Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 750

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Э.У, Ч.И нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Уы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.У, Ч.И нарт холбогдох 201625010220 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................. овогт .................гийн ................., 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................./,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 89 дугаартай шүүгчийн захирамжаар  тэнсэн суллагдсан.

2. .................н овогт .................ын ................., 1994 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................./,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 6 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан.

Э.У нь ялтай байх хугацаандаа, согтуугаар яллагдагч Ч.Итай бүлэглэн, 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр ................. тоот хашаанд хохирогч Х.Эийг үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Х.Эийг зүүн бугалган тус газарт нь хутгалж, хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Мөн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр ................. тоотод хохирогч Ч.Итай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар Ч.Иыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Ч.И нь ялтай байх хугацаандаа согтуугаар, яллагдагч Э.Утай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр ................. тоот хашаанд хохирогч Х.Эийг үл ялих зүйлээр шалтаглан, халбагыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний зүүн нүдний доор хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Уд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Ч.Иад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас .................гийн .................ы гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгон, .................ын .................н гэм буруугийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

................. овогт .................гийн ................., ................. овогт .................ын ................. нар зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар .................гийн .................ы 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үйлдлийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар .................гийн .................ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, .................ын .................ыг 2 жилийн хугацагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Уы өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 2 жил 9 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 9 сар 11 хоногийн ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Уд оногдуулсан 4 жил 9 сар 11 хоногийн ялыг, Ч.Иад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.У, Ч.И нарын цагдан хоригдсон нийт 536 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй хутга 1 ширхэг, халбага 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож, чин санаанаасаа гэмшин харамсаж байна. Анхан шатны шүүх нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 2 жил 9 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 9 сар 11 хоногийн ялаар тогтоосон. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэж заасан. Өмнөх 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоол гарахдаа миний өмнөх ялаас 1 сарын ялыг нэмж байсан билээ. Миний өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан “...өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэсэн заалтын дагуу 2 жил 9 сар 11 хоногийн хорих ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 11 хоногийг нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Э.У, Ч.И нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 162 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Э.Уыг “хохирогч Ч.Итай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Уыг “хохирогч Ч.Итай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан” хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрлэхдээ түүнийг уг үйлдэлд гэм буруутай эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Э.У, Ч.И нарыг “бүлэглэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоогоогүй,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уы ялыг нэмж нэгтгэхдээ аль шүүхийн, Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар шийтгүүлсэн хэдэн жил хорих ялыг хэрхэн ямар байдлаар нэмж нэгтгэсэн нь ойлгомжгүй,

шүүгдэгч Э.У, Ч.И нарын тус бүрийн цагдан хоригдсон хэдэн хоногийг чухам хэний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсон нь тодорхойгүй “нийт 536 хоногийг” гэх байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаж чадаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарыг аливаа гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн дүгнэх эсэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт байхгүй тул дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.У, Ч.И нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Э.У, Ч.И нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    Ц.ОЧ