Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01366

 

 “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138/ШШ2019/00934 дүгээр шийдвэртэй,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2020/0008 дугаар магадлалтай,

 “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдох

152,730,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-тай 2019.01.09-ний өдөр ТП/2019/02, 2019.03.21-ний өдөр ТП/2019/09 дугаартай шатахуун зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдан авагчийн хүсэлтийн дагуу шатахуунаа тасралтгүй нийлүүлсэн. Гэтэл хариуцагч тал дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан хугацаанд огт гүйцэтгээгүй. Иймд шатахуун зээлээр худалдан авсан үндсэн төлбөр 106,953,336 төгрөг, алданги 45,777,387 төгрөг, нийт 152,730,723 төгрөгийг нэхэмжилж байна.  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн өглөг авлагын тайлангаар 2019 оны 08 дугаар сар дуустал 141,753,336 төгрөгийн шатахуун авч 2019.04.30-ны өдөр 24,800,000 төгрөг, 2019.05.22-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 34,800,000 төгрөгийн төлөлт хийж 106,953,336 төгрөгийн авлага үлдсэн. Хариуцагч тухайн шатахууныг зээлээр авсан учир хөнгөлөлт яригдах боломжгүй, тухайн байгууллагад өгсөн картаар ямар ч төрлийн шатахууныг литр тутмыг 50 төгрөгөөр хөнгөлөх боломжийг бид олгосон. Манай байгууллагын салбар бүр өөр, өөр жижиглэнгийн үнэтэй байдаг. Гэрээ дууссанаас хойш 10 хоногийн дотор буюу 2019.05.10-ны дотор төлбөрөө хийх ёстой байсан. Зөвхөн гэрээний үйлчлэх хугацаанд алданги тооцно гэсэн ойлголт байхгүй. Хямдралтай байсан үеийн ханшийн зөрүү гэрээгээр тохироогүй бөгөөд ханшийн зөрүү нь хариуцагч талд хамааралгүй тул төлөх ёстой үнийн дүнгээс 18,000,000 төгрөг хасагдах ёстой гэсэн тайлбар нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбарт: Хоёр компанийн хооронд шатахуун зээлээр худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан. Эхний гэрээ 2019.01.09-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 2019.04.30-ны өдөр дуусна, гэрээний үнийн дүн нь 24,800,000 төгрөг, 2 дахь гэрээ нь 2019.03.21-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа нь 2019.04.30-ны өдөр дуусахаар байсан. Гэрээний үнийн дүн нь 23,700,000 төгрөг байна. Гэрээт хугацаанд 2019.05.10-ны өдрийн байдлаар 40,498,449 төгрөгийн өр үүсгэж бүтээгдэхүүн авсан. Үүнээс 2019.04.30-ны өдөр 24,800,000 төгрөг, 2019.05.22-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний хугацааны үлдэгдэл 5,698,449 төгрөг болсон. Гэрээний хугацаанд шилжсэн бүтээгдэхүүний үнээс л алданги тооцох ёстой. Хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтаар 2,849,224 төгрөг болох тул үндсэн төлбөрийн хамт 8,547,673 төгрөгийг төлөх ёстой. Гэрээний хугацаа дууссанаас хойш хийсэн нийлүүлэлтээс анз тооцох ёсгүй. Зээлийн гэрээг бичгээр сунгалт хийсэн зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч байгууллага 300,000 төгрөгөөс дээш дүнтэй шатахуун авсан тохиолдолд 1 литрийг 2200 төгрөгөөр тооцож өгдөг, энэ талаарх баримтыг гаргаж өгсөн. Энэ үнийн зөрүүг хариуцагч талын зүгээс 18,000,000 төгрөг байна гэж тооцож гаргасан тул энэ хөнгөлөлтийг төлөх ёстой үнийн дүнгээс хасаж тооцуулах саналтай. Үлдэгдэл 106,953,336 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138/ШШ2019/00934 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 106,953,336 төгрөг, алданги 5,544,752 төгрөг, нийт 112,498,088 /нэг зуун арван хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,232,635 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 921,604 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 720,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2020/0008 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 138/ШШ2019/00934 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд алданги тооцохдоо Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, буруу тооцоолол гаргасан гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”  гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хоёр компанийн дунд гэрээ байгуулагдаж, шатахуун зээлээр худалдан авсан үйл баримттай маргаагүй. Эхний гэрээ 2019.01.09-ний өдөр байгуулагдаж, гэрээний хугацаа 2019.04.30-ны өдөр дууссан. Гэрээний үнийн дүн 24,800,000 төгрөг, 2 дахь гэрээ 2019.03.21-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 2019.04.30-ны өдөр дууссан. Гэрээт хугацаанд 2019.05.10-ны өдрийн байдлаар 40,498,449 төгрөгийн өр үүсгэж бүтээгдэхүүн авсан. Үүнээс 2019.04.30-ны өдөр 24,800,000 төгрөг, 2019.05.22-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн. Гэрээт хугацааны үлдэгдэл 5,698,449 төгрөг болсон. Үүргийн зөрчил энд л яригдана. Үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцохоор 2,849,224 төгрөг гарч байгаа. Иймд үүргийн гүйцэтгэлд 106,953,336 төгрөг, алдангид 2,849,224 төгрөг, нийт 109,802,560 төгрөг бидний тооцооллоор гарч байна. Шүүхээс алдангийг буруу тооцож, хариуцагчаас 112,498,088 төгрөг гаргуулсан нь буруу юм. Иймээс шүүхээс тогтоосон төлбөрөөс 2,695,528 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иймд Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 138/ШШ2019/00934 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 201/МА2020/0008 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан 152,730,723 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 106,953,336 төгрөг, алданги 5,544,752 төгрөг, нийт 112,498,088 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 40,232,635 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүх алдангийг буруу тооцсон” гэсэн агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, 2019.01.09-ний өдрийн ТП/2019/02, 2019.03.21-ний өдрийн ТП/2019/09 дугаартай “Шатахуун зээлээр худалдах-худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй.

Дээрх хоёр гэрээний хугацаа 2019.04.30-ны өдөр дууссан ба талууд гэрээг сунгаагүй, гэрээний хугацаа дуусахад хариуцагч 15,698,449 төгрөгийг төлөөгүй байсан тул гэрээний 5.2-т “хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох”-оор заасны дагуу 2019.05.22-ныг хүртэл /22 хоног/ алданги 1,726,824 төгрөг, тухайн өдөр хариуцагч 10,000,000 төгрөг төлсөн тул үлдэх 5,698,449 төгрөгөөс 2019.05.22-2019.10.03 (нэхэмжлэл гаргасан өдөр) хүртэл 134 хоногийн алданги тооцоход 3,817,928 төгрөг болсон байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа гэрээний хугацаа дууссанаас хойш нийлүүлсэн шатахууны үнэ 106,953,336 төгрөгийг алданги тооцохгүйгээр, ТП/2019/02, ТП/2019/09 гэрээний дагуу төлөөгүй үлдсэн үндсэн төлбөр 5,698,446 төгрөг, 2019.05.22 хүртэлх 22 хоногийн алдангид гүйцэтгээгүй үүрэг 15,698,449 төгрөгөөс 1,726,824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин 2019.05.22-2019.10.03 хүртэлх 134 хоногийн алданги 3,817,928 төгрөгийг гаргасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэнтэй нийцсэнгүй.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд алдангийн хэмжээг 2019.05.22-2019.10.03 хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5,698,449 төгрөгийн 50 хувиар 2,849,224 төгрөг болгож бууруулах нь зүйтэй байна.

Харин “... гэрээт хугацааны үлдэгдэл 5,698,449 төгрөг болсон, үүргийн зөрчил энд л яригдана...”, өөрөөр хэлбэл 2019.04.30-2019.05.22 хүртэлх 22 хоногийн алданги 1,726,824 төгрөгийг төлөхгүй гэсэн утгатай гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 201/МА2020/0008 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 138/ШШ2019/00934 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...алданги 5,544,752 төгрөг, нийт 112,498,088... ” гэснийг “...алданги 4,576,048 төгрөг, нийт 111,529,384 /нэг зуун арван нэгэн сая таван зуун хорин есөн мянга гурван зуун наян дөрөв/ ...” гэж, 2 дах заалтын “...720,440 ...” гэснийг “...715,596 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 58,078  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЗОЛЗАЯА

                              ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                  Б.МӨНХТУЯА

                                                                                                  Х.СОНИНБАЯР

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД