Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/01451

 

 

 

Ж.Батзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/02235 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 340 дүгээр магадлалтай, 

Ж.Батзоригийн нэхэмжлэлтэй,

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох  

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын сонгууль хууль бус болсныг тогтоож, холбооны 13 дугаар бага хурлын 2019.05.23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Батзориг, түүний өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Батзориг нь Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны даргын сонгуульт албан тушаалд 2011-2019 оныг хүртэл ажилласан. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны даргын сонгууль 4 жил тутам болох дүрмийн заалттай бөгөөд үүний дагуу 2019.05.23-ны өдөр хуралдсан XIII Ээлжит бага хурлаар холбооны даргыг сонгохоор шийдвэрлэсэн. Уг сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн боловч Сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэсэн Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дүрмийн 15.3.6 дахь заалтыг үндэслэн миний нэрийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж даргын сонгуулийг явуулж З.Цогтгэрэлийг тус холбооны даргаар сонгож 2019.05.23-ны өдрийн 10 тоот тогтоолоор баталсан. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны Ээлжит XIII бага хурлаар явагдсан даргын сонгууль нь дүрмийн дээр дурдсан 15.3.6 дахь хууль бус заалтыг үндэслэсэн, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоож, ҮЭ-ийн гишүүн миний ҮЭ-ийн аль ч шатны байгууллагад сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэж үзэж гомдолтой байна. Учир нь Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо нь МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын нэг бөгөөд МҮЭ-ийн холбооны дүрэмд зааснаар салбарын холбооны дүрэм нь МҮЭ-ийн холбооны дүрэмтэй зөрчилдсөн тохиолдолд МҮЭ-ийн холбооны дүрмийг баримтлах зохицуулалттай. Нэгэнт дээрх даргыг сонгосон сонгуулийн хурал нь МҮЭ-ийн холбооны дүрмийг зөрчиж явагдсан. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дүрмийн 15.3.6 дахь заалт МҮЭХ-ны дүрмийн 5.2.2-т заасантай зөрчилдөж байгаа талаар МҮЭХ-ны Хяналтын хороонд гомдол гаргаж, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дүрмийн 15.3.6, 15.4 дэх заалтууд нь ҮЭ-ийн гишүүний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн заалтууд байх тул МҮЭ-ийн холбооны дүрмийг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг 2019.07.05-ны өдрийн 1/14 тоотоор гаргасан. МҮЭ-ийн холбооны харьяа, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч ҮЭ-ийн зохион байгуулагч мэргэжлээр 1997 онд төгссөнөөсөө хойш ҮЭ-ийн гишүүн байж ҮЭ-ийн байгууллагад зохион байгуулагч, Цэцэрлэгүүдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, салбарын ҮЭ-ийн холбооны дарга, МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч гишүүний сонгуульт үүргийг тасралтгүй гүйцэтгэж ирсэн ҮЭ-ийн мэргэжлийн боловсон хүчин гэж өөрийгөө үздэг. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны 2019.05.23-ны өдрийн Ээлжит XIII бага хурлын МҮЭ-ийн холбооны дүрэмтэй зөрчилдсөн салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийн заалтыг үндэслэн нэрийг маань нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж сонгууль явуулсныг хууль бус сонгууль болсон. Иймд ИХШХШТХуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны даргын сонгууль хууль бус болохыг тогтоож, хууль бус сонгуулийн үр дүнг баталгаажуулсан Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны Ээлжит XIII бага хурлын Даргыг батлах тухай 2019.05.23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, шинжлэх ухаан боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн ажилтан, албан хаагчдын нэгдсэн 23000 гаруй гишүүнчлэлтэй Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.4 дэх хэсэгт заасан бие даасан байнгын үйл ажиллагаа бүхий чөлөөт ардчилсан олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллага. Нэхэмжлэгч Ж.Батзориг нь 2011 оноос 2019 оны хугацаанд манай Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар хоёр удаа улиран сонгогдож байсан тул түүний нэхэмжлэлд бичсэнчлэн сонгох сонгогдох эрхийг нь хязгаарласан хориглож хохироосон үйл ажиллагаа огт явагдаагүй. МБШУҮЭ-ийн холбооны 2011 оны ээлжит бага хурлаар манай Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт Сонгуульт удирдах ажилтнууд нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэх заалт байсан бөгөөд Ж.Батзориг нь өөрөө хоёр дахь удаагаа нэр дэвшиж, манай үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар сонгогдсон. Дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт дараалан 2 удаа сонгогдохгүй гэх заалт нь Ж.Батзоригийг даргаар ажиллаж эхлэхэд л байсан бөгөөд 2019 оны хурлаар дүрмийн энэ заалтын дагуу өөрийгөө дахин нэр дэвших боломжгүй, улиран сонгогдохгүй гэдгээ сайн мэдэж байсан. Хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоосон, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэж үзэж, нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. МБШУҮЭ-ийн холбооны ээлжит 13 дугаар бага хурал 2019.05.23-ны өдөр зохион байгуулагдаж, 219 төлөөлөгч оролцохоос 206 төлөөлөгчтэй 94.1 хувийн ирцтэйгээр хуралдсан. Энэ хурлаар тус холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, дүрмийн 15.3.6 дугаар заалт Холбооны сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй, 15.4 дүгээр заалт Сонгуульт удирдах ажилтанд хурлын явцад шинээр нэр дэвших, дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалтууд хэвээр үлдэж, хуралд оролцсон гишүүдийн 58.4 хувийн саналаар дүрмийг шинэчлэн баталсан. МБШУҮЭ-ийн холбооны даргын сонгуульт удирдах албан тушаалд нэр дэвших болон сонгох, сонгогдох эрхээ хоёр удаа хэрэгжүүлж, найман жил даргаар нь ажилласан Ж.Батзориг нь 2011 оны дүрмийн 4.15 болон 2019 онд шинээр баталсан дүрмийн 15.3.6, 15.4 дэх хэсэгт заасны дагуу дахин Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож ажиллах боломжгүй байсан тул ээлжит бага хурлын сонгуулийн комисс нь холбооны даргын сонгуульд нэр дэвшигчээс хассан нь манай холбооны мөрдөж байгаа дүрэмд нийцсэн үйл ажиллагаа болно. Нэхэмжлэгч Ж.Батзориг нь хоёр удаа ээлжит бага хуралд нэр дэвшиж, манай салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар улиран 2 удаа сонгогдож, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 13.1.1-д заасан сонгох сонгогдох эрхээ эдэлсэн атлаа дахин сонгуульд нэр дэвших ёстой байсан, түүний сонгуулийн нэр дэвшигчээс хассан дүрмийн үйл ажиллагааг эсэргүүцэн хууль бус ялгаварлан гадуурхалт, давуу байдал тогтоосон, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний сонгох, сонгогдох болон хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэх нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөөсөө бусдыг холбооны даргын албан тушаалд нэр дэвших, сонгох сонгогдох эрхгүй гэж байгаатай адил хууль бус үндэслэлгүй байна. МБШУҮЭ-ийн холбоо нь өөрийн дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа аливаа этгээдээс хараат бусаар, ардчиллын үнэт зүйлсийг удирдлага болгон, чөлөөтэй бие даан явуулж байгаа нь Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, мөн МҮЭ-ийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлд заасантай тус тус нийцэж байгаа. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 7.1 дэх хэсэг болоод Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх барих дээд байгууллага нь ээлжит Бага хурал юм. МБШУҮЭ-ийн холбооны удирдах дээд байгууллага болох Бага хурал нь ээлжит хурлаа хийж, хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхойлж, өөрийн дүрмийн Сонгуулийн тухай 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт тус Холбооны сонгуульт удирдах ажилтанд сонгогдох журмыг заасан нь МҮЭ-ийн холбооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн буюу төлөөлөгчдийн хурал байх бөгөөд түүнээс үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчид болон Хянан шалгах комиссын гишүүдийг сонгоно гэж заасантай нийцэж байгаа болно. Иймд нэхэмжлэгч Ж.Батзоригийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/02235 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ж.Батзоригийн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан гаргасан Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн сонгууль хууль бус болсныг тогтоолгох, холбооны 13 дугаар бага хурлын Даргыг батлах тухай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 340 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/02235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна гэж заасны дагуу нутаг дэвсгэрийн шинжээр буюу аймаг, нийслэлийн 22, салбарт мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр 14 холбоод нэгдэж эвлэлдэн нэгдсэн нийт 36 гишүүн байгууллагаас Үндэсний хэмжээнд МҮЭ-ийн холбоо буюу төв байгууллагыг байгуулдаг бөгөөд энэхүү холбоод нь бие даан чөлөөтэй үйл ажиллагаа явуулах хэдий ч гишүүн байгууллагууд нь МҮЭ-ийн холбооны дүрмийн 5.2.1, 5.2.2-т заасан гишүүн байгууллагад тавигдах шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл МҮЭ -ийн холбоо энэхүү 36 холбоогүй бол үйл ажиллагаагаа явуулж чадахгүй билээ. Мөн БШУҮЭ-ийн холбоо нь МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага биш гэж маргаагүй. Үүгээрээ тус МҮЭ-ийн холбооны дүрмийг мөрдөж ажиллах ёстой нь харагдаж байна. Гэтэл ганцхан холбоо буюу МБШУҮЭ-ийн холбоо л дүрэмдээ ҮЭ-ийн гишүүний сонгогдох эрхийг 2 удаа байна гэж хязгаарласан зохицуулалт тусгаснаараа дээр МҮЭ-ийн холбооны дүрмийн зохицуулалтыг зөрчсөн. Иймээс МҮЭ-ийн холбооны хяналтын хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.10 дах хэсэгт МҮЭ-ийн холбоо, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны дүрэм зөрчигдөж байгаа талаар шалгалт хийлгэх хүсэлтийг ҮЭ-ийн гишүүд, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодоос гаргавал тухайн хяналтын хороотой хамтарсан шалгалт хийж дүгнэлт гаргах гэсний дагуу 2019.07.05-ны өдрийн 1/14 тоот дүгнэлт хүргүүлэх тухай албан бичигт энэ тухай тодорхой заасан байгаа болно.

Мөн ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу эвлэлдэн нэгдсэн ҮЭ-үүлүүд нь нэгдэж холбоо байгуулсан нь МҮЭ-ийн холбоо бөгөөд энэ нь ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хууль тогтоомжийн заалт нь ОУ-ын гэрээний заалттай зөрчилдвөл ОУ-ын гэрээний заалтыг баримтална гэж заасан. Өөрөөр хэлбэл хэдийгээр ҮЭ-үүдийн эрхийн тухай хуульд ҮЭ нь үйл ажиллагаагаа бие даан чөлөөтэй явуулах ба ҮЭ-үүд нь тэгш эрхтэй байна гэсэн заасан хэдий ч Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай ОУХБ-ын 87 дугаар конвенцийн 2 дугаар зүйлд Ажилчид, ажил олгогчдын ямар ч ялгаагүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүй өөрийн саналаар байгууллага байгуулах, түунчлэн тэдгээр байгууллагад гагцхүү дүрэмд нь захирагдах нөхцөлтэйгөөр элсэн орох эрхтэй гэж заасан. Хэдийгээр ҮЭ-үүд нь тэгш эрхтэй боловч ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т ҮЭ-үүдийн Улсын хэмжээний нэгдсэн холбоо буюу МҮЭ-ийн холбоонд давуу эрхийг олгосон, мөн МБШУҮЭ-ийн холбоо өөрийн дүрмээрээ МҮЭ-ийн холбоо нь давуу эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Иймээс БШУҮЭ-ийн холбоо нь МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага мөн гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй, татварын тодорхой хувь хэмжээг байршуулах гэх зэрэг заалтуудаар нотлогдох юм. Иймээс хэдийгээр МБШУҮЭ-ийн холбоо нь бие даасан хараат бус байх боловч ОУХБ-ын 87 дугаар конвенцид зааснаар Улсын хэмжээний нэгдсэн холбоо болох МҮЭ-ийн холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон байдаг. Тиймд хүлээн зөвшөөрсөн Улсын хэмжээний холбооны дүрэмд ямар нэгэн байдлаар ҮЭ-ийн гишүүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан, хориглосон заалт байхгүй болохыг хоёр шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Өөр нэг чухал зохицуулалт бол нэхэмжлэгч нь Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөөг эдэлж чадахгүйд хүрч байна. Тухайлбал Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй гэснийг зөрчиж байна. БШУҮЭХ нь Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөгөө саадгүй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд захирагдаж, түүний агуулгаас гажиж болохгүй байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу сонгогдох эрхийг зөвхөн хуулиар нас-ны хязгаарлалт тогтоохоор зохицуулсан атал хоёроос дээш сонгогдох эрхгүй байхаар заасан нь харин ч Үндсэн хуульд заасан ардчилсан зарчим алдагдаж ҮЭ-ийн гишүүнийг албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж байгаа явдал гэж үзэж байна. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийг сонгох сонирхолтой ҮЭ-ийн гишүүдийн сонгох эрхэнд мөн маш бүдүүлгээр халдаж байгаа гэж үзэхээс өөр аргагүй юм.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, гадуурхалт, хязгаарлалт тогтоохыг хориглосон заалтууд байгаа бөгөөд дээрх эрх зүйн хэм хэмжээнүүдийг МБШУҮЭ-ийн холбооны 10 дугаар тогтоол зөрчсөн тул нэхэмжлэгч Ж.Батзоригт эрх зүйн хамгаалалт шаардлагатай болж хөдөлмөрийн харилцаан дахь эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэн, ҮЭ-ийн гишүүн Ж.Батзоригийн ОУ-ын гэрээ, хууль болон дүрмээр олгогдсон сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул нэгэнт л БШУҮЭ-ийн холбоо нь МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 1994.04.28-ны өдрийн 36 дугаар тайлбарын 4 дүгээр зүйлд ҮЭ-үүд , түүний дотор бүтэц, зохин байгуулалтын нэгж болон багтсан ҮЭ-үүд улсын бүртгэлд бүртгүүлсэн үеэс хууль, тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Хэрэв ҮЭ-үүд холбоонд нэгдэн Улсын бүртгэлд бүртгүүлсэн бол бүтэц, зохион байгуулалтын нэгжийг нэгтгэн бүртгүүлсэн болон хамтын бүтэц зохион байгуулалтын нэгж болон бүртгүүлсэн ҮЭ-үүд хамтран хариуцлага хүлээнэ гэж заасан байна. Өөрөөр хэлбэл энэхүү маргаантай асуудлыг шийдвэрлэхэд МҮЭ-ийн холбоо мөн хамтарсан хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд тооны хязгаарлалт байгаагаас бус бусад ямарваа нэгэн сонгуульд оролцоход нэр дэвших тооны хязгаар байдаггүй нь өөрөө ардчиллын үнэт зүйл, зарчим бөгөөд хүн бүр хуулийн өмнө адил тэгш байгаагийн нэг илрэл юм. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.10-ны өдрийн 182/ШШ2019/02235 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020. 02.20-ны өдрийн 840 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Ж.Батзориг нь Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан тус холбооны даргын сонгууль хууль бус болсныг тогтоож, Холбооны 13 дугаар бага хурлын 2019.05.23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг доор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэнэ. 

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заажээ. 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 15.3.6-д Холбооны сонгуульт удирдах ажилтан нь дараалан 2-оос илүү удаа сонгогдохгүй гэж заасан нь тухайн байгууллагын бүрэн эрхийн асуудал байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна, мөн зүйлийн 2-т Үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй гэж, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 13.1.1-д заасан үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан.  

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 15.3.6-д заасан заалт хүчин төгөлдөр, энэхүү зохицуулалт нь хуулийн үндсэн зарчимтай нийцсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын хяналтын журмаар гаргасан ...холбооны гишүүнийг албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж байгаа явдал гэж үзэж байна. ...ОУ-ын гэрээ, хууль болон дүрмээр олгогдсон сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн... гэх утгатай гомдол хангагдахгүй.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ. 

Шүүхээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д тусгагдсан хууль зүйн ойлголт, түүний шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын ...нэхэмжлэгчийг сонгох сонирхолтой ҮЭ-ийн гишүүдийн сонгох эрхэнд маш бүдүүлгээр халдсан... гэсэн гомдол үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсөн нь ойлгомжгүй болсон гэж дүгнэсэн атлаа уг заалтыг хэвээр үлдээсэн нь буруу болжээ

Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 340 дүгээр магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/02235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД   

           ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                              Х.СОНИНБАЯР