Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0878

 

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0878

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М  ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М  ХХК нь Төв аймгийн Заамар сумын Баянголын хөндийд Зүүншанд, Салт гэх газар байрлах ашигт малтмал ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийг 1996 оноос хойш эзэмшиж, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж ирсэн. Уг тусгай зөвшөөрлийн талбайн батлагдсан нөөц дуусаж байгаа бөгөөд энэ онд уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэн өгөх ёстой байгаа.

2020 онд дэлхий даяар ковид-19 цар тахлын улмаас эдийн засаг хямарч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн, манай компанийн үйл ажиллагаа ч уг шалтгаанаар доголдож, санхүүгийн хувьд хүндрэлд орсон, түүнчлэн компанийн гүйцэтгэх захирал Т.Т нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны 06 сараас үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй болж, 2020 оны 07 сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлснээр гүйцэтгэх захирлыг шинээр томилж чадахгүй байдалд хүрсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн дансыг хааснаар төлбөр, тооцоо, гүйлгээ хийх боломжгүй зэрэг шалтгаануудаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа болсныг мэдээгүй, төлбөрөө төлөх боломжгүй хүнд нөхцөлд орсон юм.

Дээрхи хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Төв аймгийн ***** сумын ****** хөндийн ******, *** гэх газар байрлах ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй. Төлбөр төлөх хугацаа болсон тухай Кадастрын хэлтсээс бидэнд мэдэгдээгүй юм. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06 -ны өдрийн *** дугаар шийдвэрээр компанийн эзэмшлийн *** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэр, мэдэгдлийг манай компани одоог хүртэл авч танилцаагүй байгаа. Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдэл ирээгүй, шийдвэрийн хувийг манай компанид албан ёсоор танилцуулаагүй тул бид шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн.

Эрх бүхий байгууллагын шийдвэрийг хүлээн аваагүй хэдий ч манай геологичид тусгай зөвшөөрлийн тайлан, төлөвлөгөөг өгөх гэж яваад тусгай зөвшөөрлийг цуцлагдсан болохыг мэдсэн. Ийнхүү мэдсэн даруйд компанийн ТУЗ-ийн дарга Ш.Л 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/21 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, төлбөр төлөх хугацааг сэргээж өгүүлэх" тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасан.

Манай гаргасан хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/2192 тоот албан бичгээр "Төв аймгийн ***** сумын ****** хөндийн ******, *** гэх газар байрлах ашигт малтмал ашиглалтын *** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу буюу 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байсан бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэгт тус тус зааснаар ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой байсан хугацааг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байсан. Улмаар дээрхи хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул манай компанийн эзэмшлийн MB - ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 07 дугаар сарын 06 -ны өдрийн *** дугаар шийдвэрээр цуцалсан. Иймд манай компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье" гэх хариуг өгсөн. Бид АМГТГ-ын хариуг хүлээн аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу шийдвэрийг эс зөвшөөрөн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06 -ны өдрийн *** дугаар шийдвэрийг хууль бус болох талаар:

Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэрээр компанийн эзэмшлийн *** тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Эрх бүхий төрийн байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэр, мэдэгдлийг манай компани одоог хүртэл хүлээн авч танилцаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмыг хэрэгжүүлээгүй.

Хэрэв эрх бүхий төрийн байгууллага энэ шийдвэр, холбогдох бусад мэдэгдлийг манай компанид урьдчилан мэдэгдсэн бол өнөөдрийн үр дагавар гарахгүй байсан.

Түүнчлэн 2020 онд дэлхий даяар КОВИД-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээрийн дэглэм тогтоогдсон, түүнчлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн данс болон Улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хаасны улмаас гүйцэтгэх захирлыг шинээр томилж, компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас манай компанийн уг хүндэтгэн үзэх шалтгаантай байдалтай танилцаад тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжтой байсан.

Дээрх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06 -ны өдрийн *** дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 -д заасан зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон байх зарчим болон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг зөрчсөн, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т заасанд нийцэхгүй хууль бус шийдвэр болсон.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэрийн улмаас манай компани өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын *** тоот тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийн талбайд төлөвлөгөөт нөхөн сэргээлтийг хийж, уурхайн хаалтыг хийх боломжгүй болж тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Ашигт малтмал, газрын тосны Kaдaстрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийн " М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Төв аймгийн Заамар сумын нутаг Баянголын хөндийн Зүүншанд, ******* нэртэй талбайд ашигт малтмалын 180 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагийн ГУУКАлбаны /хуучин нэрээр/ даргын 1996 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр А ХХК-д олгосон байна.

А******* ХХК-ийн 180 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх өргөдлийг хүлээн авч 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр A-211 дугаар кодоор бүртгэн авсныг ГУУКАлбаны /хуучин нэрээр/ даргын 1997 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 211 дугаартай тодорхойлолтоор баталгаажуулсан байна.

А******* ХХК-ийн Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхийг хүсэж гаргасан 2006 оны 12 дугаар сарын 08 -ны өдрийн өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газраас /хуучин нэрээр/ 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А******* ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар олгосон байна.

А******* ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Заамар сумын нутаг Баянголын хөндийн Зүүншанд, Салт нэртэй 15.89 гектар ашигт малтмалын ашиглалтын *** тусгай зөвшөөрлийг бүхэлд шилжүүлэхээр гаргасан TR-008293 дугаартай өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг М ХХК-д шилжүүлж бүртгэсэн байна.

М ХХК нь ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг Хаан банканд барьцаалуулахаар гаргасан PL-001096 дугаартай өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 112 дугаар шийдвэрээр барьцаалсныг бүртгэж, Ашигт малтмалын ашиглалтын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 27 ны өдрийн 554 дугаар шийдвэрээр барьцаалсныг дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг Хаан банканд барьцаалуулахаар гаргасан ***дугаартай өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар шийдвэрээр барьцаалсныг бүртгэж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар шийдвэрээр барьцаалсныг дуусгавар болсныг бүртгэсэн байна.

М ХХК нь ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө, алдангийн хамт 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бөгөөд боломжтой байсан байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө. гэж заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийн алдангийн хамтаар төлөх боломжтой тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагын албан ёсны цахим хуудас болох mrpam.gov.mn цахим хуудсанд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, нэхэмжлэгчийн кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй албан ёсны хаягаар Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот албан бичгээр мэдэгдлийг М ХК-ийн бичиг хүргэгчээр хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч М ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг бүрэн төлөөгүй тул мөн хуулийн 56.1.2-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэрийг гаргаж ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд уг тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэрийн мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагын албан ёсны цахим хуудас болох mrpam.gov.mn цахим хуудсанд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот албан бичгээр тус тус хүргүүлж мэдэгдсэн нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан ба холбогдох албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар, төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст мэдээлсэн нь баримтуудаар баталгаажиж байна.

М ХХК нь ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаягийн өөрчлөлтийн бүртгэлийг 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анх хийлгэж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам Юнион бюлдинг С-1301 гэх хаягийн өөрчлөлтийн бүртгэл хийлгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

М ХХК нь кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ***, 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад /хуучин нэрээр/, дээрх асуудлаар 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны даргад хандан хүсэлт гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдэснээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой, 54.1.3-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасныг удирдлага болгон шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч М ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар шийдвэрийн М  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анх Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагийн Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн албаны /хуучин нэрээр/ даргын 1996 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр Төв аймгийн З*** сумын нутаг *** хөндийн Зүүншанд**** ам нэртэй талбайд ашигт малтмалын ** дугаартай тусгай зөвшөөрлийг ***** ХХК-д олгосон байна.

Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 211А дугаар гэрчилгээнээс үзэхэд, ****** ХХК-д 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар олгосон байна.

Улмаар Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг М  ХХК-д шилжүүлж бүртгэсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дугаар шийдвэрийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтаар М ХХК-ийн ***** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр цуцалсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: 56.1.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална., 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө., 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна., 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг чанд биелүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн үүрэг байна.

Нэхэмжлэгч нь *** дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан байна.

*** дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө нэхэмжлэгч төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үндсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг М ХХК-д шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч нь тус тусгай зөвшөөрлийг олон жил эзэмшсээр ирсэн, үүнээс үзэхэд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үндсэн үүргээ нэхэмжлэгч мэдэхгүй байх боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаан, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... 2020 онд дэлхий даяар ковид-19 цар тахлын улмаас эдийн засаг хямарч ...манай компанийн үйл ажиллагаа ч уг шалтгаанаар доголдож, санхүүгийн хувьд хүндрэлд орсон, түүнчлэн компанийн гүйцэтгэх захирал Т.Т нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны 06 дугаар сараас үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй болж, 2020 оны 07 сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлснээр гүйцэтгэх захирлыг шинээр томилж чадахгүй байдалд хүрсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн банкууд дахь дансыг хааснаар төлбөр, тооцоо, гүйлгээ хийх боломжгүй зэрэг шалтгаануудаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа болсныг мэдээгүй, төлбөрөө төлөх боломжгүй хүнд нөхцөлд орсон юм ... Төлбөр төлөх хугацаа болсон тухай Кадастрын хэлтсээс бидэнд мэдэгдээгүй ... Тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэр, мэдэгдлийг манай компани одоог хүртэл авч танилцаагүй байгаа. Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдэл буюу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг урьдчилан мэдэгдсэн мэдэгдэл ирээгүй, шийдвэрийн хувийг манай компанид албан ёсоор танилцуулаагүй... зэрэг үндэслэлүүдээр маргаж байна.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь 348,000 /гурван зуун дөчин найман мянга/ төгрөг гэж тайлбарлаж байх ба Ашигт малталын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 21750 төгрөг байх бөгөөд... гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа дээрх үндэслэлүүд нь нэхэмжлэлийг хангах хэмжээний үндэслэлүүд болж чадахгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа цар тахлын улмаас эдийн засаг хямарч санхүүгийн хувьд хүндрэлд орсон, түүнчлэн компанийн гүйцэтгэх захирал үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй болж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн банкууд дахь дансыг хааснаар төлбөр, тооцоо, гүйлгээ хийх боломжгүй болсон зэрэг шалтгаан, үндэслэлүүд нь тусгай зөвшөөрлийн төлбөр болох 300 гаруй мянган төгрөгийг төлөх үндсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйг зөвтгөх үндэслэл болж чадахгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус  баримтлан Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай *** дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий  М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ