Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2020/0560/З |
Дугаар | 128/ШШ2021/0773 |
Огноо | 2021-11-18 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2021/0773
128/ШШ2021/0773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, С.Ганбат, Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.О
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.А
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Т.Г
Гуравдагч этгээд : К
Нэхэмжлэлийн шаардлага: ...Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ** байрны ** тоот 54 м.кв ** өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, *******ын гудамж, 19 дүгээр байрны 1 тоот, 60 м.кв талбай бүхий орон сууц, Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Бэлх**** дүгээр гудамжны *** тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо,**** дүгээр байрны ** дүгээр давхар, ** хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргуулахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч Т.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гэрч Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Э, Б.Г, Б.А бид нар Улсын бүртгэлийн ерөнхий газарт барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гаргасанд дараахь хариуг өгсөн болно.
2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаар шийдвэрт Г******* ХХК-ний татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч К ХХК-д төлөх өр болох 983,913,873 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болгохыг дурдсан байна.
Иймд нотлох баримтуудыг хавсарган Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-1 дэх хэсэгт хуулийн этгээд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж заасны дагуу хандана уу гэх **** тоот хариуг бидэнд өгсөн.
Уг хариуны дагуу иргэн Б.Э 2020 оны 02 дугаар сарын 17 болон 21-ны өдрүүдэд Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн Бүртгэлийн албанд Эд хөрөнгийн Эрхийн Улсын Бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр үйлийн 21.1-д заасны дагуу барьцааны эрх дуусгавар болсныг бүртгүүлэх хүсэлт гаргасан.
2020 оны 03 дугаар сарын 02-ны болон 05-ны өдрийн улсын бүртгэгч Н.А, Т.Г, С.О нарын улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг өгсөн. Энэ хариуг би шүүхийн шийдвэр болон хууль зүйн хувьд бүрэн шийдвэрлэх боломжтой хүсэлтээс илтэд зугтаасан, татгалзсан эс үйлдлээр хууль зөрчсөн мэдэгдэл гэж үзэж байна. Үүнээс гадна Б.А Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын Бүртгэлийн газарт хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл огт хариу өгөөгүй ба эс үйлдэхүй хэлбэрээр хууль зөрчиж байна.
2020 оны 3 дугаар сарын дээрх мэдэгдлүүдийг эс зөвшөөрч, эс үйлдэхүй хууль бус болгохыг тогтоолгохоор дээд шатны албан тушаалтан болох Б.А******* даргад гомдол гаргасан.
2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *** тоот Улсын бүртгэлийн Ерөнхий Газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.А-ын гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 -д төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө хандаж байсан асуудлаар өргөдөл гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй тохиолдолд өргөдөл, гомдлыг буцаана" гэж заасны дагуу буцаасан.
Энэ буцаасан хариу нь захиргааны акт биш харин илтэд шийдвэрлэх хууль зүйн хувьд боломжтой асуудлаас татгалзсан эс үйлдэхүй гэж үзэж байна. Б.А даргын энэ хариу нь түүний 2 сард өгсөн хариутай эрс зөрчилдсөн, хоорондоо ямарч логик холбоогүй хариу өгсөн.
Хэрвээ Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу барьцаалбарыг дуусгавар болсныг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч би өөрийн үл хөдлөх хөрөнгийг үхэн үхтлээ захиран боломжгүй болж хохирсоор байна.
Хэрвээ Улсын бүртгэлийн газар үл хөдлөх хөрөнгийн барьцаалбар дуусгавар болсныг бүртгэх тухай акт гаргасан тохиолдолд нэхэмжлэгч би үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болох ач холбогдолтой.
Ингэж захиран зарцуулах буюу бусдад худалдсанаар би 1 дүгээрт ах дүү, найз нөхдөдөө төлөх өр төлбөрөө төлж санаа амарч, тайван амьдрах, 2 дугаарт би өөрийн маш хүнд байгаа эрүүл мэндээ эмчлүүлэх боломжтой болох, 3 дугаарт ээжийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих гээд маш их ач холбогдолтой байна.
Г ХХК нь бид нарт үл хөдлөх эд хөрөнгөө банкны барьцаанд бариулах хүсэлт гаргасан. 2013 оны 12 дугаар сарын 02 -ний өдөр хүсэлт гаргагч бид Ктай 385 тоот "Барьцааны гэрээ" байгуулсан ба энэ гэрээний үндсэн дээр Г" ХХКомпани нь № 385 тоот "Зээлийн гэрээ -г байгуулан 450,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар дугаар сарын 11-ний өдрийн № 21 тоот "Барьцааны гэрээ"-ний үндсэн дээр №335 тоот "Зээлийн гэрээ-г байгуулан 150,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 09 -ний өдрийн № 631 тоот "Барьцааны гэрээ"-ний үндсэн дээр №63 тоот "Зээлийн гэрээ-г байгуулан 330,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан.
Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд бидний өмчлөлийн дараахь үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд :
-Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *** дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө, *** дугаар байрны ** тоот,
-Баянгол дүүргийн 7 дугаар хороо , *******ын гудамж , ** дүгээр байрны ** тоот, ** м/к талбай бүхий орон сууц,
-Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо , ***** дүгээр гудамжны **** тоотод байрлах 554м/к талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м/к талбай бүхий хувийн орон сууц,
- Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо,**** дүгээр байрны ** дүгээр давхар, ** хэсэгт байрлалтай 156.5 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болно.
Гэтэл 2014 оны 9 дүгээр сард "Г" ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх агуулахын байранд гал гарч, 600 гаруй сая төгрөгийн хохирол учирснаар компанийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон. 2015 оны 08 дугаар сарын 07 -ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүхэд тус компанийг татан буулгах, дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг гаргасан ба К гол нэхэмжлэгчээр дампуурлын хэрэгт оролцсон. К нь нэхэмжлэлдээ доорхи дурдсан барьцаа хөрөнгүүдээр /хавсралтаар/ нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэсэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй шийдсэн. Учир нь барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүд нь "Г" ХХК-ийн хөрөнгө биш, хувь хүмүүсийн хөрөнгүүд юм.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №****тоот шүүхийн шийдвэрээр "Г" ХХК-г дампуурсанд тооцож, татан буулгасан.
К нь дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болсон. "Г" ХХК -ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болж, 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр улсын бүртгэлээс хассан.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 -д заасны дагуу Кинд төлөх зээлийн төлбөрийн үүрэг бүрэн дуусгавар болсон.
Мөнгөн хөрөнгө хувиарлах тайлан, төлбөрийн үүрэг дуусгавар болсныг Капитал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зуран баталгаажуулсан. Мөн татан буулгасан дээрхи шийдвэрийн тогтоох хэсгийн 4 -д "Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 -д заасныг баримтлан "Г" ХХК -ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч "К" ХХК -д төлөх өр болох 983,913,873 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг" заасан байна. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцааны гэрээний үүрэг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 - д заасны дагуу дуусгавар болсон. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 -д заасны дагуу Ктай байгуулсан 2013 оны 12 сарын 02 өдрийн 385 тоот, 2014 оны 02 -р сарын 11 -ны өдрийн №21 тоот, 2014 оны 10 -р сарын 09 -ны өдрийн 63-1 тоот "Барьцааны гэрээ" -ний барьцааны эрх дуусгавар болсон. 2018 оны 3 дугаар сарын 15 -ны өдөр Б.Э, Б.Ал, Б.Г бид нар барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх хүсэлтийг олон удаа Кинд өгсөн боловч огт хариу өгөөгүй. Дараа нь Кны эрх хүлээн авагчид 2
удаа хүсэлт өгсөн боловч хариу өгөхгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 -д заасны Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 -д заасны дагуу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ** дугаар хороолол, ***өргөн чөлөө, ** дугаар байрны ** тоот, 54 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, *******ын гудамж, 19 дүгээр байрны 1 тоот, 60 м/к бүхий орон сууц, мөн Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Бэлх**** дүгээр гудамжны *** тоотод байрлах 554 м/к бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо,**** дүгээр байрны ** дүгээр давхар, ** хэсэгт байрлалтай 156.5 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Т.Г ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Э /***/-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруугийн *** дүгээр байрны 1 давхарын А хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Э бүртгэлтэй байх бөгөөд Ктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** тоот зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна.
Улмаар Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 10, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст *** дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Кны зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгуулахаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ****тоот шүүхийн шийдвэр, мэдүүлэг нотлох баримтыг хавсарган мэдүүлгээ гаргасан.
Улсын бүртгэгч Т.Г би мэдүүлэг нотлох баримтыг хянаж үзээд өмчлөгч болон хуулийн зөвлөхтэй нь утсаар холбогдож Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1-т заасны дагуу барьцаалагчийн хүсэлт хавсаргах мөн Иргэний хуулийн 160.1.3-т барьцаалагч нь өөрийн эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн бол барьцааны эрх дуусгавар болно гэсэн заалтын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг банкнаас авсан байх шаардлагатай гэсэн
үндэслэлээр мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзан буцаасан болно. гэжээ.
Хариуцагч Н.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Э гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн /14010/, 1 дүгээр хэсэг гудамжны 337 тоот хаягт байрлах хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Б.Э /***/ нь бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь Ктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 385 тоот албан бичгээр тус үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Иргэн Б.Э нь Кнаас зээл авахдаа өөрийн үүсгэн байгуулсан Г ХХК-р зээл авсан бөгөөд барьцаанд нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн /14010/, 1 дүгээр хэсэг гудамжны *** тоот хаягтай хувийн сууцаа барьцаалсан нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Улмаар 2017 2 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ****тоот шийдвэрээр Г ХХК-нийг татан буулгасан шүүхийн шийдвэр гарч нэр бүхий иргэн хуулийн этгээдүүд болон татварын албаны өр төлбөрийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлж, үүрэг дуусгавар болгох шийдвэр гарсан байдаг.
Иргэн Б.Э нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст уг ****тоот шүүхийн шийдвэр, иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-д заасны үндэслэн барьцаа хөрөнгөө Кны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтээр хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр гаргасан байдаг.
Тухайн үед Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Н.А миний хариуцаж байсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны бүртгэл байсан тул миний бие нь мэдүүлэг гарсан тухай иргэн рүү 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр /мэдүүлэгт бичигдсэн дугаар руу/ утсаар холбогдож иргэн таны гаргасан хүсэлтэнд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-д зааснаар барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гэж заасан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийн гэрчилгээг Кнаас буцаан авснаар уг хуулийн заалт хэрэгжих ёстойг тайлбарлаж, өмчлөх эрхийн гэрчилгээг хэнд нь байгааг тодруулахад мэдүүлэг гаргагч гэрчилгээгээ Кнаас авч чадахгүй байгаа, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх ажилд Кныхан ямар нэг шийдтэй алхам хийхгүй байна гэж хэлсэн. Иймд Н.А миний бие нь мэдүүлэг гаргагчид нэгдүгээрт өмчлөх эрхийн гэрчилгээгээ Кнаас авах, хоёрдугаарт Кнаас ****тоот шүүхийн шийдвэрээр барьцааны эрх дуусгавар болсон талаар тодорхойлолт авч ирүүлсний дараа барьцааны эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой талаар хэлж мэдүүлгийг буцаасан байдаг. гэжээ.
Хариуцагч С.О гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Б.Э тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Эрхийн улсын бүртгэлийн ************** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө ********* тоот хаягт байршилтай, 54.м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн тус дүүргийн 7 дугаар хороо *******ын гудамж ********** тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Б.Э бүртгэлтэй байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж Кнаас зээл авсан тухай 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **** тоот зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай зээлийн барьцааны гэрээ тус тус бүртгэгдсэн байна.
Үүний дараа Кны 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ***** тоот албан бичгүүдийг үндэслэл болгон Кны 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 21 тоот зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгосон байна.
Кны 2014 оны 5/3122 тоот барьцаа хөрөнгө сольж бүртгүүлэх тухай албан бичиг, холбогдох бусад баримтуудыг үндэслэн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 63 тоот зээлийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/698 тоот албан бичиг, холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэл болгон иргэн Б.Э өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/1021 тоот албан бичиг, холбогдох бусад нотлох баримтуудын үндэслэл болгон Б.Э өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө *********** тоот хаягт байршилтай, 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлээд байна.
Иргэн Б.Э нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж дээрх үл хөрөнгүүдээ Кны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай мэдүүлэг, хүсэлт бусад нотлох баримтуудын хамт гаргасан байдаг.
Улсын бүртгэгч миний бие тухай мэдүүлгийг хүлээн аваад, хянан үзэж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг гаргасан.
Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ...барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх арбитрийн шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 11.7-д барьцаалбартай барьцааны гэрээг дуусгавар болгон бүртгэхэд барьцаалбарын эх хувийг хураан авч, хувийн хэрэгт хавсаргана. Гэсэн хууль тогтоомж, холбогдох журмын заалтыг зөрчсөн.
Мөн Кны зүгээс зээлийн барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичиг байхгүй, барьцаалбар болон гэрчилгээнүүдийг банкнаас албан ёсоор барьцаалуулагчид хүлээлгэн өгөөгүй зэрэг нь тухайн барьцааны гэрээг банкны зүгээс албан ёсоор чөлөөлөхгүй байна. гэж үзэж байна.
Иймд иргэн Б.Э гаргасан барьцааны гэрээг дуусгавар болгох тухай мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, буцаасан улсын бүртгэгчийн шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Иргэн Б.Э тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар К ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилогдсон, Кны зээл авлагыг төлүүлж, хадгаламж эзэмшигчид болон Төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Зээлдэгч Г ХХК нь Кнаас 450,000,000.0 төргөрийн зээлийг 25.2 хувийн хүүтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны **** дугаар, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар гэрээгээр 330,000,000.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 2017 оны 05 дугаар 14-ний өдрийг хүртэл хугацаатайгаар Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан.
Зээлийн барьцааны ***, 63, 63-1 дугаар гэрээний: 1.Улсын бүртгэлийн ***** дугаартай Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны ****** м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2. Улсын бүртгэлийн **** дугаартай Баянгол дүүрэг 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, **** м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 3. Улсын бүртгэлийн ***** дугаартай Чингэлтэй дүүргийн 4-р хороо Бага тойруугийн 16/1 байр А хэсэгт байрлалтай 165.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, 4. Улсын бүртгэлийн ****** дугаартай Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, Яргайтын 29-р гудамж, **** тоот хаягт байрлах 228 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилга, 5. Улсын бүртгэлийн ****** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 18-р хороо Яргайтын ******* тоот хаягт байршилтай 597.83 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, 6. Улсын бүртгэлийн ********* дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Бэлх, /14010/, ******* тоот хаягт байршилтай 74.2 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай барилга, 7. Улсын бүртгэлийн ******* дугаартай Сэлэнгэ аймаг, Мандал сум, ******* 9-р багийн нутагт байршилтай, үйлчилгээ орон сууцны зориулалттай, 450 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, 8. Улсын бүртгэлийн ******** дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сум ***-р багийн Баянбулагт орших, 345 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, 9. Нэгж талбарын ***** дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, ******* байршилтай 554 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 10. Гэрчилгээний ******* дугаартай Сэлэнгэ аймаг, Баянсуудал сум, 3-р Баянбулаг *** тоот хаягт байршилтай, 2630 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, 11. Гэрчилгээний ***** дугаартай,Сэлэнгэ аймаг Мандал сум *** баг Баянбулаг А хэсэгт байрлах, 0.35 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, 12. Гэрчилгээний ***** дугаартай, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Баян арцат 9-р багийн нэгдсэн эмнэлгийн урд орших 2000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан болно.
Г ХХК-нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 1,284,629,844.17 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Барьцааны №385, 63, 63-1 дугаар гэрээ хүчин төгөлдөр байгаа болно. гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: ...Тус компани банкнаас авсан өрөө бүрэн төлж дуусаагүй учир барьцаанд байгаа хөрөнгөө бүрэн чөлөөлж авна гэдэг асуудлаар улсын бүртгэлийн газарт гэрчилгээ чөлөөлж авах хүсэлт тавьсан байна. Миний хувьд боломжгүй гэж үзэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Б.Э нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ** байрны ** тоот 54 м.кв ** өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, *******ын гудамж, 19 дүгээр байрны 1 тоот, 60 м.кв талбай бүхий орон сууц, Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Бэлх**** дүгээр гудамжны *** тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо,**** дүгээр байрны ** дүгээр давхар, ** хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэх захиргааны акт гаргуулахыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно. гэж заасан байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Г ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч К ХХК-д төлөх өр болох 983 913 873 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай гэж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна., 37 дугаар зүйлийн 37.1-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно. гэж тус тус заасан байна.
Г ХХК-г татан буулгах ажиллагаа дуусгавар болж, тус компанийг улсын бүртгэлээс хассан болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ****** тоот лавлагаа[1] тус шүүх хуралдаанд гэрчээр оролцсон дампуурлын
хэрэг гүйцэтгэгч Ш.Б мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Дээрх 2017 оны ****дугаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр Г ХХК нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болсон байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д шүүхийн шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэж заасан, мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлүүдийн шаардлагуудыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Зээл төлөх үүрэг буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор зээлийн гэрээтэй шууд холбоотойгоор түүнийг дагалдан байгуулагдсан барьцааны гэрээний үүрэг мөн дуусгавар болох бөгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох нь барьцааны гэрээний үүрэг мөн дуусгавар болох агуулгыг илэрхийлнэ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:
Иргэдийн төлөөлөгч нь ... Тус компани банкнаас авсан өрөө бүрэн төлж дуусаагүй учир барьцаанд байгаа хөрөнгөө бүрэн чөлөөлж авна гэдэг асуудлаар улсын бүртгэлийн газарт гэрчилгээ чөлөөлж авах хүсэлт тавьсан байна. Миний хувьд боломжгүй гэж үзэж байна. гэсэн байх ба үүнээс үзэхэд иргэдийн төлөөлөгч Т.Ө нь дүгнэлтээрээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэл зоригийг илэрхийлсэн байна.
Иргэдийн төлөөлөгч Т.Ө дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ****дугаар шийдвэрээр Г ХХК нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүргийг дуусгавар болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг үндэслэн барьцааны эрх дуусгавар болсныг улсын бүртгэлд бүртгэхээр, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг аливаа иргэн хуулийн этгээд заавал биелүүлэхээр холбогдох хуулиудад заасан талаар дээр тайлбарласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ** байрны ** тоот 54 м.кв ** өрөө орон сууц, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, *******ын гудамж, 19 дүгээр байрны 1 тоот, 60 м.кв талбай бүхий орон сууц, Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Бэлх**** дүгээр гудамжны *** тоотод байрлах 554 м.кв талбай бүхий зуслангийн газар, мөн хаягт байрлах 74.2 м.кв талбай бүхий хувийн сууц, Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо,**** дүгээр байрны ** дүгээр давхар, ** хэсэгт байрлах 156.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн барьцааны эрх дуусгавар болсныг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.О, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.А, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Т.Г нарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Ц.ОДМАА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас