Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01379

 

“,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг,  Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02746 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 414 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 173,779,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 52,782,650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүслэн, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис Урван Девелопмент” ХХК-ийн захиалгат орон сууцьг буюу барилгын карказ угсралтын ажлыг хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэх ажлын материалыг ерөнхий гүйцэтгэгч буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК хангахаар болсон. Гэрээний 3-т төлбөр тооцооны асуудлыг тусгасан бөгөөд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэлээр тооцож 1 м.кв арматур бетон цутгалтын ажлын хөлсийг 45,000 төгрөгөөр тооцож, санхүүжилтийг 3 давхар буюу 2460 м.кв цутгалтын ажлыг хийж, захиалагч ерөнхий гүйцэтгэгч нарын албан ёсоор баталгаажуулсныг үндэслэн олгох, ажлын хөлсний 50 хувийг төгрөгөөр, үлдэгдэл 50 хувийг бартераар тооцох буюу үүнд суудлын автомашин, бусад эд хөрөнгө байж болохоор тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл уг орон сууцны 10, 11,12, 13 давхрын буюу нийт 4 давхрын арматур, бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэг давхар арматур, бетон цутгалтын ажлын хөлс 36,900,000 төгрөг болж байгаа бөгөөд 10, 11,12, 13 давхрын нийт 4 давхрын 3280 м.кв талбайг цутгах ажлын хөлс нь нийт 147,600,000 төгрөг болсон. Энэхүү ажлын төлбөрөөс “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 2016.11.22-ны өдрийн 20,000,000 төгрөгийг, 2017.03.17-ны өдөр 4,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацааны хоолны мөнгө 2,470,000 төгрөг, материал эвдэрсний торгууль 277,000 төгрөг, 2017.05.31-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 31,747,000 төгрөгийг төлсөн бөгөөд 115,853,000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэлтэй байна. Мөн гэрээний 6.2-т гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2016.10.15-ны өдрөөс 2017.06.15-ны өдөр хүртэл хугацааны 57,926,500 төгрөгийн алдангийг гаргуулна. Иймд ажлын хөлс 115,853,000 төгрөг, алданги 57,926,500 төгрөг, нийт 173,779,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 1.2-т материалыг ерөнхий гүйцэтгэгч талаас хангахаар заасан бөгөөд арматур, бетон цутгалтын ажлыг хийх явцад ерөнхий гүйцэтгэгч болох “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ажил гүйцэтгэх материалыг цаг тухайд нь гаргаж өгөөгүйгээс болж гэрээнд заасан хугацаанд ажлыг хийх боломжгүй байсан. 2016.11.22-ны өдөр цаг агаарын байдал хүйтэрснээс болж ажил зогсож, 2017.03.15-ны өдрөөс эхлэн үргэлжилсэн бөгөөд “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн хугацаа хэтрүүлсэн алданги 42,066,000 төгрөг, доголдолтой ажлын материалын зардалд 4,793,250 төгрөгийг ямар баримтаар тооцсон нь ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 2016.12.21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017.03.12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017.05.31-ний өдөр 5,000,000 төгрөг, хоолны зардалд 2,470,000 төгрөг, нийт 35,747,000 төгрөг төлсөн. “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, карказын барилга угсралтын ажлыг чанаргүй, доголдолтой гүйцэтгэх болсон. Ажлыг доголдолтой, чанаргүй гүйцэтгэж байгаа талаар “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн ажил хариуцсан албан тушаалтнуудад удаа дараа хэлж шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ болон шаардлагыг хүлээн аваагүй. Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх материалыг цаг тухайд нь нийлүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрээний 3.2-т зааснаар санхүүжилтийг 3 давхар буюу 2460 м.кв цутгалтын ажил хийж захиалагч, ерөнхий гүйцэтгэгч нараар албан ёсоор баталгаажуулсныг үндэслэн олгохоор тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний 5.22-т  зааснаар “туслан гүйцэтгэгч 7-оос дээшгүй хоногт 1 давхрын цутгалтыг карказ угсралтын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй” юм. “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь 10,11,12,13,14,15 давхрын ажлыг 2016.11.10-ны өдөр буюу 42 хоногт гүйцэтгэж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл 2016.11.10-ны өдөр гэхэд 10, 11 давхрын карказыг цутгасан. Гэрээний хугацааг 40 хоногоор хэтрүүлсэн. 2017.03.15-ны өдрөөс 2017.06.15-ны өдрийн хооронд 12, 13 давхрын карказыг цутгах гэрээний хугацааг 90 хоног хэтрүүлсэн, 14, 15 давхрын ажлыг гүйцэтгээгүй 60 хоног хэтрүүлсэн, нийт 190 хоногийн хэтрүүлсэн алданги 42,066,000 төгрөг, доголдолтой ажлыг гүйцэтгэхэд гарсан материалын зардал 4,793,250 төгрөг, ажилчдын цалин 5,923,400 төгрөг, нийт 52,782,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02746 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,037,509 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,741,991 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 52,782,650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 1,026,850 төгрөгийг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 421,864 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 758,137 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 414 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,180,064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 414 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар  зүйлийн 172.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.  “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис Урван Девелопмент” ХХК-ийн захиалгат орон сууцны буюу барилгын карказ угсралтын ажлын гүйцэтгэлийн туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр 1 м.кв талбайн бетон цутгалтын ажлын хөлсийг 45,000 төгрөгөөр тооцож санхүүжилтийг 3 давхар буюу 2460 м цутгалтыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Гэрээний хугацаа хэтрүүлсэн, ажлын гүйцэтгэлийг доголдолтой гүйцэтгэсэн, гэрээгээр хүлээсэн 6-н давхрын угсралтын ажлын 4-н давхрыг алдаа дутагдал ихтэй гүйцэтгэн, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлын дундаас орхиж явсан. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад шүүхээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аар 120,037,509 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5.22-т зааснаар туслан гүйцэтгэгч 7-оос дээшгүй хоногт давхрын цутгалтыг гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ тухай гэрчийн мэдүүлэгт тодорхой бий. Гэтэл шүүх “гэрээний 5.22-т “туслан гүйцэтгэгч 7 дээшгүй хоногт давхрын цутгалтыг хийх үүрэгтэй” гэж заасныг Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д зааснаар талууд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг харилцан тохиролцож тогтоосон гэж үзэхгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний 2.1, 2.2, 5.1 “,,,,,,,,,, ,,,,,,,,,,”ХХК ажил гүйцэтгэх хугацааг тусгаагүй байх тул мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй, мөн талууд 2017.06.15-ны өдөр гэрээг цуцалсан байх тул хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь алдангид 42,066,000 төгрөгийг  шаардах эрхгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж шүүх хуулийг буруу тайлбарлан “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 52,782,650 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Магадлалын хянавал хэсэгт “Зохигчид хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй боловч хариуцагч байгууллага сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байснаас материалын зардалд 4,793,250 төгрөг, ажилчдын цалин 5,923,400 төгрөг, нийт 10,716,650 төгрөг гарсан гэж нэхэмжилж, фото зураг, засварын материалын жагсаалт, ажилчдын цалингийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн боловч уг баримтаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсныг нотлох боломжгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ” гэжээ. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх” гэж заасны дагуу хуульд нийцсэн нотлох баримт гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үгүйсгэсэн нь буруу болжээ. Ажил гүйцэтгэгч, гэрээний 5.22-т зааснаар туслан гүйцэтгэгч 7-оос дээшгүй хоногт давхрын цутгалтын ажлыг хийх үүрэгтэй байхаар тохиролцсон гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээгээр 10, 11,12,13,14,15 давхрын ажлыг 2016.11.10-ны өдрийг хүртэл буюу 42 хоногт багтааж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний хугацаа хэтрүүлсэн. 2016.11.10-ны өдөр гэхэд 10, 11 давхрын карказын цутгалтын ажлыг хийж 40 хоногийн хугацаа хэтрүүлсэн. 2016.11.20-ны өдрөөс 2017.03.15-ны өдөр хүртэл улирлын чанартай ажлаас шалтгаалан сул зогсолт хийж аливаа үүрэг болон алдангийг үл тооцсон болно. 2017.03.15-ны өдрөөс 2017.06.15-ны өдөр 12, 13 давхрын карказын цутгалтын ажлыг хийж дээрх 90 хоногийг гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцсон. 14, 15 давхрын карказ цутгалтын ажлыг огт гүйцэтгээгүй ба бусдаар гүйцэтгүүлсэн 60 хоног хэтрүүлсэн нийт 190 хоногийн алданги 42,066,000 төгрөг, “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэсэн доголдолтой ажлыг засварлахад гарсан материалын зардал 4,793,250 төгрөг, доголдолтой ажлыг гүйцэтгэхэд ажилласан ажилтнуудын цалин 5,323,400 төгрөг, нийт 57,926,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байхад ажил гүйцэтгэх гэрээ болон хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэсэн нотлох баримт гаргаж мэтгэлцэж чадаагүй. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг нотолсон нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримтыг буруу тайлбарлан дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь  заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулан “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гаргасан 57,926,500 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 173,779,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 52,782,650 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,037,509 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 53,741,991 төгрөгт холбогдох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 347 дугаар зүйлийн 347.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч (туслан гүйцэтгэгч) нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт захиалгат орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг зураг, норм, стандартын дагуу хийж гүйцэтгэх, хариуцагч (ерөнхий гүйцэтгэгч) нь арматур бетон цутгалтын ажлыг материалаар хангаж, 1 м.кв-ыг 45,000 төгрөгөөр тооцон ажлын хөлс төлөх, ерөнхий гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөрийн дүнгийн 0,1 хувийн алдангийг хоног тутамд төлөхөөр тус тус тохиролцсон.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дээрх гэрээний дагуу хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 31,747,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нотлогдсон, иймд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 10-13 давхрын буюу 3280 м.кв барилга угсралтын ажлын нийт хөлс 115,853,000 (147,600,000-31,747,000) төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д, мөн гэрээний 6.2-т зааснаар 53 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох (3 давхар буюу 2460 м.кв талбайн ажлын хөлс) 78,953,000 төгрөгөө 0,1 хувиар алданги тооцон 4,184,509 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус нийцнэ гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “шүүхийн шийдвэр, магадлалын үндсэн нэхэмжлэлийг хангасан хэсэгтэй маргахгүй, харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой маргаж байна” хэмээн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ тодруулсан болно.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  “... талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.22-т “туслан гүйцэтгэгч нь 7-оос дээшгүй хоногт давхрыг цутгалтыг хийх үүрэгтэй” гэж заасныг Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 348.1-д зааснаар талууд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг харилцан тохиролцож тогтоосон гэж үзэхгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний 2.1, 2.2, 5.1-д “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн ажил гүйцэтгэх хугацааг тусгаагүй байх тул мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.22 дахь заалт нь уг гэрээний нэг тал болох туслан гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчид хамааралтай гэдэг нь ойлгомжтой, гэрээгээр гүйцэтгэх ажлын хэмжээ тодорхой, тухайн ажлыг хэсэгчлэн гүйцэтгэх боломжтой учир нэг давхрын цутгалтын ажлыг хийж дуусгах хугацааг 7 хоног гэж гэрээний 5.22-т харилцан тохиролцсон байхад 5.1...-д заагаагүй тул Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэсний дагуу нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх хугацааг тогтоогүй гэж үзэхгүй юм.

Гэвч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, учир нь хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор ирүүлсэн засварын материалын жагсаалт, ажилчдын цалин, зарлагын баримт зэрэг нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой гарсан зардал гэдгийг нотлох боломжгүй, мөн талууд 2017.06.15-нд гэрээг цуцалсан байхад хийгдээгүй үлдсэн ажлыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагчаас гэрээнд заасан үүргээ биелүүлж ажлын материалыг хугацаанд нь хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, харин эсрэгээрээ “хариуцагч ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг цаг тухайд нь нийлүүлж байгаагүйгээс ажил удааширсан” гэсэн утгатай гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Иймээс  ...нэхэмжлэгч гэрээний хугацаа хэтрүүлсэн, ажлын гүйцэтгэлийг доголдолтой гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлын дундаас орхиж явсан, хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хуульд нийцсэн нотлох баримт гаргасныг шүүх үндэслэлгүй үгүйсгэсэн, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний хугацааг нийт 190 хоног хэтрүүлсэн, иймд алданги 42,066,000 төгрөг, доголдолтой ажлыг засварлахад гарсан материалын зардал 4,793,250 төгрөг, ажилчдын цалин 5,323,400 төгрөг, нийт 57,926,500 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх ажил гүйцэтгэх гэрээ болон Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон...” гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02746 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 414 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 447,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.СОНИНБАЯР