Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 22

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, 

            нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            улсын яллагч Н.Гэрэлмаа,

            хохирогч П.Эрдэнэцэцэг,

            шүүгдэгч Б.Содномпэлжээ, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Б.Содномпэлжээд холбогдох эрүүгийн 201625013207 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                    

Монгол улсын иргэн, 1946 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрийн механикч мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4а хэсэг 1586 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас” одонгоор тус тус шагнуулж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧИ46102012, хэрэг хариуцах чадвартай, Өтгийн тайжууд овогт Бүдрагчаагийн Содномпэлжээ,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Содномпэлжээ нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1586 тоот хашааны гадна иргэн П.Эрдэнэцэцэгтэй чулуу шидэж, хүний өмч рүү халдсан гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэнд нь цохиж унаган, биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Содномпэлжээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед би гэртээ байж байсан. Манай хөгшин Ч.Энхбаатар гэдэг айлд ороод ирье гээд явсан. Манай цонх Ч.Энхбаатарын гэр рүү харсан байдаг болохоор би хөгшинөө тэдний гэр рүү нь орж байсныг нь харсан. Тэрнээс хойш гучаад минутын дараа гарч ирсэн ч гэртээ орохгүй удаад байхаар нь цонхоороо харахад манай охин хаалга дээр хүүхдээ тэврээд зогсож байсан. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод харахад хохирогч хар хурдаараа гүйгээд чарлаад манайх руу ирж байсан. Би тухайн үед учрыг нь ойлгоогүй. Хохирогч манай хөгшин рүү орилоод дайраад байсан. Тэгснээ газраас шууд чулуу аваад манай хөгшин рүү чулуудсан ч оноогүй. Би тухайн үед хашааныхаа хаалгыг түшээд зогсож байсан. Хохирогч дахиад өмнөх чулуунаасаа том чулуу аваад далайхаар нь би “боль” гэхэд тоохгүй орилоод чулуугаа шидсэн. Тэр чулуу нь манай хашааны хаалгыг оносон. Тэгээд би эргээд харахад манай хүүхэд хүүхдээ тэврээд хашааны хаалга налаад зогсож байсан. Тухайн үед би хохирогчийг хүн алах нь гэж бодоод цохисон. Би цохихдоо баруун гарныхаа дотор талаар цохисон. Хохирогч унаад өгсөн. Хохирогчийг унахаар нь манай хөгшин босгоод хувцасных нь шороог арилгаж өгөхөд хохирогч босч ирээд миний зүүн гуяны дотор тал руу хөлөөрөө өшиглөхөд нь би ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Тэгээд орхисон. Би хохирогчийг тийм ааш гаргаагүй байсан бол цохихгүй байсан. Хохирогчийн гаргаж байгаа ааш нь цохихоос өөр аргагүй байдалд оруулсан…” гэв.

 

Хохирогч П.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ зурагт үзэж байхад манай бэр орж ирээд танай хүүхэд рүү чинь чулуу шидээд цохиод байна гэхээр нь би хүүхдийг маань зодож байна гэсэн ойлголт төрөөд гарч гүйсэн. Тэгээд би очоод юу болоод байгаа юм бэ гэж асуухад шүүгдэгчийг эхнэр болох эмгэн зогсож байсан. Тухайн үед шүүгдэгч хашааныхаа шороог цэвэрлээд байж байсан. Шүүгдэгчийн эхнэр “танай хүүхэд хашааны гадна талын шороо ухаад байна, манай хашаа руу үерийн ус орно” гэсэн. Тухайн үед шүүгдэгчийн эхнэр Туул гэдэг хүүхэнтэй хэрэлдээд зогсож байсан. Би зээгээ Бэбэнээ гэж дууддаг. Манай охин ирээд “ээж энэ хүн Бэбэнээгийн гар руу төмрөөр цохисон” гэж хэлж байна гэхээр нь би шүүгдэгчийн эхнэр рүү чангаар “яагаад та ингэж байгаа юм” гэж хэлсэн нь үнэн. Тэгээд би “энэ хашааг чинь яасан ч яадаг юм” гээд чулуу авч шидсэн. Дахиад чулуу авч шидэх гэхэд олдохгүй болохоор нь бөөгнөрсөн хатуу шороо аваад шидсэн. Тэр нь хашааны хаалга оноод бутарч унасан. Шүүгдэгч намайг “хүний өмч рүү халддаг чи хэн бэ” гээд гэхээр нь би “миний хүүхэд юу юм бэ гээд би 1 алхам ойртсон. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Шүүгдэгч настай хүн байж хүний ёсоор уучлалт гуйж яагаад болохгүй байгаа юм бэ. Шүүгдэгч надаас уучлалт гуйхаас дургүйцээд байгаа юм бол 6 хүүхэдтэй хүн шүү дээ. Тэдгээрийн 1 хүүхэд нь яагаад уучлалт гуйчихаж болохгүй байгаа юм бэ. Би шүүгдэгчийн ар гэрийхнээс “миний гар эвгүй болчихлоо, та нар намайг хүргээд өгөөч, хэрвээ та нарт машин байхгүй бол миний машинаар хүргээд өгөөч” гэхэд зөвшөөрөөгүй. Тухайн үед хүүхдээ тэвэрсэн охин нь “үгүй, хаалгаа хаа, орцгоо та нар” гээд ээж, ааваа аваад орсон. Энэ хэргээс болж манай хүүхдийн сэтгэл санаанд их дарамт учирсан. Манай хүүхэд одоог хүртэл шүүгдэгчийн эхнэрийг хашааны гадаа юм уу, хашаан дотроо зогсож байхад айгаад гарч чадахгүй байгаа. Байцаагч нар яагаад манай хүүхдийн гэмтлийг тогтоож өгөхгүй байгаа юм бэ. Шинжилгээг дахиж хийлгэхийг хүсч байна. Шүүгдэгч миний завж руу цохисоноос болж 6 оёдол тавиулсан. Шүүгдэгч сая хэлэхдээ зүүн талын гараараа цохисон гэж байна. Би зүүн талаараа цохиулсан байж яахаараа зүүн талаараа унах вэ. Шүүгдэгч намайг дахиж цохисон юм уу, эсвэл өшиглөсөн байх гэж бодож байна. Хэрэгт хүүхдийн маань эрүүл мэндийн карт дээр тамга тэмдэг байхгүй гэж байгаа. Тэрийг чинь өрхийн эмнэлэг хийж өгсөн. Би өөрөө 81 настай ээжтэйгээ, өөрийн охин, зээтэйгээ амьдардаг. Манай нөхөр хөдөө явсан байсан болохоор би хүүгээ эмнэлэгт үзүүлж чадаагүй. 4 хоногийн дараа би өөрөө эмнэлгээсээ гарч ирээд 81 настай ээжийгээ дагуулаад хүүхдээ үзүүлсэн. Эмнэлгийн хийж өгсөн карт дээр нь тэмдэг, тамга дарагдсан байна уу гэдгийг хараагүй, мэдээгүй. Миний хүүхдэд шинжээчийн дүгнэлт гаргуулж өгөөгүйд би гомдолтой байна. Надад хэлэхдээ “хүүхдийн чинь бөгсөн дээр нь 2 удаа тоншсон, юун сүртэй юм” гэж хэлж байсан. Хүний хүүхдэд 2 тонших эрх эд нарт байна уу. Тэгэхээр хүн зодох авир энэ гэр бүлд байгаа юм биш үү гэсэн бодол төрж байна. Тухайн үед тэр хүүхэд үнэхээр болохгүй байсан юм бол яагаад эцэг эхэд нь хэлж болоогүй юм бэ. Намайг очих үед шүүгдэгчийн эхнэр төмөр барьсан зогсож байсан. Шүүгдэгч эхлээд мэдүүлэг дээрээ баруун гараараа цохисон гэдэг. Дараа нь болохоор зүүн гараараа цохисон. Дахиад ярихдаа зүүн гарныхаа дотор талаар цохисон гэж мэдүүлсэн байсан. Дандаа өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгч байна. Түүнээс биш шүүгдэгч би энэ хүнийг гэмтээчихлээ энэ хүнийг хохироосон шүү гэсэн зүйл бодохгүй байна. Хүүхдийг маань цохисон хэрнээ цохиогүй гэж хэлж байгаад гомдолтой байна. Үүнийг шалгуулмаар байна. Би шүүгдэгчийн яриад байгаа зүйлийг бас шалгуулмаар байна. Би шүүгдэгчийг 1 удаа цохисон гэж бодохгүй байна. Нотлох баримтаар авагдсан баримтаас гадна өөр хохирлууд байгаа. Би 3, 4 удаа эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийсэн. Мөрөө хадуулаад 2 сар хэвтсэн. Би нэхэмжилж байгаа хохирлын үнийн дүнг мэдэхгүй байна. Ямар ч байсан 1.000.000 гаран төгрөг болж байгаа” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Эрдэнэцэцэгийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-9-28/, хохирогч П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-30/, гэрч Б.Лхагвасүх, Э.Отгондаваа, Д.Алтантуяа, Д.Энхтуул, С.Мөнхбаатар нарын мэдүүлгүүд /хх-31-39/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №11691 дугаартай дүгнэлт /хх-43/, хохирогч П.Эрдэнэцэцэгийн өвчний түүх /хх-57-62/, шүүгдэгч Б.Содномпэлжээгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-67-69/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-71/, хувийн болон эрүүл мэндийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-72-88/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Содномпэлжээ нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1586 тоот хашааны гадна иргэн П.Эрдэнэцэцэгтэй чулуу шидэж, хүний өмч рүү халдсан гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэнд нь цохиж унаган, биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь: 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвасүхийн өгсөн:…”2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим хашаанаасаа гартал хашааны үүдэнд байдаг жалганы шороог нэг хүүхэд нураагаад байхаар нь “наадхаа нураахаа болиорой” гэж хэлээд 30-40 минутын дараа гарч ирэхэд дахиад нураагаад зогсож байхаар нь “чамд түрүүн хэлсэн биз дээ битгий наад шороогоо нураагаад бай” гэсэн чинь цаанаас нэг эмэгтэй гүйж гарч ирээд уурлаад чулуу аваад манай хашаа руу шидсэн. Тэгэхээр нь би настай хүнээс юу болсон талаар асуухын оронд яагаад ингэж байгаа юм гэхэд учир зүггүй хүүхдээ өмөөрөөд уурлаад байхад манай нөхөр Б.Содномпэлжээ гарч ирсэн ба дахиад хашаа руу чулуу аваад шидэхээр нь Б.Содномпэлжээ урдуур ороод намайг хамгаалаад тэр эмэгтэйг барьж аваад шанаа руу нь 1 удаа цохисон чинь зүүн талаараа гараа дараад унасан. Тэгээд газар удаагүй би босгоод хувцасны шороог нь гөвсөн тэр эмэгтэй дахиад манай хашаа руу чулуу аваад шидчихээд явчихсан. Дараа нь эмнэлэгт хэвтсэн гэхээр нь эргэх гэж очсон чинь гарчихсан байсан гэрт нь очсон чинь тэр эмэгтэйн ээж нь оруулаагүй…” /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Отгондаваагийн өгсөн:... “2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед гадаа юмаа угаагаад зогсож байхад нэг эмэгтэй жаахан хүүхдүүд загнаад нэг хүүхдийг бөгсөн дээр нь 2 алгадаад газраас юм аваад шидээд байх шиг байхаар нь П.Эрдэнэцэцэгийн гэр рүү ороод танай хүүхэд рүү чинь нэг хүн чулуу шидээд байна гэхэд П.Эрдэнэцэцэг хашаанаас гараад гүйсэн хэсэг хугацааны дараа хүүхдүүд орилоод байхаар нь яваад очиход П.Эрдэнэцэцэг газар уначихсан хажуу айлын эмгэн татаад босгох гэж байсан. Б.Содномпэлжээ хажууд нь зогсож байсан. Би юу болсон талаар асуухад П.Эрдэнэцэцэгийн завжны зүүн хэсгээс цус гараад чих хүртэл нь урсаад хатчихсан тэнд маргалдаад салсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” /хх-32-33/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Алтантуяагийн өгсөн:…”Гэртээ байж байхад манай нөхөр Ч.Энхбаатар орж ирээд хажуу айлын эмээ шороо буулгасан хүүхдүүдийг загнаад зогсож байна гэж хэлээд 10 орчим минут болж байхад гадаа эмэгтэй хүн чанга чанга орилоод байхаар нь гараад харахад Б.Содномпэлжээгийн үүдэн дээр манай хашааны хойно байдаг эмэгтэйгийн хувцас нь шороо болчихсон завьжнаас нь цус гоожсон Б.Содномпэлжээ хажууд нь зогсчихсон эхнэр нь тэр эмэгтэйгийн хувцасыг гөвөөд зогсож байсан. Тэгэхэд Э.Отгондаваа хойноос утсаа барьчихсан гүйж ирээд цагдаа дуудаж байсан...” /хх-35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхтуулын өгсөн: “…Бие засах гээд жорлон руу явж байхад манай хашааны үүдэнд П.Эрдэнэцэцэг газар уначихсан хэвтэж байсан ба түүний хажууд 2 хүүхэд нь Б.Содномпэлжээ гуай хөгшинийхөө хамт зогсож байсан. П.Эрдэнэцэцэгийн хүүхдүүд ээжийг цохичихлоо ш дээ гээд уйлаад байсан.” /хх-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнхбаатарын өгсөн:…”Манай аав архи, тамхи хэрэглэдэггүй…хамт олны дунд нэр хүндтэй…айл хөрштэйгээ хэрүүл зарга хийгээд байдаггүй ер нь их дуугай хүн...” /хх-39/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын        25-ны өдрийн №11691 дүгаартай шинжээчийн дүгнэлтэд:

 1. Эрдэнэцэцэгийн биед зүүн бугалганы далд, зөрөөтэй хугарал, тархи доргилт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгөнд зулгаралт, баруун шуу, баруун алганд цус хуралт, зулгаралт, нэг шүдний хөдөлгөөн оролт гэмтэл тогтоогдпоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-43/ гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Содномпэлжээгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгчид дээрх хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Эрдэнэцэцэг хохиролд нийт 1.361.260 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 924.773 төгрөгийг шүүгдэгч Б.Содномпэлжээгээс гаргуулж хохирогч П.Эрдэнэцэцэгт олгож, үлдэх 436.487 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй үзлээ.

 

Мөн хохирогч П.Эрдэнэцэцэг нь “...Хүүхдийг маань цохисон хэрнээ цохиогүй гэж хэлж байгаад гомдолтой байна. Үүнийг шалгуулмаар байна...” гэсэн тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон ба энэ хэрэгт хамааралгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Хохирогч П.Эрдэнэцэцэг нь өөр учирсан хохирлын нотлох баримтаа Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Б.Содномпэлжээгийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгтээ шүүгдэгч Б.Содномпэлжээ нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.  

 

          Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өтгийн тайжууд овогт Бүдрагчаагийн Содномпэлжээг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Содномпэлжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Содномпэлжээд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрий баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Содномпэлжээ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Содлномпэлжээгээс эмчилгээний зардалд 924.773 төгрөгийг гаргуулан хохирогч П.Эрдэнэцэцэгт олгож, үлдэх 436.487 төгрөгийг нотлох баримтаар шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Содномпэлжээд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Содномпэлжээгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                        Э.ЧИНГИС

ШҮҮГЧ