Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/02746

 

2019 оны 12 сарын 13 өдөр

              Дугаар 183/ШШ2019/02746

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “И” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 173.779.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 52.782.650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .......... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК болон “Ш” ХХК-ийн хооронд Б дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ны захиалгат орон сууцьг буюу барилгын карказ угсралтын ажлыг хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэх ажлын материалыг ерөнхий гүйцэтгэгч буюу “И“ ХХК хангахаар болсон. Гэрээний 3-т төлбөр тооцооны асуудлыг тусгасан бөгөөд “И” ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэлээр тооцож 1 м.кв арматур бетон цутгалтын ажлын хөлсийг 45.000 төгрөгөөр тооцож, санхүүжилтийг 3 давхар буюу 2460 м.кв цутгалтын ажлыг хийж, захиалагч ерөнхий гүйцэтгэгч нарын албан ёсоор баталгаажуулсныг үндэслэн олгох, ажлын хөлсний 50 хувийг төгрөгөөр, үлдэгдэл 50 хувийг бартераар тооцох буюу үүнд суудлын автомашин бусад эд хөрөнгө байж болохоор тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу “Ш" ХХК нь орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл уг орон сууцны 10, 11,12, 13 давхрын буюу нийт 4 давхрын арматур, бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэг давхар арматур, бетон цутгалтын ажлын хөлс /820 м.кв нь 45.000 төгрөгөөр тооцоход/ 36.900.000 төгрөг болж байгаа бөгөөд 10, 11,12, 13 давхрын нийт 4 давхрын 3280 м.кв талбайг цутгах ажлын хөлс нь нийт 147.600.000 төгрөг болсон. Энэхүү ажлын төлбөрөөс “И” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20.000.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хоолны мөнгө 2.470.000 төгрөг, материал эвдэрсний торгууль 277.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 31.747.000 төгрөгийг төлсөн бөгөөд 115.853.000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэлтэй байна. Мөн гэрээний 6.2-т гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны 57.926.500 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү. Иймд ажлын хөлс 115.853.000 төгрөг, алданги 57.926.500 төгрөг, нийт 173.779.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 1.2-т “материалыг ерөнхий гүйцэтгэгч талаас хангахаар заасан бөгөөд арматур, бетон цутгалтын ажлыг хийх явцад ерөнхий гүйцэтгэгч болох “И" ХХК нь ажил гүйцэтгэх материалыг цаг тухайд нь гаргаж өгөөгүйгээс болж гэрээнд заасан хугацаанд ажлыг хийх боломжгүй байсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цаг агаарын байдал хүйтэрсэнээс болж ажил зогсож, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үргэлжилсэн бөгөөд “Ш” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн хугацаа хэтрүүлсэн алданги 42.066.000 төгрөг, доголдолтой ажлын материалын зардалд 4.793.250 төгрөгийг ямар баримтаар тооцсон нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь Б дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М ХХК-ийн захиалгатай орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах явцдаа “Ш” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулан орон сууцны барилгын каркас угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон. “И” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, хоолны зардалд 2.470.000 төгрөг, нийт 35.747.000 төгрөг төлсөн. “Ш” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, каркасын барилга угсралтын ажлыг чанаргүй, доголдолтой гүйцэтгэх болсон. Ажлыг доголдолтой, чанаргүй гүйцэтгэж байгаа талаар “Ш” ХХК-ийн ажил хариуцсан албан тушаалтнуудад удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ болон шаардлагыг хүлээн аваагүй юм. Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх материалыг цаг тухайд нь нийлүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний 3.2-т зааснаар санжүүжилтийг 3 давхар буюу 2460 м.кв цутгалтын ажил хийж захиалагч, ерөнхий гүйцэтгэгч нараар албан ёсоор баталгаажуулсаныг үндэслэн олгохоор тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний 5.22-т туслан гуйцэтгэгч 7-оос дээшгүй хоногт 1 давхрын цутгалтыг карказ угсралтын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй юм. “Ш” ХХК нь 10,11,12,13,14,15 давхрын ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу 42 хоногт гүйцэтгэж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд 10, 11 давхрын карказыг цутгасан. Гэрээний хугацаа 40 хоногоор хэтрүүлсэн. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 12, 13 давхрын карказыг цутгах гэрээний хугацааг 90 хоног хэтрүүлсэн, 14, 15 давхрын ажлыг гүйцэтгээгүй 60 хоног хэтрүүлсэн, нийт 190 хоногийн хэтрүүлсэн алданги 42.066.000 төгрөг, доголдолтой ажлыг гүйцэтгэхэд гарсан материалын зардал 4.793.250 төгрөг, ажилчдын цалин 5.923.400 төгрөгийн зардал, нийт 52.782.650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “И” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 173.779.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, 52.782.650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“И” ХХК, “Ш” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр туслан гүйцэтгэгч “Ш” ХХК нь Б дүүргийн 14 дүгээр хорооны нутагт М ХХК-ийн захиалгат орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг зураг, норм стандартын дагуу хийж гүйцэтгэх, ерөнхий гүйцэтгэгч “И” ХХК нь арматур бетон цутгалтын ажлыг материалаар хангаж, 1 м.кв-ыг 45.000 төгрөгөөр тооцон ажлын хөлс төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу “Ш” ХХК нь Б дүүрэгт баригдаж буй 3 блок барилгын 10-13 давхрын буюу /1 давхрын 820 м.кв/ буюу 4 давхарын 3280 м.кв бүхий барилгын карказ угсралтын ажлыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цуцлагдсан болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан акт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогджээ.

 

Гэрээний дагуу “И” ХХК нь ажлын хөлсөнд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг, хоолны мөнгө 2.470.000 төгрөг, 277.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31 -ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 31.747.000 төгрөгийг “Ш” ХХК-д төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны 1505014554 тоот дансны хуулга, Хаан банкны 5058019995 тоот дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч талаас “...ажлын хөлсөнд нийт 35.747.000 төгрөг төлсөн” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иймд “Ш” ХХК-ийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн Б дүүрэгт баригдаж буй 3 блок барилгын 10-13 давхрын буюу 3280 м.кв барилга угсралтын ажлыг 1 м.кв-ыг 45.000 төгрөгөөр тооцож нийт ажлын хөлс 147.600.000 төгрөгөөс “И” ХХК-ийн ажлын хөлсөнд төлсөн 31.747.000 төгрөгийг хасаж, үлдэх 115.853.000 төгрөгийг хариуцагч “И” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцэж байна.

 

Мөн гэрээний 6.2-т “ерөнхий гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөрийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хоног тутамд төлнө” гэж заасан, гэрээний 3.1, 3.2-т “гэрээт ажлыг гүйцэтгэлээр тооцож, санхүүжилтийг 3 давхар буюу 2460 м.кв цутгалтын ажил хийж, захиалагч, ерөнхий гүйцэтгэгч нараар албан ёсоор баталгаажуулсныг үндэслэн олгоно” гэж заасны дагуу талуудын хооронд 3 давхар буюу 10-12 давхрын ажил хүлээлцсэн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэсэн акт үйлдсэн өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “...2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг гаргуулна” гэснийг үндэслэн 53 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн зарим хэсэг болох /3 давхар буюу 2460 м.кв талбайн ажлын хөлс/ 78.953.000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцон 4.184.509 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “И” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд ажлын хөлсөнд 115.853.000  төгрөг, алданги 4.184.509 төгрөг, нийт 120.037.509 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53.741.991 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

2. Хариуцагч “И” ХХК-ийн “...гэрээний 5.22-т туслан гуйцэтгэгч 7-оос дээшгүй хоногт 1 давхрын цутгалтыг хийх үүрэгтэй гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл 10,11,12,13,14,15 давхрын ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу 42 хоногт багтаах үүрэгтэй байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 10 гэхэд 10, 11 давхрын карказыг цутгаж гэрээний хугацааг 40 хоногоор хэтрүүлсэн. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 12, 13 давхрын карказыг цутгах гэрээний хугацааг 90 хоног хэтрүүлсэн, 14, 15 давхрын ажлыг гүйцэтгээгүй 60 хоног хэтрүүлсэн тул 190 хоног хэтрүүлсэн алданги 42.066.000 төгрөг, доголдолтой ажлыг гүйцэтгэхэд гарсан материалын зардал 4.793.250 төгрөг, ажилчдын цалингийн зардалд төлсөн 5.923.400 төгрөг, нийт 52.782.650 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь гэрээний 5.22-т “туслан гүйцэтгэгч нь 7-оос дээшгүй хоногт давхрыг цутгалтыг хийх үүрэгтэй” гэж заасныг Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д зааснаар талууд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг харилцан тохиролцож тогтоосон гэж үзэхгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний 2.1, 2.2, 5.1-д “Ш” ХХК-ийн ажил гүйцэтгэх хугацааг тусгаагүй байх тул мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар “Ш” ХХК-ийн үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй, мөн талууд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан байх тул хариуцагч “И” ХХК нь алдангид 42.066.000 төгрөгийг шаардах эрхгүй юм.

 

Мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд ирүүлсэн “...фото зураг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн М барилга дээр хийгдсэн засварын материалын жагсаалт, И ХХК-ийн төсөлд ажилласан ажилчдын 2017 оны 7 дугаар сарын эхэн 15 хоногийн цалин, зарлагын баримт, гэрчийн мэдүүлэг” гэсэн нотлох баримтаар 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Ш” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголтой байсныг нотлохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр “...52.782.650 төгрөгийг гаргуулах” тухай хариуцагч “И” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 120.037.509 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53.741.991 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “И” ХХК-ийн 52.782.650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн, 56.2, 57 дугаар зү0йлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ш” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 1.026.850 төгрөгийг, хариуцагч “И” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 421.864 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 758.137 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.СЭМЖИД