Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1738

 

ПХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01427 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ПХХК-ийн хариуцагч “И” ХХК-д холбогдуулан гаргасан “И” ХХК-д холбогдох зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 746 800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зөвлөх үйлчилгээний гэрээний үүргээ үл биелүүлсний улмаас учирсан хохирол 3 500 000 төгрөг, нууц задруулсны хохиролд 18 000 000 төгрөг нийт 21 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Хшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд тайлбартаа:

Хариуцагчтай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т заасны дагуу 2017 оны санхүү, татварын тайлан гаргах, 2018 оны 01 дүгээр сарын орлого, зарлагын тооцоог нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гүйцэтгэх, 2018 оны санхүүгийн төлөвлөгөө хийх үйлчилгээг харилцагчид үзүүлнэ гэж тус гэрээний 3 дугаар зүйлд гэрээний төлбөрийг заасан байдаг. Үйлчилгээний төлбөрийг  эхний 2 сар буюу 2018 оны 02, 03 дугаар сард 1 000 000 төгрөг, 4 дүгээр сараас эхлэн сард 700.000 төгрөг байхаар, гэрээний хугацааг гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч өөрийн үүргээ гүйцэтгэх боломжоороо хийж гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагч гэрээнд заасан төлбөрөө огт төлөөгүй. Энэ нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах буюу гэрээний 8.1.1 болон 8.1.2-т заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл болсон. Гэрээг хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж үргэлжлүүлэх боломжгүй байсан. Учир нь хариуцагч компанийн санхүүгийн анхан шатны баримтуудаа гаргаж өгдөггүй, гэрээнд заасан төлбөрөө огт төлөөгүй. Иймд бид зөвлөгөө үзүүлсэн эхний 3 сарын төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүний дагуу нийт төлбөр 2 700 000 төгрөг, алданги 1 046 800 төгрөг, нийт 3 746 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зөвлөх үйлчилгээний гэрээний 5 дугаар зүйлд зааснаар нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын тайлан бэлтгэх, хүргүүлэх, татварын алба, холбогдох бусад этгээдтэй, харилцагчийг төлөөлөн харилцах гэх мэт гэрээний 5 дугаар зүйлд заасан үүргүүдийг нэхэмжлэгч тал биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бид нэхэмжлэгч талд өөрийн санхүүгийн анхан шатны баримтуудаа хүргүүлсэн боловч одоо хүртэл буцааж аваагүй байна. Мөн нэхэмжлэгч компани шаардлагатай тусгай зөвшөөрлөө холбогдох төрийн байгууллагаас аваагүй байхад санхүүгийн болон татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ хариуцагч компанитай байгуулсан. Иймд бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С сөрөг нэхэмжлэлдээ:

Үндсэн гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанийн нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тухайн байгууллагын ерөнхий нягтлан бодогчийг орлож ажилладаг. Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасны дагуу тухайн нягтлан бодогч нь тухайн байгууллага дээр 7 хоногт 2 удаа ирж ажиллах ёстой байхад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 1 удаа буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “И” ХХК-д дээр очих талаар и-майлаар мэдэгдсэн. Гэрээнд 7 хоногт 2 удаа очиж ажиллах ёстой байсан боловч 1 удаа ирсэн нь и-майлаар нотлогдож байна. Нууцлалын гэрээний үндсэн нөхцөл болох манай байгууллагын мэдээллийг бусдад задруулахгүй гэж заасан боловч үүнийг нэхэмжлэгч зөрчсөн. Нэхэмжлэгч тал Улаанбаатар аудит буюу гуравдагч этгээдэд манай анхан шатны баримтуудыг дамжуулсан нь нотлогдож байна. Хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуульд зааснаар байгууллагын хөрөнгө болох анхан шатны нягтлан бодох бүртгэлийн мөнгө, санхүүгийн тайланг дамжуулах ёсгүй, түүнтэй холбоотой санхүүгийн тайлан мэдээллийг гүйцэтгэх захирлаас авах эрх үүрэгтэй боловч ПХХК нь цаашид дамжуулсан нь өмнөх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараас нотлогдож байна. Мөн ПХХК манай анхан шатны баримтуудыг бусдад дамжуулсан нь аудитын дүгнэлтээр нотлогдож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь манай байгууллага санхүүгийн болон татварын тайлангаа холбогдох төрийн байгууллагуудад 1 удаа илгээгээгүйгээс болж Зөрчлийн тухай хуулийн дагуу хамгийн багадаа 1 500 000-4 500 000 төгрөгийн торгууль оноож хариуцлага хүлээлгэдэг. Үүнийг үндэслээд тооцоход манай байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу багадаа 18 000 000 орчим төгрөгөөр торгуулах болно. Учир нь П ХХК манай татвар болон санхүүгийн тайланг Сангийн яам болон Татварын хэлтэст баталгаажуулж өгөөгүй, иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Манайх нууцлалын гэрээг зөрчсөн зүйл байхгүй. Бид “И” ХХК-д хамааралгүй этгээдэд хариуцагчийн анхан шатны санхүүгийн баримтуудыг дамжуулаагүй. Бид “И” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч н.Золжаргалд эдгээр баримтуудыг өгсөн. Нууц хадгалалтын гэрээний дагуу учирсан хохирлын хувьд “И” ХХК-д ямар нэгэн бодиттой хохирол учраагүй. Хэрвээ учирсан бол албан ёсны хуулийн шаардлага хангасан “И” ХХК хохирсон гэх нотлох баримт байх ёстой. Ирээдүйд тэгэх байх гэсэн хандлагатай хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин бодит байдал дээр учирсан хохирол байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5 дахь хэсэгт зааснаар “И” ХХК-аас зөвлөх үйлчилгээний гэрээний үүрэгт 3 746 800 төгрөг гаргуулахыг хүссэн П ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, мөн П ХХК-аас зөвлөх үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3 500 000 төгрөг, нууц задруулсаны хохиролд 18 000 000 төгрөг нийтдээ 21 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн “И” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөгийг, “И” ХХК-ийн төлсөн 265 450 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх "Зөвлөх үйлчилгээний гэрээний 5.1, 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.8 дахь хэсэгт зааснаар зөвлөх ПХХК нь харилцагчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын тайлан бэлтгэх, хүргүүлэх, татварын алба, холбогдох бусад этгээдтэй харилцагчийг төлөөлөн харилцах, санхүүгийн тайлан бэлтгэх, хүргүүлэх, санхүүгийн баримт, тайлангуудыг үдэж, хавтаслан архивлахад бэлэн болгож хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байх бөгөөд энэ үүргээ биелүүлснийг нотолсон баримтгүй байна.

Нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаанд 2017 оны санхүүгийн тайлан, 2018 оны 01 дүгээр улирлын санхүүгийн тайлан, барааны тооцоо, борлуулалтын төлөвлөгөө, 2018 оны төсөв, санхүүгийн тооцоолол зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэх боловч харилцагч талд хүлээлгэн өгсөн баримтгүй, гэрээний 7.1.1, 7.1.4-т зааснаар үйлчилгээг мэргэжлийн өндөр өндөр түвшинд, хичээл зүтгэл, үр дүнтэйгээр цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх, харилцагчийн өмчлөлийн аливаа санхүүгийн баримт болон мэдээллүүдийг үйлчилгээ үзүүлсний дараа эсхүл энэ гэрээ, цуцлах үед харилцагчид буцаан өгөх үүргийг хүлээсэн боловч “И”ХХК-д дээрх баримтуудыг хүлээлгэж өгсөн эсэх талаар маргаантай байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Зөвлөх үйлчилгээний гэрээг Иргэний хуулийн 359 дугаар зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний зүйлийг гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамааруулсан. Угтаа бол хөлсөөр ажиллах гэрээгээр тоо болон чанарын ямар нэгэн шаардлагыг хангасан ажлын эцсийн үр дүнг бус тодорхой хугацааны туршид гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгэх ёстой байдаг. Нэхэмжлэгч П ХХК-ийнхувьд Зөвлөх үйлчилгээний гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-д заасан ажил үйлчилгээг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх болохоос биш төрийн захиргааны холбогдох байгууллагаас "И" ХХК-д авч байгаа арга хэмжээг хариуцах үүрэг хүлээгээгүй гэж үзэж байна.

Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүх Зөвлөх үйлчилгээний гэрээнээс бусад нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхойгүй. Тухайлбал 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэгч П ХХК-ийнгүйцэтгэх захирал Ц.Хулангийн и-майл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлийг энэхүү хэрэгт хэрхэн хамааралтай, ямар ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг огт үнэлээгүй. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагч "И" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нболон тус компанийн хувьцаа эзэмшигч М.Золжаргал нар луу хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ болон яагаад Зөвлөх үйлчилгээний гэрээ цуцлагдаж байгаа талаар цахимаар харилцсан байдлыг үзлэг хийж нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр баталгаажуулсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар дээрх нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг энэхүү хэрэгт хэрхэн үнэлж байгаа талаар огт тусгаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан "...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх алдааг залруулах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан зөвлөх үйлчилгээний гэрээний үүрэгт 3 746 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хөлс төлөхөөс татгалзсан гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэн, ажиллуулагчтай цахим шуудангаар харилцаж, ажлын файлуудыг илгээж байсан гэж тайлбарлан, баримтыг хуулбараар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй тул үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж, үзлэг хийсэн боловч хэргийн 128 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.7-д заасан шаардлага хангаагүй байна. Үзлэгийг хэн, хэзээ, хаана явуулсан, үзлэгийн явц үр дүнг бүрэн тусгагдаагүй, үзлэгийн тэмдэглэлд үзлэгээр илэрсэн баримтуудыг хавсаргаагүй байна.

 

Хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзлыг нотлох өөр баримт авагдаагүй тул гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ