Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01246

 

  

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03027 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 209 дүгээр магадлалтай,

 

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,

Б.Энхболдод холбогдох,

 

Гэм хорын хохиролд 775,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг, Э.Мөнхгэрэл, Р.Жавзандулам, төрийг төлөөлж прокурор П.Мөнхцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхгэрэл, Р.Жавзандулам, төрийг төлөөлж Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баатарзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхболд нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017.02.15-ны өдрийн Б/117 тушаалаар Б.Мэндсайханыг гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017.02.15-ны өдрийн Б/117 тушаалыг хүчингүй болгож, Б.Мэндсайханыг урд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс 705,583 төгрөгийг олгосон байна. Уг шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Б.Мэндсайханд 2017.12.07-ны өдөр 775,783 төгрөгийг олгосон. Б.Энхболдын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 775,783 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Энхболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.16-ны өдрийн шийдвэрээр Б.Мэндсайханыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 705,583 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт болсныг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. Төрийн албаны хууль /шинэчилсэн найруулга/ 2019.01.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба уг хуульд шинээр батлагдсан энэ хуулийг өмнөх Төрийн албаны харилцаанд буцаан хэрэглэх тухай зохицуулалт байхгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн энэхүү хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь 2019.01.01-ний өдрөөс хойш төрийн албанаас ажилтныг халсан, энэ нь буруу болох нь шүүхийн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хэрэгжих боломжтой болох ба хуучин Төрийн албаны хууль хэрэгжиж байхад ажилтныг ажлаас халсан буруутай албан тушаалтанд энэ хууль үйлчлэхгүй гэсэн үг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Төрийг төлөөлж прокурор шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэл гаргах эрхтэй, Төрийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболдоос 775,783 хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03027 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Энхболдод холбогдох 775,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 209 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төрийг төлөөлсөн прокурор нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч, мөн төрийг төлөөлсөн прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг, Э.Мөнхгэрэл, Р.Жавзандулам нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.05-ны өдрийн 101/ШШ2019/03027 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 209 дүгээр магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий болоогүй учир эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017.02.15-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн Гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Мэндсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Б.Мэндсайхан уг тушаалтай маргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017.02.15-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хууль бусаар ажлаас чөлөөлснийг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 775,783 төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, ажлаас хууль бусаар чөлөөлсөн шийдвэр гаргасан этгээд нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Энхболд юм. Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Б.Мэндсайханы ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг түүний ХААН банкны 5026822845 тоот данс руу хариуцагч Б.Энхболд төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог, мөн уг асуудлыг хүлээн зөвшөөрдөг болно. Улсын Их Хурлаас 2002, 2017 онд баталсан Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөл төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан. Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасныг үндэслэн төрд учирсан хохирол 775,583 төгрөгийг Б.Энхболдоос гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно. Улсын Их Хурал 2017.12.07-ны өдөр Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулан баталж, 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчилнэ. Иймд хуулийн дээрх заалтаар хариуцагч Б.Энхболдын 2017 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Төрийн албаны зөвлөлд үүсээгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх Төрийн албаны зөвлөлд байсан бөгөөд 2017 онд батлагдсан Төрийн албаны хуулийн 50 дугаар зүйлд энэ зохицуулалт хэвээр хадгалагдсан болно. Мөн анхан болон давж заалдах шатны иргэний хэргийн шүүх ...Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасан төрийн албаны зарчмаас үзэхэд Б.Энхболдын үйл ажиллагаатай холбоотой хохирлыг төр хариуцахаар байна... гэж учир дутагдалтай дүгнэлт хийжээ. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Төрийн албаны зөвлөлд олгосон нь хохирлыг төр хариуцаж арилгасны дараа төрийг хохиролгүй болгох зохицуулалт юм. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь төр өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэхдээ аль нэг хуулийн этгээдээр төлөөлүүлж нэхэмжлэх бөгөөд төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж, төрийг төлөөлөх эрхийг хуулиар Төрийн албаны зөвлөлд олгосон. Төр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх Төрийн албаны зөвлөлд олгосон.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Төрийг төлөөлж прокурор П.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.05-ны өдрийн 101/ШШ2019/03027 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төрийг төлөөлсөн прокурор нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

Нэхэмжлэгч тал 2017 оны Төрийн албаны хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 2002 оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1,2-т заасныг шаардах эрхийн үндэслэлээ болгожээ. Улсын Их Хурал 2017.12.07-ны өдөр шинэчлэн найруулсан Төрийн албаны хуулийг баталж, 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг даган мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтанд үйлчилнэ. Иймд хуулийн дээрх заалтаар хариуцагчийн 2017 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Төрийн албаны зөвлөлд үүсээгүй гэж үзнэ. 2002 оны Төрийн албаны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ. Энэ зүйл нь Төрийн албаны зөвлөлийн эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир хариуцагчийн албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэм хорын хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хууль /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч Б.Энхболдын ажиллаж байсан байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан Б.Мэндсайхан учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Прокурор шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0547 дугаар шийдвэрийн дагуу ажилтан Б.Мэндсайханыг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж, түүний цалин, хөлстэй нь тэнцэх хэмжээний олговорт 775 783 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг ба талууд энэхүү үйл баримтын талаар маргадаггүй билээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас 2017.12.07-ны өдөр Б.Мэндсайханд 775,783 төгрөг олгосон үйл баримт нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд хохирол учирсан, тухайн хохирлыг нь төр хариуцан барагдуулсан талаарх нотолгоо гэж үзэж байна. Энэхүү үйл баримт нь Төрийн албаны зөвлөлд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учирсан хохирол болох 775,783 төгрөгийг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг үүсгэж байна. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах... гэсэн зүйлийг хариуцагч Б.Энхболдыг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэм хорын хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэл болохгүй гэж тайлбарласныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ гэж үзэж байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэл бүхий байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.05-ны өдрийн 101/ШШ2019/03027 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 209 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Төрийн албаны зөвлөлөөс Б.Энхболдод холбогдуулан гэм хорын хохиролд 775,783 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төрийг төлөөлж Улсын Ерөнхий Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус тус хяналтын журмаар гомдол гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболд 2017.02.15-ны өдрийн Б/117 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4.-т заасныг удирдлага болгон Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж, өөрчлөгдсөн үндэслэлээр Гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Мэндсайханыг албан тушаалаас нь чөлөөлснийг ажилтан эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаартай шийдвэрээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, Б.Мэндсайханыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилж, 2017.12.07-ны өдөр ажил олгогчоос 775,583 төгрөгийг Б.Мэндсайханы дансанд нөхөн олговор утгатайгаар шилжүүлсэн нь тогтоогдсон тул Б.Энхболдын хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан гэх үндэслэлээр буруутай албан тушаалтнаас хохирлыг нөхөн гаргуулахаар Төрийн албаны зөвлөлөөс Б.Энхболдод холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 2019.01.01-ний өдрөөс үйлчилнэ. Хариуцагчийн үйлдэл энэ хугацаанаас өмнө үйлдэгдсэн тул хуулийг буцаан хэрэглэхгүй гэж маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 4.2.7. дахь заалтыг үндэслэн Б.Энхболдын үйл ажиллагаатай холбоотой учирсан хохирлыг төр хариуцна гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхол, төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7.-д заасан хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдаа гэж үзэх боломжгүй тул хариуцагч Б.Энхболдын учруулсан хохирлыг төр хариуцна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7.-д заасан хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэсэн заалт нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлд хамаарахгүй зохицуулалт болно.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

Иймд хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хоёр шатны шүүхийн алдааг засч, зөвтгөх нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Энхболдын Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Б.Мэндсайханыг хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, улмаар шүүхийн шийдвэрт заасан 775,583 төгрөгийг ажилтанд олгож, төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул хариуцагчаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл, төрийг төлөөлсөн Улсын Ерөнхий Прокурорын газрын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 209 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03027 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар Б.Энхболдоос 775,783 төгрөгийг гаргуулан Төрийн банкны төрийн сангийн 100900021501 дансанд оруулсугай. гэж, 2 дахь заалтын ...дурдсугай. гэснийг ...дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч Б.Энхболдоос 23,169 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэхишиг, Э.Мөнхгэрэл, Р.Жавзандулам, төрийг төлөөлж прокурор П.Мөнхцэцэг нарын гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.14.-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл, төрийг төлөөлсөн Улсын ерөнхий прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД