Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/03027

 

 

 

 

2019 оны 11 сарын 05 өдөр        Дугаар 101/ШШ2019/03027            Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байр хаягт байрлах Т А З-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 0дугаар хороолол, Шинэ зуун хотхон 00 байр 00 тоотод оршин суух хаягтай Чонос овгийн Б.Э холбогдох

Гэм хорын хохирол 775,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Р.Ж, Э.Ж, хариуцагчийн төлөөлөгч Ж.С, прокурор П.Б, иргэдийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Я нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.”, 50.2-т “төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан.Б.Э нь *******рын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын     15-ны өдрийн ******* тушаалаар Б.М-ыг Гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0  дугаар шийдвэрээр *******рын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ныөдрийн ******* тушаалыг хүчингүй болгож, Б.М-ыг урд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс 705,583 төгрөгийг олгожээ.

Уг шийдвэрийн дагуу *******раас Б.М-д 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 775,783 төгрөгийг олгосон байна.Б.Эын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 775,783 төгрөгийг төрийн сан 100900021501, хүлээн авч Т А З  нөхөн төлбөр, буруутай албан тушаалтан Б.Эоос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан *******арт Гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Б.М-ыг ажлаас чөлөөлсөн, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гарч Б.М-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 705,583 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт болсныг хүлээн зөвшөөрч байна.

Монгол улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Төрийн албаны хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба уг хуульд шинээр батлагдсан энэ хуулийг өмнөх Төрийн албаны харилцаанд буцаан хэрэглэх тухай зохицуулалт байхгүй байна.

Ийм учраас нэхэмжлэгчийн энэхүү хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага  гаргах эрх нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрийн албанаас ажилтныг халсан, энэ нь буруу болох нь шүүхийн шийдвэр, Т А З-н шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хэрэгжих боломжтой болох ба хуучин Төрийн албаны хууль хэрэгжиж байхад ажилтныг ажлаас халсан буруутай албан тушаалтанд энэ хууль үйлчлэхгүй гэсэн үг.

Шинэ хууль гарснаар хүчингүй болсон Төрийн албаны тухай хуульд буруу шийдвэр гаргасаны улмаас төрд хохирол учруулсан ажилтнаас хохирлыг Засаг даргын Тамгын газрын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь хуучин хуулийн дагуу үүсэж, уг хуулийн дагуу шийдвэрлэгдсэн.

Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэдэг нь “энэ хууль болон хуульчилсан акт хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ” гэсэн агуулгатай байхад Т А З  хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Төрийн төлөөлж прокурор шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т А З  нь Хан-Уул дүүргийн засаг даргын орлон гүйцэтгэгч Б.Эоос  н.Э  хууль бусаар халсан. Хууль бусаар халсан нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

 

2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөрийн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхдээ н.М ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 705,583 төгрөгийг төрөөс гаргуулж н.М-д олгохоор шийдвэрлэсэн. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ******* тушаал нь хууль зүйн үндэслэлгүй учраас төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна. Т А З-н нэхэмжлэлд дурдагдсан.

 

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилсэн Төрийн албан тухай хуульд төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэх, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т төрийг төлөөлж Т А З  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байна. Прокурорын зүгээс тус нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Үндэслэл нь шинэ Төрийн албаны тухай хуульд хуулийг буцаан хэрэглэхийг хориглоно гэж хуульчлаагүй. Иргэний хуулийн 03 дугаар зүйлд иргэний хууль тогтоомжийг хэрэглэх гэсэн заалт байгаа. Энэ заалтын 3.3-т Монгол улсын Үндсэн хууль бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулийг, хэрэв тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэргэлнэ гэж заасан.

 

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг буруутгасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг баримтлан гаргасан татгалзлын хуулийн үндэслэл нь иргэний хууль тогтоомжыг хэлсэн болохоос Төрийн албаны тухай хуулийг буцаан  хэрэглэхгүй гэсэн зохицуулалт байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуульд буцаан хэрэглэхгүй гэсэн заалт байхгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд Прокуорын зүгээс тайлбар байхгүй. Хариуцагч талаас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35.1-д гээд хүчингүй болсон хуулийг хэрэглээд байна гэсэн. Нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэх эрх нь байгаа гэсэн байна. Энэ нь зөв. Нэхэмжлэл нь үндэслэлтэй байна. Төрд учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай /2019 он/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар хариуцагч Б.Э-од холбогдуулан төрд учирсан хохирол 775,783 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э-ын буруутай үйлдэл нь 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байхад үүссэн. Тиймээс  хуучин хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан талбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

*******рын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.М-г хариуцагч Б.Э нь Хан-Уул дүүргийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх үед буюу 2017 оны 02 дугаар сарын    15-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 3 дугаар тал/

Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0547 шийдвэрээр Б.М-г *******рын төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн төсөл хөтөлбөр, индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, цалин хөлсний нөхөн олговорт 705,583 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 5-11 дүгээр тал/

Дээрх шүүхийн шийдвэрээр Б.М-ы Хаан банкны 0000000 дансанд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас 775,783 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар зохигчид маргаагүй болно./хх-ийн 4 дүгээр тал/

Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т  “төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх,албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж зааснаар Т А З  нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.

Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж заасан төрийн албаны зарчмаас үзэхэд хариуцагч Б.Э-ын үйл ажллагаатай холбоотой хохирлыг төр хариуцахаар байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хууль нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хууль тогтоогчоос хуульчилсан.

Нэхэмжлэгч Төрийн албаны тухай 50 дугаар зүйлийн 50.1-дэх хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ “ хуулийн тухайн заалттай холбоотой хохирлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан Т А З-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-од холбогдох 775,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                       Д.ЗОЛЗАЯА

                                                                                       Н.САРАНГҮН