Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0504/З |
Дугаар | 128/ШШ2021/0849 |
Огноо | 2021-12-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2021/0849
2021 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 128/ШШ2021/0849 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Манай компани Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт нийт 2000м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж тухайн газарт ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө батлуулан эрх бүхий байгууллагуудаас техникийн нөхцөлүүд болон барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч ажиллаж байна.
Бид газар эзэмших эрхийн гэрээнд заасан журмын дагуу газрын төлбөрийг тухай бүрд нь төлж, хуулийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа ба зохих байгууллагуудаас барилга барих зөвшөөрөл болон техникийн нөхцөлүүдийг авч тус газарт Могул ибиз ХХК-тай хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн эзэмшиж буй газраас 714 м.кв авч өөрийн эзэмшлийн 2000м.кв талбай дээрээ нийлүүлэн нийт 2714м.кв талбай бүхий газар дээр спорт заалны 51,4х26м.кв хэмжээтэй 1 давхар нийт 1336м.кв барилга, фитнессийн барилга 26,35х14м.кв хэмжээтэй 2 давхар нийт 737м.кв хэмжээтэй барилга, усан бассейны барилга 41,0х21,0м.кв хэмжээтэй 1 давхар нийт 861м.кв талбайтай 3 блок барилгыг барьж байгуулсан. Спорт цогцолборын нийт талбай 2934м.кв болон 8,1880,000,000 / найман тэрбум нэг зуун наян найман сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг М ХХК оруулж бариад спорт заал болон фитнессийн зориулалтаар барьж дуусан барилгыг 2021 оны 06 сард Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болж Стадион Оргил 532/2 гэсэн барилгын дугаар авсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжаар уг газарт өмч, үл хөдлөх хөрөнгө бий болгосны дараа манай газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа асуудал нь бүгдэд ойлгомжтой төрийн нэрийн доор явагдаж буй дээрэм тонуул боллоо.
Бидний зүгээс уг захирамжийг нийт 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Т ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн тухайд:
Захиргааны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-д зааснаар хууль дээдлэх үндсэн зарчим Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Гэтэл Манай компани болон М ХХК-ийн хамтран хөрөнгө оруулалт оруулан спорт цогцолборын барилга байгууламж барьж Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бага ч гэсэн хувь нэмэр оруулж байхад захирамж гарган газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д Бусдыг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Гэрээг цуцлах үндэслэл байхгүй болохоос гадна гэрээг цуцлахдаа хариуцагч хууль зөрчсөн.
Хариуцагч нь гэрээг цуцлах мэдэгдэл өгөхдөө Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 56 дугаар зүйлийн 56.1-т заасан нэг зүйлийг зохицуулсан 2 хуулийн заалтыг заасан атлаа захирамж гаргахдаа өөр үндэслэл буюу Газрын тухай хуулийн 29.2.2, 40.1.5, 40.1.6-д заасан заалтыг баримталсан байгаа. Энэ нь анхнаасаа гэрээг цуцлах өөр зорилго буюу ойн сан бүхий газар гэж үзэж байгаад цуцлахын тулд газрын төлбөр төлөөгүй, 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлийг албаар бий болгосон байдал тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.
Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна. гэж зааснаар анх 2017 онд Нийслэлийн Засаг дарга Т ХХК-д үйлчилгээний зориулалтаар 2000 м.кв газар эзэмших эрх олгосон, дараа нь газрын байршил шилжүүлж 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрээний үндсэн дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нягталж, шалгасны үндсэн дээр газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэрээ гаргасан юм.
Өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий байгууллага бүрэн эрхийн хүрээнд тус тусын шийдвэрээ гаргасан, уг зориулалтын дагуу бид эзэмшиж ашигласан.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ойн сан бүхий газар нь үргэлж байгаа байдлаараа байх ёстой бус нийтээр ашиглах шинжийг агуулж байдаг учраас нийтээр ашиглах журмыг хэрэгжүүлж, төрийн байгууллагууд шийдвэрээ гаргасан. Энэ газар дээр нэмээд М ХХК-иас 714 м.кв газар авч нийт 2714 м.кв газар дээр спорт цогцолбор барьсан, үүнээс одоогоор спорт заал ашиглалтад орж, нийтээр ашиглах, олон нийтийн хэрэгцээг хангах шинжээ хадгалж байгаа, хууль зөрчсөн зүйл огт байхгүй юм. Тийм ч учраас Төрийн холбогдох байгууллагууд барилга барих, цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугам сүлжээнд холбогдох бүх зөвшөөрлийг зохих ёсоор өгсөн байгаа.
Төрийн зүгээс гаргасан шийдвэрээ гэнэт өөрчилж, бидний хийсэн бүтээн байгуулалт, олон хүний хөдөлмөр, итгэл найдварыг үгүй хийж байгаа энэ үйлдлийг хууль бус гэж үзэж, шүүх зөрчигдсөн эрхийг хамгаална гэдэгт найдаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжид баримталсан хууль зүйн үндэслэлийг авч үзвэл Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/618 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон Т ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дахь хэсгүүдийг манай компанийн зүгээс зөрчсөн зүйл байхгүй байна.
Манай компани 2018 онд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн, 2019 онд зохих ёсоор төлөөд явж байхад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд тус тус өөрчлөлт орсноор гэрээний газрын төлбөрийн хэмжээг тогтоох гэсэн хэсэгт өөрчлөлт орох шаардлага гарсан, газрын төлбөр хийж байсан Улаанбаатар хотын банкан дах данс хаагдсан.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, гэрээний 3.4-т талууд гэрээг жил бүр дүгнэнэ гэж, мөн хуулийн 7,1, 35.3.3-т газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж заасан тул хуульд дээрх өөрчлөлтийг оруулсны дараа, бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил манай компани гэрээ байгуулах, газрын төлбөрөө төлөхөөр Газрын албанд очиход гэрээ байгуулахгүй, хойшлуулаад байсан. Газрын албанаас гэрээ байгуулахыг шаардсан, эсвэл газрын төлбөр хэдэн төгрөгийг хаана тушаахыг одоог хүртэл огт мэдэгдээгүй нь зориуд зөрчил гаргасан гэх байдлыг бий болгосон гэж ойлгогдож байна.
Бид газар дээр олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, спорт цогцолбор барьчхаад газрын төлбөр болгож жилийн төлбөр 880,000 / найман зуун наян мянган/ төгрөг төлөхөөс зугтах, өөртөө хохиролтой байдлыг болгох үйлдэл хэзээ ч гаргахгүй нь мэдээжийн хэрэг юм. Газрын алба яагаад гэрээ байгуулаагүй, яагаад төлбөр шаардаагүй байдлаа тайлбарлах ёстой гэж үзэж байна.
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт орсноор тус хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно. 2-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ. 4-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ. гэж заасан.
Өнөөдрийг хүртэл Татварын албанаас манай компанид газрын төлбөрөө төлөхийг мэдэгдээгүй, Нийслэлийн газрын алба газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлэх үүргээ одоо хүртэл биелүүлээгүй, манай компанийг ийм нөхцөл байдалд хүргэсэн байна.
Иймд газрын төлбөр төлөөгүй байгаад манай компани ямар ч буруугүй, Газрын алба өөрөө гэрээний төлбөр тогтоох хэсгийг шинэчлэх үүргээ биелүүлэхгүй, төлбөрийн хэмжээг шинэчилж Татварын албанд хүргүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлээс шалтгаалсан болохыг анхаарч, хууль ёсны шийдвэр гаргахыг шүүхээс хүсэж байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл Оролцогчийг сонсох, 27 дугаар зүйл Сонсох ажиллагаа явуулах тухай зохицуулалтыг үндэслэсэн байх боловч захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа огт явуулаагүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухайд:
Тухайн олгогдсон газар дээр буюу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 дугаар шийдвэрээр олгогдсон газар дээр 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр архитектор төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлуулан, хангагч байгууллагуудаас техникийн нөхцөл авч спорт заал фитнессийн заал, усан бассейн зэрэг блок 2934 м.кв талбайтай барилгыг барьж байгуулсан. Тухайн спорт цогцолборыг барихад М ХХК -ийн эзэмшиж буй газраас 714 м.кв талбай болон тухайн спорт цогцолборыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгө оруулан Хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байна.
Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар /шугам сүлжээ нь аюулгүй байдлын хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөр бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно/ Манай компанийн эзэмшиж буй газрын 200 метрийн тойрог зайд дулааны болон цахилгааны шугам сүлжээ байхгүй болно.
Өнөөдрийн байдлаар тухайн спорт заал, усан бассейн, фитнессийн заал нь ашиглалтад орсноор Тэнгэр вилла, Ривер Гарден-1, Ривер Гарден-2, Хан-Хиллс, Хүннү-2222, Их Модун, Скай Гарден зэрэг орон сууцны хорооллын оршин суугчид болон Улаанбаатар хотын иргэд болон хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, хөдөлгөөнтэй эрүүл чийрэг амьдрах таатай орчин бүрдэх юм.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбар гаргахдаа газар эзэмших гэрээг хүчингүй болгосон 2 заалтын тухай ямар нэгэн хариу тайлбар огт хийгээгүй ба зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны төлбөрийн тухай түүнийг төлж барагдуулах тухай бичсэн байна.
Монгол Улсын иргэн Галбаатар овогтой Ганбат миний бие Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу Т ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдаж авахаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрээ хэлцэл байгуулан нийт 801,550,000 /Найман зуун нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан.
Тухайн үед Т ХХК-д Нийслэлийн Засаг Даргын 2017 оны 05 дугаар сарын 01-нna өдрийн 262 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2000 м.кв газрын үйлчилгээний зориулалтаар,15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг.
Уг газрыг Нийслэлийн Засаг Даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дотроо Хан-Хиллс орон сууцны хотхоны урд талд буюу өмнөх байршлаас 500 метр орчим газарт байршил шилжүүлэн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Би уг компанийг худалдаж авахдаа ямар нэгэн өр төлбөр болон дуудлага худалдааны анхны үнийн төлбөр төлөхийг огт мэдээгүй болон хувьцааг худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнөх өр төлбөр бусад хариуцлагыг Бавуу овогтой Б бүрэн хариуцахаар тохирч гэрээ хийгдсэн.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Т " ХХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг төлж барагдуулах хуваарь байгуулан 2018 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй гэсэн мөртлөө 2017 онд Нийслэлийн Засаг Дарга Т ХХК-д үйлчилгээний зориулалтаар 2000 м.кв газар эзэмших эрх олгож, дараа нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 дугаар захирамж гарган газрын байршил шилжүүлэн газар эзэмших эрхийн гэрээний үндсэн дээр 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон. Эндээс үзэхэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь хууль тогтоомжийн ямар нэгэн зөрчил байхгүй гэж үзэн нягталж шалгасны үндсэн дээр газрын гэрээ, гэрчилгээг шинээр олгосон байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна. гэж зааснаар анх 2017 онд Нийслэлийн Засаг Дарга Т ХХК-д шинээр газар олгосон.
Өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий байгууллага бүрэн эрхийн хүрээнд тус тусын шийдвэрээ гаргасан, уг зориулалтын дагуу бид эзэмшиж ашигласан.
Манай компанид дуудлага худалдааны анхны үнийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тухай ямар нэгэн албан бичиг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирээгүй бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Б.Б авчирч өгсөн болно.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ойн сан бүхий газар нь үргэлж байгаа байдлаараа байх ёстой бус нийтээр ашиглах шинжийг агуулж байдаг учраас нийтээр ашиглах журмыг хэрэгжүүлж, төрийн байгууллагууд шийдвэрээ гаргасан. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг зэрэг бодлогын баримт бичгүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн орон сууцаар хангах, бүтээн байгуулалтыг дэмжсэн тодорхой зорилтууд тусгагдсан бөгөөд энэ бүгдэд тулгуурлан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 17-р хорооны нутаг дэвсгэр буюу Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл газарт 2013 онд Нью ларус ХХК Орон сууц, үйлчилгээний хотхон барих төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан хийж 2019 онд Байгаль орчны сургалт-судалгаа, үнэлгээ болон зөвлөгөө үйлчилгээний Дэлгэр консалтинг ХХК нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол тайланг хийж гүйцэтгэсэн бөгөөд бид бүтээн байгуулалтын ажлаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэж байна.
Төрийн зүгээс гаргасан шийдвэрээ гэнэт өөрчилж, бидний хийсэн бүтээн байгуулалт, олон хүний хөдөлмөр, итгэл найдварыг үгүй хийж байгаа энэ үйлдлийг хууль бус гэж үзэж, шүүх зөрчигдсөн эрхийг хамгаална гэдэгт найдаж байна.
Манай компани 2018 онд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн, 2019 онд зохих ёсоор төлөөд явж байхад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд тус тус өөрчлөлт орсноор гэрээний газрын төлбөрийн хэмжээг тогтоох" гэсэн хэсэгт өөрчлөлт орох шаардлага гарсан, газрын төлбөр хийж байсан Улаанбаатар хотын банк дах данс хаагдсан. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, гэрээний 3.4-талууд гэрээг жил бүр дүгнэнэ гэж, мөн хуулийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж заасан тул хуульд дээрх өөрчлөлтийг оруулсны дараа, бусад аж хуйн нэгжийн нэгэн адил манай компани гэрээ байгуулах, газрын төлбөрөө төлөхөөр Газрын албаны төлбөр тооцооны хэлтсийн дарга Д.Дашцэцэгтэй нийт 5 удаа, Мөн тус газрын орлогч дарга Баярсайхан, Батсайхан нартай 2 удаа очиж уулзахад гэрээ байгуулахгүй, газрын төлбөр төлөх бололцоогоор хангаж өгөхгүй хойшлуулаад байсан ба 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр очиход манай компанийг дуудлага худалдааны анхны үнэ болох үлдэгдэл 396,000,000 төгрөг төлж байж шинээр гэрээ хийх шаардлага тавьсан энэ үед Барилга Хот байгуулалтын Яамны сайдын 2018 оны 15-р тушаалаар Улаанбаатар хотын 1-р бүсэд үйлчилгээний зориулалтын дуудлага худалдааны анхны үнэ 1м2 нь 132,000 төгрөг байхаар гарсан ба энэ нь нийт 264,000,000 төгрөг төлөхөөс 44,000,000 төгрөг төлсөн учраас үлдэгдэл 220,000,000 төгрөгийг Цар тахлын онцгой байдал үүссэн тул график гаргаж төлөхийг хэлж шинээр гэрээ байгуулахыг хүсэхэд 2015 оны Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар дуудлага худалдааны анхны үнэ болох 1 м2 нь 220,000 төгрөг буюу нийт 440,000,000 төгрөг төлж байж шинээр газрын гэрээ байгуулна гэсэн бодит амьдралд нийцэхгүй шаардлагыг тавьж байсан. Газрын албанаас шинээр гэрээ байгуулахгүй, газрын төлбөр хэдэн төгрөгийг хаана тушаахыг огт мэдэгдээгүй нь зориуд зөрчил гаргасан гэх байдлыг бий болгосон гэж ойлгогдож байна. Бид газар дээр олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, спорт цогцолбор барьчхаад газрын төлбөр болох жилийн төлбөр 880,000 /Найман зуун наян мянган/ төгрөг төлөхөөс зугтах, өөртөө хохиролтой байдлыг болгох үйлдэл хэзээ ч гаргахгүй нь мэдээжийн хэрэг юм. Газрын алба яагаад гэрээ байгуулаагүй, яагаад төлбөр шаардаагүй байдлаа тайлбарлах ёстой гэж үзэж байна.
Манай компани Монгол улсын холбогдох хууль, журмын дагуу тухайн газрыг эзэмшиж байгаа ба Газрын тухай хуулийн ямар нэгэн заалт болон бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Т ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 262 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 2000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэр рүү байршил шилжүүлэн, үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Т ХХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийн төлбөрийг төлж барагдуулах хуваарь байгуулан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор дуудлага худалдааны анхны үнийн төлбөр болох 440.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон боловч 396.000.000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй.
Мөн тус компанид анх газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн, эзэмшил газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчин ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон.
Т ХХК-д дуудлага худалдааны анхны үнийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тухай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 014-09/4475, 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6588 дугаар албан бичгээр, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/2634, 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-06/2890 дүгээр албан бичгээр хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох арга хэмжээ тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох арга хэмжээ авахыг тус тус мэдэгдэж байсан, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1344 дугаар албан бичгээр хууль тогтоомж зөрчсөн байгаа тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдсэн.
Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/422 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Т ХХК-нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай A/422 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/262 дугаар захирамжийн 1.3 дахь хэсгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Риверсайд ХХК хотхоны баруун талд байрлах 0.2 га газрыг үйлчилгээний зориулалтаар Т ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай А/618 дугаар захирамжийн хавсралтын 14 дэх хэсэгт зааснаар газрын байршлыг шилжүүлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 2000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Т ХХК-д эзэмшүүлсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай A/422 дугаар захирамжаар ...Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/618 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон Туул ривервъю ХХК-нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн A/422 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтууд болон Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байна.
Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэж заасан байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/422 дугаар захирамжаас үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхацсан гэсэн 3 үндэслэлээр цуцалсан байх ба эдгээр үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь бодит байдалд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт тодорхой үл хөдлөх эд хөрөнгүүд /спорт заал, бассейн, фитнесс бүхий спорт цогцолбор/-ийг барьж байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тодорхой нотлогдож байх тул гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08/4091 тоот албан бичиг болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/2078 тоот албан бичгүүдээс үзэхэд маргаан бүхий газар нь эрчим хүчний шугам сүлжээтэй давхцалгүй болох нь тогтоогдож байх тул Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08/3955 тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн газар нь цахилгаан дамжуулах кабел шугамтай давхцалтай мэт харагдаж буй боловч тус албан бичигт заасан газар нь маргаан бүхий газар биш ба уг албан бичигт заасан газрын нэгж талбарын дугаар нь өөр бөгөөд уг албан бичигт дурдагдсан газар нь газрын байршил шилжүүлэн эзэмшүүлэхээс өмнө нэхэмжлэгч эзэмшиж байсан газар юм.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/422 дугаар захирамжид газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлийг заасан атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг бүрэн гүйцэд төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь маргаан бүхий захиргааны актад заасан үндэслэлээс зөрүүтэй байна.
Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуульд зааснаас үзэхэд газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ гэсэн ойлголтууд нь өөр өөр тохиолдолд хэрэглэгдэх, тусдаа ойлголтууд тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Д мэдүүлгээс үзэхэд захиргааны байгууллагуудаас шалтгаалсан тодорхой үндэслэл шалтгаануудын улмаас газрын төлбөрийн зөрүү үүссэн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа...тус компанид анх газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчсөн, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орсон... гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын A/422 дугаар захирамжид тус үндэслэлүүдийг заагаагүй байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй.
Дээр тайлбарласан үйл баримт, үндэслэлүүдээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/422 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 -д заасан ... шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Үүнийг тайлбарлавал, нэхэмжлэгч нь тодорхой хөрөнгө, зардал гаргаж маргаан бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгүүд /спорт заал, бассейн, фитнесс бүхий спорт цогцолбор/-ийг барьж байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах., Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. гэж заасан байна.
Хариуцагч нь анхнаасаа маргаан бүхий газрыг боломжтой, хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байх ба үүний дагуу нэхэмжлэгч нь тодорхой хөрөнгө, зардал гаргаж бодитой бүтээн байгуулалт хийсэн байх тул нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон гэж үзнэ.
Иймд маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай A/422 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ