П ХХК манай анхан шатны баримтуудыг бусдад дамжуулсан нь аудитын дүгнэлтээр нотлогдож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь манай байгууллага санхүүгийн болон татварын тайлангаа холбогдох төрийн байгууллагуудад 1 удаа илгээгүйгээс болж Зөрчлийн тухай хуулийн дагуу хамгийн багадаа 1.500.000-4.500.000 төгрөгийн торгууль оноож хариуцлага хүлээлгэдэг. Үүнийг үндэслээд тооцоход манай байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу багадаа 18.000.000 орчим төгрөгөөр торгуулах болно. Учир нь П ХХК манай татвар болон санхүүгийн тайланг Сангийн яам болон Татварын хэлтэст баталгаажуулж өгөөгүй, иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б  сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарлахдаа: Манайх нууцлалын гэрээг зөрчсөн зүйл байхгүй. Бид И ХХК-д хамааралгүй этгээдэд хариуцагчийн анхан шатны санхүүгийн баримтуудыг дамжуулаагүй. Бид И ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч н.З д эдгээр баримтуудыг өгсөн. Нууц хадгалалтын гэрээний дагуу учирсан хохирлын хувьд И ХХК-д ямар нэгэн бодиттой хохирол учраагүй. Хэрвээ учирсан бол албан ёсны хуулийн шаардлага хангасан И ХХК хохирсон гэх нотлох баримт байх ёстой. Ирээдүйд тэгэх байх гэсэн хандлагатай хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин бодит байдал дээр учирсан хохирол байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч П ХХК зөвлөх үйлчилгээний гэрээний үүрэгт 3,746,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн, хариуцагч И ХХК зөвлөх үлйчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3,500,000 төгрөг, нууц задруулсаны хохиролд 18,000,000 төгрөг нийтдээ 21,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. 

 

Хэргийн баримтаас үзэхэд  П ХХК, И ХХК-ийн хооронд 2018.02.05-ны өдрийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан, гэрээний 2.1, 2.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үндсэн нөхцөл нь нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг хариуцагчид үзүүлэх, гэрээний 2.2 дахь хэсэгт энэхүү гэрээний хүрээнд 2017 оны санхүү, татварын тайлан гаргах, 2018 оны 1 дүгээр сарын орлого, зарлагын тооцоог нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гүйцэтгэх, 2018 оны санхүүгийн төлөвлөгөө хийх үйлчилгээг харилцагч И ХХК-д  үзүүлэхээр тохирсон байна.

 

  Шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2 дахь хэсэгт “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”, 360.2 дахь хэсэгт “шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно” гэж тус тус заажээ.

 

Зөвлөх үйлчилгээний гэрээний 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үйлчилгээнд төлбөрийг тухайн сар бүрийн 30-ны өдрийн дотор төлөх, тухайлбал үйлчилгээ эхэлсэн эхний 2 сар буюу 2018 оны 2, 3 дугаар сард 1,000,000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сараас  эхлэн гэрээний хугацаанд сарын 700,000 төгрөгийг тус тус төлөхөөр талууд гэрээний 3.1-д заасан, гэрээний 3.3-т зааснаар төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр тохиролцсон байна.

 

Гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч П ХХК 2018 оны 2, 3, 4 дүгээр сарын төлбөрт 2,700,000 төгрөг, алданги 1,046,800 төгрөг нийтдээ 3,746,800 төгрөгийг гаргуулахыг шаардсан, харин хариуцагч тал эс зөвшөөрч П ХХК-ийг гэрээний үүргийг биелүүлээгүй, нэхэмжлэлд дурдсан ажил үүргийг огт биелүүлээгүй хэмээн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Зөвлөх үйлчилгээний гэрээний 5.1, 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.8 дахь хэсэгт зааснаар зөвлөх П ХХК нь харилцагчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын тайлан бэлтгэх, хүргүүлэх, татварын алба, холбогдох бусад этгээдтэй харилцагчийг төлөөлөн харилцах, санхүүгийн тайлан бэлтгэх, хүргүүлэх, санхүүгийн баримт, тайлангуудыг үдэж, хавтаслан, архивлахад бэлэн болгож хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байх бөгөөд энэ үүргээ биелүүлсэнийг нотолсон баримтгүй байна.

 

П ХХК нэхэмжлэлдээ “...2018.02.10-ны өдрийн дотор санхүүгийн тайлан гаргах ажлыг гүйцэтгэсэн, харилцагч тал шаардагдах баримт бичгүүдийг цаг тухайд нь гаргаж өгөөгүй, гэрээнд заасан төлбөр төлөөгүйгээс 2018 оны 5 сараас эхлэн үйлчилгээ үзүүлэхийг зогсоосон” гэж  дурдсанаас үзэхэд харилцагч тал гэрээний 7.2, 7.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлагатай санхүүгийн баримтууд болон гэрээ хэлцэл, мэдээллийг бүрэн гаргаж өгөх үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна.

 

Нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаанд 2017 оны санхүүгийн тайлан, 2018 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан, барааны тооцоо, борлуулалтын төлөвлөгөө, 2018 оны төсөв, санхүүгийн тооцоолол зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэх боловч харилцагч талд хүлээлгэн өгсөн баримтгүй, гэрээний 7.1.1, 7.1.4-т зааснаар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, хичээл зүтгэл, үр дүнтэйгээр цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, харилцагчийн өмчлөлийн аливаа санхүүгийн баримт болон мэдээллүүдийг үйлчилгээ үзүүлсэний дараа эсхүл энэхүү гэрээг цуцлах үед харилцагчид буцаан өгөх үүргийг хүлээсэн боловч И ХХК-д дээрх баримтуудыг хүлээлгэж өгсөн эсэх талаар маргаантай байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”,  227.5 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд 2018.02.05-ны өдрийн Нууц хадгалах гэрээ байгуулсан, гэрээний 1.2-т “харилцагчаас зөвлөхөд итгэмжлэн задруулсан нууц мэдээллийг бусдад үл задруулах буюу чандлан хадгалах үүргийг зөвлөх хүлээх” –ээр заасан байх бөгөөд  И ХХК-ийн санхүүгийн мэдээллүүдийг гуравдагч этгээдэд дамжуулснаас компанийн бизнес, санхүүгийн үйл ажиллагаа зогссон болон  гэрээний үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлсэнээс хохирол учирсан гэх талаар нотолсон баримтгүй, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.

 

Зөвлөх үйлчилгээний гэрээний үндсэн нөхцөл нь нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг хариуцагчид үзүүлэхээр тохирсон байх тул  П ХХК-д тусгай зөвшөөрөл шаардлагагүй болно.    

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                     

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэгт зааснаар И ХХК-иас зөвлөх үйлчилгээний гэрээний үүрэгт 3,746,800 төгрөг гаргуулахыг хүссэн П ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, мөн П ХХК-иас  зөвлөх үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3,500,000 төгрөг, нууц задруулсаны хохиролд 18,000,000 төгрөг нийтдээ 21,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,000 төгрөгийг, И ХХК-ийн  төлсөн 265,450 төгрөгийг  тус тус  улсын орлогод оруулсугай.

 

 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                         

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ