Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2040

 

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2019/02040

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 000000 тоотод оршин суух, Ч.Э

Хариуцагч: 00000000 хороо, НЕБС

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Э, өмгөөлөгч Б.Булгантамир, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 93 дугаар сургуульд няраваар ажилд орсон. Тушаал гарч нарийн бичгийн дарга захиралын ширээн дээр хөдөлмөрийн гэрээ чинь байгаа ороод гарын үсгээ зурчих гэхээр нь өрөөнд нь ороход захирал согтуу байсан учир гэрээ хийгдээгүй. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халагдах өдөр хүртлээ ажил тасалж, хийдүүлж яваагүй. Өгсөн чиг үүргийн дагуу ажлаа хийж, амралтын өдрүүдэд ч илүү цагаар ажиллаж ирсэн. Энэ болгон ирцийн бүртгэлийн дэвтрээс харагдана. Намайг 3 хоног ажил тасалсан гэх шалтгаанаар ажлаас халсан. Эмээгийн бие их муудсан тул 2019 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 07.30 цагийн үед захирлын гар утас руу залгахад утсаа аваагүй тул мессэж бичсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад месэж чатаар харилцсан. Үүнээс өмнө утсаар залгаж энэ тухай мэдэгдсэн байсан. Учир байдлаа мэдэгдэж мессэж бичихэд 1 дэх өдөр нь ирээд уулзаарай гэсэн хариу бичсэн. Чөлөө авсан тул 02 дугаар сарын цалин бүтэн олгогдсон. 03 дугаар дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд ажил явдал болж чөлөө авсан, 15-нд Эрдэнэт хотоос гарсан. Хөдөлмөрийн гэрээг ажил тасалсан цаг нь 3 өдөр болсон тул ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж байгаа. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 4.2.3, сургуулийн дотоод журмын 11.4-т заасныг үндэслэсэн байдаг. Түүнээс хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг ажилдаа хариуцлагагүй хандсан, санхүүгийн хувьд асуудалтай гэж халсан зүйл байхгүй. Ажил тасалсан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсгээр ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар яригдах ёстой. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Ажлаас халсан 03 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зурчих гэж өгсөн. Шинэ няравтай ажилаа хүлээлцэх гэж 10 хоног ажилласан. Тойрохоо зуруулсан. Иймд 93 дугаар сургуулийн няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй 91 хоногийн олговор 3.122.441 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ЕБЛ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Э нь 2019 оны 02 дугаар сарын 27, 28, 03 дугаар сарын 01-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Мөн 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд 3 өдрийн чөлөө олгосон. Гэтэл 03 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирээгүй. Нийт 4 өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул дотоод журамд заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 тушаалаар ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн ажил тасалсан өдрүүд цагийн бүртгэлийн дэвтрээс тодорхой харагдана. Дотоод журамд зааснаар 3 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан бол дотоод журмыг үндэслэж ажлаас халдаг. Энэ хүнийг ганцхан ажил тасалсан гэдгээр халаагүй, удаа дараа санхүүгийн алдаа дутагдал, зөрчлийн талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Сургуулийн дотоод журмын 22.4, 22.8, 22.15, 22.16-д заасан няравын үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан. Гүнзгий ангийн төлбөрөөс 5.344.720 төгрөг дутаасан. Өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй, энэ байдлыг гэрчүүд гэрчилсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг барьж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэхдээ тушаалд залуу хүн учир санхүүгийн зөрчилтэй гэдэг байдлаар битгий оруулаач гэж өөрийнх нь гуйснаар санхүүгийн зөрчлийн талаар тушаалд оруулаагүй гэсэн. Энэ хүний 2, 3 дугаар сарын цалин олгогдсон. Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Хүний бие муудсан гэж мессэж бичээд байгааг мэдэгдсэн гэхэд хэцүү л байна. Захирал мессэждээ яагаад алга болчихвоо, хааччихваа гэж бичсэн байсан. Ч.Эг ажилд авсан тушаал гарсан өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураарай гэж нарийн бичгийн дарга хэлсэн байсан. Гэтэл Ч.Э захирлаар гарын үсэг зуруулаагүй юм байна лээ. Энэ хүн ажил тасалсан болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч НЕБСд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, олговор 3.122.441 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Эг НЕБЛ дугаар сургуулийн захиралын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3, сургуулийн дотоод журмын 11.4 дэх заалтыг тус тус үндэслэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил тасалсан цаг нь 3 өдөр болсон тул гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 27, 28, 03 дугаар сарын 01, 15-ны өдрүүдэд ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлан маргасан боловч нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч сургуулийн захирал П.Х нар 02 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүк мессэнжэр чатаар харилцаж П.Х-с утсаар холбогд 1 дэх өдөр ирж уулзаарай гэсэн хариу өгсөн байх тул түүнд ажлын 3 хоног буюу 02 дугаар сарын 27, 28, 03 дугаар сарын 01-ны өдрийн чөлөө өгч, цалинг бүтнээр олгосон байна.

2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь чөлөө хүссэн өргөдөл гаргаж түүнд 12, 13, 14-ний өдрүүдийн чөлөөг олгосон байх тул хариуцагчийн ажил тасалсан өдөр 3 хоног болсон тул ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Сургуулийн дотоод журмын Арван нэг. Сахилгын зөрчил 11.1-т ажил таслах /ажилтан ажилдаа ирж чадаагүй хүндэтгэх шалтгаан гарвал заавал урьдчилан мэдэгдэнэ. Эс тэгвэл ажил тасалсанд тооцно/ гэж зааснаар Ч.Э захирал П.Х-с 2019 оны 02 дугаар сарын 27, 28, 03 дугаар сарын 01-ний өдрүүдийн чөлөөг утсаар мэдэгдэж авсан байна.

Харин түүнд 2019 оны 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдийн 3 хоногийн цалингүй чөлөө олгосон байхад 15-ны өдөр ажилдаа ирэлгүй ажил тасалж дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан байна.

Хариуцагч ЕБЛ нь Ч.Эг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажилд авч ажиллуулахдаа түүнтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нөхцөлүүдийг талууд хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй ажилтанг ажиллуулсан буруутай.

Өөрөөр хэлбэл талууд гэрээний гол нөхцөл болон бусад нөхцөлийн талаар тохиролцоогүй, Сургуулийн дотоод журмын 7.1.2-т зааснаар захирал нь ажилд орохыг хүссэн иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу бичгээр байгуулна. Ажилтныг ажлын байранд ажилд авахдаа 6 сараас хэтрүүлэхгүйгээр хугацаатай гэрээ байгуулна гэж заасныг зөрчиж ажилтанг ажиллуулсан байна.

Сургуулийн дотоод журамын 7.2.1-т ажилтныг Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 37, 39, 40-д заасан үндэслэлээр ажлаас хална, 7.1.2-т хөдөлмөрийн гэрээгээр тохирч гэрээг бичгээр байгуулах, 7.1.4-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн тушаал гаргах, 11.1.2-т Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах, 12.2.6-д сургуулийн захиргаа нь ажилд авсан ажилтнаа хөдөлмөрийн гэрээтэй ажиллуулна гэж заасныг зөрчиж ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ямар зөрчилийг сахилгын зөрчилд тооцох болон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг тохиролцоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Ч.Эг НЕБЛ дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 88 хоногийн олговорт /2.182.289:3=727.430:21=34.640х88=3.048.320/ 3.048.320 төгрөг гаргуулж, түүний энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нь олговорт 3.122.441 төгрөг шаардсан боловч түүний ажилгүй байсан хугацааны 88 хоногийг тооцож 3.048.320 төгрөг гаргуулсан тул үлдэх 74.121 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагчаас 63.723 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Эг НЕБЛ дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар НЕБЛ дугаар сургуулиас 3.048.320 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Эд олгож, үлдэх 74.121 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Эы эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг НЕБСд үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч НЕБЛ дугаар сургуулиас 63.723 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА