Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0672

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0672

Улаанбаатар хот

 

 

Ардчилсан нам болон иргэн М., Д.,

Ж. нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ариунтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, гуравдагч этгээд *******нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 752 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ардчилсан нам болон иргэн М., Д., Ж. нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн сонгуулийн хороондur холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 752 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 34 дүгээр зүйлийн 34.1.8, 113 дугаар зүйлийн 113.4, 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.9, 157.13 дахь заалтуудыг баримтлан Ардчилсан нам болон иргэн М., Д., Ж. нараас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар “Бие даан нэр дэвшигч бүртгэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. давж заалдах гомдолдоо: “Гомдол гаргагч Ардчилсан нам болон иргэн М., Д., Ж. бид Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 752 тоот шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн, нэхэмжлэгчдийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 114 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгчдийн зүгээс Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ирц хүрээгүй байхад хуралдаж, бие даан нэр дэвшигчдийг бүртгэх тогтоол гаргасан нь хууль бус үйлдэл болсон хэмээн маргадаг бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 27.2 дахь хэсгийг зөрчсөн байдаг. Гэтэл 752 тоот шийдвэрийн 8 дугаар нүүр, үндэслэх хэсэгт “...хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны дотор хуралдуулахаар Сонгуулийн хорооны дарга Ж.Ичинноров, гишүүн Ч.Мөнхгэрэл, Ц.Цэнд-Аюуш, Ж.Байгаль, У.Сувдсүрэн нар оролцсон эдгээр 5 хүнээс гадна хуралдааны товыг нарийн бичгийн дарга Ч.Отгонжаргал, гишүүн Т.Оюунтуяа, Б.Алтанцэцэг нар мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг тасалсан болох нь тэдгээрийг гэрчээр асуусан мэдүүлгээс тогтоогдож байна” гэжээ. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ, 27.3-д “Сонгуулийн хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно гэж заасан, өөрөөр хэлбэл, бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааны товыг мэдсэн хорооны нарийн бичгийн дарга Ч.Отгонжаргал, гишүүн Т.Оюунтуяа, Б.Алтанцэцэг нар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүйг дээрх 27.3 дахь заалтын дагуу тэдгээрийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцохоор байх тул Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг 27.2-т заасан ирц хүрээгүй хуралдсан гэж үзэхгүй” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирц хүрээгүйг нотлох баримт буюу хуралд оролцоогүй сонгуулийн хорооны гишүүн Ч.Отгонжаргал, Т.Оюунтуяа, Б.Алтанцэцэг, П.Энхжаргал нарын бичгэн тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж, тэдгээрийг гэрчээр асуулгах хүсэлт тавьсан байдаг. Шүүхийн зүгээс дээрх 4 гишүүнийг гэрчээр дуудан тайлбар авч, уг тайлбар нь хэргийн материалд авагдсан. Дээрх 4 гэрчийн тайлбараас харвал тэдгээрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдааныг тасалсан гэж үзэх үндэслэл байх бөгөөд шүүгч тухайн нөхцөл байдлыг үнэлж үзэлгүйгээр шийдвэр гаргасан явдал болсон. Тухайлбал Б.Алтанцэцэгийг гэрчээр асуусан тайлбарт “...бүр болохгүй бол очъё, хуралдахаар бол залгаарай гэж хэлсэн. Эргэж холбогдъё гэсэн. Тэгээд дахиж холбогдоогүй, маргааш өглөө нь ирэхэд хуралдсан байсан. Хуралд хэн хэн оролцсон талаар асуугаад ирц хүрээгүй байгаа талаар хэлсэн” гэсэн байдгаас харвал хуралдах талаар гишүүн Б.Алтанцэцэгт мэдэгдэж, үүрэгжүүлээгүй болох нь харагдаж байна. Гэрч П.Энхжаргалыг асуусан тайлбарт “...надад 09 дүгээр сарын 07-ны өдрийн орой хуралдахаар болсон талаар мэдээлэл ирээгүй, утсаар холбогдоогүй, маргааш өглөө нь ирэхэд өчигдөр орой хуралдсан, нэр дэвшигчээ бүртгэсэн гэж байсан” хэмээн хуралдааны зарыг хүргээгүй талаарх мэдүүлэг, Ч.Отгонжаргалыг гэрчээр асуусан тайлбарт “...орой 22 цаг өнгөрч байхад хорооны дарга утсаар ярьж, өнөөдөр хурлаа хийхгүй бол болохгүй гэнэ бусад дүүргүүд өнөөдөр хурлаа хийж байна, өнөөдөр 24 цаг 00 минутад бүртгэх хугацаа дуусч байгаа гэнэ гэж хэлсэн. Одоо эмчилгээ хийлгээд хэвтэж байна, одоо очиж чадахгүй Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д зааснаар маргааш буюу 09 дүгээр сарын 08-ны өдрийн 24 цаг 00 минутын дотор бүртгэж болно. Маргааш хурлаа хийж болно гэж хэлсэн. Тэгээд би очоогүй.09 дүгээр сарын 08-ны өдөр очоод Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрчсөн байна. “Ирц хүрээгүй хуралдсан байна. Энэ чинь хууль бус шүү гэж л хэлсэн. Хуралдаагүй” гэх тайлбараас харвал Ч.Отгонжаргал эмчилгээ хийлгэж байсныг хорооны дарга мэдсэн, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үндэслэлтэй байгаа юм. Мөн гэрч Т.Оюунтуяаг гэрчээр асуусан тайлбарт “...би хол явж байсан болохоор амжвал очъё гэж хэлсэн ч очиж амжаагүй, маргааш өглөө нь ирэхэд өчигдөр орой хуралдсан, нэр дэвшигчдээ бүртгэх эсэхээ хэлэлцсэн гэж байсан” гэх тайлбараас харвал Т.Оюунтуяаг ирцэд бүртгэсэн нь хууль бус байгааг харуулж байна. Тиймээс дээрх нотловол зохих асуудлыг дахин нягтлан шалгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 752 тоот шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.7, 34 дүгээр зүйлийн 34.1.8, 157 дугаар зүйлийн 157.7, 157.9, 157.10, 157.13 дахь заалтыг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн 06 дугаар тогтоолыг Ардчилсан нам болон иргэн М., Д., Ж. нараас “ ...Хан-Уул дүүргийн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг хэлэлцэхдээ 5 гишүүний ирцтэй буюу хууль бус бүрэлдэхүүнээр хуралдан, тус дүүргийн сонгуулийн 4, 5, 7, 8, 9, 10, 12, 15, 16 дугаар тойргуудад бие даан нэр дэвшигч нэр бүхий 13 иргэнийг хавсралтанд зааснаар бүртгэн, тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор тогтоол гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчсөн...” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргажээ.

Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийг бүртгэж шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.6, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Тодруулбал,

Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Сум, дүүргийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 34.1.8-д “сум, дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох” гэж тус тус заасан.

Сонгуулийн хороо нь сонгуулийн үйл ажиллагаа тэр дундаа нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг хэрэгжүүлэхдээ ил тод байж, тэгш шударга байдлыг хангах зарчмын үндсэн дээр Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон тухайн сонгуулийн хорооноос өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөхөөр баталсан дэг, журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах учиртай.

Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолуудаар дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь нийт гишүүдийн хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минутад товлосон байх боловч “... хорооны дарга Ж.Ичинноров гадуур ажилтай явж байна” гэсэн шалтгаанаар  тус хуралдаан хойшлогдсон болох нь Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар захирамж, хариуцагч болон тус сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Отгонжаргал нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний  гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, 27.6-д “Сонгуулийн хорооны дарга дотоод зохион байгуулалтын асуудлаар захирамж гаргана”, 27.8-д “Сонгуулийн хорооны хуралдааны дэгийг сонгуулийн төв байгууллага тогтоох бөгөөд дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийг тухайн сонгуулийн хорооны дарга тогтоож мөрдүүлнэ” гэж, Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Дүүргийн сонгуулийн хорооны хуралдааны дэг”-ийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Хуралдаанд сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор Хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно”, 1.4-д “Сонгуулийн хороодын хуралдаан нээлттэй ил тод байх бөгөөд хуралдааны ажиллагаа, шийдвэрийн талаар нийтэд ил тод мэдээлнэ” 2 дугаар зүйлийн 2.8-д “Хуралдааны зар, холбогдох баримт бичгийг Хорооны гишүүд хүлээн авч тухайн хуралдаанд оролцох боломжгүй бол шалтгаанаа Хорооны даргад бичгээр болон бусад хэлбэрээр урьдчилан мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Дээрх хууль болон дэгийн зохицуулалтаас үзвэл аливаа сонгуулийн хорооны дарга нь сонгуулийн хорооны дотоод зохион байгуулалтын асуудлын нэг болох сонгуулийн хороог хуралдуулах тохиолдолд захирамж гаргах, хэрэв хорооны гишүүд хуралдааны товыг мэдсэн боловч оролцох боломжгүй бол энэ талаар Хорооны даргад урьдчилан мэдэгдэхээр байх бөгөөд нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаж, уг хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хуралдааны шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзхээр байна.

Анхан шатны шүүх “...Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх заалтыг хэрхэн хэрэглэх талаар зөрүүтэй ойлголтоос шалтгаалан хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор хуралдуулахаар Сонгуулийн хорооны дарга, гишүүдэд мэдэгдсэн, хуралдаанд хорооны дарга Ж.Ичинноров, гишүүн Ч.Мөнхгэрэл, Ц.Цэнд-Аюуш, Ж.Байгаль, У.Сувдсүрэн нар оролцсон, хуралдаанд оролцсон эдгээр 5 хүнээс гадна хуралдааны товыг нарийн бичгийн дарга Ч.Отгонжаргал, гишүүн Т.Оюунтуяа, Б.Алтанцэцэг нар мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг тасалсан болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь “... дарга Ж.Ичинноров эмнэлэгт үзүүлж байгаа...” гэх шалтгаанаар тус хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минутад товлогдсон хуралдааныг хойшлуулсан атлаа дараагийн хуралдааныг хэрхэн товлосон талаар шийдвэр гаргалгүйгээр 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж бие даан нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоол гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасантай нийцээгүйн улмаас Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хууль дээдлэх, ил тод байдлыг хангах зарчим алдагдаж, нэхэмжлэгч нарын тэгш өрсөлдөх, адил боломжоор хангагдах эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Түүнчлэн хорооны гишүүдэд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагт товлогдсон хуралдааныг албан ёсоор товлон зарлаагүй, хуралдааны товыг зүй ёсны дагуу хүргээгүй атлаа ирээгүй 4 гишүүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг тасалсан гэж үзэн 5 гишүүний ирцтэйгээр хуралдсан болох нь хорооны нарийн бичгийн дарга Ч.Отгонжаргал, гишүүн Т.Оюунтуяа, Б.Алтанцэцэг, П.Энхжаргал нарыг гэрчээр асуусан тайлбараар тогтоогдож байх тул тус сонгуулийн хорооны дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.2, болон Дүүргийн сонгуулийн хорооны хуралдааны дэгийн 1 дүгээр зүйлийн 1.3, 1.4-д заасантай нийцээгүй байна.

Зүй нь Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагт болох хуралдааныг хуульд заасны дагуу захирамж гарган товлож, улмаар хорооны гишүүдийг хуралдаанд оролцох боломжоор ханган хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэний үндсэн дээр хуралдах байжээ.

Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо нь хуралдааныг захирамжаар товлон зарлаж, нийт гишүүдэд хуралдааны товыг мэдэгдэх ба нийт 9 гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр буюу хамгийн багадаа 6 гишүүнтэйгээр хуралдаж, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан байна.   

Хариуцагч Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны “...шийдвэрийг гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар хуульд заасан, 9 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолд нэхэмжлэл гаргах хугацаа 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээж авахгүй гэж заасан...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан “Өдрийн сонин”-ы 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/5474 дугаар, Монголын үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар албан бичиг болон түүний хавсралтаар Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолыг тус хорооны нарийн бичгийн дарга Ч.Отгонжаргалаас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр цахим шуудангаар нийт 14 нүүр материал ирүүлснийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаарт нийтэлсэн байна.

Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолыг нэхэмжлэгч нар Өдрийн сонинд нийтлэгдсэн өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн хариуцагчаас уг тогтоолыг нийтэд ил тод мэдээлэх үүргээ биелүүлсэн гэдгээ нотлоогүй тул хэвлэлд нийтлэгдэхээс өмнө уг тогтоолыг нэхэмжлэгч нар мэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ардчилсан нам болон иргэн М., Д., Ж. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 27.2, 27.6, 27.8, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.2, 34.1.8, 157 дугаар зүйлийн 157.9, 157.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ардчилсан нам болон иргэн М., Д., Ж. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,       Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар “Бие даан нэр дэвшигч бүртгэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                 ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ