Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0664

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга д*******ж,

Нэхэмжлэгч: Н.Д

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар.

Гуравдагч этгээд: “В” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “В” ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах  тухай мэдэгдлийг “В” ХХК-нд хүргүүлэхийг тус тус Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н, Ж.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Барилгын тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 29.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгох тухай шийдвэр болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулах эрхтэй" гэж,  28.2 дах хэсэгт “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана: Барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, 28.4 дэх хэсэгт “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд зураг төсөл, магадлалын дүгнэлт барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана” гэж тус тус заасан.

Гэтэл “В” ХХК барилгын ажлыг барилын ажлын зөвшөөрөлгүй эхэлж барилгаа дур мэдэн шилжүүлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тогтоосон эргэлтийн цэгийг өөрчилж, газрын хилээ давсан. Ерөнхий төлөвлөгөөгөө болон Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн.

Ерөнхий төлөвлөгөөний газар барилгын ажлын зөвшөөрөл өгөхдөө дээрх зөрчлүүдийг шалгаагүй.

Иймд Ерөнхий төлөвлөгөөний газарт зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажилд нөхөж араас нь зөвшөөрөл олгохдоо шалгах ёстой зүйлүүдээ шалгаагүй тул тэр үйлдлийг нь хийхийг даалгах шаардлагатай байна.

Үүнд: Ерөнхий төлөвлөгөөний газарт барилгын суурийн ажилд хяналт хийхийг даалгаж өгнө үү. Учир нь барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд зураг төсөл, магадлалын дүгнэлт барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана” гэж заасан.

Барилгын суурийг зөвшөөрөлгүй барьсан. Иймд энэ барилгын ерөнхий төлөвлөгөөг шинээр хийж батлахыг даалгаж өгнө үү.

Мөн энэ барилга газрын хил, тэг тэнхлэгээ зөрчсөн бөгөөд барилгаа дур мэдэн шилжүүлсэн буюу эргэлтийн цэгээ өөрчилсөн, эскиз зургаа зөрчсөн, ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн тул эдгээр зөрчлөө арилгах мэдэгдэл “В” ХХК-д өгөхийг даалгаж өгнө үү.

“В” ХХК нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэд хэдэн удаа өөрчилсөн байгаа. Хот байгуулалт, хөгжлийн газраас “В” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг 1 удаа баталсан. Түүнээс хойш ямар нэгэн эргэлтийн цэг, ямар нэгэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэлэлцээгүй гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Анхны архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээ өөр болсон. Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг анхнаасаа ингэж баталсан гээд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтад 2 өөр тоо байгаа. 2018 онд Хот байгуулалт, хөгжлийн газраас 12х18 хэмжээтэй ерөнхий төлөвлөгөө баталсан. Гэтэл энэ нь өөр хэмжээтэй болсон учраас энэ асуудлыг хөндөхөө больё. “В” ХХК нь барилга барих явцдаа дур мэдэн барилгаа баруун зүгт 1.6 метр, хойд зүгт 1.8 метр шилжүүлсэн. Энэ нь эргэлтийн цэг, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн гэсэн үг юм. Үүнийг баримтжуулсан байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын танилцуулгад “В” ХХК нь өөрийн барилгыг баруун болон хойд зүгт шилжүүлсэн гэдгийг тогтоосон байгаа. Энэ нь ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэдгийг нотолж байна. Дахин ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, магадлалаар ороогүй учраас зөрчигдсөн болох нь нотлогдоно.

2020 оны 06 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч н.Нарантуяа нь “В” ХХК-ийн барилга сууриараа олгогдсон газрын хэмжээ, агаарын хилээр зөрчсөн байна. Зөрчлийг арилгах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Хавтаст хэрэгт үүнийг нотлох баримт авагдсан байгаа. Хот байгуулалт, хөгжлийн газар нь “В” ХХК-ийн дээрх зөрчлийг огт дурдахгүй, зөрчил гарсан нь зөрч гэж хэлээгүй, буруу гэж хэлэхгүй эс үйлдэхүй гаргаад байна. Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүрэм, Ерөнхий архитекторын дүрэмд хэрэв барилга ерөнхий төлөвлөгөөг зөрчих юм бол ерөнхий архитектор зөрчлийг арилгахыг шаардаж, мэргэжлийн хяналтын байгууллагад өгнө гэсэн заалт байгаа. Ерөнхий төлөвлөгөөг зөрчинө гэдэг нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д заасан зөрчил юм. Ерөнхий төлөвлөгөөг өөрчилснийг Хот байгуулалт, хөгжлийн газар батлаагүй, дахин магадлалаар ороогүй байгаа. Барилгын тухай хуульд зааснаар магадлал эцсийн байдаг. Магадлалаар орсон зургийг хэн ч өөрчлөх эрхгүй. Үүнээс өмнө өөрчлөх боломжтой. Эсхүл өөрчилсөн бол дахин магадлалаар орох хуулийн зохицуулалттай. Зөрчлүүд гарсан нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна. Хот байгуулалт, хөгжлийн газар нь энэ зөрчлийг илрүүлэхгүй, хэлэхгүй байгаа учраас энэ зөрчлийг арилгах талаар даалгаврыг “В” ХХК-д өгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “В” ХХК-д ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн зөрчлөө арилгахыг шаардсан мэдэгдлийг өгөхийг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/59 тоот захирамжаар "Б*******" ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр яслийн зүүн талд байршуулан 0.028 га газрыг ашиглуулах шийдвэр гарч тухайн газарт 24 айлын орон сууцны барилгыг барих зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаар баталгаажуулж 2004 онд барилгын суурийн ажил хийгдсэн байдаг. Тус хуучин суурь нь гадна ханаараа 22.7 × 16.4 метр, дотор ханаараа 21.5 х 15.2 метр хэмжээтэй байсан ба “В” ХХК-ний үйлчилгээтэй орон сууцны барилга барих асуудал нь 2015 оны 10 сарын 26-ны өдрийн "Газар барилгажилтын зөвлөлийн хурал"-аар хэлэлцүүлэн шийдвэрлэж, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2015/541 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг баталж өгсөн.

2014 онд баригдаж ашиглалтад орсон МДсургуулийн “Багш ажилчдын орон сууцны барилга”-ын бохир усны шугам сүлжээний байршилд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгдсэн шалгалт хийсэн. Геодези зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй "Г" ХХК, “О” ХХК, "Д" ХХК-аар газар дээр нь нэгэн зэрэг хэмжилт хийлгүүлэн шалгасан ба хэмжилтээр МДсургуулийн 53 дугаартай орон сууцны барилгын бохир ус цуглуулан зайлуулах гадна салбар шугам нь батлагдсан зураг төслөөс тэнхлэгээрээ “В” ХХК-ийн барилга руу хойд талаараа 2.0 метр, урд талаараа 2.4 метр ойртож, шилжсэн болохыг тогтоосон.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/861 дугаартай "Гомдлын мөрөөр шалгасан тухай" албан бичиг"-т Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ариутгах татуурга гэж “хэрэглээнээс гарсан бохир усны г*******гааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламж, бохир усны цооногийг” хэлнэ гэсэн байдаг. Ус сувгийн удирдах газрын харъя бохир усыг татан зайлуулах шугам сүлжээ хүртэл угсрагдсан танай байгууллагын орон сууцны бохир усыг дамжуулах гадна салбар шугам холбогдох худаг зэрэг нь дээрх хуулийн заалтын дагуу бохир усны цуглуулах болон г*******гааны шугам сүлжээнд хамаарч байна. Иймээс орон сууцнаас бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд хамруулан ойлгож Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Уг гомдол нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.8, 3.1.9 дэх заалт болон Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 7, 10 дугаар заалтуудад хамаарна гэсэн хариуг Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж*******ын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/2993 дугаар албан бичгээр өгсөн байна гэжээ.

Иймд "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд тус хуулийн 17.7 дах " Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны г*******гааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна." гэсэн заалтыг мөрдөхөөр тусгасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Нэхэмжлэгч уг барилгын суурьтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэвч уг суурь хийгдсэн, одоо бодит байдал дээр “В” ХХК-ийн барилга 4 давхар цутгалт хийгдсэн байдалтай байгаа. Гэвч уг суурь хийгдсэнээр нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрхийг зөрчөөд байгаа нь тодорхой бус байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хот байгуулалтын баримт бичиг маань хэд хэдэн үе шат, бүрдэлтэй явагддаг. Архитектур төлөвлөлтийн даалгавар буюу түүний схем зураг, загвар зураг, ерөнхий төлөвлөгөө, барилгын ажлын зураг, магадлалаар орсон экспертизээр батлагдсан зураг төсөл гэсэн төрлүүд байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс үүнийг хооронд нь хольж тайлбарлаж байна. Манай байгууллагын зүгээс батлагдсан загвар зураг, магадлалаар орсон зураг төсөл, мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтүүд нь хоорондоо яг аль шатанд зөрчигдөөд байгааг тодорхойлсон баримт бичиг биш гэж миний хувьд тодорхойлж байна. Учир нь батлагдсан загвар зураг буюу ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн байна. Эсхүл магадлалаар орсон, экспертизээр хянагдсан ерөнхий төлөвлөөг зөрсөн гэдэг нь тодорхойгүй байгаа учраас үүнийг дахин шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дах хэсэгт “...нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана...", 52.2.4-т “...нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл...", 52.5-т “...Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна...", 52.5.1-т “...захиргааны акт, захиргааны гэрээг xүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус олохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн..." гэж тус тус хуульчилан заасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө мөн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн байх боловч уг үндэслэлдээ тэдний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн эсэхийг огт тусгаагүй, дурдаагүй байна.

Нэхэмжлэгч нарын: “В” ХХК-ийн барилгын суурийн ажилд хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг даалгах /Барилгын суурийн ажилд хяналт хийхийг даалгаж өгнө үү/, “В” ХХК суурийн ажлаа зөвшөөрөлгүй барихдаа газрын хилээ зөрчсөн, тэг тэнхлэгээ зөрсөн, барилгаа дур мэдэн шилжүүлсэн буюу эргэлтийн цэгээ өөрчилсөн, эскиз зургаа зөрчсөн, ерөнхий төлөвлөгөөний зураг зөрчсөнийг тус тус арилгах шаардлагыг тавих, Ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн тул эдгээр зөрчлөө арилгах мэдэгдэл “В” ХХК-д өгөхийг даалгаж өгнө үү” гэсэн шаардлагуудын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.10 дахь хэсгүүдэд нэхэмжлэлийн шаардлагын төрлүүдийг хуульчлан заасан байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “...Захиргааны тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3 дах хэсэгт захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж бичсэнээс үзвэл хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан "Захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах" шаардлага гэж ойлгогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “...Захиргааны акт гэж гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг, Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно..." гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нарын хяналт хийлгэх, шаардлага тавиулах, мэдэгдэл өгүүлэх үйлдлүүд нь хуульд зааснаар "захиргааны акт" биш байх тул хариуцагч захиргааны байгууллагаар уг үйлдлүүдийг хийлгэх буюу захиргааны акт гаргахыг даалгах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Барилгын Ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлахыг даалгах /Барилгын суурийг зөвшөөрөлгүй барьж тавьсан байсан. Энэ барилгын Ерөнхий төлөвлөгөөг шинээр хийж батлахыг даалгаж өгнө үү/ гэсэн шаардлагын тухайд: Дээр дурдсанаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө түүний үндэслэлийг мөн өөрчилсөн атлаа хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас тэдний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тусгаагүй, дурдаагүй бөгөөд шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тодруулахдаа:

1. "53-р байрны оршин суугчид, хүүхдүүд, хоёр цэцэрлэг, 18-р сургуулийн сурагчид барилгын норм дүрмийн дагуу баригдсан авто зам, явган хүний замаар явах эрх ашиг, сонирхол зөрчигдөж байна.

2. Барилгын нормын дагуу баригдсан явган хүний замгүй болж, автомашины замаар явснаар эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах эрсдэлтэй болж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.

3. Манай байр бохирын шугамаа засварлах солих зай талбайгүй болж, бохирын шугам бөглөрвөл, хөлдвөл түүнийг солих боломжгүй болж, оршин суугчид бие засах, муу усаа гадагш явуулах боломжгүй болж, муухай үнэрт амьдрах болж, эрүүл мэндээ хохироож, угаах үйлдэл хийх боломжгүй болж, хүний эрхээ хязгаарлуулж байна" гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд" нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах"-аар тус тус хуульчлан заасан.

Нэхэмжлэгч нар анх гаргасан нэхэмжлэлийн дээрх үндэслэлүүдээр хариуцагч эс үйлдэхүй гаргасан тул зохих акт гаргахыг даалгах шаардлага гаргажээ.

Харин нэхэмжлэгч нарын оршин суудаг орон сууцны урд талд, гуравдагч этгээд “В” ХХК нь “…Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн A/776 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 660 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэрээний дагуу эзэмшиж байх бөгөөд уг газрыг 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ"-гээр иргэн Т.Б-аас Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт Чингисийн өргөн чөлөөнд байрлах 282 м.кв талбай бүхий барилгын суурийг эзэмшил 1140 м.кв газрын хамт худалдан авсан болох нь тогтоогдож байна...худалдан авсан барилгын суурь 2008 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №31/2008 тоот Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь хийж гүйцэтгэхээр зөвшөөрөл олгогджээ...” гэжээ. / 1 xx 141, 155 дахь тал /

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “ Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3-т “...Иргэн, хуулийн этгээд барилга барих хүсэлтээ нийслэлийн Иргэдийг хүлээн авах төвөөр дамжуулан Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагад гаргана..." гэж заасны дагуу “В” ХХК нь эзэмшлийн газартаа зоорьтой үйлчилгээтэй орон сууцны барилга барих хүсэлтээ гаргасны дагуу мөн журмын 3.6-д “...Барилга барих хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн шийдвэрийг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг ажлын 2 хоногт багтаан Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор баталгаажуулж, түүнийг хүсэлт гаргагчид хүлээлгэн өгнө...” гэж заасны дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2015/541 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, тус барилгын эх загвар зураг төслийг баталсан.

Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т "барилга байгууламж барих "-д, 47.1-т “...Барилгын байгууламжийн техникийн улсын хяналтыг барилгыг улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ..." гэж зааснаар шинээр барилга барьж буй “В” ХХК-ийн улсын хяналт хийлгэх хүсэлтийн дагуу хийсэн хяналт шалгалтаар гарсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 07/154/411 барилгын төлөвлөлтийн тухай албан бичгийн дүгнэлт хэсгийн 3-т “...Шинээр баригдахаар төлөвлөж буй “В” ХХК-ийн барилгын зүүн талд байрлах ELKS зочид буудлын барилга болон баруун талд орших бохирын шугам, авто замыг хөрсний нуралтаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин угсарсан суурийн зүүн, баруун талын босоо хашлага ханыг зохиогчтой зөвшилцөн, тооцоо судалгааны үндсэн дээр нуралтаас хамгаалах арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй..." гэж дүгнэсэн.

Иймд “В” ХХК нь хажуугийн барилга болон бохирын шугамд нөлөөлөл үзүүлэхгүйн тулд шинээр барих барилгынхаа суурийг баруун болон хойд тал руу нь бага зэрэг шилжүүлж, хуучин барилгын зоорийн давхрын ханыг буулгахгүйгээр, түшиц хана болгон ашиглах шийдлийг зохиогчтой зөвшилцөн гаргаж, Архитектур төлөвлөлтийн даалгаврын схем зургийн эргэлтийн цэгийн солбицол өөрчлүүлэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн төлөвлөгөөний газраас 2015/541 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг 19.2×12.8 метр болгон өөрчлөлт оруулан баталгаажуулж, хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд шинэчлэн оруулсан байдаг.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь хэсэгт “зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг..."-ыг ойлгохоор заасан бөгөөд “В” ХХК нь холбогдох дүрэм, журамд нийцүүлэн барилгын засвар, эскиз, схем болон ажлын зураг зэргийг тухай бүрт нь холбогдох дүрэм, журамд нийцүүлэн баталгаажуулж, батлуулсаар ирсэн.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т “...“барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны агуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг..." хэлэх бөгөөд мөн хуулийн 28.5-т “...Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно..." гэж заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг “В” ХХК-д олгосон.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ мөн хуулийн 28.4-т “...Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана...” гэснийг дурдан Ерөнхий төлөвлөгөөний газраас хяналт тавихыг заасан гэх боловч уг заалт нь захиалагчаас барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтдээ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5 дэх хэсэгт заасан хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хавсаргах тухай заалт болох нь тов тодорхой байна.

Дээрх зүйлээс үндэслэн хариуцагч захиргааны байгууллага нь “В” ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо холбогдох хууль, дүрэм, журамд нийлүүлсэн байх бөгөөд “В” ХХК нь уг зөвшөөрөл, даалгаврын дагуу барилгын ажлаа гүйцэтгэхдээ аливаа хууль, дүрэм, журмыг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй, энэ талаарх шат шатны төрийн байгууллагуудын болон шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байгаа болно.

Харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох Барилгын Ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлахыг даалгах /Барилгын суурийг зөвшөөрөлгүй барьж тавьсан байсан. Энэ барилгын Ерөнхий төлөвлөгөөг шинээр хийж батлахыг даалгаж өгнө үү/ гэсэн шаардлага нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Учир нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, журамд "барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг гэсэн ойлголт байхгүй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байхад түүнийг шийдвэрлэх боломж хууль зүйн хувьд байхгүй болно.

Дээрх зүйлүүдийг үндэслэн нэхэмжлэгч иргэн Н.Д, Д.Г нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөллийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийн хэлж буй тайлбарт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр заасан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.14-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг учраас би нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-д “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно” гэж заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Хот байгуулалт, хөгжлийн газар дараах эс үйлдэхүй гаргасан тул зохих акт гаргахыг даалгаж өгнө үү гэж байна. Миний ойлгож байгаагаар “В” ХХК-ийн барилгын суурийн ажил хууль, дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянах, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг “В” ХХК-д хүргүүлэхийг даалгах гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ гэж тодорхойлж байна.

Суурийн ажил хууль, дүрмийн дагуу хийгдсэн эсэхийг хянах асуудал нь Хот байгуулалт, хөгжлийн газрын эрх хэмжээнд байхгүй. Энэ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт харьяалагддаг болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Даалгах нэхэмжлэлийн хувьд актын асуудал яригдаагүй. Эс үйлдэхүйн асуудал яригдана гэж миний зүгээс харж байна. Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.3-д “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж заажээ. Тэгэхээр Монгол Улсын иргэн Н.Дийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгааг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсангүй. Гомдол гаргах эрх үүгээр хариулагдаж байна гэж ойлгож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг зохицуулсан боловч тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан өргөдлийг” гэж заасан. “В” ХХК-ийн барилгын суурийн ажил хийгдсэнээр иргэн Н.Д гуайн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нотолсонгүй. Даалгаснаар түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж сэргэх талаар гомдолдоо дурдсангүй. Ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байгаа тохиолдолд “В” ХХК-д даалгах шийдвэр гарснаар ямар эрх нь сэргэх вэ. Авто машины зам 1 урсгалтай болсон нь гэж байна. Гэтэл зам буюу нийтийн эзэмшил буюу нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй субъект буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ““захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” гэж заасан. Энэ шаардлагыг иргэн Н.Д хангаагүй байгаа. Түүний тайлбарласан бохир усны шугам, нийтийн эзэмшлийн зам харгуй гэсэн асуудал ярьж байгаа боловч Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж байна. Энэ эрхийг барилгын суурийн солбицол өөрчлөгдсөнөөр яаж зөрчөөд байгаа юм бэ. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар түүний ямар эрх сэргэх гээд байгаа юм бэ гэдэг нь нотлогдсонгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.14-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангана гэсэн саналыг оруулж байна. Саналыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д, Д.Г нараас анх шүүхэд хандан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В” ХХК-нд олгосон 08/217 дугаартай Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  ”В” ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг,

барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах,

ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг “В” ХХК-нд хүргүүлэхийг тус тус Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...В” ХХК нь барилга барих явцдаа дур мэдэн барилгаа баруун зүгт 1.6 метр, хойд зүгт 1.8 метр шилжүүлснээс 53 дугаар байрны оршин суугчид барилгын норм дүрмийн дагуу баригдсан авто зам, явган хүний замаар явах эрх зөрчигдөж байна, ... эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, манай байр бохирын шугамаа засварлах солих зай талбайгүй болж ...хүний эрхээ хязгаарлуулж байна” зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

Шүүх нэхэмжлэгч нарын эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” хэмээн тус тус заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй бөгөөд ингэхдээ хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

            Маргаан бүхий үйл баримтын тухай:

Нэхэмжлэгч нарын оршин сууж буй Хан-Уул дүүргийн 3 хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 53 байр нь 2014 онд МДсургуулийн захиалгаар “Багш ажилчдын орон сууцны барилга”-ын зориулалтаар баригдан, ашиглалтад орсон.

Ингэхдээ тухайн 53 дугаар байрны ерөнхий төлөвлөгөө, бохир ус зайлуулах салбар шугамын зураг төсөл боловсруулах дэвсгэр зурагт “В” ХХК-ийн барилгын суурийн хэмжээ байрлалыг газар дээр хэмжилт хийлгээгүйгээр тоймлон зурагласан, агуулга дутуу зураг хуулбарлан ашигласан,

бохир ус цуглуулан зайлуулах гадна салбар шугам нь анхны батлагдсан зураг төслийн дагуу угсрагдаагүй, тэнхлэгээрээ “В” ХХК-ийн барилга руу хойд талаараа 2.0 метр, урд талаараа 2.4 метр ойртож, шилжсэн,

МДсургуулийн захиалгаар 2013 онд зохиогдож батлагдсан барилгын зураг төсөлд “В” ХХК-ийн баруун талд байруулж нийтийн эзэмшлийн зам талбайд хатуу хучилттай баригдахаар төлөвлөсөн нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 04/40 дүгээр “Гомдлын мөрөөр шалгасан тухай” хяналт шалгалтын танилцуулга, 2020 оны 01/163 дугаар “Төлөвлөгөөт бус шалгалт хийсэн тухай танилцуулга”, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 02-04/4252 дугаар албан бичиг, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны “Хяналт шалгалт хийсэн тухай” баримт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 3/861 дугаартай "Гомдлын мөрөөр шалгасан тухай" албан бичиг, Дэд бүтцийн хяналтын газрын даргын 2016 оны 7/2993 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар,

Гуравдагч этгээд "В” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны A/776 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 660 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан "В” ХХК-ийн 000316780 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ холбогдох бусад баримтаар,

"В” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан 19.2х12.8 м хэмжээтэй үйлчилгээтэй орон сууцны байр барихтай холбоотойгоор архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2015/541 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа талбайн хэмжээг 18.0х 12.0 м болгон баталсан.

Эл асуудалтай холбогдуулан "В” ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан гаргасан WH/16-07 дугаар хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02/1531 дүгээр албан бичгээр “орон сууцны барилгын уртыг 1.2 метрээр, өргөнийг 0.8 метрээр нэмэгдүүлэх боломжтой тул архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтад өөрчлөлт оруулан хүргүүлж” шийдвэрлэсэн.

Улмаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “барилгын төлөвлөлтийн тухай” 07/154/411 дүгээр дүгнэлтээр “...3. Шинээр баригдахаар төлөвлөж буй “В” ХХК-ийн барилгын зүүн талд байрлах ELKS зочид буудлын барилга болон баруун талд орших бохирын шугам, авто замыг хөрсний нуралтаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин угсарсан суурийн зүүн, баруун талын босоо хашлага ханыг зохиогчтой зөвшилцөн, тооцоо судалгааны үндсэн дээр нуралтаас хамгаалах арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй" хэмээн дүгнэсэнтэй холбогдуулан “В” ХХК-иас хажуугийн барилгын суурь болон бохирын шугамд нөлөөлөл үзүүлэхгүйн тулд архитектур төлөвлөлтийн даалгаврын схем зургийн эргэлтийн цэгийн солбицол өөрчлүүлэх хүсэлт гаргасныг Нийслэлийн төлөвлөгөөний газраас 2015/541 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг 19.2×12.8 метр болгон өөрчлөлт оруулан баталгаажуулж, хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд шинэчлэн оруулж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 08/2017 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон болох нь,

            МДсургуулиас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан өргөдлийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “В” ХХК-ийн барилгажих талбайн схем зурагт хүчингүй тэмдэг дарж, 2017 оны 08/2017 дугаартай “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг “В” ХХК-нд хүргүүлсэн байсан ч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05/3420 дугаар албан бичгээр “...В ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтыг газар дээр нь шалгаж үзэхэд тус барилга нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон тул 08/2017 дугаартай “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 2015/541 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, "В” ХХК-ийн 2016 оны WH/16-07 дугаар албан бичиг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 02/1531 дүгээр албан бичиг, 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 07/154/411 дүгээр дүгнэлт, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08/2053 дугаар албан бичиг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар дахь ГБЗХ-21-14 дугаар “В” ХХК-ийн хувийн хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан, тус маргаан бүхий үйл баримтыг Д.Г, МДсургуулийн нэхэмжлэлтэй “В” ХХК-нд холбогдох “хууль зөрчиж барилга барьж оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нарны гэрэл үзэх боломжийг хааж, бохирын шугаманд засвар хийх боломжгүй, явган хүний зам барих талбайгүй, машин орох гарахад хүндрэл учруулж байгаа тул баригдаж эхэлж байгаа барилгыг нурааж эрхийг хамгаалж өгнө үү” гэсэн агуулга бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/01263 дугаар шийдвэр,  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/00182 дугаар тогтоолоор “...энэ нь нэхэмжлэгч МДсургууль техникийн нөхцөлийг зөрчсөн, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан болох нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шалгалтын 01/40 тоот танилцуулгаар тогтоогдож байна гэж дүгнэн” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “...захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохыг тодорхойлох хэмээн, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” хэмээн заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч захиргааны байгууллагад хандан тухайн асуудлаар акт гаргуулахаар хандсан байх, захиргааны байгууллага тухайн хүсэлтийг нь шийдвэрлээгүй, эсхүл хууль бус үндэслэлээр татгалзсан байх, захиргааны байгууллагын тухайн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны субъектив эрх зөрчигдсөн болохыг тодорхой заасан байх ёстой.

            Нэхэмжлэгч Н.Д-ээс Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн Засаг даргад хандан “В” ХХК-ийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт гаргасныг хариуцагчаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 07/1594 болон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 03/1886 дугаар албан бичгүүдээр “... шүүхээс “В” ХХК-ийн барилга барьж байгаа үйл ажиллагааг хууль ёсны гэж шийдвэрлэсэн тул барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” хэмээн татгалзаж шийдвэрлэсэн.

            Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В” ХХК-нд олгосон 08/217 дугаартай Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг  хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулж өгөхийг удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс тус өдрийн шүүх хуралдаанд 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 550 дугаар тогтоолд тодорхойлсон “В” ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг “В” ХХК-нд хүргүүлэхийг тус тус Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа болохоо илэрхийлсэн.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “...“В” ХХК нь барилга барих явцдаа дур мэдэн барилгаа баруун зүгт 1.6 метр, хойд зүгт 1.8 метр шилжүүлснээс 53 дугаар байрны оршин суугчид барилгын норм дүрмийн дагуу баригдсан авто зам, явган хүний замаар явах эрх зөрчигдөж байна, ... эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, манай байр бохирын шугамаа засварлах солих зай талбайгүй болж ...хүний эрхээ хязгаарлуулж байна” гэх үйл баримт нь гуравдагч этгээд “В” ХХК-ийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бус харин МДсургуулийн захиалгаар 2013 онд зохиогдож батлагдсан 53 дугаар байрны барилгын зураг төсөлд

             “В” ХХК-ийн барилгын суурийн хэмжээ байрлалыг газар дээр хэмжилт хийлгээгүйгээр тоймлон зурагласан, агуулга дутуу зураг хуулбарлан ашигласан,

            бохир ус цуглуулан зайлуулах гадна салбар шугам нь анхны батлагдсан зураг төслийн дагуу угсрагдаагүй, тэнхлэгээрээ “В” ХХК-ийн барилга руу хойд талаараа 2.0 метр, урд талаараа 2.4 метр ойртож шилжсэн,

            Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчин “В” ХХК-ийн баруун талд байруулж нийтийн эзэмшлийн зам талбайд хатуу хучилттай баригдахаар төлөвлөсөн болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хяналт шалгалтын 01/40 тоот танилцуулга, 2020 оны 01/163 дугаар “Төлөвлөгөөт бус шалгалт хийсэн тухай танилцуулга” болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/01263 дугаар шийдвэр,  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/00182 дугаар тогтоол болон шинжээчийн дүгнэлтээр,

            Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-т “барилга байгууламжийн техникийн улсын хяналт” гэж барилгын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоохоор хяналт хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдээс хэрэгжүүлэх үйл ажиллагааг” хэлнэ, 47 дугаар зүйлийн 47.1-т “Барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ”, 47.2-т “Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараахь хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ: 47.2.1.барилга байгууламжийг барих, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанарт”, 47.4-т “Барилга байгууламж баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг тодруулах зорилгоор эрх бүхий улсын хяналтын байцаагч барилга байгууламжид тухайн чиглэлээр нэмэлт шалгалт хийж болно” хэмээн тус тус зааснаар ”В” ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэх, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг хууль бусаар өөрчилсөн эсэх асуудлыг шалгаж, шаардлага хүргүүлэх асуудал нь хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын харьяалан шийдвэрлэх асуудал биш болох нь тус тус тогтоогдож байх тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Д, Д.Г нараас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “В” ХХК-ийн барилгын суурийн ажил хууль дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг “В” ХХК-нд хүргүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар Геодезийн хэмжилтийн ажлын шинжээчийн дүгнэлттэй холбоотой 1,000,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Н.Д, Д.Г нараас гаргуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, Уул уурхайн сургуульд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.М