Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Багашарын Азбаяр |
Хэргийн индекс | 102/2019/01483/И |
Дугаар | 01945 |
Огноо | 2019-07-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 01945
2019 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2019/01945 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х И ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК /РД:0000/-д холбогдох,
8,016,844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х И ХХК нь 2014 оноос хойш “Ашли” ХХК-иар ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд 2016 оны 12 дугаар сард Монголд орж ирсэн чингэлэг нь усанд автсан байсан учраас Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын барааны хяналтын хараат бус шалгалтын дүнгээр нийт 3,040 ам.долларын 12 ширхэг тавилга гэмтсэн болох нь тогтоогдсон. Үүнийг А ХХКөөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас шалгалт хийхэд хамтарч байлцаж, бүх шалгалтыг явуулсан. Гэвч одоо хүртэл энэ төлбөрийг А ХХКтөлөөгүй байгаа учраас гэм хорыг арилгуулахаар шаардах эрхийнхээ үндсэн дээр нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч талаас өмнө нь Иргэний шүүх хуралдаанаар хэрэг шийдвэрлүүлсэн. Тухайн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн агуулга нь тээврийн хөлс төлөхтэй холбоотой “Ашли” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэгдсэн иргэний хэрэг байгаа. Одоо бидний гаргаж байгаа нэхэмжлэлийн агуулга өөр. А ХХКгэрчилгээ хэргийн материалын 30 дугаар хуудаст байгаа бөгөөд 30 дугаар хуудаст авагдсан гэрчилгээн дээр А ХХКүйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхой заасан байна. Энэ дээр үндсэн үйл ажиллагаа бол “Олон улсын чингэлэг, ачаа тээврийн үйл ажиллагаа” эрхэлнэ гэсэн байгаа. Хоёрдугаарт өмнөх Хан-Уул дүүргийн иргэний хэрэг дээр тээврийн хөлс төлөөгүй гэдэг дээр А ХХКөөрөө нэхэмжлэл гаргасан бол тус шүүх дээр бид ачаа тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг ачаа ачсан компани биш, тээвэрлэгч компани болох А ХХКтөлбөр төлж байсан бөгөөд энэ компани бидэнд төлбөр төлдөг учраас тухайн үед төлбөр төлөөгүй гэдэг нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргаж, энэ асуудал шийдвэрлэгдсэн. Гуравдугаарт хэргийн материалын 9 дүгээр хуудаст байгаа А ХХКИндонез улсын компанид явуулсан албан бичиг байгаа. Энэ дээр Худалдаа Аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын барааны хяналтын хэлтсийн хараат бус дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, ачааг буулгаагүй байхад нь шалгасан бөгөөд 12 ширхэг тавилгын 3,040 ам.долларын бараа гэмтсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн албан бичгийг Индонезийн компанид явуулж байсан. Х И ХХК нь Индонезийн компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж, тэдэнтэй харилцаж байгаагүй. Шууд олон улсын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг А ХХК-тай2014 оноос хойш ачаа тээврээ хийлгүүлж, энэ үндсэн дээр тээврийн хөлсөө төлж ирсэн. Харамсалтай нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар ачаа гэмтсэн тохиолдолд хариуцлагыг тээвэрлэгч компани бүрэн хариуцах ёстой. Тийм учраас Иргэний хуулийн дагуу хохирлыг бүрэн арилгуулж, 3,040 ам.доллар буюу 8,016,840 төгрөгийг хариуцагч “Ашли” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А ХХКитгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х И ХХК-ийнгаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Энэ мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг тайлбарыг өмнө нь ч өгч байсан. Одоо ч өгч байна. Учир нь тээвэрлэлтийн гэрээнд тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч гэсэн 3 субьект оролцдог. Энэ 3 субьект тус, тусдаа үүрэг хүлээсэн байдаг. Энэ гэрээгээр тээвэрлэлтийн үүргийг А ХХКхүлээж, тээвэрлэлтийнхээ дагуу барааг заасан газар нь хүргэж өгөх үүрэг хүлээдэг. Өнөөдрийн шүүх хуралдааны бодит байдал, үйл явдлыг харвал Индонез улсаас ачсан чингэлэг далайн тээврээр Тяньжинд ирдэг. Тяньжинаас нааш хоёр улсын хоорондох үйл ажиллагаанд тээвэрлэлтийн гэрээ хийдэг. Далайн тээврийн зардлыг тээвэр зуучийн компани хариуцдаггүй. Чингэлэг тутамд 3,600 ам.доллараар хөлсөө тохирч, зөвхөн тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж, өгсөн хаягаар нь Улаанбаатар хотод авчирч өгсөн. Ачаа хүлээж авсан байгууллага гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа чингэлгийн дээвэр муудаж цоорсны улмаас борооны ус гоожсоноос болж гэмтэл учирсан гэж гомдол гаргасан. Энд А ХХКбуруугүй гэж манай компани үзэж байна.
Бороо гэдэг байгалийн давагдашгүй хүчин зүйл. Хэн нэгэн хааж чадахгүй. Тэр компанийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа, ирсэн зүйлд хамтран ажиллаж, харилцан туслалцаж бараа материалын шалгалт хийгдсэн нь үнэн. Энэ дээр хөндлөнгийн дүгнэлт гаргасан Худалдаа Аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын хэлтсийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийн 5-д чингэлгийн дээвэр зэвэрч цоорсон. Муудсан. Тээвэрлэлтийн зориулалтын талаар шаардлага хангахгүй чингэлэгт ачаа тээвэрлэсэн байна гэж дурдаж өгсөн. 5-д чингэлгийн дээврийн гэмтэл нь ачаа ачилтын үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж зориуд зааж өгсөн. Тэгэхээр ачаа ачсан илгээгч байгууллагын ачсан болохоос ил тодорхой гэм буруу энэ байна гэдэг асуудлыг Х И ХХК тавих ёстой. Тэндээс ачаагаа ачуулж, илгээж байгаа бол шаардлага хангасан чингэлгээр далайн тээврээр хүргэж өгөх үүргийг тэднийх биелүүлсэн. Түүнээс тээвэр зуучийн компани чингэлгийн тээвэр хийхэд зөвхөн тээврийн аюулгүй байдлыг хангах, хугацаа хожимдуулахгүй байх, тээврийн үед чингэлгийг унагаж гэмтээхгүй, чингэлгийн хаалга үүдийг онгойлгох буюу бараа материалыг хулгайд алдахгүйгээр хүргүүлэх үүргийг хүлээдэг болохоос биш чингэлгийг ямар гэмтэлтэй байна, ус орж ирсэн үү гэдгийг бэхжүүлдэггүй. Ийм, ийм онцлогуудтай байдаг. Тийм учраас тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас болж гэм хор учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч байгууллага хамтарч шалгаад, зөвшөөрсөн гэж байна. Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.6 дахь хэсэгт тээвэрлэгч, ачаа хүлээн авагч талууд шаардлагатай шалгалт хийх, зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн хүчин зүйлүүдийг тогтооход бие биедээ харилцан туслах үүрэгтэй гэж заасан. Танайхаас явуулсан чингэлэг ийм учраас ингэж байна шүү гэж гэсний дагуу хуульд заасан харилцан туслах үүргээ хүлээж, үүргээ биелүүлсэн болохоос биш хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаа биш. Гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасан хохирлыг бүхэлд нь хариуцна гэж байна. Гэм хорыг хариуцахгүй байх үндэслэлийг 393.2 дахь хэсэгт зааж өгсөн байна гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлмээр байна. Энэхүү гэмтэл, гэмтлийн үр дагаврыг арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө. Тэгэхээр илгээгч байгууллага буюу Индонез улсын чанарын шаардлага хангахгүй чингэлэгт ачсаныг мэдэх боломжгүй. Ийм учраас Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.2 дахь хэсэгт зааснаар ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсныг тээвэрлэгч хариуцахгүй. Тийм учраас хариуцлагаас чөлөөлнө гэж хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд заасан. Ийм үндэслэлээр нэхэмжлэлийг А ХХКхүлээн зөвшөөрөх боломжгүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэлийн шаардлагын жинхэнэ хариуцагч нь А ХХКбиш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х И ХХК нь хариуцагч А ХХК-дхолбогдуулан 3,040 ам.доллар буюу 8,016,844 төгрөгийг тээвэрлэлтийн явцад гэмтсэн барааны үнэ гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, тээвэрлэгчийн бус илгээгчийн буруугаас ачаа гэмтсэн, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр маргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Х И ХХК нь хариуцагч А ХХК-тай2014 онд гадаад улсаас Монгол улс руу бараа тээвэрлүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй байна. Хэлцлийн дагуу хариуцагч А ХХКнь нэхэмжлэгч Х И ХХК-ийн худалдан авсан барааг 2016 онд Индонез улсаас Монгол улс руу төмөр замаар тээвэрлэх явцад 3,040 ам.доллар буюу 8,016,844 төгрөгийн бараа гэмтсэнтэй холбоотой талуудын хооронд маргаан үүссэн байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00028 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар магадлалаас үзвэл талуудын хооронд үүссэн дээрх хэлцлийг Иргэний хуулийн 380 дагуур зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ гэж дүгнэжээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тээвэрлэлтийн гэрээ гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу үүссэн гэрээний агуулгыг дахин тодорхойлж, тогтоохгүй.
Хариуцагч компани нь хэлцлийн дагуу ачаа тээвэрлэлт хийсэн тухайд, нэхэмжлэгчийн тээвэрлүүлсэн бараа /тавилга/-г тээвэрлэх явцад ашигласан контейнер нь тээвэрлэлтийн стандартын шаардлагыг хангаагүй, гэмтсэн, хэд хэдэн нүх /цоорхой болон зэврэлттэй байсан/ энэ нь борооны усыг дотогш нэвчихэд хүргэсэн. Контейнерын дээд болон хойд хэсэг гэмтсэн, 2-3 хэсэг цоорсон. Тавилга борооны усны улмаас маш их гэмтсэн /хөлдсөн/, хайрцагнууд нэвт норж хөлдсөнөөс 3,040 ам.доллар буюу 8,016,844 төгрөгийн хохирол учирсан талаар маргаагүй.
Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж заасан.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх экспорт ба импортын барааны хяналтын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0025369 дугаар үзлэгийн гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр хариуцагч ачааг тээвэрлэх явцад ачаанд гэмтэл учирсан нь нотлогдож байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Мөн ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсантай холбоотой бус ачааны контейнер тээвэрлэлтийн стандартын шаардлагыг хангаагүйгээс гэмтсэн байх тул хариуцагч Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.4.2-т заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ачаа хүлээн авахдаа гэмтсэн болохыг мэдсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх экспорт ба импортын барааны хяналтын хэлтэст хүсэлт гарган үзлэг хийлгүүлжээ. Хариуцагч А ХХКнь гэмтсэн ачааны төлбөр 3,040 ам.долларын хохирлыг төлүүлэх тухай тодорхойлолтыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ачаа илгээгчид хүргүүлсэн байна. /хх-ийн 9-10 дугаар тал/ Уг тодорхойлолтод бичигдсэн“...ачаа хүлээн авагч тал өнөөдрийг хүртэл манай компанийн тээвэрлэлтийн төлбөрийг өөртөө байлгаж байгаа болно” гэжээ. Талуудын хооронд үүссэн тээврийн хөлсний маргааныг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00028 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар магадлалаар шийдвэрлэсэн. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч гэмтсэн ачааны төлбөрийг тээврийн хөлснөөс суутгаж тооцсон, хариуцагч үүнийг эс зөвшөөрч маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд хариуцагч “А” ХХК-иас 8,016,844 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х И ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-т заасны дагуу хариуцагч “А” ХХК-иас 8,016,844 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х И ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Х И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 143,220 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР