| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2019/0781/Э |
| Дугаар | 1124 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 1124
Н.Ө-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч Н.Ө-ы өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Өд холбогдох эрүүгийн 1905018460570 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
............. овгийн .................., 1962 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хуягт танк ашиглалтын инженер мэргэжилтэй, .............. ХХК-ийн харуул хамгаалалтад ажилладаг, ам бүл 5, хүү, бэр, ач нарын хамт ..................... дүүргийн .............. дүгээр хороо, .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;
Н.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын орчим, гудамжинд иргэн Э.Дыг “явган хүний зам дээр тавьсан машинуудаа холдуул” гэхэд нь “наад машинууд чинь манай машинууд биш, надад хамаагүй” гэж маргалдан улмаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .................... овгийн .................ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өаас 118.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Дт олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, Н.Өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Ө гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт баригдаж байгаа Есүс-Христийн шашны соёл урлаг, спортын төвийн барилгад хамгаалагчаар үүрэг гүйцэтгэж байлаа. 17 цагийн орчимд объектийн гадна хашааг маш хүчтэй, ширүүн нүдээд байсан /ажилчид орох хаалга онгорхой байсан/. Харуулын байрнаас гарч хаалга онгойлгоод хартал нилээн согтолттой, намхан, бор залуу гэрч Н.Гаваадондовтой маргалдаад зогсож байсан. Намайг “үүд яагаад нүдээд байна” гэхэд Н.Гаваадондовоос салж, над руу хэл амаар доромжлон “энэ тавигдсан машинаа зайлуул” гэсэн. “Манайх биш ээ. Наагуур чинь явах зай байна, чи их согтуу байна” гэхэд тэрээр “хужаагийн хамгаалагч юу гээд байгаа юм. Зайлуулахгүй бол эдгээрийг чинь зайлуулна” гээд ихээхэн уурлаж, гудамж талбайн бүсийн амгалан тайван байдлыг үл ойшоож намайг цохисон. Би биеэ хамгаалж барьж авахад хаалганы хажуу талын саарал өнгийн суудлын машины хамар дээр намайг боож дарахад гэрч Н.Гаваадондов салгаж, бид түүнийг явахыг шаардсан. Миний бие дотогш орж харуулын байранд цохиулсан нүд, хүзүүгээ толинд харж суутал нөгөө залуу орж ирэн намайг боосон. Би биеэ хамгаалж ноцолдож байтал гадна ажиллаж байсан “Хушингар” ХХК-ийн 6-7 залуугаас 2 барилгачин нь ирж түүнийг надаас салгах явцад тэрээр үүдний хашааны хананы төмөрийг мөргөсөн. Энэ явцыг гэрч Н.Гаваадондов, Цэрэнтөмөр, Цолмон нараас өөр гадна байсан хүмүүс харсан. Баганы дэргэд толгойноос нь цус гаран сууж байхыг сүүлд болсон үйл явцыг мэдэн ирсэн хөдөлмөр аюулгүй байдал хамгааллын инженер Батсуурь, инженер Одончимэг, орчуулагч Отгоо нарын мэдүүлэг гэрчилнэ. Зөвхөн багана, түүний төмөр дээр цусны толбо байгааг, харуулын байр, хамгаалагч миний хувцсанд нэг ч дусал цусны толбо, цус байхгүйг гэрчүүд нотолно. Албан үүрэг гүйцэтгэж буй объектод болон амь бие, эрүүл мэндэд заналхийлэн, үхэлд хүргэж болохуйц үйлдэл хийн тусгай объектод халдсанд гомдолтой байна. Түүний өгсөн мэдүүлэг зөрүүтэй, гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдээс өөр, худал гүтгэж намайг хохироож байгаад гомдолтой байна. Түүнчлэн 4 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутад Эрүүл мэндийн 7 дугаар төвд толгой өвдөн, ар дагз хүчтэй өвдөн, нүд бүрэлзэх үед миний бие яаралтай тусламжийн эмчид үзүүлснийг бүртгэлд бүртгэгдээгүй, худал хэлж байна гэж үзэж /эмч Түвшинбаяр, сувилагч нараас мэдүүлэг аваагүй/ үгүйсгэсэнд гомдолтой байна. Маргааш нь ажилдаа дахин улирч гарсан учир бичсэн гэрчийн мэдүүлгээ Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргэж өгч чадаагүй нь Дүүрэнбаярт намайг гүтгэн буруутгах боломж олгон, түүний гомдлыг эхэнд анхаарч 3 дахь өдөр өгсөн миний гомдол, гэрчийн хүсэлтийг үл ойшоон хандсан. Байцаагчийн дүгнэлт буруу гарсанд гомдолтой байна. 4 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цагийн үед хөршийн эгчийг дуудан толгойгоо бариулсан. Маргааш нь өөрийн дүү Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн рентгений их эмч Н.Өнөрбаярт үзүүлэхэд зүүн талд доргилттой, хавдсан байна гэх дүгнэлт, зөвлөгөөг мэдүүлэгт ярьж хэлснийг хүлээн авч тусгаагүйд гомдолтой байна. Дуудлагаар ирсэн 2 цагдаа болсон үйл явдлыг сайтар шалган үзлэг хийж, баримтжуулалгүй Дүүрэнбаярыг авч гаран 103 дуудаж, намайг “байрандаа байж бай” гээд явсан нь хохирогч Дүүрэнбаярт намайг гүтгэсэн хэрэгт мултрах боломж олгосонд гомдолтой байна. Дээрх учир шалтгаанаас миний бие анхнаасаа гарсан шийдвэрийг хүлээж авалгүй, буруугүй гэдгээ, Дүүрэнбаярын мэдүүлэг худал болохыг мэдэгдэж байсныг эс анзааран яллаж буйд гомдолтой байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Ө-ы өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Э.Д нь анх гудамжинд согтуугаар агсам тавьж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, гэрч Н.Гаваадондовтой маргалдсан. Тухайн өдөр Н.Ө өөрийн хамгаалах объектод дүрэмт хувцастайгаа албан үүргээ гүйцэтгэж байсан ба Н.Ө гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гарч харахад хохирогч Э.Д нь Н.Гаваандондовтой барьцалдаад, машины урд хамар дээр дарсан байдалтай байж байсан. Тэгээд тэр хоёрыг салгахад хохирогч Э.Д нь Н.Ө руу дайрч эхэлсэн. Тэгэхэд Н.Ө “манайд машин тавих асуудал хамаа байхгүй, миний дүү гэртээ харь” гэж хэлээд эргээд харуулын байрандаа ортол Э.Д орж ирж боогоод, үүнээс болж хоорондоо барьцалдаж, маргалдсан асуудал байгаа. Шинжээч эмч Г.Чимэд-Очирын мэдүүлэгт “нүүр болон толгойн шархтай хэсгээр хатуу биетийг мөргөн унах үед үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн нь Н.Өы үйлдлээс болоогүй, Э.Д согтуугаар өөрийн үйлдлийг удирдан жолоодож чадалгүй өөрөө өөртөө гэмтэл авсан үйлдлийг гэрч нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн мэдүүлгээр нотолсон. Тухайн үед Н.Ө харуулынхаа хүмүүсийг дуудсан бөгөөд энэ үйл явдал гудамжинд биш тухайн харуулын байранд болсон гэж гэрчүүд мэдүүлдэг. Н.Ө нь тухайн үед эмнэлэгт очиж үзүүлчихээд, харуулын байраа хүнгүй орхисон тул ажил дээрээ эргээд ирсэн байдаг. Анхан шатны шүүх дээр өмгөөлөгчийн зүгээс “Н.Өы эрүүл мэндийн байдлыг үзүүлээгүй учир үүнийг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу ажиллагаа хийх гэсэн боловч эмч нь гадаад явсан байсан тул тухайн үед ажиллагаа хийгдээгүй. Харин анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгсөн эмч, сувилагч нар нь Н.Өыг эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж авсан гэдгийг нотолдог. Ийм учраас Н.Ө өөрийнхөө биеийг хамгаалсан үйлдэл хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Тухайн хэргийн үйл баримтыг бодитой дүгнэсэн гэж үзэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлт нь хэргийн үйл баримтаас зөрүүтэй. Тухайлбал, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн тархи толгойд гэмтэл учирсан нь тогтоогдож, хохирогчийн мэдүүлгээр Н.Ө шууд цохисон гэдгийг удаа дараа мэдүүлдэг. Н.Ө анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “надтай зууралдаж, ноцолдох үед би мэдээж зүгээр байгаагүй, харилцан ноцолдсон” гэдгээ хэлдэг. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Үүнээс үүдэн хохирлын 110.000 төгрөгийн зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан. Өнөөдрийн байдлаар тухайн нөхцөл байдлаас зөрүүтэй байдлаар гомдол гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байна. Өмгөөлөгч “шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдолдоо яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой дурдаж чадахгүй байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Н.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын орчим уг барилгын харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байхдаа хохирогч Э.Дын “явган хүний зам дээр тавьсан машинуудаа холдуул” гэхэд нь “манай машинууд биш, надад хамаагүй” гэж маргалдан, улмаар хохирогч Э.Дыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Дын “... “би юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд барилцаж авсан чинь хажуунаас тас хийгээд толгой руу цохьсон. Хэн цохьсон эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд миний толгойноос цус гараад газар суугаад байж байтал цагдаагийн алба хаагч ирээд түргэн тусламж дуудаж, намайг гэмтэл явж оёулах шаардлагатай гээд гэмтлийн эмнэлэгт очиход миний толгойг 5 см хагарсан байна гээд оёсон...” /хх-9/,
шүүгдэгч Н.Өы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Надтай зууралдаж ноцолдох явцад би мэдээж зүгээр байгаагүй, харилцан зууралдаж ноцолдсон. ...” /хх-154/,
гэрч Ц.Цолмонгийн “... Согтуу хүн барилгын харуултай маргалдаад байх шиг байсан. Тэгтэл нэг мэдсэн чинь уг согтуу эрэгтэй хашаан дотор уначихсан байсан. ...” /хх-29/ гэх мэдүүлгүүд,
Шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4932 дугаартай “...Э.Дын биед зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний ухархайн гадна дээд хана болон дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-38/ зэргээр нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Н.Өы хохирогч Э.Дын биед хүч хэрэглэж, 2 удаагийн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өы үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Н.Өы өмгөөлөгч Х.Даваахүү “Н.Ө нь өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн,
шүүгдэгч Н.Ө “хамгаалагчийн үүргээ гүйцэтгэж байхад гудамж талбайн амгалан тайван байдлыг үл ойшоон намайг цохьсон. Би биеэ хамгаалж ноцолдох явцад тэрээр үүдний хашааны хананы төмрийг мөргөсөн тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасан байна.
Н.Ө нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл хийсэн болох нь тогтоогдсоноос гадна хохирогч Э.Д өөрөө хашааны ханын төмөр мөргөсөн гэх үйл баримт нотлогдохгүй байх тул давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар Н.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 756 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ