Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0500/З |
Дугаар | 128/ШШ2021/0658 |
Огноо | 2021-10-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2021/0658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, шүүгч О.О, шүүгч Д.Х нарын бүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч: Я.Э
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,
Гуравдагч этгээд: Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар,
Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Гуравдагч этгээд: “Ү” Хоршоо
Нэхэмжлэлийн шаардлага: “....“Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 22-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээд “Ү” хоршооны төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын өмгөөлөгч А.Н, иргэдийн төлөөлөгч Б.О, гэрч Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дугаар захирамжаар иргэн Я.Э нь 3220800 төгрөг үнэтэй, 244 м.кв газар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 4-р гудамж, ******* тоот хаягаар өмчлөн авсан. Тухайн үед газар дээрээ таньдаг айл буулгаад гадагшаа удаан хугацаагаар явж ирээд газрын өмчлөлийн гэрчилгээгээ олохгүй байсан тул 2015 онд шинээр өмчлөлийн гэрчилгээ бичүүлж авах хүсэлтээ СБД-ийн газрын албанд гаргасан боловч 3 жил шийдвэрлэж өгөөгүй. 2019 оны 3 сард дахин газрын асуудлыг тавихад Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* тоот захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд эзэмшилтэй байна гэсэн хариу авсан. Ингээд 2019 оны 4 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын ажлын албанд гомдол гарган 5 дугаар сарын 01-ний өдөр хариу ирүүлэхдээ шүүхээр шийдвэрлүүл гэсэн учраас нэхэмжлэл гаргав” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд дүүргийн газар зохион байгуулалтын албаны эрх, үүргийг зааж өгсөн. Уг 23 дугаар зүйлийн зүйлийн 23.4.3-д зааснаар “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” нь газар зохион байгуулалтын албаны үүрэг байгаа. Мөн хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг заасан ба 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг хариуцагч байгууллага зөрчсөн байдаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” гэж заасан. 1994 оноос 2002 оныг хүртэл мөрдөж байсан Газрын тухай хуульд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад Монгол Улсын иргэн байх, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, давхцалгүй байх гэсэн шаардлагуудыг баримтлан Я.Эт газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон гэж үзэж байна. 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших хүсэлт гаргахад кадастрын зураг шаарддаггүй байсан. Харин тойм зургийг шаардаж байсан тул нэхэмжлэгч нь тойм зургаа өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн Засаг дарга 2018 оны А/******* дугаар захирамжийг батлан гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн тухайн шийдвэрийг батлан гаргаж Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тухайн газрыг шилжүүлсэн. Тухайн шийдвэрийг гаргахад газрын мэдээллийн санд ямар нэгэн давхцал байхгүй байсан. Нийслэлийн Засаг даргын шийдвэр маань хууль ёсны тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Иргэн Я.Э нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* дугаар захирамжийн 22 дахь хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй талаар дурдаж гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эрх ашиг хөндөгдөхгүй байна гэж үзэж байна.
Иймд тус шүүх хурлыг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэв.
Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Я.Эийн тус дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын 4 дүгээр гудамж, 87 а тоотод холбогдох газар нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар олгогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Ү” хоршооны төлөөлөгч Б.Т шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НШШГГазраас... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны Дугаар 796 шийдвэрийн хугацааг 90 хоногоор тогтоосныг дурдан, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа 3 жил 1 cap буюу 1125 хонгоор хэтэрч байгааг тэмдэглэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт олон бичиг өгсөн, бид туйлдсан өрөнд орсон тул ямартаа ч бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 16 тоот тогтоол ба Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/184 дүгээр захирамжаар манай хоршооны өмчлөлд шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 10, 11-р хорооны хуучин өрхийн эрүүл мэндийн төвийн 2 барилгыг хүлээн авч засварлаж байгаа болно. Уг 2 барилгад дулаан авах шугам шинэчлэн 50.000.000 сая орчим төгрөг зараад байгаа ба энэхүү маргаанаас болж газрын нэр шилжихгүй хохирч байна.
Я.Э-ийн нэхэмжлэл үндэслэл муутай, хуурамч байх олон шинжийг агуулсан хийгээд газрын албаны хүмүүстэй хуйвалдан оноогоогүй 244 м.кв газарт хоосон шийдвэр гаргуулсан, эс бол өөр газарт гаргасан шийдвэрийг үүнд ашиглаж байгаа гэмээр зүйл ажиглагдлаа. Нотолгоо болгон таньдаг айл буулгаад гадагшаа явсан гэсэн нь ямар ч баримтгүй, хэн гэдэг хүн тэнд хэдэн жил амьдарсан, аль хороонд ямар цахилгаан хангамжаас амьжиргаагаа явуулж хичнээн төгрөгийн төлбөр төлсөн зэрэг харгалзах баримт нэг ч үгүй, 12 жилийн дараа гэнэт алга болгосон өмчлөлийн гэрчилгээгээ авахаар хандсан гэж, ашиг сонирхлын зөрчилтэй нэхэмжлэл гаргажээ.
2003-2004 онд өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар барилга төлөвлөгдөн 2005 онд баригдсан байдаг бөгөөд хүлээн авсан тодорхой эзэнгүй, стандарт хангаагүй тул улсын комисс хүлээн аваагүй учраас уг өмч завсардан зайдлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ орон зайн дээр өөр хүмүүс уг өмчийг зөвшөөрөлгүйгээр ашиглан чанар байдлыг муудуулж ирсэн байх бөгөөд улмаар өөрт сэм гулсуулах арга зам эрэлхийлсээр ирсэн байдаг. Тэдний нэг ба далд төлөөлөл нь Я.Э ч байж болох талтай юм.
Тиймгүй бол солиотой орон гаран хүн биш юм бол өөрийнх нь гэх газар дээр бүхэл бүтэн барилга баригдаад 10 гаруй жил болж байхад ийм хөндий хандана гэж байхуу? Холбогдох хуулиар аливаа олдмол болон эзэнгүйдсэн, нийгмийн хөрөнгөөр бий болсон өмч орон нутгийн өмч байх, түүнийг захиран зарцуулах эрх шат шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байх үндэслэлээр дээрх шийдвэрүүд гарсан ба 2012 оноос хойш Нийслэлийн өмчийн харилцааны газар судлан, хяналт тавьж уг барилгын яг ар талд байсан айлд хариуцуулж бидэнд өгөх гэж байгаа талаар 2016 оноос хэлж дуулгаж хамтдаа харж хандаж ирсэн. Энэ 4 жилд энэ барилгын газрын талаар ярьж хэн ч гарч ирээгүй, харин ар талын айл 2 төрийн байгууллагын өмчийн дундах газрыг аргалж чаргалж авсан, холбогдох захирамж шийдвэрийг хүчингүй болгуулна гэж байсан өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтан ажил өөрчлөгдсөнөөр авсан гол хүн нь нас барсан зэргээс тэд завшиж өнгөрсөн. Бид түүнд нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэс одоо л дөнгөж бүрэлдэж байгаа, төрийг эзэнгүйдүүлдэг тод жишээ энэ юм. Хэргийн материалтай танилцахад шүүгчийн албан тоотод хариу ирүүлсэн холбогдох эрх бүхий байгууллагууд албан тоотуудаа... Я.Э тэнд оршин сууж байсан гэх хаягийн ба бусад бүртгэлийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, тухайн газарт бүртгэлийн ямар ч баримт гарч ирээгүйг, кадастрт бүртгэгдээгүйг тус тус илэрхийлжээ. Улсаас нэгдсэн тооллого кадастр хийсэн 2005-2006 оны мэдээллийн санд ч байхгүй байгаа зэрэг нь анхнаасаа өмчлөлийн гэрчилгээ бичигдээгүй, баталгаажилтын шатанд зөрчил илэрсэн учраас олголт хийгдээгүй, ташаа гарсан өмчлөлийн шийдвэр байх ба залруулах эрх мэдэл дутаж орхисон байх талтай тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр магадлалд Я.Э нь тухайн газарт оршин сууж байсан баримт байхгүй, гадаад улсад явсан гэсэн баримт байхгүй, кадастрын мэдээллийн санд бүртгэл байхгүй, гэрчилгээ байхгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэж тодорхой дурдсан байгаа. Тийм учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Энэ бусармаг үйлдлийг хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
Гуравдагч этгээд Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч иргэн Я.Э-ийн гэрийн хаяг, овог нэр тодорхойгүй маргаантай, 2003 оноос 2015 оны хүртэл ямар нэгэн маргаан үүсгээгүй байдаг. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороонд бусдын хөрөнгөөр өрхийн эмнэлгийн барилга баригдаад явахад нэхэмжлэгч Я.Э ямар нэгэн маргаан үүсгээгүй. Маргаан бүхий газар нь тойм зургаар мөн эсэх нь батлагддаггүй. Нэхэмжлэгч өөрийн газарт кадастрын зураг хийлгээгүйн улмаас улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас мэдээллийн санд ороогүй байсан. Иймд Я.Э-ийн өмчлөлийн газар гэж үзэх үндэслэл байхгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт газар олгосон. Уг захирамжийг хууль зүйн үндэслэлтэй, Газрын тухай хуулийг баримтлан гарсан зөв акт гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.О-аас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэгэнт хуулийн хугацаа өнгөрсөн байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх. Хуульд заасны дагуу өөрийн бичиг баримтыг бүрдүүлэн өгөөгүй, эрхийн гэрчилгээгээ аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Э-ээс тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийн хавсралтын 22 дахь Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т иргэн хүсэлтэд “32.2.1. овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар; 32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг; 32.2.3. газар эзэмших зориулалт, хугацаа”-г тусгана, 64 дүгээр зүйлийн 64.1-т “Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн,
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд 19.2-т “Газар өмчилж авах эрх бүхий иргэн дараахь үүрэгтэй: 19.2.1. Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх; 19.2.2.өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх; 19.2.3.өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх”, 19.2.4.газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-т “Энэ хуулийг 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн тус тус заасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамжаар, Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Барилгачдын 4-р гудамж, ******* тоот хаягт байрлах 244 м.кв газрыг өмчлөн авсан. Тухайн үед 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших хүсэлт гаргахад кадастрын зураг шаарддаггүй харин тойм зураг шаардаж байсан. Намайг удаан хугацаагаар гадаадад явсан үед миний өмчлөлийн газартай давхцуулан Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмшүүлсэн хэмээн тайлбарлан маргаж байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд: Я******* овогтой Э гэх хүнээс 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн газрын харилцааны албанд хандан “Сүхбаатар дүүргийн барилгачдын 4-******* тоот хашааг эзэмшдэг тул газар эзэмшлийн бичиг олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргаас мөн өдөр “Я******* овогтой Э-т” Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Барилгачдын 4-******* тоот хаягт 400 м.кв талбай бүхий газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэх тухай 01040502 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг/ эзэмших эрхийн гэрчилгээний “газар эзэмшүүлэх үндэслэл” гэх хэсэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 64 дүгээр шийдвэр хэмээн тэмдэглэсэн/ олгосон.
Улмаар Я*******ийн Э-ээс мөн өдрөө Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан гаргасан “гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн” өргөдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамжаар Ядамсүрэнгийн Э, Я*******ийн М нарт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 244 м.кв газрыг өмчлүүлсэн байна.
Ингэхдээ Я.Э нь газар эзэмших хүсэлтдээ тухайн цаг хугацаанд өөрийн эзэмшиж байсан гэх газрынхаа нэгж талбарыг харуулсан тойм зураг буюу кадастрын зургийг хийлгээгүй, газрыг өмчлөх хүсэлт гаргахдаа ч мөн кадастрын зураг хийлгээгүй, газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлээгүй, өмчлөлийн гэх газрынхаа хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй, улмаар газар өмчлөх эрхээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу өмчлөх эрхээ баталгаажуулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээнд тэмдэглэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр захирамж нь бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс 2002-2003 оны хичээлийн жилд улсын шалгалт авах “Шалгалтын комисс байгуулах тухай” асуудлаар гарсан шийдвэр болох, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь 2003-2021 оныг хүртэл хугацаанд ямар нэг байдлаар өөрчлөн зохион байгуулагдаагүй, тус хороонд барилгачдын 4-******* гэх хаяг байдаггүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 14/1901, 14/2887 дугаар албан бичгүүд, түүнд хавсаргасан газрын хувийн хэрэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 7/5102 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 2/2*******0 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 540 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 2021 оны 41, 51 дүгээр албан бичгүүд болон холбогдох бусад баримтаар,
Нэхэмжлэгчийн 2003 оноос эзэмшиж, өмчилсөн хэмээн тайлбарлан маргаж буй маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Барилгачдын 4-р гудамж, Соёл урлагийн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны баруун урд талд байрлах, 2003 онд баригдсан гэх өрхийн эрүүл мэндийн төвийн барилга байрлаж байгаа газар нь 2003 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьсан боловч “чанар муутай, ашиглалтын шаардлага хангахааргүй баригдсан гэх шалтгаанаар барилга хүлээн авах улсын комисс хүлээж аваагүй” гэх дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн /хуучин/ барилгын 160 м.кв газар мөн болох нь,
тухайн маргаан бүхий газрыг Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* дугаар захирамжаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/184 дүгээр захирамж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/72 дугаар тушаалаар маргаан бүхий газарт байрлах өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг гуравдагч этгээд “Ү” хоршооны өмчлөлд шилжүүлсэн болох нь,
нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 02-06/1568 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 60.1.4 заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ үү” хэмээн хариуг өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэг, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2019 оны 3/1479 дүгээр албан бичиг, Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлын дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/*******, 2019 оны А/184 дүгээр захирамжууд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 16 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2019 оны А/72 дугаар тушаал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 2/2730, 2/2825 дугаар албан бичгүүд, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2019 оны 3/1479 дүгээр албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 02-06/1568 дугаар албан бичиг, Нийслэлийн Газрын албаны 143051/0200 дугаар газар баталгаажилтын хувийн хэрэг болон холбогдох бусад баримтаар,
тухайн маргаан бүхий газарт байрлах 2003 онд баригдсан өрхийн эмнэлгийн барилгад “Энэр-ази” өрхийн эрүүл мэндийн төв БГБХН үйл ажиллагаа явуулж байгаад 2013 онд хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор барилга ашиглалтад орсонтой зэрэгцэн тухайн байрыг нийслэлд хүлээлгэн өгсөн,
Тогтвортой амьжиргаа-2 төсөл нь Дэлхийн банк, Европын холбоо болон Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2008-2013 онд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд ингэхдээ Сүхбаатар дүүрэгт өрхийн эмнэлгийн дээврийн засварын “Сайн саран төсөл”-өөс өөр төслийг хэрэгжүүлээгүй, 2013 онд төслийн хугацаа дууссанаар төслийн нэгж татан буугдсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Энэр-Ази” өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ээс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаар албан бичиг, “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны 563, 564 дүгээр албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.
Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Я.Э нь 2003 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан гаргасан газар эзэмших тухай болон мөн өдрийн огноо бүхий Нийслэлийн Засаг даргад хандсан газар өмчлөх тухай хүсэлтүүд дэх хүсэлт гаргагчийн овог зөрүүтэй бичигдэж, гарын үсэг зурагдсан. Хүсэлтэд 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 болон 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд 19.2.1-т заагдсан газрын кадастрын зураглалыг хийлгэж, хавсаргаагүй. Тухайн хүсэлтэд энэ хаягт эзэмшиж байгаа талаар дурдаж, хорооны засаг дарга тэмдэглэл хийсэн байх боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооноос тухайн маргаан бүхий хаяг тус хороонд байдаггүй, өрхийн бүртгэлийн дэвтэр байхгүй болох нь тогтоогдсон хийгээд нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг олгосон гэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргаснаас даруй 6 сарын өмнө гарсан хийгээд иргэдэд газар эзэмшүүлэх асуудалтай холбоогүй, тухайн газар дээр 2003 оноос хойш өрхийн эмнэлгийн гэх барилга баригдсан байхад нэхэмжлэгчийн зүгээс тухайн асуудлаар 2019 оныг хүртэл маргаагүй.
Нэхэмжлэгчээс тухайн газрын өмчлөх эрхээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд тухайн газрыг өмчлөх эрх үүсээгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь тухайн газрыг 2003 онд өмчилж аваад гадаадад байж байгаад ирээд хөөцөлдсөн гэх боловч 2003 оноос хойш Монгол Улсын хилээр тогтмол богино хугацаагаар орж гарч байсан зэрэг үйл баримт дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн “тухайн үед 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших хүсэлт гаргахад кадастрын зураг шаарддаггүй байсан”, “намайг удаан хугацаагаар гадаадад явсан үед миний өмчлөлийн газартай давхцуулан Нийслэлийн өмчийн харилцааны газарт газар эзэмшүүлсэн” хэмээн тайлбарлан маргаж буйг хүлээн авах боломжгүй, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийн хавсралтын 22 дахь Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсэг нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй байна хэмээн үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 60 дугаар зүйлийн 60.1.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Я.Э-ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “....“Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 22-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М
ШҮҮГЧ О.О
ШҮҮГЧ Д.Х