Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 588

 

 

УБТЗ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч УБТЗ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Р.Ш” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр 25 999 541 төгрөгийг гаргуулах, түрээсийн зүйлүүдийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Түрээсийн зүйлд хийсэн засварын зардал 149 928 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Д.М,

Хариуцагчийн өмгөөлөгч С.О, А.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэг нь “Р.Ш” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, УБТЗ ХНН-ийн Тээш худалдааны төвийн ногоон зоорь, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүр зэргийг түрээслүүлдэг бөгөөд хариуцагч түрээсийн төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн, зөрчлөө засахыг мэдэгдэхэд үл тоож биелүүлэхгүй байгаа тул түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн гэрээг цуцлах, дутуу төлсөн 25 999 541 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь УБТЗ ХНН-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 19 дүгээр дэлгүүрийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15/2-36 дугаартай гэрээгээр сарын 6 000 000 төгрөгөөр түрээслэдэг бөгөөд хариуцагч ашиглалтын зардлыг цаг хугацаанд нь төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн болно.

Мөн хариуцагч нь УБТЗ ХНН-ийн Тээш худалдааны төвийн ногоон зоорийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 14/2-53 тоот гэрээгээр сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэсэн боловч 2016 оны 5 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг 5 000 000 төгрөгөөр төлж, сар бүр 2 000 000 төгрөгийг дутуу төлж байсан. Түрээсийн гэрээнд заасан зориулалтын дагуу түрээсийн зүйлийг ашиглалгүй хүнсний ногооны зоорийг авто зогсоол болгож гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болно. Мөн хариуцагч УБТЗ ХНН-ийн худалдааны төвийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 33 дугаар байрны нутагт 380 м.кв талбай бүхий дэлгүүрийг сарын 4 940 000 төгрөгөөр түрээслэн ажилладаг бөгөөд түрээсийн гэрээнд заасан ашиглалтын зардлыг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх зэргээр удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа УБТЗ ХНН-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ байгуулах журмын дагуу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй сонгон шалгаруулалт хийгээгүй байна. Компанийн захирал Д.Мөнхжаргал Тээш худалдааны төвийн эрх бүхий ажилтнуудыг удаа дараа дарамтлах, галын аюулгүй байдлыг хангах үүргээ зөрчин түрээсийн зүйлд хохирол учруулсан ба түрээсийн гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш түрээсийн хөрөнгийг УБТЗ ХНН буцаан шилжүүлээгүй болно. Иймд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасны дагуу цуцалж, түрээсийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гүйцэтгээгүй үүрэг болох 25 999 541 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэлийг гаргахдаа нэхэмжлэлийн үнэ 29 999 541 төгрөгийг 25 999 541 төгрөг гэж бичиглэлийн алдаа гаргасан байна. Хариуцагч байгууллага нь ногоон зоорины түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг, ашиглалтын зардал 7 656 201 төгрөг төлөөгүй, мөн 19 дүгээр дэлгүүрийн ашиглалтын зардал 159 740 төгрөгийг төлөөгүй тул түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Ногоон зооринд гал гарсан тул галын аюулгүй байдлыг хангах шаардлага тавихад хүлээж авдаггүй. Манай байгууллага Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө туслах үйл ажиллагаа явуулсан. УБТЗ ХНН нь өөрийн ажилтнуудаа хэвийн, аюулгүй ажиллах нөхцлийг хангах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Ш” ХХК түрээсийн гэрээний дагуу өнөөдрийг болтол ажиллаж ирэх хугацаандаа УБТЗ ХНН-ийн итгэл найдварыг алдалгүй түрээслэж буй обьектуудынхаа түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлж, чирэгдэлгүй ажиллаж ирсэн. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай УБТЗ-ын харъяа ногоон зоорины ерөнхий түрээслэгчээр 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Түрээсийн төлбөр сар бүр 1 000 000 төгрөгөөр тохирсон. Мөн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөрийг 7 000 000 төгрөг болгож хийхдээ тухайн гэрээнд нэхэмжлэгч байгууллагын харуул хамгаалалтын ажилтны 3 хүний цалинг нэмж олгохоор тохирч, түрээсийн төлбөрийн 7 000 000 төгрөгт оруулан тооцож байхаар хийсэн. Тухайн харуул хамгаалалт ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, хариуцлагагүй байдлаас манай компани давхар харуул хамгаалалтыг цалинжуулан ажиллуулж байсан. Иймээс харуул хамгаалалтыг өөрөө хариуцах хүсэлтийг удаа дараа нэхэмжлэгчид гаргасан. Ингээд манай хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар гэрээг шинэчилсэн. Гэрээнд харуул хамгаалалтын зардлыг хасч, түрээсийн гэрээний төлбөрийг 5 000 000 төгрөгөөр тохирсон. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 33 дугаар байрны 1 давхарт 380 м.кв дэлгүүрийн зориулалттай ажлын байрыг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр гэрээ хийхдээ өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар тус объектын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн тул эхний 1 жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөж, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс сард 4 940 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр дэлгүүрийг түрээслэхээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ хийгдсэн. Сар бүр 600 000 төгрөг төлж байхаар түрээсийн гэрээнд тусгагдсан. Иймд нэхэмжлээд байгаа мөнгөн дүн ор үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: “Р.Ш” ХХК нь дэлгүүрт түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгө 23 928 800 төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн бид худалдааны төвийн ногоон зоорийн хашааг түрээслэхдээ уг газрын хог хаягдлыг цэвэрлэж, ухсан нүхнүүдийг шороогоор дүүргэж газрыг тэгшлэн, ашиглах боломжтой болгох, ашиглалтын хугацаа дууссан ногоон зоорийг буулгах, хашааны хаалгыг гүйдэг хаалгаар солих зэргээр тохижуулсан болно. Эдгээр ажлуудыг тухайн үед хувь хүмүүсээр хийлгэж, мөнгийг нь бэлнээр өгч байсан. Иймд түрээсийн хугацаанд оруулсан хөрөнгө 126 000 000 төгрөгийг, нийт 149 928 800 төгрөгийг УБТЗ ХНН-ээс гаргуулж өгнө үү. Түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар гаргасан шаардлагаа манайх дэмжихгүй байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 147/2-53 гэрээний 4.2.1, 4.2.4, 4.2.16-д тус тус зааснаар мөнгө нэхэмжлэх эрхгүй болно. Мөн 19 дүгээр дэлгүүрт тохижилтын ажил хийсэн зардал 23 928 800 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ дэлгүүрийг түрээслүүлэх тухай 2015 оны түрээсийн гэрээний 4.2.9-д түрээсийн байранд зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ тохижилтыг түрээслэгч тал хариуцна гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн засвар хийх зөвшөөрөл хүссэн хүсэлт ирж байгаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, УБТЗ ХНН-ийн ажилтан албан хаагчдыг удаа дараа заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлах үйл ажиллагаа явуулж, тэднийг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болгож байгаа “Р.Ш” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлан, УБТЗ ХНН-ийн ажилтнуудын хэвийн ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, УБТЗ ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг хариуцагч “Р.Ш” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх болон хариуцагчаас 25 999 541 төгрөгийг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс засварын зардал 149 928 800 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Р.Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 307 948 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 1 135 699 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 2.4 дахь хэсэгт зааснаас үзэхэд ногооны зооринд нь хүнсний ногоо хадгалах, гаднах талбайг нь контейнер байршуулах зориулалтаар ашиглахаар тохиролцсон гэж ойлгогдож байна. Гэтэл түрээслүүлэгч УБТЗ ХНН 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17/50 дугаарын албан бичгээр ногооны зоорийг ногоо хадгалах зориулалтаар ашиглах боломжгүй тул хашаан доторх талбайг түрээслүүлж байгаа тухайгаа тодорхойлсон байхад шүүх ногоо хадгалах зориулалтаар ашигласан нь тогтоогдоогүй /ногоо хадгалаагүй\ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг ногооны зоорийг түрээслэгч ямар зориулалтаар ашиглаж байгаа талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн амаар гаргасан тайлбарыг үндэслэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагч тал уг зоорийн зарим хэсгийг ногоо хадгалах зориулалтаар ашиглаж, зарим хэсгийг нь уг ногоог тээвэрлэх зориулалт бүхий автомашины зогсоол болгон ашиглаж байгаа бөгөөд энэ байдлыг тогтоогоогүй байж зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Ногооны зоорь нь тоосгоор баригдсан, гадна талыг нь шороогоор хучсан \газар гэр маягийн\, цонхгүй учраас барилгын материал хадгалах, худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалтаар ашиглах боломжгүй бөгөөд зоорийн гаднах хашаанд контейнер байршуулан барилгын материал хадгалан, худалдаа үйлчилгээ явуулсан нь гэрээний зориулалтад нийцсэн байхад зөвхөн ногооны зооринд нь ногоо хадгалаагүй гэсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгаж байгаа нь учир дутагдалтай байна. Мөн хариуцагчийг түрээсийн зүйлийг автомашины дулаан зогсоол болгож ашигласны улмаас гал гарч, түрээслүүлэгчийн төвийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж буруутгажээ. Гэтэл энэ гал нь автомашины дулаан зогсоол болгосон гэх зооринд гараагүй хашааны баруун талд байрлах зоорины дээврийн хэсэгт гарсан бөгөөд уг зооринд ногоо хадгалж байсан байна. Гал гарсан асуудалд "Р.Ш" ХХК-ийн захирал Д.М-ыг, Нийслэлийн онцгой байдлын албанаас 250 000 төгрөгөөр торгож, 48 460 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ. Шүүх нэхэмжлэгчийн ямар эд хөрөнгө, ямар хэмжээгээр шатсан, хохирлыг хэрхэн тооцсон талаар нотолгоо хэрэгт авагдаагүй байхад УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17\12 дугаарын албан бичгийг үндэслэн "...гал гарч эд хөрөнгөд 2 039 000 төгрөгийн хохирол учирсан..." гэсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай бөгөөд гарсан зөрчилд нэгэнт арга хэмжээ авагдаж, хариуцлага хүлээсэн байхад түүнийг гэрээний үүргийн зөрчилд хамруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд галын аюулгүй байдлыг хангахад шаардагдах багаж хэрэгслүүдийг бэлтгэж байрлуулах үүргийг хармуцагч хүлээсэн бөгөөд энэ үүрэг нь зөрчигдсөнөөс гал гарч, хохирол учирсныг тогтоосон талаар баримт байхгүй байхад ил зуух тавьсанаас гал гарсныг гэрээний үүргийн зөрчилд хамруулан, гэрээгээр тохиролцоогүй нөхцлийг гэрээний үүрэг зөрчигдсөн гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д гэрээний үүргийг гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ч гэрээ цуцлах үндэслэлд төлбөр төлөөгүй бол үүрэг зөрчигдсөнд тооцож, гэрээг цуцлахаар тохиролцсон байна. Ийм учраас гэрээний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд л гэрээний үүрэг зөрчигдсөн гэж гэрээ цуцлах тухай асуудал яригдах болохоос шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэлүүд гэрээний үүргийн зөрчилд хамаарахгүй юм. Мөн УБТЗ-ын ажилчидтай зүй бус харьцсаныг шүүх гэрээний үүргийн зөрчил гэж үзжээ. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй, шүүх маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч тал гэрээг цуцлагдсан гэж мэдэгдэл наах, контейнер тавьсан түрээслэгч нартай гэрээ байгуулахаар оролдох гэх мэтээр хууль бус шаардлага тавьсны улмаас Д.М болон УБТЗ-ын ажилчдын хооронд маргаан гарсан байхад зүгээр ажлаа хийгээд явж байсан ажилчидтай зүй бус харьцсан мэтээр ойлгож, үйл ажиллагаа явуулахад нь саад учруулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд энэ талаар тохиролцсон зүйл байхгүй тул тухайн үйлдлийг зохицуулсан бусад хуулиар шийдвэрлэгдэх асуудлыг хамааруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт заасан журмыг мөрдөх үндэслэлтэй гэжээ. Хуулийн энэ заалт нь түрээсийн гэрээний хугацааг талууд тогтоогоогүй тохиолдолд хэрэглэх хуулийн заалт болохоос гэрээний үүрэг зөрчигдсөнөөс гэрээ цуцлах үндэслэлд хамаарахгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хугацаа 2021 он хүртэл үргэлжлэхээр тохирсон байна. Шүүх Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүрийг түрээслэх гэрээг "...түрээсийн тодорхой бус хугацаатай гэрээг Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт заасны дагуу буюу түрээсийн жил дууссан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэг сарын дотор түрээслүүлэгч гэрээг цуцлах эрхтэй байна..." гэж дүгнэн шийдвэрлэсэн. Гэтэл түрээслүүлэгч тал гэрээний төлбөрийн нэхэмжлэлээ 2017 оны 6 дугаар cap хүртэл өгч байсан, түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл түрээслэгч төлж байсан талаарх баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйпийн 116.2-т заасан шаардлагатай нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн хариуцагчтай 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны " уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх" хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Анхан шатны шүүх хуралд миний бие нь хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон байхад шүүхийн шийдвэрт миний нэрийг бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасан шаардлагатай нийцээгүй гэж үзэхээр байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн № 2185 тоот магадлалд дурдсан ажиллагааг шүүх хийж гүйцэтгээгүй байх буюу түрээслэж буй өмч нь хэний өмч мөн болохыг тогтоогоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болно. Иймд дээрх үндэслэлээс гадна гомдолд дурдснаас үл шалтгаалан хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч УБТЗ нь хариуцагч “Р.Ш” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 25 999 541 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлүүдийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж түрээслэсэн обьектод хийсэн засварын зардал 149 928 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Талууд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 14/2-53 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногооны зоорийг төмс, хүнсний ногоо хадгалах, хашаанд түрээслэгчийн контейнерийг тавиулж барилгын материал хадгалах, худалдаа явуулах зориулалтаар хариуцагчтай 3 жилийн хугацаатай, сарын 7 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ.

 

Дээрх түрээсийн гэрээг талууд өөрчилж 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 15/2-53 тоот гэрээг байгуулахдаа ногооны зоорийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 7 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэрээг байгуулсны дараа дахин  гэрээг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөрчилж гэрээний хугацааг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, түрээсийн төлбөрийг багасгаж сар бүр 5 000 000 төгрөг байхаар талууд тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

                                                                         /1 дүгээр хавтасны хх-27-29 дүгээр тал/

 

            Мөн талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 15/2-36 тоот түрээсийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 давхарт байрлах 19 дүгээр дэлгүүрийг албан өрөө, агуулах, зоорийг үйлчилгээний газрын зориулалтаар хариуцагчид 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай, сард 600 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 15/2-35 тоот түрээсийн гэрээгээр Баянгол дүүрэг 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбайтай дэлгүүрийг барилгыг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, сард 4 940 000 төгрөгөөр түрээслүүлэхээр талууд тохиролцсон болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 10-12, 48-50 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Түрээсийн гэрээний нэг тал болох түрээслүүлэгч нь УБТЗ байх ба түрээсэлж буй 3 үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, эзэмших, өмчлөх эрхгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Түрээсийн гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, Улаанбаатар дахь Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногоон зоорь, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, Баянгол дүүрэг 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилга нь нэхэмжлэгч байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй тухайн байгууллагын хөрөнгө болох нь 3 дугаар хавтасны 230-242 дугаар тал дахь баримтаар нотлогдсон байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйлүүд нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус түүний нэг хэсэг байх тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэх, хэрэв бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байх тухай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан зохицуулалт тухайн харилцаанд хамааралгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

            Хариуцагч түрээсийн гэрээгээр төмөр бетон хийцтэй зоорийг хүнсний ногоо хадгалах зориулалтаар түрээслэсэн атлаа уг зоорийг зориулалтын бусаар ашиглаж ил зуух тавьж галлагаатай автомашины дулаан зогсоол болгосон бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 09-ний шөнө гал гарч, түрээслүүлэгчийн эд хөрөнгөд 2 039 000 төгрөгийн хохирол учруулсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 46-47 дахь баримтаар тогтоогдсон тул гэрээний үүргийг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх зөрчлийн улмаас гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрүүдэд тус тус хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь урт хугацаатай гэрээ бөгөөд тус гэрээг цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт заасны дагуу түрээслүүлэгч тал гэрээг цуцлах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч түрээсийн гэрээг тухайн жилийн эцэс буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын дотор цуцлах эрхтэй тул 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалж, хариуцагчийн эзэмшлээс түрээсийн зүйлийг чөлөөлсөн нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг байгуулахдаа хууль зүйн албаар хянуулж дугаар аваагүй хүчин төгөлдөр бус гэрээ гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь түрээсийн гэрээг талууд байгуулахдаа түрээслүүлэгч нь байгууллагынхаа удирдлагаас зохих зөвшөөрөл авсан нь хэргийн 30 дугаар талд авагдсан бичгийн баримтаар нотлогджээ. Хэрэгт авагдсан баримтаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир 9 сарын түрээсийн төлбөрийн дутуу 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар ашиглалтын зардал 7 656 201 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан нь тогтоогдсон тул хариуцагч гэрээгээр хүлээсэн ашиглалтын зардал төлөх үүргийг зөрчөөгүй талаар шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Талууд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 15/2-35 тоот түрээсийн гэрээгээр Баянгол дүүрэг 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, сард 4 940 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байна.

 

Түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй учраас уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй болно. Иймд 33 дугаар дэлгүүрийг түрээслүүлсэн түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, хариуцагчийн эзэмшлээс түрээсийн гэрээний зүйлийг чөлөөлүүлэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Талууд 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 15/2-36 тоот түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 давхарт байрлах 19 дүгээр дэлгүүрийг албан өрөө агуулах, зоорийн үйлчилгээний газрын зориулалтаар, сард 600 000 төгрөгийн төлбөртэй, ашиглалтын зардлыг түрээслэгч хариуцахаар тохиролцсон боловч хариуцагч нь 2017 онд 159 470 төгрөгийн ашиглалтын зардал төлөөгүй гэрээний үүрэг зөрчсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан тогтоогдохгүй байна.                                                                      

/2 дугаар хавтасны хх-112/

                                    

Түрээсийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч түрээслэгч түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж, түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлсөн тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасны дагуу тодорхой бус хугацаагаар түрээсийн гэрээг сунгасан гэж үзэх бөгөөд энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн жил дууссан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс нэг сарын дотор цуцлах эрхтэй тул 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс цуцалж, хариуцагчийн эзэмшлээс түрээсийн зүйлийг чөлөөлсөн нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            Хариуцагч нь түрээсийн зүйл болох 19 дүгээр дэлгүүрт 2016 онд хийсэн засварын ажлын зардалд 23 928 800 төгрөг, ногоон зооринд 2013-2015 онд засвар хийсэн зардалд 126 000 000 төгрөг, нийт 149 928 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 4.2.8, 4.1.11, 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 4.1.7, 4.2.8, 4.2.16-д тус тус заасныг хариуцагч зөрчиж 19 дүгээр дэлгүүрт засварын ажлыг хийхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй, харин ногоон зоорины хашаанд засварын ажил хийхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

            Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, түрээслэгч түрээсийн зүйлд хийсэн засварын зардлыг өөрөө бүрэн хариуцахаар түрээсийн гэрээгээр тохирсноос гадна хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч А.Т-ийн нэрийг бичээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Р.Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 948 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ