Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 566

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/02518 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТЕГ-т холбогдох

 

Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерийн сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний үүрэгт 57 976 947 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Э, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК нь Татварын ерөнхий газартай 2007 оны 8 дугаар сард Үндэсний татварын ерөнхий газрын конторын барилга угсралтын ажилзахиалан гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээний зарим заалтыг тодруулах шаардлагаар 2008 оны 11 сар, 2009 оны 12 сард нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Мөн “П” ХХК нь Татварын ерөнхий газартай 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерийн сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулсан. Тус компани гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэж, 2010 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Талууд 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар гэрээг дүгнээд тодорхой хэмжээний төлбөр тооцоо үлдсэн байгааг баталгаажуулсан. Өмнө нь Татварын ерөнхий газрын барилга баригдаж дууссан, ашиглалтад орох хугацаа болсонтой холбогдуулан “П” ХХК нь дулааны төлбөрт 16 739 047 төгрөг төлөх өр үүссэн байсныг “П” ХХК-ийн өмнөөс Татварын ерөнхий газар төлбөрийг шилжүүлж, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар гэрээний үлдэгдэл төлбөр 57 976 947 төгрөг болохыг баталгаажуулж акт үйлдсэн. Тус актад Татварын ерөнхий газрын Ерөнхий санхүүч Д.Мэндбаяр, “П” ХХК-ийн өмнөөс ерөнхий нягтлан бодогч О.Роза нар гарын үсэг зурж, санхүүгийн тамга тэмдгээр баталгаажуулсан байдаг. Бид дээрх төлбөрийн асуудлаар удаа дараа Татварын ерөнхий газарт хандахад, төлбөр төлөхөө илэрхийлдэг бөгөөд тус газраас “Манай байгууллага төсөвт байгууллага учир заавал өмнөх жилийн төсөвт урьдчилан төсөвт суулгуулж байж төлбөрийг төлнө” гэсэн хариу албан бичиг явуулдаг боловч, төлөхгүй байна. Татварын ерөнхий газар дээрх төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Татварын ерөнхий газраас 57 976 947 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газар уг мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Татварын ерөнхий газар, “П” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерийн сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулсан. “П” ХХК нь уг гэрээг байгуулснаас хойшхи хугацаанд гэрээтэй холбоотой төлбөрийн шаардлага Татварын ерөнхий газарт гаргаж байгаагүй бөгөөд үүнийг нотолсон баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч уг төлбөрийг төлөхөө илэрхийлдэг. Дараа оны төсөвт тусгуулан төлнө гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Манай зүгээс төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байгаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хариуцагч Татварын ерөнхий газраас 57 976 947 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 угаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 950 төгрөгөөс 447 835 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 115 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагч Татварын ерөнхий газраас 447 835 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Татварын ерөнхий газар "П" ХХК-тай Татварын ерөнхий газрын барилга угсралтын 9 давхар /зоорь/ конторын барилга, угсралт, засвар, тоног төхөөрөмж суурилуулах инженерийн шугам, сүлжээ, /дулаан цахилгаан, цэвэр бохир усан хангамж/-ийн ажлыг хийхээр тохиролцсон бөгөөд улсын комиссын акт баталгаажаагүй байгаа бөгөөд тус газрын зүгээс барилгын ажил гүйцэтгэлтэй холбогдуулж нийт 18 удаа шаардлага хүргүүлж байсан тухай шүүх хуралдаанд тайлбарлаж, нэхэмжлэгч компьютерын сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний төлбөр 57 976 947 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг гаргаж байгаагүй, энэ нь хоёр талын нотлох баримтаар нотлогдохгүй байгаа талаар хэлсэн боловч шүүх шийдвэртээ тухайн үйл баримтыг хэрхэн үнэлж үгүйсгэж байгаа талаар дурдаагүй. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29, 40, 41 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлнө гэснийг үндэслэл болгон ажлын үнийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах боломжтой болон боломжгүй талаар шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлээгүй байхад шүүх хөндлөнгөөс дүгнэлт хийж буцаах боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг зөв үнэлээгүй гэж үзэж байна. “П” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.2, 80 дугаар зүйлийн 80.1-д заасан журмыг зөрчсөн байхад шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлаж, уг хугацааны тасалдал гэж үзсэн байна. Татварын ерөнхий газар тус барилгын барилга угсралттай холбоотой төлбөр тооцоог "П" ХХК-д бүрэн шилжүүлсэн бөгөөд Татварын ерөнхий газрын барилгын компьютерий н сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ" гэгчээр мөнгөн төлбөр төлөх үндэслэлгүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх дууссан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “П” ХХК хариуцагч ТЕГ-т холбогдуулан Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерийн сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний үүрэгт 57 976 947 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “П” ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ТШ2007/03/б/ тоот гэрээний 2.1-д холбоо, дохиолол, интернетийн зардлыг 94 875 000 төгрөгөөр санхүүжүүлэхээр тохирсон, төлбөрийг бүрэн шилжүүлж гэрээг дүгнэсэн тул 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн конторын барилгын компьютерийн сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг зөрчсөн, тендер зарлаагүй, сонгон шалгаруулалт явуулаагүй учир хүчин төгөлдөр бус гэрээ юм. Уг гэрээгээр өмнө хийж гүйцэтгэсэн ажлын төсвийг дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж татгалзлаа тайлбарласан байна.

 

Талуудын хооронд 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ТШ2007/03 тоот Үндэсний Татварын ерөнхий газрын конторын барилга угсралтын ажил захиалан гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр нэхэмжлэгч “П” ХХК нь Үндэсний Татварын ерөнхий газрын конторын барилгын угсралт, засвар, тоног төхөөрөмж суурилуулах инженерийн шугам, сүлжээ /дулаан цахилгаан, цэвэр бохир усан хангамж/-ний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Уг гэрээг үндэслэж 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ТШ2007/03/Б, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ТШ2007/03/В, 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТШ2007/03/Г тоот нэмэлт гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Талууд 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ТШ2007/03/Б тоот гэрээгээр 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ТШ2007/03 тоот гэрээний  үлдэгдэл төлбөр болох 1 373 013 000 төгрөгийг 21 нэр төрлийн ажилд зарцуулахдаа уг гэрээний 2.1-д холбоо, дохиолол, интернетийн ажлыг 94 875 000 төгрөгөөр санхүүжүүлэхээр тохирсоныг  2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерийн сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээгээр тохирсон ажил гэж үзэх боломжгүй байна.

 

 Учир нь Татварын ерөнхий газрын компьютерийн сүлжээний тоо хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан талууд 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерийн сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр талуудын хооронд компютерийн сүлжээний ажлыг тендерийн төсөвт 17 000 000 төгрөгөөр тусгагдсан боловч гүйцэтгэлээр 91 715 994 төгрөг болсны зөрүү 74 715 994 төгрөгийг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан санхүүжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Уг гэрээний төлбөр 74 715 994 төгрөгнөөс “П” ХХК-ийн төлбөл зохих дулааны төлбөр 16 739 047 төгрөгийг барилга ашиглалтад орох болсонтой холбогдуулан төлөх шаардлагатай болсныг өмнөөс нь Татварын Ерөнхий газар төлбөрийг шилжүүлж тооцоог хаахаар тохиролцож төлөх төлбөр 57 976 947 төгрөг болсон талаар талууд баталгаажуулж акт үйлдсэнээс үзвэл 2008 оны гэрээнд компютерийн сүлжээний ажлын хөлс багтсан, өмнө хийж гүйцэтгэсэн ажлын төсвийг дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

 

Нэхэмжлэгч “П” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч О.Роза, хариуцагч Татварын ерөнхий газрын Ерөнхий санхүүч Д.Мэндбаяр нар тооцоо нийлж 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар гэрээний дагуу төлөх төлбөр 57 976 947 төгрөг болсныг баталгаажуулж акт үйлдсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн Ерөнхий нягтлан бодогч О.Роза, хариуцагч Татварын ерөнхий газрын Ерөнхий санхүүч Д.Мэндбаяр нар төлбөр тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан, эдгээр гарын үсгийн үнэн зөв эсэх талаар талууд маргаагүй байна.

 

Татварын ерөнхий газрын компьютерийн сүлжээ нэмэгдсэнтэй холбоотой төсвийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд уг ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 345 дугаар зүйлийн 345.2, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

            Талуудын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Татварын ерөнхий газрын конторын барилгын компьютерийн сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх дүгнэж компьютерийн сүлжээний ажлыг тендерийн төсөвт тусгагдсан үнэлгээгээр 54 928 908 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 91 715 94 төгрөгөөр гүйцэтгэхээр нэмэлт гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Гэрээ хожим хүчин төгөлдөр бус болох нь нөгөө талд хийсэн ажлыг хүлээн авсан түүний хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Татварын ерөнхий газраас хийсэн ажлын үнэ 57 976 947 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Татварын ерөнхий газраас 57 976 947 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.   

 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон гомдлын шаардлага гаргах журмын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/02518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.5” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ