Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2165

 

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/02165

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух Х овогт И.Х /РД: ....../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч.........................тоот хаягт оршин суух, Б овогт Ж.Н /РД: ..................../-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийг төлбөртэй цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний 50 хувь, сэтгэл санаа, эрүүл мэндэд учруулсан хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Х, хариуцагч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: И.Х би Ж.Н-ТЭЙ 2017 оны 12 дугаар сард танилцсан бөгөөд биднийн дундаас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Х.Э хүү маань төрсөн. Бид танилцсанаасаа хойш Багануурт нэг хэсэг хамт амьдарсан. Намайг жирэмсэн хүүхдээ төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэж байхад Ж.Н эргэж ирээгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн хүүгийн маань төлбөртэй цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн 50 хувь, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохиролд 2,000,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би И.Х-тай 2017 оны 12 дугаар сард танилцсан. Тухайн үед би Дархан хотод амьдарч байсан тул ирэн очин уулзсаар 3 сарын хугацаа өнгөрсөн. И.Х нь хэрвээ хамт амьдарвал хүүгээ хадамдаа өгөөд охинтойгоо амьдарвал болно гэж надад хэлсэн. Хүүг минь хүлээн авах дургүй байсан учир ийм хатуу сэтгэлтэй хүнээр 2 хүүхдийнхээ ээж хийж чадахгүй, цаашид хамт амьдрах боломжгүй, сэтгэл санаа нийлэхгүй гэж бодоод хөндийрсөн. Миний 2 хүүхдийн эх Ч.И нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр өвчний учир нас барсан. Одоогийн байдлаар би Улаанбаатар хотод түрээсийн байранд байгаа, мөн 2 хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хамруулж чадаагүй хүндхэн байдалтай амьдарч байна. 2019 оны 3 дугаар сард И.Х нь над руу утасдаад шүүхэд өгсөн талаар хэлэхэд нь би хөдөө зорчиж байна, хотод очоод уулзах гэдгээ хэлсээр байхад эрэн сурвалжилж байгаа нэрээр фэйсбүүкт миний болон ах дүү нарын маань зургийг тавьж гутаан доромжилсон. 2018 оны 9 дүгээр сарын 8-нд төрсөн Х.Э хүүг миний хүү гэдэгт маргахгүй, тэтгэлэг төлнө. Харин сургууль, цэцэрлэх, эмнэлэгийн төлбөр, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиолд 2,000,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны төлбөр 70,200 төгрөгийг зөвшөөрөхгүй. Би өөрөө 2 хүүхэдтэй төлбөрийн чадвар муу гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Х нь хариуцагч Ж.Н холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн төлбөртэй цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний 50 хувь, сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохиролд 2,000,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч И.Х, хариуцагч Ж.Н нар 2017 оны 12 дугаар сард танилцан, гэрлэлт батлуулахгүйгээр хамтран амьдарсан ба 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүү Х. Э төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба хариуцагч Ж.Нэргүй нь хүү Х.Э өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн батлах, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.

 

Иймд хүү Х.Э эх Б.Э-ийн асрамжинд үлдээж, эцэг Ж.Э-ээс хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч И.Х нь хүүхдийн төлбөртэй эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний төлбөрийн 50 хувь, сэтгэл санаа эрүүл мэндэд учруулсан хохиролд 2,000,000 төгрөгийг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа нотолсон төлбөрийн баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Гэвч нэхэмжлэгч нь баримтаа бүрдүүлэн энэ талаарх нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулах нь зүйтэй, энэ шаардлага нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 253-3/3860 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Х.Э эх И.Х-ын асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 9 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Х.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ж.Н-ээс гаргуулан олгосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн төлбөртэй эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний төлбөрийн 50 хувь, сэтгэл санаа эрүүл мэндэд учруулсан хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэн энэ шаардлагаа дахин гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч И.Х--т олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР