Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,     

улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.Даваажаргал, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Даваажаргалд холбогдох 201625011160  дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран Уулын өвөр 3 дугаар гудамжны 2112 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ИЭ97082511, Буурал овогт Ганболдын Даваажаргал.

 

            Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Г.Даваажаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран Уулын өвөр 1 дүгээр гудамжны 1993 тоот хашааны урд тавьсан Я.Баасанжавын эзэмшлийн 44-84 УНК улсын дугаартай микро автобусны хойд талын салхины шил болон зөв талын хойд талын гүйдэг шилийг,

            мөн Н.Алтанхуягийн эзэмшлийн 69-05 УНЭ улсын дугаартай “Верна” маркын автомашины урд талын салхины шил, хойд талын салхины шил, зөв талын хаалганы том шил, арын зөв талын гэрлийг хагалж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Даваажаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Мөн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12, 16-22/, хохирогч Я.Баасанжавыг байцаасан тэмдэглэл /хх-24-27/, хохирогч Н.Алтанхундагийг байцаасан тэмдэглэл /хх-28-31/, гэрч нарын мэдүүлгүүд /хх-32-47/, Г.Даваажаргалыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-54-59/, шүүгдэгч Г.Даваажаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-65/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-66/, хохирогч Я.Баасанжав, Н.Алтанхундага нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичсэн тайлбар /хх-80-83/, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн тодорхойлолт /хх-102/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Даваажаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран Уулын өвөр 1 дүгээр гудамжны 1993 тоот хашааны урд тавьсан Я.Баасанжавын эзэмшлийн 44-84 УНК улсын дугаартай микро автобусны хойд талын салхины шил болон зөв талын хойд талын гүйдэг шилийг,

мөн Н.Алтанхуягийн эзэмшлийн 69-05 УНЭ улсын дугаартай “Верна” маркийн автомашины урд талын салхины шил, хойд талын салхины шил, зөв талын хаалганы том шил, арын зөв талын гэрлийг хагалж гэмтээсэн болох нь:  

 

Хохирогч Я.Баасанжавын мөрдөн байцаалтад өгсөн ”...Миний бие өөрийн эзэмшилийн 44-84 УНК улсын дугаартай микро автобусаар Дамбын эцсээс “Нарантуул” зах хүртэл хүн тээвэрлэж явдаг юм. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр чиглэлдээ хүн зөөж орой 00:00 цаг болж байхад ажлаасаа буугаад хашааныхаа гадаа өөрийн автобусаа тавьчихаад гэртээ орж амарсан юм. Тэгээд өглөө 07:00 цаг болж байхад ажилдаа явах гээд гарсан чинь миний микроны хойд талын салхины шил болон зөв талын гүйдэг шилийг хагалаад хаясан байсан тэгэхээр нь би гайхаад харсан чинь манай хашаанд байдаг айлын залуу болох Н.Алтанхуягийн эзэмшилийн Верна аксент маркийн машины цонхийг бас хагалсан байсан. Тэгээд бид нар уг хэргийн газраас олдсон утсыг нь үзээд байж байсан чинь миний машины болон Н.Алтанхуягийн машины цонхийг хагалсан хүн нь манай хамаатны хүүхэд болох Г.Даваажаргал байсан. Тэгтэл удалгүй цагдаа нар Г.Даваажаргалыг барьж саатуулсан. Миний машины 2 цонх нийлээд 80.000 төгрөг болсон. Би хохирлоо нөхөн төлүүлчихсэн мөн төрөл садан болохоор ямар нэгэн гомдол гээд байх юм алга байна...” /хх-26-28/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Алтанхундагын мөрдөн байцаалтад өгсөн: “…Миний бие өөрийн эзэмшилын 69-05 УНЭ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн верна маркийн автомашинаа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран Уулын өвөрийн 1 дүгээр гудамжны 1993 тоотын гадаа тавиад 3 жил гаруй болж байна. Учир нь би иргэн Я.Баасанжавын хашаанд нүүж ирээд 3 жил болж байгаа ба уг машиныг 3 жилийн өмнө таксины компаниас хувьдаа авсан юм. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хашааны гадаа тавьсан байсан машинаа угаасан юм. Маргааш өглөө буюу 2016 оны 3 дугаар сарын 23-ны өглөө гэртээ унтаж байсан чинь манай хашааны Я.Баасанжав ах орж ирээд “чиний машины урд талын салхины шил хойд талын салхины шил зөв талын хаалганы том шил арын зөв талын гэрлийг хагалсан байна” гэхээр нь би гараад харсан чинь миний машины шилнүүдийг хагалсан байсан. Тэгээд бид 2 цагдаа дуудсан ба төд удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирээд бид хоёрын машины шилийг хагалсан гэх хүнийг бариад ирсэн. Тэгтэл тэр залуу нь манай хашааны Я.Баасанжав ахын төрөл садангийн хүн Г.Даваажаргал гэгч нь байсан юм. Миний машины бүх цонх болон гэрэл бүгд нийлээд 300,000 төгрөг болсон. Г.Даваажаргал гэдэг хүүхэд надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байгаа ямар нэгэн гомдол санал алга байна. /хх-30-32/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Х.Шаравжамцын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сэжигтэн Г.Даваажаргалын найз нь байгаа юм. Миний багын найз хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, хүнд тусархуу нөхдөө гэсэн сэтгэлтэй найз нөхдөө гэж боддог залуу байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 22-ны шөнө манай Г.Даваажаргал, О.Сумьяабазар хоёр согтуу орж ирсэн. Тэгээд байж байтал манай найз охин Хулан тэр хоёрыг чанга яриад байна урд гэрт эмээ унтаж байгаа сэрээчих нь гээд зөөлөн яриа гэж хэлсэн чинь Г.Даваажаргал чи намайг ад үзээд байгаа юм уу гэрээсээ хөөгөөд байгаа юм уу гэж хэлсэн чинь О.Сумьяабазар харилаа гээд гараад явсан. Тэгээд араас нь Г.Даваажаргал 1 хүнтэй утсаар яриад гараад явсан нилээн удаан хугацааны дараа тэр 2 буцаад ирсэн. Ирэхдээ нилээд согтуу байсан тэгээд байж байтал О.Сумьяабазар би харилаа Г.Даваажаргалыг наанаа унтуулчих гээд хэлээд гараад явсан. Тэгсэн Г.Даваажаргал араас нь гарж яваад 40-50 минутын дараа Г.Даваажаргал ганцаараа орж ирээд манайд хоносон...” /хх-38-39/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Сумьяабазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний бие 2016 оны 3 сарын 22-ны өдөр гэртээ байж байсан чинь 22:00 цаг өнгөрч байхад манай найз Г.Даваажаргал над руу залгаад “чи хаана байна уулзая” гэхээр нь “за тэгий” гээд гэрээсээ гараад урд талын гудамжинд байдаг худаг дээр очиж Г.Даваажаргалтай уулзсан. Бид 2 уулзаад юм ярьж байгаад Г.Даваажаргалын авчирсан нэг шил 0,75 граммын архийг нь уусан. Бид 2 тэр архийг нь ууж дуусаад дахиад архи уухаар болоод Г.Даваажаргал дахиад архинд яваад нэг шил 0.75 граммын архи аваад ирсэн. Тэгээд би тэр архинаас нь 1 аягыг уучихаад үлдсэн архийг асгасан юм. Бид 2 архиа уугаад дуусч байхад нилээн орой болсон байхаар нь би “одоо гэртээ харьцгаая” гэсэн чинь Г.Даваажаргал би “ийм согтуу байж харихгүй” гээд байхаар нь найз Х.Шаравжамцын гэрт нь оруулж өгсөн. Тэгээд бид 3 нэг цаг гаруй юм ярьж байгаад би харих гээд Х.Шаравжамын гэрээс нь гарсан чинь Г.Даваажаргал миний араас гарч ирээд “би чамайг дөхүүлээд өгье” гээд байхаар нь би “хэрэггүй” гээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ хариад унтаж байсан чинь өглөө нь цагдаа нар хүрж ирээд намайг дагуулаад явсан. Би Г.Даваажаргалын бусдын тээврийн хэрэгсэлийн цонхыг нь хагалж байхыг хараагүй” /хх-35-38/ гэсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Я.Баасанжав, Н.Алтанхуяг нарыг байцаасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэргээс харахад шүүгдэгч Г.Даваажаргал нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Даваажаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран Уулын өвөр 1 дүгээр гудамжны 1993 тоот хашааны урд тавьсан Я.Баасанжавын эзэмшлийн 44-84 УНК улсын дугаартай микро автобусны хойд талын салхины шил болон зөв талын хойд талын гүйдэг шилийг,

мөн Н.Алтанхуягийн эзэмшлийн 69-05 УНЭ улсын дугаартай “Верна” маркийн автомашины урд талын салхины шил, хойд талын салхины шил, зөв талын хаалганы том шил, арын зөв талын гэрлийг хагалж гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн хохирогч Я.Баасанжав, Н.Алтанхуяаг нарт учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн нь хэргийн 80-83 дугаар талд авагдсан тэдгээрийн бичгээр гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Даваажаргалын үйлдэлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Даваажаргалд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Даваажаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг ягаан өнгийн “Самсунг” маркын гар утас зэргийг шүүгдэгч Г.Даваажаргалд буцаан олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Буурал овогт Ганболдын Даваажаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Г.Даваажаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Даваажаргалд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Даваажаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ягаан өнгийн “Самсунг” маркын эвхдэг гар утсыг Г.Даваажаргалд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Даваажаргалд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Даваажаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Даваажаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ