Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2019/00934

 

 

 

 

 

 

   2019         12           18                                                  138/ШШ2019/00934

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, байрлах, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

   Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах, “Т” ХХК-д холбогдох 

 

 Гэрээний үүргийн биелэлт 152 730 723 /нэг зуун тавин хоёр сая долоон зуун гучин мянга долоон зуун хорин гурван/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь “Т” ХХК-тай 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ТП/2019/02 болон 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ТП/2019/09 дугаартай “Шатахуун зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдан авагчийн хүсэлтийн дагуу шатахуунаар тасралтгүй нийлүүлсэн. Гэтэл хариуцагч тал дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, төлбөр тооцоог барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан хугацаанд огт гүйцэтгээгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироож байна. Иймд шатахуун зээлээр худалдан авсан үндсэн төлбөр 106 953 336 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс алданги 45 777 387 төгрөг буюу нийт 152 730 723 төгрөгийг нэхэмжилж байна.

...Хариуцагчийн төлөөлөгчийн ярьж байгаа тооцоолол үндэслэлгүй гэж үзэж байна. “Т ХХК”-ийн өглөг авлагын тайлангаар 2019 оны 08 дугаар сар дуустал 141 753 336 төгрөгийн шатахуун авч 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 24 800 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 34 800 000 төгрөгийн төлөлт хийж 106 953 336 төгрөгийн авлага үлдсэн. Хариуцагчийн тайлбараар 300 000 төгрөгөөс дээш үнэтэй шатахуун авсан тохиолдолд литр тутмыг 2200 төгрөгөөр тооцох ёстой гэж ярьж байна. Үүнийг талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохироогүй. Хариуцагч тал тухайн шатахууныг зээлээр авсан учир хөнгөлөлт яригдах боломжгүй. Хариуцагч байгууллагад өгсөн картаар ямар ч төрлийн шатахууныг литр тутмыг 50 төгрөгөөр хөнгөлөх боломжийг бид олгосон. Хариуцагч талд олгосон мастер карт, дэд картуудыг Монгол улсын маш олон аймаг, цэгүүдэд ашигласан байсан.  Манай байгууллагын салбар бүр өөр өөр жижиглэнгийн үнэтэй байдаг. Энэ нь тээвэрлэлтийн зардал болон бусад зардлаас хамаарч өөр байж болдог. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ дуусаад үүнээс хойш 10 хоногийн дотор буюу 2019 оны 05 дугаар сарын 10-ны дотор төлбөрөө хийх ёстой байсан. Иймд төлөгдөөгүй үнийн дүн нь 106 953 336 төгрөг бөгөөд 156 хоног хугацаа хэтэрсний алданги 45 777 387 төгрөг гарч байна. Манай байгууллага талуудын хооронд байгуулсан гэрээг л баримталсан. Зөвхөн гэрээний үйлчлэх хугацаанд алданги тооцно гэсэн ойлголт байхгүй. Харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох ёстойг хуулиар зохицуулсан. 2 гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хоёулаа дууссан. ...Хариуцагч тал хямдралтай байсан үеийн ханшийн зөрүү гэж ярьж байна. Энэ асуудлыг гэрээгээр тохироогүй бөгөөд ханшийн зөрүү нь хариуцагч талд хамааралгүй тул төлөх ёстой үнийн дүнгээс 18 000 000 төгрөг хасагдах ёстой гэсэн тайлбар нь үндэслэлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчи В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр компанийн хооронд шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан. Эхний гэрээ 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Гэрээний үнийн дүн нь 24 800 000 төгрөг юм. 2 дахь гэрээ нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр дуусахаар байсан. Гэрээний үнийн дүн нь 23 700 000 төгрөг байна. Гэрээт хугацаанд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 40 498 449 төгрөгийн өр үүсгэж бүтээгдэхүүн авсан. Үүнээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 24 800 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний хугацааны үлдэгдэл 5 698 449 төгрөг болсон. Гэрээний хугацаанд шилжсэн бүтээгдэхүүний үнээс л алданги тооцох ёстой. Ингээд тооцохоор нийт 5 698 448 төгрөгийн алданги гарч байна. Хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтаар 2 849 224 төгрөг болно. Ингээд үндсэн төлбөрийн хамт 8 547 673 төгрөгийг төлөх ёстой. Нэхэмжлэгчийн алданги тооцсон байдлыг хүснэгтээс харахад хийсэн тооцоолол нь маш ойлгомжгүй байна. ...Гэрээний хугацаа дууссанаас хойш олон удаа шатахуун авсан байдаг. Гэрээний хугацаа дууссанаас хойш хийсэн нийлүүлэлтээс анз тооцох ёсгүй. Зээлийн гэрээг бичгээр сунгалт хийсэн зүйл огт байхгүй байна. Нэхэмжлэгч байгууллага 300 000 төгрөгөөс дээш дүнтэй шатахуун авсан тохиолдолд 1 литрийг 2200 төгрөгөөр тооцож өгдөг. Үүнийг нотолж хариуцагч талаас шатахууныг 2200 төгрөгөөр авч байсан баримтыг гаргаж өгсөн. Энэ үнийн зөрүүг хариуцагч талын зүгээс 18 000 000 төгрөг байна гэж тооцож гаргасан. Иймд энэ хөнгөлөлтийг төлөх ёстой үнийн дүнгээс хасаж тооцуулах саналтай байна. Үлдэгдэл 106 953 336 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 152 730 723 /нэг зуун тавин хоёр сая долоон зуун гучин мянга долоон зуун хорин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны үнэ 106 953 336 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийн зарим хэсгийг төлөхөөс татгалзжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ТП/2019/02 болон 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ТП/2019/09 дугаартай “Шатахуун зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу нийлүүлсэн шатахууны үнэ 106 953 336 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс үүссэн алданги 45 777 387 төгрөг буюу нийт 152 730 723 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж,

харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэж буй үндэслэлээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, ...гэрээний хугацаанд нийлүүлсэн шатахууны төлөөгүй үлдэх хэсгээс алданги тооцох ёстой, гэрээний хугацаа дууссанаас хойш нийлүүлсэн шатахууны үнээс алданги тооцох үндэслэлгүй...” гэж тус тус тайлбарладаг.

Нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч “Т” ХХК-иудын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ТП/2019/02 дугаартай, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ТП/2019/09 дугаартай “Шатахуун зээлээр худалдах-худалдан авах” гэрээ тус тус бичгээр байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл  141 753 336 төгрөгийн шатахуун нийлүүлсэн байх бөгөөд хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 24 800 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 34 800 000 төгрөгийг төлж,  106 953 336 төгрөгийн шатахууны үнийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч тал шатахууны үнэ 106 953 336 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

Харин талууд гэрээний харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1,  263.2-д зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгахаар заасан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцлийг судлан үзвэл төлбөл зохих хүүгийн хэмжээний талаар тохиролцоогүй нь тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

Талууд гэрээгээ “Шатахуун зээлээр худалдах-худалдан авах” гэрээ гэж нэрлэсэн байгаа боловч гэрээний агуулга, гэрээний гол нөхцөл, талуудын эрх үүрэг зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талууд алданги төлөх үндэслэлтэй эсэх талаар маргадаг.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч “Т” ХХК нь чанарын шаардлага хангасан, техникийн нөхцөлд тохирсон шатахууныг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу худалдан авагчид нийлүүлэх, хариуцагч “Т” ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна. Харин хариуцагч тал хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээний үүргийн зөрчил үүсчээ.

Хариуцагч “Т” ХХК нь гэрээний үүргийн зөрчил гаргасан учир нэхэмжлэгч нь тус гэрээний 5.2-д “Худалдан авагч тал төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж заасны дагуу алданги шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн ТП/2019/02 дугаартай, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТП/2019/09 дугаартай “Шатахуун зээлээр худалдах-худалдан авах” гэрээнүүдийн хугацаа тус тус 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна.

Гэрээний 7.4-д “Гэрээний хугацаа дууссан тохиолдолд худалдан авагч талын албан ёсны хүсэлтээр гэрээг сунгаж болно” гэж заажээ. Талууд гэрээг сунгасан гэх нотлох баримтыг шүүхэд  ирүүлээгүй болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн 232.7-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй...” гэж тус тус заажээ. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш нийлүүлсэн шатахууны хувьд алданги тооцох үндэслэлгүй байна.

Алдангийг дараах байдлаар тооцов. Үүнд: Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь шатахууны үнэ 40 498 449 төгрөг төлөөгүй байснаас мөн өдөр 24 800 000 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл 15 698 449 төгрөгнөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 2019 оны 5 дугаар сарын 22-ныг хүртэл 22 хоногийн алданги тооцоход 1 726 824 төгрөг гарч байна. Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг төлсөн тул үлдэх 5 698 449 төгрөгнөөс 2019 оны 5 дугаар сарын 23-наас 2019 оны 10 дугаар сарын 03-ныг хүртэл 134 хоногийн алданги тооцоход 3 817 928 төгрөг болох бөгөөд нийт 5 544 752 төгрөгийн алдангийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч “Т” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт болох шатахууны үнэ 106 953 336 төгрөг, алданги 5 544 752 төгрөг буюу нийт  112 498 088  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Тэс петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 232 635 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 106 953 336 төгрөг, алданги 5 544 752 төгрөг, нийт 112 498 088  /нэг зуун арван хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга наян найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэс петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 232 635 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн   тухай   хуулийн   7  дугаар   зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 921 604 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 720 440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэс петролиум” ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар “хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх “ арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ