Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1689

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Т даргалж, шүүгч А.О С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02040 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ЕБС -д няраваар ажилд орсон. Тушаал гарч нарийн бичгийн дарга захиралын ширээн дээр хөдөлмөрийн гэрээ чинь байгаа ороод гарын үсгээ зурчих гэхээр нь өрөөнд нь ороход захирал согтуу байсан учир гэрээ хийгдээгүй. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халагдах өдөр хүртлээ ажил тасалж, хийдүүлж яваагүй. Өгсөн чиг үүргийн дагуу ажлаа хийж, амралтын өдрүүдэд ч илүү цагаар ажиллаж ирсэн. Энэ болгон ирцийн бүртгэлийн дэвтрээс харагдана. Намайг 3 хоног ажил тасалсан гэх шалтгаанаар ажлаас халсан. Эмээгийн бие их муудсан тул 2019 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 07.30 цагийн үед захирлын гар утас руу залгахад утсаа аваагүй тул мессэж бичсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад мессеж чатаар харилцсан. Үүнээс өмнө утсаар залгаж энэ тухай мэдэгдсэн байсан. Учир байдлаа мэдэгдэж мессэж бичихэд 1 дэх өдөр нь ирээд уулзаарай гэсэн хариу бичсэн. Чөлөө авсан тул 02 дугаар сарын цалин бүтэн олгогдсон. 03 дугаар дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд ажил явдал болж чөлөө авсан, 15-ны өдөр Эрдэнэт хотоос гарсан. Хөдөлмөрийн гэрээг ажил тасалсан цаг нь 3 өдөр болсон тул ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж байгаа. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 4.2.3, сургуулийн дотоод журмын 11.4-т заасныг үндэслэсэн байдаг. Түүнээс хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг ажилдаа хариуцлагагүй хандсан, санхүүгийн хувьд асуудалтай гэж халсан зүйл байхгүй. Ажил тасалсан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсгээр ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар яригдах ёстой. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Ажлаас халсан 3 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зурчих гэж өгсөн. Шинэ няравтай ажилаа хүлээлцэх гэж 10 хоног ажилласан. Тойрохоо зуруулсан. Иймд ЕБС-ын няравын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй 91 хоногийн олговор 3 122 441 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ерөнхий боловсролын сургууль шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Э нь 2019 оны 02 дугаар сарын 27, 28, 03 дугаар сарын 01-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Мөн 03 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд 3 өдрийн чөлөө олгосон. Гэтэл 03 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирээгүй. Нийт 4 өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул дотоод журамд заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 тушаалаар ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн ажил тасалсан өдрүүд цагийн бүртгэлийн дэвтрээс тодорхой харагдана. Дотоод журамд зааснаар 3 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан бол дотоод журмыг үндэслэж ажлаас халдаг. Энэ хүнийг ганцхан ажил тасалсан гэдгээр халаагүй, удаа дараа санхүүгийн алдаа дутагдал, зөрчлийн талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Сургуулийн дотоод журмын 22.4, 22.8, 22.15, 22.16-д заасан няравын үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан. Гүнзгий ангийн төлбөрөөс 5 344 720 төгрөг дутаасан. Өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй, энэ байдлыг гэрчүүд гэрчилсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг барьж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэхдээ тушаалд залуу хүн учир санхүүгийн зөрчилтэй гэдэг байдлаар битгий оруулаач гэж өөрийнх нь гуйснаар санхүүгийн зөрчлийн талаар тушаалд оруулаагүй гэсэн. Энэ хүний 2, 3 дугаар сарын цалин олгогдсон. Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Хүний бие муудсан гэж мессэж бичээд байгааг мэдэгдсэн гэхэд хэцүү л байна. Захирал мессеждээ яагаад алга болчихвоо, хааччихваа гэж бичсэн байсан. Ч.Э ажилд авсан тушаал гарсан өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураарай гэж нарийн бичгийн дарга хэлсэн байсан. Гэтэл Ч.Э захирлаар гарын үсэг зуруулаагүй юм байна лээ. Энэ хүн ажил тасалсан болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Э Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиас 3.048.320 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э олгож, үлдэх 74 121 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Э эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиас 63 723 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд, Анхан шатны шүүх шийдвэртээ "...Шүүх хуралдаанд хариуцагч нь 2019 оны 2 дугаар сарын 27, 28, 3 дугаар сарын 01, 15-ны өдрүүдэд ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлан маргасан боловч нэхэмжлэгч Ч.Эрдэнэбулган, хариуцагч сургуулийн Захирал Л.Х нар 2 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүк мессенжер чатаар харилцаж Л.Х с "утсаар холбогдож 1 дэх өдөр ирж уулзаарай" гэсэн хариу өгсөн байх тул түүнд ажлын 3 хоног буюу 2 дугаар сарын 27, 28, 3 дугаар сарын 01-ний өдрийн чөлөө өгч, цалинг бүтнээр олгосон байна. 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч чөлөө хүссэн өргөдөл гаргаж түүнд 12, 13, 14-ний өдрүүдийн чөлөөг олгосон байх тул хариуцагчийн ажил тасалсан өдөр 3 хоног болсон тул ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Сургуулийн дотоод журмын Арван нэг. Сахилгын зөрчил 11.1-д ажил таслах /ажилтан ажилдаа ирж чадаагүй хүндэтгэх шалтгаан гарвал заавал урьдчилан мэдэгдэнэ. Эс тэгвэл ажил тасалсанд тооцно/ гэж зааснаар Ч.Э захирал Л.Х-аас 2019 оны 02 дугаар сарын 27, 28, 3 дугаар сарын 1-ний өдрүүдийн чөлөөг утсаар мэдэгдэж авсан байна. Харин түүнд 2019 оны 3 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдийн 3 хоногийн цалингүй чөлөө олгосон байхад 15-ны өдөр ажилдаа ирэлгүй ажил тасалж дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан байна..." гэжээ. Сургуулийн дотоод журмын Арван нэг. Сахилгын зөрчил 11.1-т ажил таслах /ажилтан ажилдаа ирж чадаагүй хүндэтгэх шалтгаан гарвал заавал урьдчилан мэдэгдэнэ. Эс тэгвэл ажил тасалсанд тооцно/ гэж заасан. Нэхэмжлэгч Ч.Э хувьд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүний бие муудсан талаар миний гар утасруу мессэж бичсэн боловч албан ёсоор чөлөө авах тухай надад мэдэгдээгүй бөгөөд миний бие албан ёсоор Ч.Э 2019 оны 02 дугаар сарын 27, 28, 3 дугаар сарын 1-ний өдрүүдийн 3 хоногийн чөлөөг өгөөгүй. Харин энэ тухай 1 дэх өдөр ажил дээр ирж уулзаарай гэж хэлсэн. Энэ нь Ч.Э дээрх 3 хоногийн чөлөөг албан ёсоор өгсөн гэсэн үг биш юм. Гэтэл нэхэмжлэгч нь 1 дэх өдөр ажил дээр ирж уулзаарай гэж мессэж бичсэнийг албан ёсоор чөлөө өгсөн мэтээр санаатайгаар 3 хоног ажил тасалжсахилгын зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халах үндэслэлтэй юм. Хуулиар ажил олгогч нь ажилтанд чөлөө олгохдоо тушаалаар олгодог. Мөн Ч.Э 02 дугаар сарын цалин түүнд бүтэн олгогдсон асуудлын хувьд энэ нь нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслахаас өмнө 02 дугаар сарын цалин бүтэн бодогдсон байсан, учир нь санхүүгийн тооцооны алдааны асуудлаас түүнд олгогдсон. Гэхдээ энэ нь Ч.Э  2 дугаар сарын цалин бүтэн олгогдсон тул түүнийг ажил таслаагүй гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан дүгнэж алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ "...Хариуцагч Ерөнхий боловсролын сургууль нь Ч.Э 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажилд авч ажиллуулахдаа түүнтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нөхцөлүүдийг талууд хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй ажилтанг ажиллуулсан буруутай. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний гол нөхцөл болон бусад нөхцөлийн талаар тохиролцоогүй, Сургуулийн дотоод журмын 7.1.2-т зааснаар захирал нь ажилд орохыг хүссэн иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу бичгээр байгуулна. Ажилтанг ажлын байранд ажилд авахдаа 6 сараас хэтрүүлэхгүйгээр хугацаатай гэрээ байгуулна” гэж заасныг зөрчиж ажилтанг ажиллуулсан байна. Сургуулийн дотоод журмын 7.2.1-т ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 39, 40-д заасан үндэслэлээр ажлаас хална, 7.1.2-т хөдөлмөрийн гэрээгээр тохирч гэрээг бичгээр байгуулах, 11.1.2-т Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, 12.2.6-д сургуулийн захиргаа нь ажилд авсан ажилтнаа Хөдөлмөрийн гэрээтэй ажиллуулна гэж заасныг зөрчиж ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцох болон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг тохиролцоогүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв..." гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Ч.Э ажилд авсан тушаал гарсан өдөр тус сургуулийн нарийн бичгийн ажилтан Хөдөлмөрийн гэрээний 2 хувийг Ч.Э өгч танилцаад гарын үсгээ зураад захирал дээр орж гарын үсгийг нь зуруулж баталгаажуулаад нэг хувийг нь надад буцааж өгөөрэй гэж хэлээд өгсөн байдаг. Гэтэл Ч.Э хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулахаар миний өрөөнд орж ирээгүй бөгөөд, шүүхэд би хөдөлмөрийн гэрээнд захирлаар гарын усэг зуруулахаар захирлын өрөөнд орсон боловч захирал согтуу байсан тул зуруулаагүй гэж худал хэлж, намайг ажлын байран дээр согтуу байсан мэтээр худал гүтгэж, хөдөлмөрийн 2 хувь гэрээг өөрөө санаатайгаар авч явж өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулаагүй юм. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь тухайн үед хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулаагүй өөрийх нь санаатай, хариуцлагагүй үйлдэл бөгөөд ажил олгогчийн зүгээс хууль зөрчиж ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй асуудал огт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т " ... Ажил олгогч санаачилсан ...", мөн Сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4-т "... Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдрийн ажил тасалсан, цагаар тасалсан нь 3 өдөрт хүрсэн ..." бол сахилгын зөрчилд тооцож ажлаас чөлөөлөхөөр заасан. Үүний дагуу Ч.Э ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Гэтэл шүүх дүгнэлт хийхдээ ажилтныг хөдөлмөрийн гэрээтэй ажиллуулна гэж заасныг зөрчиж ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцох болон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг тохиролцоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.Э нь 2019 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдөр болон 3 дугаар сарын 01-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, мөн 3 дугаар сарын 12, 13,14-ний өдрийн чөлөөг сургуулийн захиргаанаас авсан боловч 3 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирээгүй, нийт 4 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь тус сургуулийн ирц бүртгэлийн дэвтэрээр нотлогддог. Гэтэл шүүх үүнийг нотлох баримтаар үнэлээгүй. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02040 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3 122 441 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 14-15 дугаар тал/

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж, өмгөөлөгч С.С  2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, өөр хуралд оролцох болсон гэж шүүх хуралдааны зарын хамт ирүүлснийг шүүх 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2019/09234 тоот шүүгчийн захирамжаар тухайн баримт нь хуулийн шаардлага хангаагүй, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ./хэргийн 142, 152 дугаар тал/ Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу бусдаас эрх зүйн туслалцаа авч, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тохиолдолд шүүх тэрхүү эрхээр нь хангах учиртай.

 

            Иймээс шүүхийн өмнө талууд эрх тэгш байх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчигдсөн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч талын 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ТУЯА

 

                                                  ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                     С.ЭНХТӨР