Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0064/З |
Дугаар | 128/шш2021/0684 |
Огноо | 2021-10-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 128/шш2021/0684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “И-А” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар
Гуравдагч этгээд: “Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалын “И-А” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Б” ХХК-д олгосон 01******* дугаар гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагч” Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Ж.Б, Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага түүний үндэслэлдээ: “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалын "И-А" ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалын "Б" ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "Б" ХХК-д олгосон 01******* дугаар гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох
“И-А” ХХК-ийн зүгээс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэмэгдүүлэн тодруулсаныг шүүх хүлээн авч Байгаль орчин, аялал жуучлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан билээ. Манай компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулж байгаа бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалаар үндэслэлгүйгээр “И-А” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд мөн сайдыг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалаар "Б" ХХК-д Богд хан уулын дархан цаазат газрын Э*******ы аманд 7.2 га газар ашиглуулахаар шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2015/265 тоот Газар ашиглах гэрчилгээ олгосон байдаг. Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаал болон Хамгаалалтын захиргааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаар саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас "Б" ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон 01******* дугаар гэрчилгээг солбицол өөрчлөх нэрээр шинээр олгосон байна. Дээрх тушаал болон газар ашиглах гэрчилгээгээр олгосон газраас А талбай гэх талбай нь нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулж байгаа болно. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын /хуучин нэрээр/ сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалын “И-А” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалын "Б" ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр "Б" ХХК-д олгосон 01******* дугаар гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү .” гэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “ И-А ” ХХК нь тухайн авсан газартаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан газрын төлбөр төлөөгүй, тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар ашиглах эрхийг цуцалсан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ нэхэмжлэгч компани нь биелүүлээгүй нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 15/2184 тоот албан бичгээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", мөн Газар ашиглах тухай гэрээний 1.7-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй буюу нэхэмжлэгч компани нь газрын төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй юм. Мөн нэхэмжлэгч “И-А” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд энэ нь хэргийн газрын үзлэг хэргийн материалаас харагдаж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ....” гэдгийг гэнтэийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", " Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м /байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд хэргийн материалд нэхэмжлэгч компанийн газарт дээрх нөхцөл байдал бий болсныг нотлох баримт байхгүй буюу тухайн газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг нь харагдаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна", Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тур журам"-ын 3.4-т “...Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна.” гэж тус тус заасан боловч нэхэмжлэгч компани нь 2013 оноос хойш гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй буюу баримтаар нотлогдохгүй байна.
Иймд “И-А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч******* шүүхэд гаргасан тайлбартаа шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн N217 дугаар тушаалын "Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож “И-А” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий “И-А" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаар тогтоол хэрэгт авагдсан байна.
Шүүхийн энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй хэдий ч тийм гомдол гаргаагүйгээс уг шүүхийн тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа нь тодорхой байна.
Эндээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. /Шүүхэд дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана /54.1.6/ нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа/-д заасан үндэслэл, нөхцөл байдал үүсэж байгаа, үүссэн нь тодорхой байна.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 /Энэ хуулийн 54.1 - д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад , эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шуугч , шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана/-д зааснаар И-А" ХХК-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар, нутгийн удирдлагын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч гаргагч И-А ХХК нь тухайн газартаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 /газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй/, 40.1.6 /тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар тушаалаар цуцалсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тур журам”-д зааснаар гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор хамгаалалтын захиргаа болон дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж заасан байдаг боловч 2013 оноос хойш газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй болно. Иймд “И-А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Байгаль орчны яамнаас тушаалыг гаргахдаа бүрэн шалгаж тогтоогоогүй. Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа хэдэн төгрөгийн зөрүү гарч байгаа талаар өгт мэдэх боломжгүй. Газрын төлбөрийн тооцоолол дээр нийтдээ 73 сая төгрөг төлсөн. Хариуцагчийн зүгээс үүнийг шалгаж тогтоогоогүй. Шүүхээс үзлэг хийхэд “Б” ХХК өөр компанийн ажиллагааг өөрөө хийж байгаа мэтээр хэлж байна. И-А ХХК-ийн маргаж байгаа 4 га газар нь түр суух отог зөөврийн гэр майхан барихаас бусад барилга барих нь хориглогдсон газар. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар хариуцагч талаас шалгаж үзсэн зүйл байхгүй. *******анд гуравдагч этгээд 10 га газартай байсан. Хавтас хэрэгт *******анд байсан газрыг хууль бусаар цуцалсан учраас өөр газарт газар олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан. Анхнаасаа гуравдагч этгээдээс өргөдөлд хавсаргасан материал байдаггүй. Хавтас хэрэгт авагдсан Геодези зурагзүйн газрын лавлагаагаар маш тодорхой харагддаг. Нэг газар гаргасан хүсэлтийг хэсэгчилж хоёр өөр газарт газар өгч болохгүй. И-А ХХК-нд хандаад танай газрын гэрчилгээг цуцалсан талаар мэдэгдсэн, баримт хүргүүлсэн талаар огт баримт байхгүй. Тухайн үеийн хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байх тул илт хууль бус болгож өгнө үү. Яамны сайдын тушаал гараагүй байхад дугаар авах боломжгүй талаар хариуцагч хэлсэн. 3 дугаар сарын 28-ны өдөр солбицол өөрчлүүлэх хүсэлтийн хамгийн сүүлд 01******* гэрчилгээний дугаар бичигдсэн байсан. Уг дугаартай гэрчилгээг 6 дугаар сард өгсөн. 2017 онд И-А ХХК-ийн газрын чөлөөлж “Б” ХХК-нд олгосон. Уг гэрчилгээ гарсныгаа авилагтай тэмцэх газар 3 дугаар сарын 27-ны өдөр гэдгийг нэмж гаргасан байх. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“И-А” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр буюу мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар гэрээгээ сунгуулаагүй болохоор газрын төлбөрийг төлөөгүй гэх тайлбар хэлж байх шиг байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т заасныг тус тус зөрчсөн бөгөөд 2013 оноос хойш гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулах санал өгч байсан гэдэг гэтэл бодит байдал дээр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ байгуулаагүй эсэхийг холбогдох байгууллагад хандаж, байгуулахгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байсан ямар нэг бодитой маргаж байсан баримт байхгүй байна. Нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй учраас төлбөрөө төлөөгүй гэдгээ хэлж байна. Гэрээ байгуулсан, байгуулаагүй нь өөрөө нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэдэг нь тогтоогдож байна. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ байгуулагдаагүй байсан бол яагаад тухайн цаг үед маргаагүй юм бэ. Маргах бүрэн боломжтой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэл байхгүй байхгүй байна. Үнэхээр үйл ажиллагаагаа явуулаагүй байна, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байна. Ийм учраас захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч гаргагч И-А ХХК нь тухайн газартаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 /газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй/, 40.1.6 /тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар тушаалаар цуцалсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тур журам"-д зааснаар гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор хамгаалалтын захиргаа болон дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж заасан байдаг боловч 2013 оноос хойш газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй болно. Иймд И-А ХХК-ний гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар дээрх тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан байна. Шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн талаар тайлбарлавал, дээрх сайдын тушаал 2015 онд гарсан байдаг. Тухайн цаг хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зүйлчилж байсан. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас эсвэл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага албан тушаалтан, шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд гомдол гаргахаар хуульчилсан байдаг. Дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн байна. Маргааны зүйл болох 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаартай тушаал, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаал нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байх хугацаанд гарсан тул захиргааны эрх зүйлд тухайн цаг хугацаанд хэрэглэж байсан хууль, захиргааны актыг баримталж шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх нь зөв болов уу. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ одоо хэрэгжиж буй процессын хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж хэрэг, маргааныг шийдвэрлэх боловч процессын хууль нь ерөнхий хуультай зөрчилдсөн тохиолдолд ерөнхий хуулийг баримталж шийдвэрлэх нь захиргааны эрх зүй болоод бусад салбар эрх зүйн үндсэн зарчим юм.
2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт илт хууль бус болох, захиргааны акттай холбоотой нэхэмжлэлд хугацаа хамаарахгүй гэж заасан нь 2020 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны актыг хүлээн авсан, эсвэл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, шүүхэд гомдол гаргана гэсэн заалттай зөрчилдөж байна. Нэхэмжлэгч гомдол гаргах хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг сэргээлгэх хугацаа зэргийг алдсан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан үндэслэл, хэргийг хянан шийдвэрлэх явцад эсвэл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.
2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөгдөх хүртэл үйлчилж байсан байдаг. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах, 9.1.7 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох, 47.1.6 иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тодорхойлогдсон байна. Захиргаан ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх шинж нь хэлбэр талаасаа бичгээр гаргасан актад тавигдах шаардлагыг хангасан байхаас гадна агуулга талаасаа захиргааны акт гаргах эрх хэмжээ, үндэслэл болон биелэгдэх боломжтой шинжээр нь илэрхийлсэн байхыг шаарддаг. Сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар тушаал болон 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/******* дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсэг болон яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Б” ХХК-д олгосон 01******* дугаартай гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн давхацсан гэж ярьж буй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон сайдын тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч компани газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5- д заасан хугацаанд буюу 2014 оны 03 дугаар сараас хойш төлж байгаагүй /хавтаст хэргийн 18 дугаар тал/. Мөн газрыг сунгасан буюу 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх боломгүй бөгөөд хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч талын газрын төлбөр төлөх тухай хууль болон, Газрын тухайн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн дээрх хуулийн зохицуулалтад тулгуурлан газар ашиглах эрхийг цуцалсан байх тул хариуцагчийн тушаалыг илт хууль бус гэж үзэх боломжгүй. Харин нэхэмжлэгч тал тухайн тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэл гаргах асуудал яригддаг болохоос илт хууль бус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох хууль зүйн боломжгүй гэж үзэж байна.
“Б” ХХК-ийн газар давхацсан хэсгийг илт хууль бус болох тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7-д илт хууль бус актын үндэслэлийг маш тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч тал “Б” ХХК-ийн газар нь нэхэмжлэгч компанийн газартай давхцуулан олгосон тушаалын аль хэсэг нь дээрх 47 дугаар зүйлд заасан үндэслэлийн аль хэсэгт хамаарч байгаа нь ойлгомжгүй байхаас гадна үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэсэн ойлголт байж болохоос илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсны дараа “Б” ХХК-д газар олгосон байх тул газрын давхцал гэсэн ойлголт байхгүй /1-р хавтаст хэргийн 71 дүгээр тал/. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаар албан бичгээс маш тодорхой харагддаг. Иймд “И-А” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “И-А” ХХК-ийн Захирал П.Бтус шүүхэд хандаж, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалын “И-А” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Б” ХХК-д олгосон 01******* дугаар гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...2014 онд газар ашиглах гэрчилгээний хугацааг 2018 он хүртэл сунгасан, гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч гэрээ байгуулаагүй атлаа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж байгаа нь буруу…”Б” ХХК-д Сайдын тушаалгүйгээр, газар ашиглах эрх олгохдоо нэхэмжлэгчийн хууль ёсоор ашиглах эрх бүхий газартай давхцуулж олгосон...нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэж тодорхойлжээ.
Нэг. “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалын “И-А” ХХК-д холбогдох хэсгийг болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Байгаль орчны сайдын 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 216 дугаар тушаалаар нэхэмжлэгч байгууллагад Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс А*******ын задгайд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газрыг олгохоор шийдвэрлэн, уг шийдвэрийг үндэслэн мөн оны 6 дугаар сарын 12-нд 628 дугаар гэрчилгээ олгон, улмаар гэрчилгээний хавсралтад 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “замын трасст орсон 1 га газрыг хаст солбицлыг өөрчлөв” гэсэн тэмдэглэл хийж солбицолд өөрчлөлт оруулсан, “уг гэрчилгээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5 жилээр сунгав” гэсэн тэмдэглэлийг 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хийж Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг гарын үсэг зурсан, мөн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 16-ныг хүртэл 5 жилийн хугацаагаар байгуулж Хан-Уул дүүргийн засаг дарга, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газрын дарга Л.Тболон нэхэмжлэгч компанийн захирал Д.Тнар гарын үсэг зурсан үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч “И-А” ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалын “И-А” ХХК-д, мөн сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалын “Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, И-А ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаар бүхий “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаах тухай” тогтоолоор “нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 дахь удаагаа шүүх хуралдаанд ирээгүй” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг баримтлан уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан, Шүүхийн энэ тогтоолд хэргийн оролцогчид хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй, тухайн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар “Б” ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А*******ын задгайд 10,0 га газар ашиглах эрх олгож, улмаар тус Сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-237 дугаар тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан боловч Сайдын, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалаар “Б” ХХК-д Хан-Уул дүүргийн Эы аманд аялал жуулчлалын зориулалтаар 7,2 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, улмаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2015/265 дугаар бүхий “газар ашиглах гэрчилгээ”-г 5 жилийн хугацаатай олгож, түүний хавсралтаар талбайн солбицлыг А Б гэсэн хэсэгт хувааж тогтоосон,
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалыг үндэслэн тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01******* дугаар гэрчилгээгээр “Б” ХХК-д А*******ын аманд орших 7,0 га газрыг тус компанид 5 жилийн хугацаатай олгож уг гэрчилгээний хавсралтанд “...А-******* дугаар тушаал болон Хамгаалалтын захиргааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаартай саналыг үндэслэн хавсралтанд өөрчлөлт оруулав” гэж тэмдэглэсэн байх ба тухайн газрын солбицлын А талбайн хувьд нэхэмжлэгч өөрийн ашиглах эрх бүхий талбайтай давхацсан хэмжээгээр илт хууль бус гэж маргасан болно.
Маргаан бүхий захиргааны акт болох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй” гэх үндэслэлүүдээр түүний газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч уг захиргааны актыг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...газар ашиглах гэрчилгээний хугацааг 2018 он хүртэл сунгасан, гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө жил бүр төлж ирсэн, 1 га газраа буцаан өгч 4 га газраар гэрчилгээнд өөрчлөлт оруулсан тул гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлгүй…” гэж маргасан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”-ийг тодорхойлсон ба 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” эрхтэйг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 40.1.1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж тус тус заасан.
Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасан.
Хуулийн дээр дурдсан зүйл, заалтуудаас үзвэл нэхэмжлэгч “И-А” ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 216 дугаар тушаалаар анх газар ашиглах эрхтэй болж “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 16-ныг хүртэл 5 жилийн хугацаагаар байгуулсан боловч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаал гарах хүртэл тухайн газраа зориулалтын дагуу ашигласан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгч компани нь 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний болон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг, 4-р хороо Богдхан уулын Дархан цаазат газрын А*******ын задгайд “Аялал жуулчлалын цогцолбор байгуулах” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг гаргуулж авсан байх боловч тухайн газар дээр аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл 2008 онд Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэснээс хойш үйл ажиллагаа явуулаагүй, явуулсан талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй, шүүхээс хийсэн үзлэгийн явцад дээрхи нөхцөл байдал давхар тогтоогдсон болно.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “Ш*******” хорооллын төлөвлөлт, усан хангамжийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулж үйл ажиллагаа эхлээгүй...гэрчилгээний хугацаа сунгахад татгалзах зүйлгүй” гэж тодорхойлсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 128 дугаар албан бичгийг үндэслэл болгож тайлбар гаргасан боловч 2014 оны 4 дүгээр сард нэхэмжлэгчийн 5,0 га газраас 1,0 га газрыг хасч 4,0 га газар ашиглах эрхийг тухайн байршилд нь хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул захиргааны энэ үйл ажиллагаа нь уг газарт үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй ба 1 га газрыг хассаны улмаас тухайн газраа ашиглаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй” нь тогтоогдсон, нөгөө талаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх баримтаа шүүхэд ч гаргаж өгөөгүй тул энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч компанийг мөн “газрын төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй” гэж буруутгасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 16-ныг хүртэл 5 жилийн хугацаагаар байгуулж Хан-Уул дүүргийн засаг дарга, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газрын дарга Л.Тболон нэхэмжлэгч компанийн захирал Д.Тнар гарын үсэг зурсан гэрээний “6. Газрын төлбөрийн хэмжээ-50000 м2, нэгжийн төлбөр-396 төг, бүгд-13 200 000 төг, Хан-Уул дүүрэгт 9 240 000 төг-70 хувь, Хамгаалалтын захиргаанд 3 960 000-30 хувь” гэж тохиролцжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээс үзвэл нэхэмжлэгч нь 2011 онд 34 600 000 төгрөг, 2013 онд 17 000 000 төгрөг, 2014 онд 24 000 000 төгрөг тус тус төлсөн, үүнээс хойшхи хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага...газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөх үүрэг бүхий субъект мөн байна.
Нэхэмжлэгч уг төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээ “...гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ өгсөн боловч шийдвэрлэж өгөхгүй хүлээлгээд байсан, 2014 онд багцаагаар төлсөн, 2015 онд төлөх гээд байж байтал цуцалсан...” гэж тайлбарлан маргасан боловч нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацааг хариуцагчаас сунгасан, харин гэрээг сунгуулах талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэгч маргаан үүсгээгүй, энэ нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгчийн төлбөр төлсөн байдлаас үзэхэд газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байгаагүй нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалын “И-А” ХХК-д холбогдох хэсэг болон нь захиргааны сонгох боломжийн хүрээнд гарсан, бодит нөхцөлд тохирсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн, тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй үндэслэлүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан “илт хууль бус байх” шинжид хамаарахгүй, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардаж буй үндэслэлүүд байх бөгөөд энэ талаархи хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй.
Хоёр. “2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01******* дугаар гэрчилгээний А талбайд холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газартай давхацсан хэсгийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргаас “Б” ХХК-д олгосон 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01******* дугаар гэрчилгээг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...ганц хуудас хүсэлт өгсөн байхад 01******* гэрчилгээг шинээр бичиж өгөөд солбицлыг нь яг давхцуулж бичсэн, Сайдын тушаалгүйгээр газрын хэмжээг өөрчлөх боломжгүй...” гэж тодорхойлон маргасан.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01******* дугаар гэрчилгээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалыг үндэслэн олгогдсон байх ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...өмнөх гэрчилгээнд тухайн газар байршиж буй амны нэрийг буруу бичсэн байсан тул энэ гэрчилгээгээр зөвтгөсөн...” гэж тайлбар гаргасныг үгүйсгэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалаар “Б” ХХК-д Хан-Уул дүүргийн Эы аманд 7,2 га газрыг ашиглах эрх олгож, улмаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2015/265 дугаар бүхий “газар ашиглах гэрчилгээ” олгож, түүний хавсралтаар талбайн солбицлыг А Б гэсэн хэсэгт хувааж тогтоосон байсныг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01******* дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын А*******ын ам нэртэй газарт 7,0 га талбайгаар солбицлыг өөрчлөн тогтоосон нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн захиргааны акт байх бөгөөд уг гэрчилгээг “...Сайдын тушаалгүйгээр олгосон” гэж үзэхгүй.
Нөгөө талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01******* дугаар гэрчилгээг олгох үед нэхэмжлэгчийн ашиглах эрхийг захиргааны байгууллагаас цуцалсан байсан, уг цуцалсан шийдвэрт эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй байх тул тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газартай давхацсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр уг гэрчилгээний холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д заасан “илт хууль бус” актын шинжийг агуулаагүй, нөгөө талаар уг гэрчилгээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
Нэхэмжлэгч компани нь хуульд заасан журмын дагуу 2015 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр тус шүүхэд “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-******* дугаар тушаалын “И-А” ХХК-д, мөн сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А-******* дугаар тушаалын “Б ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, И-А ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд 2 удаа нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 143 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаасан, уг тогтоол гарснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 26-ныг хүртэл хугацаанд шүүх болон холбогдох захиргааны байгууллагад хандаж нэхэмжлэл, хүсэлт гаргаагүй, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх ба ийнхүү 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “хүчингүй болгуулах”-аар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа энэ удаад “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага болгон гаргасан нь “хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй” нэхэмжлэл болгох зорилго агуулсан гэж ойлгогдож байгааг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН